Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2022/00044

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138/ШШ2022/000930 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******т холбогдох,

Үхрийн махны үнэ 2 849 000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 05 сарын 21-ний өдөр 7 тооны хязаалан насны эр үхрийн 1184 кг махыг 1 кг тутмыг нь 9000 төгрөгөөр, 23 тооны нас гүйцсэн эр үхрийн 5549 кг махыг 1 кг тутмыг 11 500 төгрөгөөр тохиролцон *******т зарж, нийт 74 469 000 төгрөг болсон боловч тооцоо хийхдээ 23 тооны нас гүйцсэн эр үхрийн махыг 1 кг тутмыг 11 000 төгрөгөөр бодож тооцоо хийн, 2 849 000 төгрөгийг дутуу өгсөн. Би хажуу айлынхаа залуу болох Эрдэнэбилэгт 30 тооны эр үхрийг аймаг руу хөөж явна, хамт хөөлцөөд өгөөрэй гэж хэлсэн байсан юм. Тэр хүнээс намайг үхэр зарах гэж байгааг ******* сонсоод 2022 оны 05 сарын 16-ны өдөр ирж надтай уулзсан. Тэгэхэд би 30 тооны эр үхэр байгаа, 7 үхэр нь хязаалан насны, бусад нь бүдүүн үхэр байгаа гэхэд 23 тооны эр үхрийг чинь кг тутмыг нь 11 500 төгрөгөөр авъя. Харин 7 тооны хязаалан үхрийг жин, махны өнгийг харж байгаад хоёулаа тохиръё гэж тохиролцоод явсан. Тэр үед бид хоёр үхрээ хэзээ аваачиж өгөх талаар болон махны ханш унах талаар огт ярилцаагүй. Уулзаж тохирсноос хойш 3 хоногийн дараа буюу 05 сарын 19-ний өдөр 30 тооны эр үхрийг аймгийн Дивиз дээр мал бойлох газар аваачиж өгсөн. ******* өөрөө тосож, үхрүүдээ хараад хүлээж авсан. 7 тооны эр үхэр дунджаар 170, 180 кг-тай байсан бөгөөд кг тутмыг 9000 төгрөгөөр, 23 тооны үхрийг кг тутмыг 11 500 төгрөгөөр тохиролцсон. Нийт дүнг бодож үзэхэд 74 469 000 төгрөг болж байгаа юм. Энэ хүн нийт дүнгээ гаргаж өгөөгүй, харин нийт кг-ыг нь гаргаж өгөөд, махаа ачаад л явсан. Би 74 469 000 болж байна шүү. Мөнгөө одоо хиймээр байна гэж мессеж бичсэн. Надад огт хариу өгөөгүй, утсаа авахгүй, юу болж байгаа нь мэдэгдэхгүй 4, 5 хоног алга болсон. Ингээд 05 сарын 25-ны өглөө над руу мөнгө шилжүүлсэн. Гэтэл 23 тооны эр үхрийг 11 000 төгрөгөөр бодож шилжүүлсэн байсан. Үүний кг тутмын 500 төгрөгийн зөрүүг бодож үзэхэд 2 849 000 төгрөг болж байгаа юм. Энэ дутуу мөнгөө өгөөч гэхэд утсаа авахгүй 2, 3 сар алга болсон. Тиймээс би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг үхрээ туугаад очиход л 11 000 төгрөгөөр авна, 11 500 төгрөгөөр авч чадахгүй боллоо гэдгээ хэлсэн бол өөр хэрэг. Тэгсэн бол би *******т өгөхөө болиод өөр хүнд 11 500 төгрөгөөр өгөх боломжтой байсан. Гэтэл тэр үед огт тийм зүйл хэлээгүй. Түүнчлэн үхэр авах бэлэн мөнгө байхгүй мөртлөө өндөр үнэ хэлж авчихаад, дараа нь яаж ч тооцоо хийсэн хамаагүй гэсэн байдлаар хандаж байна. Хариуцагчаас 2 849 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч ******* нь үхрээ туугаад очиход нь ******* тосож авч уулзсан. Мал мах авдаг хүн тэр үхрүүдийг хараад л бараг ямар хэмжээний тарга тэвээрэгтэй байна вэ, хэдий хэмжээний жин татахаар байна вэ гэдгийг мэдэж байгаа байх. Үнэхээр ханш нь буугаад 11 500 төгрөгөөр авах боломжгүй болсон бол энэ талаараа *******т хэлэх ёстой байсан. Гэвч хэлээгүй. Тиймээс *******ын хувьд тохиролцоо хэвээр гэсэн ойлголттой байсан учраас махаа бэлтгэж өгсөн. Үнэхээр үнэ ханш нь унасан байсан бол энэ хугацаанд ******* *******т тохиролцсон үнээрээ авах боломжгүй болсон талаараа хэлэх байсан. Үүнийг нь ******* хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд наймаа буцах, өөр хүнд зарах гэдэг ч юм уу, тийм асуудал гарах байсан. Гэтэл *******ийн зүгээс зах зээлийн хуулиараа ингэдэг, махны үнэ унасан учир би мэдээж 500 төгрөгөөр багасгаж авна шүү дээ гэсэн зүйл ярьдаг. Нэгэнт худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа бол тохиролцоо тодорхой байх ёстой. 11 500 төгрөгөөр авахаар тохирсон гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээс харагддаг. Энэ тохирсон асуудал дээр *******ийн хувьд маргадаггүй. 2022 оны 05 сарын 25-ны өдөр *******ын дансанд 71 620 000 төгрөг шилжүүлсэн. Яагаад дутуу шилжүүлсэн талаар асуухад хэзээ хойно махны ханш унасан учир чиний үхрийн махыг 11 000 төгрөгөөр авсан гэж хэлсэн. Авсныхаа дараа өөрөө дур мэдэн гэрээний нөхцөлийг өөрчилнө гэдэг байж боломгүй асуудал юм. *******ийн дансанд 91 598 650 төгрөг орж ирсэн байна лээ. Энэ нь *******ын 30 үхэр, Эрдэнэмөнхийн 3 үхэр нийлээд орж ирсэн мөнгө нь байдаг. Үүнийг бодож үзэхэд 1 кг махыг 13 000 гаруй төгрөгөөр өгсөн гэж харагдаж байгаа юм. Алдагдалд орсон, махны ханш унасан гэж харагдахгүй байна. Өөрөө мөн анх хэлэхдээ махны ханш буурах хамаагүй. Би үйлдвэрт махаа шахах юм. Зах дээр аваачиж өгөхгүй учир үнэ нөлөөлөхгүй гээд *******аас өндөр үнээр авсан асуудал харагдаад байгаа. Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Хийгдэхдээ 23 тооны үхрийн нийт 5549 кг махыг 1 кг тутмыг нь 11 500 төгрөгөөр худалдаж авна гэсэн тохиролцоог аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд дутуу мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

2. Хариуцагч ******* хариу тайлбартаа: Би 2022 оны 05 сарын 21-ний өдөр 1184 кг махыг 1 кг тутмыг 9000 төгрөгөөр, 5549 кг махыг 1 кг тутмыг 11 000 төгрөгөөр тооцож авсан. *******ын хэлж буй 11 500 төгрөг гэсэн ханш нь 5 хоногийн өмнө авах байсан ханш юм. Хэлсэн өдрөө ирээгүй учир би 11 000 төгрөгөөр тооцож авахаас өөр аргагүй болсон. Тухайн үед хотод махны ханш унаад бөөний ханш нь 9500-10 000 төгрөг байсан. Би Дорнод аймагт байхгүй хамгийн дээд үнээр авсан. Дорнодод махаа хиллэж байхдаа 11 000 төгрөгөөр тооцох тухайгаа удаа дараа хэлж, махаа Улаанбаатарт очиж зараад 71 620 000 төгрөгийн тооцоог бүрэн хийсэн. Анх тохиролцохдоо 11 500 төгрөгөөр гэж тохирч байсан нь үнэн. Үүнээс хойш 5 дахь өдөр буюу бүхэл бүтэн 6 хоногийн дараа ирж махаа өгсөн. Тухайн үед махны ханш унаж, бөөний үнэ нь 9500-10 000 төгрөгийн ханштай байсан. Иймд 23 тооны үхрийн махыг 11 000 төгрөгөөр тооцож авна гэдгийг *******т 3-4 удаа хэлсэн. Өөрөө дуугараагүй. Харин 7 тооны үхрийн махыг 8000 төгрөгөөр авъя гэсэн боловч арай ч дээ гэхэд нь 9000 төгрөгөөр авсан. Энэ үед Эрдэнэбилэг *******тай хамт байгаагүй. ******* бид хоёр хоёулханаа байсан. Тэгэхэд махаа буцаах эрх нь байсан. *******ын үхрийн мах энд хөргүүрийн мах болчихож байгаа юм. Хөргүүрийн мах нь Улаанбаатар хотод очоод доошоо үнэтэй болдог. Очсон өдөр нь хоёулаа өнөөдөр махаа хиллэхгүй гэхэд ах аа өнөөдөр хиллэнэ ээ. Би маргааш ирж чадахгүй гээд эхний махаа харлуулсан байдаг. Хиллэсээр байтал оройн 8, 9 цаг болсон. Хөргүүрийн мах нь шинэ мах биш. Налайхын бойн дээр амьдаар нь аваачсаныг шинэ мах гээд байгаа юм. Би харласан махыг нь зах зээлийн ханшаар 9000 төгрөгөөр авсан. Морийг нь хүргэж өгөхдөө 3 үхэр авчирсан. Тэгэхдээ энэ хүнээс түлшний мөнгө гэж аваагүй. Мөн гарал үүслийн бичгийн асуудлыг би өөрөө зохицуулсан. Энэ бичиг нь 150 000 төгрөг байсан бөгөөд хуваахад 75 000 төгрөг болж байгаа юм. Үүн дээр 500 төгрөгийн зөрүүний асуудлууд яригдаад байгаа юм. Тухайн үед лангууны ханш л гэхэд 11 000 төгрөг байсан. Бүх махыг нь лангууны ханшаар авсан учир би болсон, хангалттай үнээр авсан гэж бодож байгаа. Иймд 2 849 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 849 000 /хоёр сая найман зуун дөчин есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 534 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 60 534 /жаран мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Би нэхэмжлэгч *******аас мал мах худалдан авахаар 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тохирч 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр буюу 5 хоногийн дараа бойнд оруулж хамтдаа машинд сууж байгаад килограммаа тулган 23 тооны үхрийн мах буюу 5 549 килограмм махыг 11 000 төгрөгөөр тооцож авахаар болж нэхэмлэгч *******т хэд хэдэн удаа хэлэхэд юм дугараагүй. Тэгэхэд нь би зөвшөөрсөн гэж ойлгоод явсан.

Харин 21-ний өдрийн 19 цагийн үед миний утасруу ******* oyunbaatar 74 469 000 shu гэж бичсэн нь миний түүнтэй машиндаа махныхаа килограммыг тулгаж байхдаа ханшаа тооцож хэлсэн 71 620 000 төгрөгийг мэдэж байсан ба хугацаа алдаж ирсэн, махны ханш бага хэмжээгээр унасан зэргийг тооцож хэлсэн 11 000 төгрөгөөр авах тухай надтай ярьсанаа мал махаа хүлээлцэж өгсөнийхөө дараа араас мессеж бичсэн 71 620 000 төгрөг биш 74 469 000 шүү гэж бичсэн түүний мессеж нь утга агуулгын хувьд 11 000 төгрөгөөр авах тухай тохиролцсон байдлыг харуулж байна.

Би нэхэмжлэгч *******тай мал махаа хиллэж байхдаа болон дараа нь ч нийт махны үнэ 74 469 000 төгрөг гэж огт яриагүй ийм тооцоо хийж шилжүүлнэ гэж хэлээгүй. Харин 71 620 000 төгрөг болж байгаа тухай хэлж махаа хиллэж тэмдэглэсэн дэвтэр дээрээ тулгаж эцсийн дүнг *******т тодорхой хэд хэдэн удаа хэлснийг үгүйсгэж байна. Гэрчүүд бол мал мах авах ханшны талаар мэдэхгүй байсан. Надад мал зарсан гэрчтэй би өөрөө ханшаа тохирч тооцоо хийсэн. Гэтэл ******* бид хоёрын хажууд байсан мэтээр танил талаараа нийлж гүтгэж байна.

Махыг 11 000 төгрөгөөр тооцож 71 620 000 төгрөг болж байгаа тухай бидний ярилцсаныг сүүлд бичсэн түүний ******* oyunbaatar 74 469 000 shu гэсэн мессеж тодорхой харуулж байна. Би мал махаа хиллэж тэмдэглэсэн даруйдаа түүний дансны дугаарыг өөрийн тооцооны дэвтэр дээрээ бичиж тэмдэглэсэн. Энэ бол ганц нэг мал мах авч байгаа асуудал биш болохоор би бүх зүйлийг тэмдэглэж бичсэн, үүнийхээ дагуу тооцоог бүрэн хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч ******* нэмэлт тайлбартаа: ...Би нэхэмжлэгч *******аас анх мал мах авах үедээ сайн үхрийн махаа кг тутмыг нь 11 500 төгрөгөөр тохирсон. Гэтэл ******* анх тохирсон хоногоосоо хугацаа хожимдож ирсэн. Анхан шатны шүүхэд ******* нь хугацаа заагаагүй гэж маргадаг ба 5 сард дулааны улиралд мал махны наймаа хийхэд хоног хугацаа алдаж болохгүй авах ханшаа машин тээврийн зардал, хөргүүрт хадгалах зардал, Улаанбаатар хот руу зарах ханш зэргээ тооцож наймаагаа хийдэг. Надаас хөргүүр, тээврийн зардал, ачигч хөлслөх гээд нийт 2 400 000 төгрөгний зардал гарсан.

******* малаа тууж ирээд бойнд оруулж надад бэлэн мах хиллэж, махаа харж байж үнэ хөлсөө тохирон хүлээлгэж өгөх үүрэгтэй. ******* нь хоног алдахгүй анх ярьснаараа 2 хоногийн дотор махаа бойнд оруулж махаа хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэтэл 5 хоногийн дараа баагсан халууны үед, махны ханш унах үед авчирч өгсөн. Би нэгэнт хүрээд ирсэн, бойнд орж мах бэлэн болсон юм чинь гээд сайн чанарын махаа 11 000 төгрөгөөр тохирч, харласан туранхай жин багатай махаа 8 000 гэж хэлсэн боловч бага байна гээд 9 000 төгрөгөөр авахаар болсон.

Харин 21-ний өдрийн 19 цаг орчим миний утасруу ******* oyunbaatar 74 469 000 shu гэж бичсэн нь махаа хиллэж надад хүлээлгэж өгөөд ханшаа тохирсоны дараа махаа ачаад Улаанбаатар явж байхад бичсэн байсан. Би сүүлд л харсан.

Би өөрийн тооцооны дэвтэр дээрээ Оюнубаатараас авсан махыг үхэр бүр буюу толгой болгоноор нь нэг бүрчлэн хиллэж тэмдэглэн 71 620 000 төгрөг гэж бичин *******ын дансыг тэмдэглэсэн байсан. Гэтэл ******* нь ******* oyunbaatar 74 469 000 shu гэж бичсэн нь түүний мессэжний агуулгын хувьд 11 000 төгрөгөөр авах тухай өмнө нь тохирсон байдлыг харуулдаг. Би түүнтэй мал махаа хиллэж авч байхдаа махны ханшийг тодорхой хэлж тохирч үүнийхээ дагуу тооцоог бүрэн хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох гаргасан тайлбартаа: ...Гомдлын агуулгаас харахад 5549 кг махны үнийг бэлчээр дээр нь очиж тохирохдоо 1 кг-ыг 11000 төгрөгөөр тохирсон байдаг. Ингээд махаа аваачиж өгөхөд мөнгийг нь өгөөгүй. Яагаад мөнгө өгөхгүй байгаа юм гэхэд 11000 төгрөгөөр авч байгаа шүү гэж хэлж байсан. Мах өгөх үед ханш унасан гэх зүйлийг огт хэлж байгаагүй. Махны үнийг мессэжээр явуулсан боловч ямар ч хариу өгөөгүй гэж хэлдэг. ...Давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдсан үхрийн махны үлдэгдэл төлбөр 2 849 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч ******* худалдан авсан үхрийн махны үнийг төлсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 13/

3. Хэрэгт авагдсан зохигчдын тайлбараар нэхэмжлэгч ******* нь хязаалан насны 7, бүдүүн үхэр 23, нийт 30 тооны үхрийн 6733 кг махыг хариуцагч *******т өгсөн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /хх 1,13/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар, худалдан авагч буюу хариуцагч нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үхрийн махны үлдэгдэл мөнгийг төлөх үүрэгтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

5. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын Хаан банкны данс руу 2022 оны 05 сарын 22-ны өдөр 30 ш үхрийн мах гэсэн утгатайгаар нийт 71 650 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 4/

6. Харин зохигчид нь 5549 кг махны үнийг тухайлбал нэхэмжлэгч ******* 1 кг-ыг нь 11500 төгрөгөөр зарахаар тохиролцсон гэж, хариуцагч ******* нь хэлсэн өдрөө үхрээ авч ирээгүй, махаа хиллэхдээ 1 кг махыг 11000 төгрөгөөр тооцно гэж удаа дараа хэлсэн гэж тус тус маргадаг.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй.

8. Нэхэмжлэгч нь хариуцагчаас махны үлдэгдэл мөнгө 2 849 000 төгрөг авах ёстой гэдгээ нотлохын тулд өөрийн ХААН банкны дансны хуулга, 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өөрийн утаснаас хариуцагч *******т ******* oyunbaatar 74469000 shvv, Munguu odoo hiimeer bnaa bi hvnruu mungu shiljuuleh geed bn гэсэн мессэж илгээсэн, шүүхэд хүсэлт гаргаж утсандаа үзлэг хийлгүүлсэн мөн түүний хүсэлтээр шүүх Б.Эрдэнэмөнх, М.Эрдэнэбилэг нарыг гэрчээр асууж, хариуцагч *******ийн ХААН банкны дансны хуулгыг холбогдох байгууллагаас гаргуулж авсан байна. /хх 35,48,27-29,31-32/

9. Гэрч Б.Эрдэнэмөнх ...******* килограммыг нь 11500 төгрөгөөр өгсөн гэж байсан. ... гэж, гэрч М.Эрдэнэбилэг ... том 23 үхрээ килограммыг нь 11 500 төгрөгөөр өглөө гэж байсан. Жижиг үхрээ хэдэн төгрөгт өгснийг нь мэдэхгүй байна. Жинг нь харж байж байгаад тохирьё гэж байсан. ... гэж тус тус мэдүүлжээ. /хх 27-29,31-32/

10. Иймд нэхэмжлэгч *******ын гаргаж өгсөн нотлох баримтууд болон түүний хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******аас 2 849 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтыг зөв хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

11. Хариуцагч ******* нь 23 тооны үхрийн мах буюу 5549 кг махыг 11000 төгрөгөөр авахаар тохиролцсон гэж тайлбарладаг боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138/ШШ2022/00930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ж.ДОЛГОРМАА