Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 627

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.М яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05473 0508 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.М

Холбогдсон хэргийн талаар:

Б.Мнь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Даваадоржтой маргалдан барьцалдан зууралдаж, улмаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж хамрыг гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Даваадоржийн өгсөн: ...Би 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Э Жи Зэт” ХХК-д цагийн ажилтнаар ажилд орсон. Би 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажлаа хийгээд байж байхад надтай хамт ажилладаг миний танихгүй 2 хүн миний хажууд ирээд амрахаар нь би хэдэн үг хэлэхэд өөдөөс уг 2 хүний арай ахимаг настай хүн нь надад уурласан. Би тухайн үед уучлал гуйгаад яваад өгсөн. Тэгсэн орой ажил тараад би хувцасаа солиод явах гээд байж байхад Б.М гэх ах намайг дуудсан. Би яваад очтол өдрийн болсон үйл явдлыг яриад настай хүнийг тэгж хэллээ гээд над руу уурласан. Би над руу уурлаж байгаад тэс хөндлөн юм ярихаар нь би танд энэ зүйлийг ярьсан хүнийг аваад ир, би уулзмаар байна гэж хэлэхэд намайг заамдаад авсан. Би зөрүүлээд заамдаад авсан. Тэгсэн тэнд байсан 2 хүн ирээд салгасан. Одоо би хэн салгасныг мэдэхгүй, санахгүй байна. Б.М ах надаас салаад суусан. Сууж байхдаа надад хандаж янз бүрийн юм яриад байхаар нь би өөдөөс нь таныг ална гэж юу байх вэ дээ гэж хэлэхэд босч ирээд намайг зуураад авахаар нь би бас харилцан зууралдаад тэврээд авсан. Яг энэ үед бид нарыг хариуцсан менежежр залуу ирээд голоор ороод салгасан. Би боль гэж хэлэхээр нь Б.М-г тавиад дээш өндийж харахад Б.М миний хамар руу нэг мөргөсөн... /хх-ийн 15-16 дугаар тал/,

...хамт ажиллаж байсан хүмүүстэй марзаганаж инээлдэж байсан чинь  Б.М ах дундуур орж ирээд намайг чи муу аятайхан байгаарай гэж хэлээд маргалдсан. Тэгээд ажил дууссаны дараа намайг хэл амаар доромжлоод байхаар нь нас намбандаа бай л даа гэж хэлсэн чинь намайг чи муу банди намайг ингэж хэлэх болоогүй гэж хэлээд миний пудволкны захаар миний хоолойг боохоор нь би бүсэлхийгээр нь тэврээд авсан чинь манай инженер дундуур ороод салгасан чинь Б.М ах миний хамран тус газар нэг удаа мөргөх үед уг гэмтэл учирсан. Эмчилгээний зардал бэлэн мөнгөний баримт гаргаж өгөөд баримтанд тусгагдсан мөнгөн дүнг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Эрдэнэбулганы өгсөн: ...Тухайн үед Б.М, Даваадорж нар хэрэлдэж, маргалдаж байсан. Б.М нь настай хүн учир арай залуухан Даваадоржид багаж хэрэгсэл дөхүүлээд өг гэсэн чинь Э.Даваадорж нь ядарсан хүн болохоор нь элэг бариад байх шиг хэгжүүрхээд байсан. Тухайн үед би Жуковын музейн урд талд ажиллаж байхад хойд талд зодоон боллоо гэхээр нь яваад очсон чинь Э.Даваадорж, Б.М нар зууралдсан цамц нь бага зэрэг урагдсан байсан...тэднийг яг зууралдаж дууссаны дараа ирээд яагаад юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь Даваадорж Б.М-д уурлаад пизда минь чамайг цагдаад өгнө гээд хэлээд гараад явсан. Тухайн үед Даваадоржийн хамарнаас бага зэргийн цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 8001 дугаартай шинжээчийн:

1. Э.Даваадоржийн биед хамар ясны хугарал, хоолойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.М-ийн: ...Орой ажил тарах цаг болоод хувцасаа солиод сууж байгаад Э.Даваадорж бид хоёр ахиж маргалдаад барилцаж авсан. Тухайн үед би гутлаа өмсөөд доош тонгойж байхад Даваадорж миний ардаас бариад авахаар нь бид барилцаж аваад биднийг хүмүүс салгасан боловч бид ахиж зууралцаж аваад бид нэг нэгнийгээ газар унагаах гэж оролдсон. Тэгээд бид 2 газар унаад би Э.Даваадоржийн хамран тус газар нь нэг удаа мөргөсөн чинь хамарнаас нь цус гарсан. Тэгээд бид хоёр салаад явцгаасан. Э.Даваадорж хамт ажилладаг настай хүнийг хэл, амаар доромжлоод байсан учир би хамт ажилладаг ядарсан хүнийг өмөөрч маргалдсан. Бид ажил хийж байсан учраас эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 24, 27 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.М-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31, 32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.М нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Даваадоржтой маргалдан барьцалдан зууралдаж, улмаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж хамрыг гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Даваадорж болон яллагдагчаар өгсөн Б.М-ийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8001 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1: ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

            Хавтаст хэрэгт хохирогч Э.Даваадорж 8000+120.000+7140+21000=нийт 156.140 төгрөгийн баримтыг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.М хохирол төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-ийн 24-р тал, 36-37-р тал/

            Хохирогч Э.Даваадорж цаашид хамрын хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай байх тул өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор баримтаар бусдад төлөх төлбөргүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б.Мгээс /РД:/ 156.140  /нэг зуун тавин зургаан  мянга нэг зуун дөчин/ төгрөгийг гаргуулан хохирогч Энхбаярын Даваадоржид /РД:/ олгосугай.

6. Хохирогч Э.Даваадорж нь өөрт учирсан хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ