Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 649

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Э.Гэрэлмаа,

          шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг ҮД:15-54,

          хохирогч Л.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01158 0632 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, М.Б

          Холбогдсон хэргийн талаар:

М.Б нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуутын 6-134/а/ тоот гэртээ 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 6 удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэртээ агсам тавьж танхайран ахмад настай ээж Л.Мөнгөнцэцэгийг хэл амаар доромжлон байнга догшин авирлан, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Мөнгөнцэцэг мэдүүлэхдээ: Хэргийн талаар  ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Мөнгөнцэцэгийн өгсөн: …Манай хүү М.Б архи уухаараа үргэлж намайг хэл амаар доромжилж, цохиж зодох гээд дайраад байдаг. Тэгээд манай урд, хойд хөрш айлын хүмүүс манай хүүг мэддэг болохоор орилж хашгичаад эхлэхээр нь цагдаа дуудаж өгдөг. Намайг 2-3 удаа цохиж зодож байсан. Манай хүү нэг архи уухаараа 7 хоног үргэлжлүүлээд архи уудаг, тэгээд 3-4 хоног завсарлаад биеэ гайгүй болохоор эргээд л архи уугаад эхэлдэг...

...Манай хүү М.Б архи уучихаад согтуудаа хэл амаар доромжлоод, цохиж зодоод олон ч удаа баривчилгаанд явж байсан. Нилээн олон жилийн өмнө зодож миний гарыг хугалж байсан. Би 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байсан архийг нь асгачихсан чинь уурлаад хүний ууж байсан архийг асгачихлаа мөнгө өгөхгүй шүү гээд л хашгичаад барьж аваад зодох гээд байсан. Манай хүү М.Б 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш архи ууж байгаа, 1 өдөр ч эрүүл саруул байсангүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажилагааны явцад гэрч Л.Оюунчимэгийн өгсөн: ...М.Бын ээж Мөнгөнцэцэг эгч манайд орой үдэш хүрээд ирдэг, тэгээд Мөнгөнцэцэг эгчээс М.Быг асуухаар бас л архи уучихсан элдэв янзаар харааж зүхээд байх юм, хажууд нь байхаас зугтаагаад явж байна гээд ороод ирдэг. Би М.Бын утас руу нь залгаад чи яах гэж архи уугаад ээжийгээ зовоогоод байгаа юм бэ, битгий архи уугаад байгаач гэж хэлэхээр танайд яваад оччихсон юм уу гээд л над руу дайраад танай гэрийг чинь шатаана, түйвээнэ гээд л агсам тавьж чамд хамаагүй, би чамтай харьцахгүй битгий ажил төрөл яриад бай, миний ууж идэх чамд хамаагүй гэх мэтээр дайраад байдаг. М.Б ээжтэйгээ хамт амьдардаг ба ээжийнхээ үгэнд орохгүй, бид нар тусдаа амьдралтай энэ хүнийг хүмүүмжүүлэх талаар олон удаа хэлж ярихад биднийг тоохгүй өөдөөс загнаж харааж зүхээд ээжийгээ элэг барьж өвлийн хүйтэнд эхийгээ хөөж туугаад гаргаад явуулах зэргээр олон удаа эгч минь манайд ирж байсан тул бид нар их санаа зовж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Алтанцэцэгийн өгсөн: ...М.Б байнга архи уудаг бөгөөд архи уух болгондоо ээждээ агсам согтуу тавиад байдаг юм. Манай хажуу талын хашаанд байдаг болохоор манай гэрт М.Бын орилж хашгирч байгаа дуу нь сонсогддог юм. М.Бын орилж байгаа дуу гараад байхаар нь М.Быг архи уусан байна гэж боддог. Миний мэдэхийн 3 жилийн өмнө яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, М.Б согтуу гэртээ агсам согтуу тавиад ээжийгээ орилуулаад байсан юм. Тэгсэн тэр өдрийнх нь маргааш Мөнгөнцэцэг гараа сойгоод боочихсон байсан бөгөөд би М.Быг зодоод гарыг нь хугалчихлаа гэж бодсон. Мөнгөнцэцэг М.Быгаа өмөөрөөд зодуулсан гэдгээ нуугаад байдаг юм шиг байна лээ. Ер нь М.Б бол маш харгис хэрцгий хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Батбаярын өгсөн: ...Миний хувьд М.Быг 2018 оны 02 дугаар сар, 04 дүгээр сард эх Л.Мөнгөнцэцэгт агсам согтуу тавьж, хэл амаар доромжилсон гэж захиргааны журмаар 2 удаа баривчилсан. М.Б нь манай хорооны архаг архичин, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Батбуянгийн өгсөн: ...Би тэр өдрийн өглөө дүү Батжаргалын Чулуун овоонд гэрт очиход манай дүү Батжаргал байхгүй байсан бөгөөд хажуу хашааны эгч Мөнгөнцэцэг надад М.Б, Батжаргал хоёр нийлж архи уугаад байна, энэ хоёрыг хэсгийн байцаагч Батбаярт өгчихмөөр байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хэсгийн байцаагчийн утас руу залгахад холбогдохгүй байсан бөгөөд ажилдаа яваад орой 17 цагийн орчим ирэхэд манай дүү Батжаргал гэртээ согтуу байсан ба хажуу хашааны эгч манай хүү М.Б бас согтуу унтаж байна гэж надад хэлэхээр нь цагдаад дуудлага өгч Батжаргал, М.Б нарыг өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

- Шүүгдэгч М.Бт “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” арга хэмжээ авсан талаарх шийтгэвэр /хх-ийн 52, 53 дугаар тал/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 62-66 дугаар тал/,

- Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн АСАП сангийн М.Бт холбогдох лавлагаа /хх-ийн 47-51 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Бын: ...Би урьд өмнө 2018 онд ээж Л.Мөнгөнцэцэгт агсам согтуу тавьж цохисон гэж 2 удаа баривчилгаанд явж байсан. Би хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ архи уучихсан байж байхад хажуу айлын Батжаргалын ах дүүтэйгээ архи уугаад байна гээд эрүүлжүүлэгдсэн. Тэрний өмнө 2018 оны 11 дүгээр сард эрүүлжүүлэгдэж байсан. Би баривчилгаанд явж ирснээс хойш хаширсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

- Шүүгдэгч М.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-58 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт: ...цагдаагийн албан хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулгүйн зэргийн үнэлгээ хийнэ гэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт: ...нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийнэ гэжээ.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нийгмийн ажилтан Ү.Ундрал уг нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байна. /хх-ийн 62-66 дугаар тал/

            М.Б нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуутын 6-134/а/ тоот гэртээ 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 6 удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэртээ агсам тавьж танхайран ахмад настай ээж Л.Мөнгөнцэцэгийг хэл амаар доромжлон байнга догшин авирлан, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Мөнгөнцэцэг, гэрч Л.Оюунчмэг, Ж.Алтанцэцэг, Ө.Батбаяр, яллагдагчаар өгсөн М.Б нарын мэдүүлэг, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэвэрүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул М.Быг ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Бын гэм буруугийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт: ...гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаас гарсан хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцохоор хуульчилжээ.

Хохирогч Л.Мөнгөнцэцэг нь шүүгдэгч М.Бын төрсөн эх тул гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцогдоно.

Шүүгдэгч М.Б нь ахмад настай эх Л.Мөнгөнцэцэгт бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг болох нь хэрэгт авагдсан цагдаагийн АСАП сангийн бүртгэл мэдээлэл болон зөрчлийн шийтгэл оногдуулах тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №236 дугаартай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн  №694 дугаартай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 47-53-р тал/

Иймд М.Бын гэм буруугийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзлээ.

Хохирогч Л.Мөнгөнцэцэг хавтаст хэрэгт хохирлын баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгч М.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, ахмад настай хүнтэй байнга харгис, хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар М.Быг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.            

            4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Бт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ