Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 532

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Үүрийнтуяа,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Я.Батханд ҮД: 03-84,

           иргэдийн төлөөлөгч Ч.Рэгзэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Г яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0000 01314 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Г

Холбогдсон хэргийн талаар:

Г.Г нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэлийн 12 дугаар байрны подвольд 2018 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Ү.Азжаргалтай маргалдан улмаар түүнийг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож, цохин хэвлий болон цавин тус газар нь хайчаар хатгаж биед нь олон тооны гэмтэл шарх учруулан, онц харгис хэрцгий аргаар, амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 11-ны өдөр наадмын талбайгаар явж байгаад гэртээ ирэхэд Азжаргал ах Оюунцэцэг хоёр архи уугаад сууж байсан. Гэрт хоол унд асгаад нилээн завааруулчихсан байхаар нь би баяр ёслол болж байхад гээд уурласан. Тэгээд гэрээ  цэвэрлээд хамт архи уугаад сууж байхад Азжаргал миний толгой руу цохиж эхэлсэн. Би өөдөөс нь зодолдсон. Тэгээд нэг юм гарт дайралдахаар нь түүгээрээ цохисон. Тэгтэл цамцных нь цаанаас цус гарсан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Сонинбаярын өгсөн: ...19-н үйлчилгээний төв дээр манаачийн ажил эрхэлдэг байсан. Өнөөдөр ажилдаа явах  ёстой байсан. Яг юуны манаач хийдэг талаар нь би сайн мэдэхгүй байна. Манай аав, ээж хоёр салсан тусдаа байдаг, би ээжтэйгээ байдаг, бид нар байрны түрээс, хоол ундыг нь дөхүүлж өгөхдөө байрны гадаа нь уулздаг байсан, дотогш орж үзээгүй. Ганцаараа амьдардаг байсан. Өчигдөр буюу 2018.07.11-ний 17 цаг 5 минутанд хамгийн сүүлд би аавд баярын мэнд хүргэж мөнгө хэрэгтэй байна уу гэж асуухад 16-д хамт ажилладаг хүний гэрт байна гэж хэлж байсан. Мөнгө өнөөдөртөө хэрэггүй, маргааш ажилтай гэж хэлж байсан. Өөр ямар нэг юм яриагүй, өглөө ярья гээд би утсаа тасалсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 68-69 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ю.Оюунцэцэгийн өгсөн: ...Ингээд 7 дугаар сарын 11-ний өглөө босоод Г.Г бид 2 хувцас, хунараа угаагаад, гэртээ байж байгаад 1 шил архи авч уусан. Тэгээд би хоол, өндөгний салат хийгээд хөрш амьдарч байсан Азжаргалын утас руу нь залгаж хүрээд ир гэж дуудсан. Азжаргал манайд 15-16 цагийн үед л ирсэн байх. Азжаргалыг ирсэн гээд 0,75 литрийн хэмжээтэй Монгол стандарт архи 1 шилийг худалдаж аваад Г.Г, Азжаргал бид 3 хувааж уусан. Уусан архиндаа би нилээн согтсон. Тэгээд л би тасарчихсан байсан. Нэг сэрэхэд Г.Г Азжаргал нар хоорондоо муудалцаад байж байсан. Тэгээд би сэрээд жаахан үлдсэн байсан шилтэй архийг уугаад буцаад тасарсан. Би унтаж байхад Г.Г намайг сэрээсэн. Би босоод иртэл Азжаргал амьсгал хураачихсан байсан. Үүнийг гаргаж хаях хэрэгтэй, өрөөнд байвал муудаж, ялзарч магадгүй гэхээр нь би цагдаа дуудъя гэтэл надаар цагдаа дуудуулаагүй. Азжаргал орон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Гэтэл Г.Г цогцосыг нь гаргая, өргөлц гэхээр нь би чадахгүй гээд өргөлцөөгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Пансандуламын өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 06-ны үед бид хоёр уулзаад би хувцас авч өгөөд хоолыг нь бэлдэж өгөөд явсан. Тэр үед нэг их зүйл яриагүй, хувцас авч өгөхөд маргааш ажилтай аав нь гэртээ очиж хоол хийж идээд унтлаа гэж хэлж байсан. 2018.07.09-ний өдөр утсаар ярихад гэртээ байна гэж хэлж байсан. Подвольд байдаг болохоор сүлжээ нь унаад байдаг юм, тэгээд намайг залгасан байхыг хараад залгаж байсан. Цагдаагаас над руу залгах үед нь би мэдсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74-75 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Эрдэнэсувдын Төгөлдөрийн өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 11-ний оройн 23 цагийн орчим гэрээсээ гарсан. Тэгээд “Талх чихэр”-ийн 11 дүгээр байранд байх найз Цэнгүүний гэрт орсон. Тэгээд тэнд байж байгаад шөнө 02 цаг 50 минутын орчим байхаадаа Цэнгүүнийхээс гараад би найз Төрболдыг Ээрмэлийн 13 дугаар байр руу гэр рүү нь дөхүүлж өгөх санаатай уг Ээрмэлийн 12 дугаар байрны урдуур явж байгаад хартал 3 дугаар орцны урд талд хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод хартал цустай холилдсон, тэгээд судсыг нь бариад үзтэл цохилохгүй байсан. Тэгэхээр нь би дуудлага өгсөн. Би дуудлага өгчихөөд айгаад буцаад 11 дүгээр байранд найз Цэнгүүний гэрт очиж байсан. Тэгсэн цагдаа ирсэн байна, гараад ир гэж дуудаад тэгээд би энд буцаж ирсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 80-81 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Энхбатын Төгөлдөрийн өгсөн: ...Тэгээд хувцасаа тайлаад унтах гэж байхад эмэгтэй хүн хальт орилох чимээ гарсан. Тэгэхээр нь за за хажуу айл архи уусан юм байна даа гэж бодоод л унтаад өгсөн. Унтаж байгаад би шөнө 01 цаг өнгөрч байхад босоод ариун цэврийн өрөө орох гээд уг тоотын хажуугаар гарахдаа хальт сонсоход согтуу хүмүүс яриад байгаа юм шиг сонсогдсон. Тэр үед 2 хүн хоорондоо яриад байгаа юм шиг сонсогдсон, би яг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан эрэгтэй хүн юм яриад байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 82-83 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Эрдэнэбаярын өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө зочид буудал дээрээ эхнэрийн хамт байж байтал шөнийн 03 цагийн үед гаднаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд нэг давхрын 3 тоот өрөөнд орж амраад өглөө 10 цагийн үед буудлаас гарсан юм...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 89-90 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Оюунцэцэгийн өгсөн: ...Би араас нь ороод иртэл Оюунцэцэг трико дээрээ Ган-Эрдэнийн өмсөж байсан хөх жинсэн өмдийг өмсөөд, Г.Гсандал дээр тавьсан байсан бор брюкэн өмдийг өмсөөд гараад явцгаасан. Явахдаа өөр зочид буудалд орно гээд гараад явсан. Хаашаа явсныг нь хараагүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-93 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Уранчимэгийн өгсөн: ...Хэргийн газрын үзлэг явуулж дууссанаас хойш 09 цаг өнгөрөөгөөд 95210565 дугаар руу залгахад Оюунцэцэг утсаа авсан. Би подволь руу ордог гадна хаалганы түлхүүр авъя, та нар яагаад хэлэхгүй явчихаа вэ гэтэл бид 2 Батсүмбэр сумын асрахын газрын ойролцоо байна, бид 2 өглөө 05 цаг өнгөрч байхад гарсан гэж хэлэхээр нь би Г.Г тэй ярья гээд Г.Г тэй ярьсан. Би Г.Г-д хандаад подволь руу орох түлхүүр хэрэгтэй байна, та нар хаана байгаа юм бэ гэхэд Төв аймгийн Батсүмбэр суманд байна гэсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94-96 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1553 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтэнд :

1. Талийгаачид толгой, их бие, доод мөчдийн олон тооны няцарсан болон хатгагдаж зүсэгдсэн шархнууд: шарх №1 духны баруун хэсэгт няцарсан шарх, шарх №2 баруун хөмсөгт няцарсан шарх, шарх №3 зүүн хөмсөгний дотор хэсэгт няцарсан шарх дээд, шарх №4 уруулын баруун хэсэгт няцарсан шарх, шарх №5 баруун зулайн хуйханд няцарсан шарх, шарх №6 баруун чихний омогт няцарсан шарх, шарх №7 баруун чихний дэлбээнд няцарсан шарх, шарх №8 хүйсний баруун дээд хажуу хэсэгт хэвлийн хөндийг баруун дээрээс зүүн доош чиглэлтэй хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнг 2 хэсэг, бүдүүн гэдэсний чацархайг нэвтлэн хэвлийн зүүн доод хажуу ханыг хатгаж зүсэн 2 хэсэг мухар төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарх /шархны сувгийн нийт урт 22-23 см/, шарх №9 баруун цавинд баруун дээрээс доош чиглэлтэй цавьны вен гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх №10 зүүн гуяны гадна доод хэсэгт зүүн доороос баруун дээш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх №11 зүүн гуяны урд дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус алдалт 1,5 литр, цавьны венээс цус алдалт, цус алдалтын шок, зүрхний зүүн ховдлын дотор хананд үүссэн Минаковын толбо, дотор эрхтнүүдийн цус багадалт, толгойн хуйхны цус хуралт, бүсэлхийн баруун хэсэг, баруун тохой өвдөг, зүүн шилбэ, тавхай, зүүн сарвуу, эрүүнд зулгаралтууд, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь ажлын хэсгийн урт 24 см-с доошгүй, ажлын хэсгийн өргөн 2,5см-3см, ир үзүүртэй багажийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шарх №9-н хэвлийн эрхтнүүдийн гэмтлийг хатгаж зүсэгч багажийг сугалахгүйгээр баруун дээрээс зүүн доош чиглэлтэй 2 удаагийн үйлчлэлээр үүсгэсэн байна.

3. Шархнаас бусад гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Шарх №8 /хүйсний баруун дээд хажуу хэсэгт хэвлийн хөндийг баруун дээрээс зүүн доош чиглэлтэй хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнг 2 хэсэг, бүдүүн гэдэсний чацархайг нэвтлэн хэвлийн зүүн доод хажуу ханыг хатгаж зүссэн 2 хэсэг мухар төгссөн шарх /шархны сувгийн нийт урт 22-23 см/, шарх №9 /баруун цавинд баруун дээрээс доош чиглэлтэй цавьны вен гэмтээсэн шарх/ нь үхэлд хүргэсэн хүнд гэмтэл бөгөөд бусад шархнууд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

5. Хэвлийн болон цавьны шархны улмаас дотуур, гадуур цус алдалт үүсч цус алдалтын шокоор нас баржээ.

6. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7. Цусны 3-р бүлэгтэй байна.

8. Үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. Шинжээч эмч Б.Ариунзул гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 110-112 дугаар тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 647 дугаартай:

1, 2, 3. Г.Г нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. Г.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх үед /2018.07.12-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэх/ болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэгээр өвчилсөн гэх баримт мэдээлэл үгүй байна.

5. Г.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Г.Г нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлага үгүй байна. Эмч Д.Дэжидмаа, З.Ганзориг, Л.Насанжаргал гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 137-138 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 7457/7460 дугаартай биологийн шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн цаасан хайрцаг болон хайчин дээр цус илэрсэн. АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Шинжээч Ж.Оюунаа гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 143 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4483 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд :

1. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд гэмтэл гарсан байна.

- Хар хүрмэнд гарсан 100мм, 20мм, 30x50мм, 90мм, 260мм, 145мм, ногоон эрээн хүрмэнд гарсан 320мм, ногоон эрээн футболканд гарсан 75x75мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзралтууд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

- Хар хүрмэнд гарсан 75x10мм, 240x230мм, 190x240мм, 140x75мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ урагдалтууд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

- Ногоон эрээн хүрмэнд гарсан 10мм, ногоон эрээн өмдөнд гарсан 15мм, саарал дотоожинд гарсан 12мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан урагдалтууд байна. Дээрх урагдалтуудын 15 мм хэмжээтэй гэмтэл хуучин, бусад гэмтлүүд шинэ байна.

- Ногоон эрээн хүрмэнд гарсан 26x20x5мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт байна.

- Ногоон эрээн футболканд гарсан 20x4x5мм, ногоон эрээн өмдөнд гарсан 5x3мм, 9мм, саарал дотоожинд гарсан 9мм, 9мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ зүсэгдэлтүүд байна.

2. Бусад хувцас гэмтэлгүй. Шинжээч Ж.Солонго гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 149-150 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 7472 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өвлийн куртик, ногоон эрээн футболк, ханцуй хэсэгт хөх оруулгатай хар өнгийн цамц, ногоон эрээн өнгийн нимгэн куртик, шар тэлээтэй ногоон эрээн өнгийн өмд, саарал өнгийн дотоож, 1 хос саарал өнгийн оймсон дээр цус илэрсэн. Ногоон эрээн өнгийн малгай, 1 хос хар өнгийн гутал дээр цус илрээгүй.

2. Хар өнгийн өвлийн куртик, ногоон эрээн футболк, ханцуй хэсэгт хөх оруулгатай хар өнгийн цамц, ногоон эрээн өнгийн нимгэн куртик, шар тэлээтэй ногоон эрээн өнгийн өмд, саарал өнгийн дотоож, 1 хос саарал өнгийн оймсон дээрх цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

3. Дээрх хувцаснуудад илэрсэн цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй. Шинжээч Б.Гантуяа гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 155-156 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Г: ...Тэгээд дахин өөртөө хийгээд сууж байтал талийгаач миний хүзүү рүү нэг түлхээд дээрээс дарж сууж байгаад миний бие рүү гараа цохиж, нүүр нуруугаар шалан дээр чирч, суга цавь руу өшиглөөд байсан. Тэр үед Оюунцэцэг чи манай нөхрийг аллаа шүү дээ гээд талийгаачийг цаанаас түлхсэн. Тэгээд надаас жаахан хөндийрөхөөр нь би орон дээр улаан иштэй хайч харагдахаар нь би уг хайчийг аваад талийгаачийн гэдэс рүү 1 удаа хөл рүү нь мөн 1 удаа хатгачихсан. Тэгээд талийгаач хойшоо болохоор нь би сандал түшиж босгоод уг сандлаараа талийгаачийн толгой руу 2 билүү 3 удаа цохиж авсан. Тэгтэл талийгаачийн гэдэснээс нь цус гараад эхлэхээр нь би сандраад гарч яваад нэг мэдсэн Жуковын талбай дээр явж байсан...

...Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр ширхэг хуушуур идчихээд тойрч алхаж байгаад гэртээ харихад талийгаач манай гэрт ирчихсэн байсан. Оюунцэцэг яагаад намайг гэрээс гараагүй гэж яриад байгааг би ёстой ойлгохгүй байна. Худлаа ярьж байгаа гэж бодож байна...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 73-74 дүгээр тал/,

- Шүүгдэгч Г.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 2 дугаар хх-ийн 1-2 дугаар тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Г нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэлийн 12 дугаар байрны подвольд 2018 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Ү.Азжаргалтай маргалдан улмаар түүнийг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож, цохин хэвлий болон цавин тус газар нь хайчаар хатгаж биед нь олон тооны гэмтэл шарх учруулан, онц харгис хэрцгий аргаар, амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан  гэрч Ю.Оюунцэцэгийн өгсөн:. ... Нэг сэрэхэд Г.Г Азжаргал нар хоорондоо муудалцаад байж байсан. Тэгээд би сэрээд жаахан үлдсэн байсан шилтэй архийг уугаад буцаад тасарсан. Би унтаж байхад Г.Г намайг сэрээсэн. Би босоод иртэл Азжаргал амьсгал хураачихсан байсан. Үүнийг гаргаж хаях хэрэгтэй, өрөөнд байвал муудаж, ялзарч магадгүй гэхээр нь би цагдаа дуудъя гэтэл надаар цагдаа дуудуулаагүй. Азжаргал орон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Гэтэл Г.Гцогцосыг нь гаргая, өргөлц гэхээр нь би чадахгүй гээд өргөлцөөгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар тал/,

гэрч Эрдэнэсувдын Төгөлдөрийн өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 11-ний оройн 23 цагийн орчим гэрээсээ гарсан. Тэгээд “Талх чихэр”-ийн 11 дүгээр байранд байх найз Цэнгүүний гэрт орсон. Тэгээд тэнд байж байгаад шөнө 02 цаг 50 минутын орчим байхаадаа Цэнгүүнийхээс гараад би найз Төрболдыг Ээрмэлийн 13 дугаар байр руу гэр рүү нь дөхүүлж өгөх санаатай уг Ээрмэлийн 12 дугаар байрны урдуур явж байгаад хартал 3 дугаар орцны урд талд хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод хартал цустай холилдсон, тэгээд судсыг нь бариад үзтэл цохилохгүй байсан. Тэгэхээр нь би дуудлага өгсөн. Би дуудлага өгчихөөд айгаад буцаад 11 дүгээр байранд найз Цэнгүүний гэрт очиж байсан. Тэгсэн цагдаа ирсэн байна, гараад ир гэж дуудаад тэгээд би энд буцаж ирсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 80-81 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1553 дугаартай задлан шинжилгээний дүгнэлт  зэрэг  хэрэгт авагдсан  бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г гэм буруугийн үйлдлийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1553 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтэнд:

1. Талийгаачид толгой, их бие, доод мөчдийн олон тооны няцарсан болон хатгагдаж зүсэгдсэн шархнууд: шарх №1 духны баруун хэсэгт няцарсан шарх, шарх №2 баруун хөмсөгт няцарсан шарх, шарх №3 зүүн хөмсөгний дотор хэсэгт няцарсан шарх дээд, шарх №4 уруулын баруун хэсэгт няцарсан шарх, шарх №5 баруун зулайн хуйханд няцарсан шарх, шарх №6 баруун чихний омогт няцарсан шарх, шарх №7 баруун чихний дэлбээнд няцарсан шарх, шарх №8 хүйсний баруун дээд хажуу хэсэгт хэвлийн хөндийг баруун дээрээс зүүн доош чиглэлтэй хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнг 2 хэсэг, бүдүүн гэдэсний чацархайг нэвтлэн хэвлийн зүүн доод хажуу ханыг хатгаж зүсэн 2 хэсэг мухар төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарх /шархны сувгийн нийт урт 22-23 см/, шарх №9 баруун цавинд баруун дээрээс доош чиглэлтэй цавьны вен гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх №10 зүүн гуяны гадна доод хэсэгт зүүн доороос баруун дээш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх №11 зүүн гуяны урд дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус алдалт 1,5 литр, цавьны венээс цус алдалт, цус алдалтын шок, зүрхний зүүн ховдлын дотор хананд үүссэн Минаковын толбо, дотор эрхтнүүдийн цус багадалт, толгойн хуйхны цус хуралт, бүсэлхийн баруун хэсэг, баруун тохой өвдөг, зүүн шилбэ, тавхай, зүүн сарвуу, эрүүнд зулгаралтууд, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь ажлын хэсгийн урт 24 см-с доошгүй, ажлын хэсгийн өргөн 2,5см-3см, ир үзүүртэй багажийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шарх №9-н хэвлийн эрхтнүүдийн гэмтлийг хатгаж зүсэгч багажийг сугалахгүйгээр баруун дээрээс зүүн доош чиглэлтэй 2 удаагийн үйлчлэлээр үүсгэсэн байна.

3. Шархнаас бусад гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Шарх №8 /хүйсний баруун дээд хажуу хэсэгт хэвлийн хөндийг баруун дээрээс зүүн доош чиглэлтэй хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнг 2 хэсэг, бүдүүн гэдэсний чацархайг нэвтлэн хэвлийн зүүн доод хажуу ханыг хатгаж зүссэн 2 хэсэг мухар төгссөн шарх /шархны сувгийн нийт урт 22-23 см/, шарх №9 /баруун цавинд баруун дээрээс доош чиглэлтэй цавьны вен гэмтээсэн шарх/ нь үхэлд хүргэсэн хүнд гэмтэл бөгөөд бусад шархнууд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

5. Хэвлийн болон цавьны шархны улмаас дотуур, гадуур цус алдалт үүсч цус алдалтын шокоор нас баржээ.

6. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7. Цусны 3-р бүлэгтэй байна.

8. Үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. гэсэн дүгнэлт гарсан байна. /1 дүгээр хх-ийн 110-112 дугаар тал/,

Хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалах чадваргүй байсан, хохирогчийн биед олон тооны гэмтэл, шархыг үүсгэсэн амь насыг нь онц хэрцгий аргаар амь насыг хохироосон болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсгийг тохирсон байна.

Шүүгдэгч Г.Г үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Иймд Г.Г түүнд оногдуулсан хорих ялыг хаалтай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

            Хохирогч А.Сонинбаяр нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

            Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс сэжигтнээр баривчлагдан 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийт 253 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 203-р тал, 206-213-р тал, 235-238-р тал, 2-р хх-н 128-129-р тал, 147-150-р тал, 167-170-р тал/

            Иймд шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Г-г хохирогчийг  биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож, хайчаар хатгаж биед нь олон тооны гэмтэл шарх учруулан, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироож, хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар Г.Г-г 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г цагдан хоригдсон 253 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн иштэй төмөр хайч 1 ширхэг, сандлын эвдэрхий хөл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч А.Сонинбаяр нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

                       

                                    ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                     С.ӨСӨХБАЯР