| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 185/2016/0178/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2017-03-09 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Г.Батгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 155
О.Туулд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Батгэрэл,
хохирогч Г.Мөнх-Ундрал, түүний өмгөөлөгч Э.Болорчимэг,
ялтан О.Туулын өмгөөлөгч О.Баяраа,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Туул, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Туулд холбогдох эрүүгийн 201624000901 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Омбын Туул, 1971 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17-426 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УУ 71080607/,
О.Туул нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Спортын төв ордоны баруун талын замд “Toyota Prius” загварын, 18-12 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Г.Мөнх-Ундралыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: О.Туулын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Туулыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар О.Туулыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, О.Туул нь торгох ялаас зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулж, Хэрэгт хавсаргаж ирүүлсэн О.Туулын 806798 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан эрх олгосон байгууллагад шилжүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар О.Туулаас 1.743.012 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мөнх-Ундралд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар О.Туулын эзэмшлийн “Toyota Prius” загварын 18-12 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар О.Туулд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан О.Туул давж заалдах гомдолдоо: “... Би 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед өөрийн эзэмшлийн “Toyota Prius” загварын автомашинтай явж байгаад иргэн Мөнх-Ундралыг мөргөсөн. Тухайн үед хохирогч Мөнх-Ундрал нь замын голын цагаан шугамнаас давж, нөгөө эгнээнд ороод цаанаас машин ирэнгүүт зүүн хөлөө хойшоо тавихаар нь би баруун гар тийш жолоогоо дарах гэхэд машин явж байсан. Надад тормос гишгэх боломж байгаагүй. Гэнэт хохирогч зүүн хөлөө хойшоо тавьсан. Машин хохирогч 2-ын хоорондох зай маш ойрхон байсан. Тэгээд ч хохирогч гар утсаараа мессеж бичээд цааш хараад явж байсан. Энэ үед машин дотор манай ээж болон 2 хүүхэд маань хамт явж байсан. Тэд болсон үйл явдлыг бүгдийг мэдэж байхад байцаалт аваагүй. Тухайн үеийн замын хяналтын камерыг шалгуулах хүсэлтэй байна. Би хохирогчид учирсан эмчилгээний зардал болох 2.265.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Би хоолойн төвөнхний хорт хавдартай, байнга эмчилгээ хийлгэдэг. Өр тавьж байгаад хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Ялтан О.Туулын өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдолдоо: “... О.Туул нь хохирогч Г.Мөнх-Ундралын эмчилгээний зардал 1.400.000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан. Хохирогч нийтдээ 6.928.012 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх О.Туулаас 3.143.012 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс эмчилгээний зардалд 865.000 төгрөг нэмж төлсөн. Өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, унааны зардал 378.000 төгрөгийг О.Туул төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Г.Мөнх-Ундрал, түүний өмгөөлөгч Э.Болорчимэг нарын хооронд гэрээ хийгдсэн боловч хохирогч нь зайлшгүй өмгөөлөгч авах субъект биш, өөрийн хүсэл, сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тул хөлсийг шүүгдэгч төлөх үндэслэлгүй. Унааны зардал 378.000 төгрөгийн баримтууд нь ямар машин тодорхойгүй, хаагуур явсан нь тодорхойгүй, зүгээр л бензин колонкоос бензин авсан баримтууд байна. Хэрвээ такси хөлсөлсөн бол мөнгө төлсөн баримт байх ёстой. Хэрвээ машинд нь бензин хийгээд явсан бол уг автомашины жолоочийг гэрчээр асууж тодруулах шаардлагатай байна. Шүүхийн тогтоолд хэрэг гараагүй өдрөөс эхэлж эмчилгээний зардлыг тооцсон нь шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчмыг алдагдуулсан байна. Иймд хэргийг хянаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ...” гэв.
Хохирогч Г.Мөнх-Ундрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... О.Туул нь намайг зам гарчихаад эргэж хөлөө тавьсан, мөн утсаар мессеж бичээд явж байсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Иргэн хүнийхээ хувьд би маш их гомдолтой байна. Би өнгөрсөн хавар Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Тухайн үед ажилд орох анкет өгчихөөд явж байгаад машинд мөргүүлсэн. Хэрвээ би машинд мөргүүлээгүй байсан бол өнөөдөр ажилд орчихсон байх байсан. Гэтэл машинд мөргүүлснээс болж ажилгүй, ажилд орох хугацаанаас 160 гаруй хоног алдсан байгаа. Энэ хугацаанд шүүгдэгч намайг гэмтээчихээд нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Эмнэлэгт 2 удаа хэвтэхэд 1 ч удаа эргэж ирээгүй. Миний биеийн байдлыг огт асууж байгаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр байхад “чи амьд л байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэрээр хийсэн хэрэгтээ огт гэмшихгүй байгаад би маш их гомдолтой байна. Хэрвээ би машинд мөргүүлээгүй байсан бол өмгөөлөгчийн зардал, унааны зардал огт гарахгүй байх байсан. Би явж чадахгүй байсан учраас дандаа машинаар эмнэлэг болон цагдаагийн байгууллага руу явж байсан. Мөн шүүгдэгч надад машинаараа үйлчилсэн бол энэ хэмжээний унааны зардал гарахгүй байх байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчээс анхан шатны шүүх хуралдааны өмнө 1.400.000 төгрөг авсан. Шүүх хуралдааны дараа даатгалаас гээд 860.000 төгрөг дансанд орсон ...” гэв.
Хохирогч Г.Мөнх-Ундралын өмгөөлөгч Э.Болорчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлын хувьд “хэргийг шалгах ажиллагаа дутуу хийгдсэн” гэдэг асуудал яригдаж байна. Хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай цугларсан ба уг нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан учраас энэ хэрэг шийдэгдээд өнөөдрийг хүртэл явж байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99.1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд өмгөөлөгчийн зардал хамаарна. Иймд гэм хорын нэхэмжлэлдээ өмгөөлөгчийн зардлыг багтаах нь зүйтэй гэж үзэж нэхэмжилсний үндсэн дээр шүүгч өмгөөлөгчийн зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдсэн. Унааны зардал 378.000 төгрөг гарсан. Өнөөдөр Монгол улсад такси бариад явахад баримт өгдөг зохицуулалт байхгүй. Тийм учраас хохирогч танил хүмүүсийн тээврийн хэрэгслийг гуйж, эмнэлэг, шүүх, цагдаа, прокурор яваад, тухайн автомашинуудад түлш хийхдээ шатахуун түгээх газраас баримт авч байсныг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж О.Баяраа өмгөөлөгчийн зүгээс үзэж байх шиг байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдаж өгсөн. Эрүүл мэндийн хувьд хохирогч өмнөх эрүүл байсан шигээ сэргээгдэх боломжгүй. Гэтэл дээрх жижиг зардлуудыг гаргаж өгөхгүй, өөрсдийн эрх ашгийг дээгүүр тавьж байгаад харамсалтай байна. Энэ хэрэгт шалгавал зохих зүйл бүрэн шалгагдсан, зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгчид ашигтай байдлаар гарсан гэж үзэж байгаа ...” гэв.
Прокурор Г.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... О.Туулын өмгөөлөгч О.Баяраагаас унааны зардал 378.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан байна. Хохирогч Г.Мөнх-Ундралын хувьд өөрийгөө өмгөөлүүлэх бүрэн эрхтэй субъект юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18, 42 дугаар зүйлүүдэд хохирогчийг өмгөөлөгч авах эрхээр бүрэн хангахаар заасан байгаа. Иймээс дээрх ослын улмаас өмгөөлөгч авсан тул өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах нь зүйтэй гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Унааны зардлын хувьд хохирогчийн өмгөөлөгчтэй ижил байр суурьтай байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд такси, үйлчилгээ үзүүлээд баримт гаргаж өгдөг зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. О.Туул нь тухайн үед манай ээж хүүхэд 2 машинд хамт явж байсан эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах, мөн хяналтын камерыг шалгуулах талаар гомдол гаргасан байдаг. Прокуророос хэргийн бүрдэл хангалттай бүрдсэн гэж үзээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хянаж үзээд, нотлох баримтуудыг үнэлж дээрх шийдвэрийг гаргасан. О.Туулын хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөн ба “явган хүний зохицуулалтгүй гарц дээр ирж байгаа жолооч хурдаа хасах, шаардлагатай тохиолдолд явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн. Энэ нь шүүгдэгч О.Туулын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч М.Сандагдоржийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.
О.Туул нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Спортын төв ордоны баруун талын замд “Toyota Prius” загварын, 18-12 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Г.Мөнх-Ундралыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Мөнх-Ундралын “... 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед би найз М.Сандагдоржийн хамт талбайн зүүн талын Хас банкинд ажилд орох анкет бөглөж өгчихөөд гэр лүүгээ харих гээд Спортын төв ордоны баруун талын замаар явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зам хөндлөн гарч явсан. Тэр үед бид хоёрын араас хүмүүс зам гарч байсан ба өөдөөс ч гэсэн хүмүүс зам гарч байсан. Бид эхний урсгалаа өнгөрөөд дараагийн урсгал руу орох гэж байхад гэнэт миний зүүн гар талаас нэг машин ирж мөргөсөн. Тэр үед ойртон ирж байсан машинууд зам тавьж өгөөд зогсож байсан. Тэгээд би газар унасан. Тэгээд манай найз “түргэн дуудъя” гэсэн чинь жолооч нь “түргэн удаж ирнэ. Хурдан машин руу оруул” гэхэд нь манай найз намайг өргөөд машин руу оруулсан. Машинд ороход жолооч эгчийн охин, дунд сургуулийн жаахан хүүхэд мөн ээж нь хамт явж байсан. Тэгээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Замдаа намайг жолооч болон охин нь “гарцаар гарч явсан чинь хамаагүй, замаа харж явахгүй яасан юм бэ” гээд загнаад байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ирээд хөлнийхөө зургийг авахуулах гээд байж байхад жолоочийн хамаатан гэх нэг залуу “энэ нэг юмны зургийг хурдан авахуулсан болоод хурдан явуулаач” гэсэн чинь тэнд зогсож байсан хүмүүс “хүн мөргөчихөөд чи юу яриад байгаа юм бэ” гэхэд “та нар дайруулаагүй бол дуугүй бай, ална шүү” гээд байсан. Гэмтлийн эмнэлэг рүү явах замд манай найз 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Мөн гэмтлийн эмнэлэг дээр очиход цагдаад мэдэгдсэн. Тэгээд эмнэлэг дээр байж байхад замын цагдаа нар ирээд жолооч болон тухайн үед надтай хамт явж байсан М.Сандагдорж мөн манай ах нарыг аваад ослын газарт очиж хэмжилт хийсэн. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн замын цагдаа дээр жолоочтой таарахад “намайг чаддаг юм бол шоронд суулгачих, надад мөнгө байхгүй, чи битгий худал баашлаад бай” гэж хэлээд, салаавч өгчихөөд яваад өгсөн. Миний зүүн хөлний шаант яс хугарсан, өвдөгний шингэний хэмжээ маш их ихэссэн. Мөн зөөлөн эдийн гэмтэлтэй, шилбэний хойд талын булчингийн шөрмөс байнга татаж байгаа, тавхайгаар өвдөөд гишгэж болохгүй байгаа осолд орсны дараагаас халуураад унтаж чадахгүй байна...” /хх-11/,
Гэрч М.Сандагдоржийн “... 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед би ангийнхаа хүүхэд болох Г.Мөнх-Ундралын хамт Соёлын төвийн хойд талд байдаг Хас банкинд ажлын анкет бөглөж өгчихөөд буцаад машин руугаа очих гээд Сүхбаатар дүүргийн нутаг Спортын төв ордоны баруун талын гарцаар баруунаас зүүн чиглэлд явган хүний гарцаар зам хөндлөн гараад замын эхний урсгалаа өнгөрөөд замын голд орох гээд явж байхад зүүн гар талаас гэнэт “Toyota Prius” загварын автомашин гарч ирээд Г.Мөнх-Ундралыг мөргөхөд би баруун гар талд нь жаахан зайтай явж байсан. Тэгээд Г.Мөнх-Ундрал мөргүүлээд газар саваад унасан. Тэгээд би тэврээд мөргөсөн машинд суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг явж байх замдаа би өөрийн 99449955 дугаарын утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гэмтлийн эмнэлгийн цагдаад мэдэгдээд зургийг нь авахуулах гээд байж байхад Г.Мөнх-Ундралын ар гэрийнхэн ирсэн. Би жолоочтой хамт ослын газар очоод хэмжилт хийлгэсэн ...” /хх-49/,
Ялтан О.Туулын “... 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цагийн үед би багшийн дээд орох гээд Сүхбаатар дүүргийн Спортын төв ордны баруун талын замаар өөрийн эзэмшлийн “Toyota Prius” загварын, 18-12 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд замын хоёрдугаар эгнээгээр 20 орчим км цагийн хурдтай явж байхад миний урд талд байсан явган хүний гарцаар нэг охин баруунаас зүүн чиглэлд зам хөндлөн гараад замын голын цагаан зураас дээр ирсэн ба цаашаа хараад утсаар яриад яваад байсан. Би тэр охиныг зам гарчихлаа гэж бодоод араар нь гарах гэтэл цаашаа харсан чигээрээ зүүн хөлөө хойш тавихаар нь би баруун гар тийш нь жолоогоо дарах гэтэл баруун талд машин явж байхаар нь би тормос гишгээд зогсож амжаагүй тэр охиныг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн. Тэгээд би буугаад тэр охин дээр очоод “яасан миний дүү” гэхэд эмнэлэг ормоор байна гээд уйлаад байхаар нь би машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг авч явсан. Явах замд хамт явж байсан залуу нь Замын цагдаад дуудлага өгсөн, би тухайн үед нэгжгүй болчихсон байсан. тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод хөлний зураг авахуулахад зөөлөн эдийн гэмтэл байсан. би замын цагдаа нартай хамт ослын газар очиход хэмжилж хийлгэчихээд буцаж гэмтлийн эмнэлэг дээр очиж, эм тариаг нь авч өгчихөөд гэрт нь хүргэж өгсөн ...” /хх-61/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Г.Мөнх-Ундралын биед зүүн шаант ясны гадна булуунд хугарал, зүүн өвдөгний гадна менискийн урд эвэрт урагдал, гадна хажуу холбоосын суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэх 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн №13614 дугаартай дүгнэлт /хх-51/,
Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын “... “Toyota Prius” загварын 18-12 УБЯ улсын дугаартай тээврийг хэрэгслийн жолооч О.Туул нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.Мөнх-Ундрал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг дүрмийн заалт зөрчөөгүй байна...” гэх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт /хх-54/,
Мөн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8/, хохирогчийн өвчний түүх /хх-81-86/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний автомашины үнэлгээний дүгнэлт /хх-96-97/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Ялтан О.Туулд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Ялтан О.Туул “... машинд хамт явж байсан ээж, охин хоёроос гэрчийн мэдүүлэг авч, тухайн үеийн хяналтын камерыг шүүлгэж өгнө үү...” гэсэн, ялтан О.Туулын өмгөөлөгч О.Баяраа “... О.Туулаас гаргуулахаар шийдвэрлэсэн 1.743.012 төгрөгөөс унааны зардал 378.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгчид төлсөн зардал нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцогддог бөгөөд харин тухайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд тооцогддоггүй. Иймд хохирогч Г.Мөнх-Ундралын өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар өөрийн хүсэлтээр гэрээ байгуулан, өмгөөлөгч авч 500.000 төгрөгийн хөлс төлснийг ялтан О.Туулаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тул хохирлоос хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.
Харин унааны зардал 378.000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан ба цаг хугацааны хувьд дээрх баримтууд нь осол гарсан өдрөөс түүнийг эмнэлэг болон Цагдаагийн байгууллагаас хэргийн талаар шалгаж байх цаг хугацаатай тохирч байх тул дээрх зардлыг ялтан О.Туулаас гаргуулсан нь хуулийн үндэслэлтэй байна.
Харин хэргийн бүрдэл хангагдсан, энэ хэрэгт шалгавал зохих ажиллагааг хангалттай хийсэн байх тул ялтан О.Туулын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг дахин шалгах шаардлагагүй болно.
Иймд ялтан О.Туулын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлоос өмгөөлөгчийн хөлстэй холбоотой хэсгийг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...шүүгдэгч О.Туулаас 1.743.012 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мөнх-Ундралд олгож, гэснийг “... шүүгдэгч О.Туулаас 1.243.012 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мөнх-Ундралд олгож... ” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Ялтан О.Туулын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлын “...унааны зардал 378.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах...” гэсэн хэсгийг болон ялтан О.Туулын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойз өрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлал гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Д.ГАНСҮХ
Д.ОЮУНЧУЛУУН