Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 637

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                               

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ө.Э,

хохирогч Ө.Цогзолмаа нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө.Э яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01361 0561 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, Ө.Э

Холбогдсон хэргийн талаар:

           Ө.Э нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн хууль ёсны эхнэр Ө.Цогзолмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн модон сандлаар зүүн гарын шилбэ хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар  ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Цогзолмаа мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдан шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Цогзолмаагийн өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Ө.Э бид хоёр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байдаг миний төрсөн дүү болох Батпүрэвийн гэмт ирж хоол унд хийж идээд 1 шил 0,75 литрийн Хараа архи хувааж ууж дуусгаад нөхөр Ө.Э надаас дахиж архи авна, машинд мөнгө байгаа машинаас авч дэлгүүр орно гээд байхаар нь би согтуу хүнд машин өгөхгүй гээд хоорондоо маргалдсан чинь нөхөр Ө.Э модон сандал авч миний зүүн гарын шилбэ хэсэгт нэг удаа хүчтэй цохиж гэмтээсэн. Тэр үед манай дүү Батпүрэвийн охин Баярцэцэг цагдаа дуудсан байсан. Удалгүй хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирээд нөхөр Ө.Э-ыг эрүүлжүүлэх байр руу авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар тал/,

Батлан Хамгаалахын Эмгэг Судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн:

1. Ө.Цогзолмаад зүүн богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.3.1-д заасан “ХҮНДЭВТЭР” зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. Шинжээч эмч С.Наранцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ө.Э-ын: ...Би хохирогч Ө.Цогзолмаагийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэрийн дүү болох Батбүргэдийн гэрт байж байхдаа машинаа унаад гарах гэсэн чинь машины түлхүүр өгөхгүй гэж маргалдаад урьд нь уугаад үлдсэн байсан 0,5 литрийн шилтэй архины тал байсныг миний нүүр рүү цацсан. Тэгэхээр нь би уурласандаа модон сандал аваад шидсэн. Тэгтэл Ө.Цогзолмаагийн зүүн гарын шуу хэсэгт онож гэмтээсэн. Иймд би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

- Шүүгдэгч Ө.Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 13, 14, 15, 25-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ө.Э нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн хууль ёсны эхнэр Ө.Цогзолмааг  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ө.Цогзолмаа, яллагдагчаар өгсөн Ө.Э нарын мэдүүлэг, Батлан Хамгаалахын Эмгэг Судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээчийн 30 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ө.Э-ын гэм буруугийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ...гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлэхээр хуульчилжээ.

            Шүүгдэгч Ө.Э, хохирогч Ө.Цогзолмаа нар нь хууль ёсны гэр бүл болох нь тэдгээрийн гэрлэлтийн баталгаагаар тогтоогдож байна. /хх-ийн 31-р тал/

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Батлан Хамгаалахын Эмгэг Судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээчийн 30 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх тул Прокуророос Ө.Э-ын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсгийг тохирсон гэж үзэв.

            Хохирогч Ө.Цогзолмаа энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Ө.Э-ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Гэвч хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан тул Ө.Цогзолмаа нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ө.Э нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч дахин гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ө.Цогзолмаагийн эрүүл мэндэд санаатай  хүндэвтэр гэмтэл учруулсан байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 23-30 дугаар тал/

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ө.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол  улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ө.Э 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх зааснаар Ө.Э-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ө.Э нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ө.Цогзолмаа нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх  эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Ө.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Э-т цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ