Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3\9 тоотод байрлах, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамж, 8076 тоотод оршин суух, ЧС78010569 дугаарын регистртэй, Тайж овогт Баярсайханы  Байгалмаад холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлтдээ: Б.Байгалмаа нь 2015 оны 3-р сарын 10-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240 000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20 000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20 000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгөөр худалдан авсан.

Иймд Байгалмаагаас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах үлдэгдэл төлбөр 160 000 төгрөг, гэрээний дагуу алданги 80 000 төгрөг, нийт 240 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б.Байгалмаа нь нэхэмжилсэн төлбөрөөс үндсэн төлбөр 180 000 төгрөгийг төлж барагдуулсан, манай зүгээс алдангийн 80 000 төгрөгийг нэхэмжлэхгүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                     

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл”ХХК нь Б.Байгалмаад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчээс төлсөн 7 850 төгрөгөөс 3 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 925 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Байгалмаад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчээс төлсөн 7 850 төгрөгөөс 3 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 925 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.