Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 269

Т.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Гүнбилэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 587 дугаар магадлалтай, Т.М-д холбогдох эрүүгийн 19020008640383 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Гүнбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1976 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, “Баянгол тариалан” ХХК-ийн уурхайн захирал ажилтай, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Д овогт Т-ийн М.

Т.М нь 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0,5 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан кокайны агууламж бүхий гялгар уутны хамт 3,9 грамм жинтэй хориглосон мансууруулах бодисыг өөрийн түр оршин суудаг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай байж болзошгүй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.А 200,000 төгрөгөөр худалдсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0,3 грамм орчим жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн У.М 500,000 төгрөгөөр худалдсан,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 1,8 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.А, У.М нарт худалдаалах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шангрила-2” зочид буудлын В2 давхарт хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 1,8 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос Г.А 200,000 төгрөгөөр, У.М 750,000 төгрөгөөр тус тус худалдаалахыг завдан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор прокуророос Т.М-д холбогдуулан “2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай байж болзошгүй “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.А 200,000 төгрөгөөр худалдсан” үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Т.М-ийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар түүнийг 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж 587 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...шүүгдэгч Т.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...”,

3 дахь заалтыг "...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Гүнбилэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмнө нь Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангин 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолоор Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.М-д 3 жил 1 сарын хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэж 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1229 дүгээр магадлалаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Мөрдөгч, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэн өөрчилж сонсгоод 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр прокурорын 01 дугаар яллах дүгнэлтийг гардуулан өгч шүүхэд шилжүүлсэн. Шүүх 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 216 тоот шийтгэх тогтоолоор 6 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Мөн хуулийн 16.3-т мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байхад хэрэг шалгах бүхий л хугацааны явцад 3 өөр зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрч У.М-ын мэдүүлгийг  нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь У.М нь 2014 оноос хар тамхи хэрэглэсэн талаараа 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэлдэг ба олон жил хар тамхины хамааралтай, хэрэглэгч болох нь харагдаж байх тул үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй, мөн яллах баримт болгосон У.М-ын гэрчийн мэдүүлэгт хар тамхи худалдаж авсан гэх мөнгөн дүнгүүдийг дурдсан боловч мөнгөний эх үүсвэрийг  тодруулах ажиллагааг огт хийгээгүй ба тухайн шилжүүлсэн мөнгө болох 500,000 төгрөг, эхнэрээсээ авсан гэх 250,000 төгрөг найз Манлайгаасаа авсан гэх 500,000 төгрөгүүдийг ямар эх үүсвэрээс орж ирсэн, ямар зорилготой М-д шилжүүлсэн, У.М нь Т.М-д шилжүүлсэн талаар М-ын эхнэр, найз Манлай нараас гэрчийн мэдүүлэг аваагүй зэрэг хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Дээрх ажиллагааг хийснээр магадлалын 3 дахь заалт болох Г.А, У.М нар нь Т.М-өөс мансууруулах бодис худалдан авах гэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтооход зайлшгүй шаардлагатайн дээр Т.М, У.М мөнгө зээлүүлсэн эсэхийг тогтоож болох юм. Мөн Т.М нь Ө гэдэг хүнээс өрөндөө мөс авсан гэж удаа дараа мэдүүлдэг гэтэл тухайн хүнээс нь мэдүүлэг авах ажиллагааг огт хийгээгүй, уг ажиллагааг хийснээр хэдэн грамм ямар төрлийн бодис байсан хэдэн төгрөгөнд авсан зэргийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой юм. Т.М-ийн хувьд У.М-аас өөрийн авлагыг авсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүх хуралдаанд тогтвортой мэдүүлсэн байдаг бөгөөд Т.М-ийн хувьд тогтмол орлоготой алтны уурхайн хувь эзэмшдэг болох талаарх баримтыг өгсөн болно.Гэрч У.М-аас шилжүүлсэн 750,000 төгрөгийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийж сэтгэцэд нөлөөлөх бодис авахаар шилжүүлсэн гэж үзэж байгаа. Одоо хүртэл өмгөөлөгч миний гар дээр өгөөгүй болно. Эндээс харахад шүүхэд шилжүүлээгүй байх үед гомдлыг хүлээж авсан атлаа хэргийг шүүхэд шилжсэн гэж хариу өгсөн нь хууль зөрчсөн ажиллагаа болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан яллагдагчид ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэх, мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах, мэдээлэл авах өмгөөлөгчтэй харилцах, гомдол хүсэлт гаргах зэрэг эрх үүргийг зөрчиж хэргийн бодит байдлыг тогтоох, хүний халдашгүй байх эрхийг хангах, хууль шүүхийн өмнө тэгш байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхүүдийг хангаагүй, хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн хэргийн бодит байдлыг тогтоох, нотлох баримтыг шалгаж үнэлэх, цуглуулан бэхжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ нь миний үйлчлүүлэгчийн хүсэлт, гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох хуулийн заалтыг зөрчиж зөвхөн ял хүндрүүлж, яллах талыг баримтлан зөрүүтэй тогтворгүй мэдүүлэг өгч байгаа гэрчийн ганцхан удаагийн мэдүүлгийг нотлох баримт болгон шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж, худалдаалах зорилготой байсан гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодис бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдсон. Энэ төрлийн гэмт хэрэг нь завдалтаар төгсөхгүй. М нь М-аас өөрийн авлагаа авахын тулд хар тамхи хэрэглэх хүсэл хэрэгцээг ашиглаж хуурч өөрийн мөнгийг авсан талаараа тогтвортой мэдүүлдэг. Эндээс дүгнэхэд сүүлийн завдсан гэх үйлдэл нь өөртөө тусалсан шинжтэй байж болохоор байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн магадлалд заасан ажиллагаануудыг хийж, магадлалын заалтуудыг биелүүлэх зайлшгүй шаардлагатайн дээр гэрч У.М-ын үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх талаар шинжилгээний байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий гэрч нар болох М-ын эхнэр, найз М нарыг гэрчээр асуулгах, М-өөс ял шийтгэх тогтоол болон нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан магадлалд заагдсан үйл баримтыг товч дурдвал: өмгөөлөгчдийн зүгээс зөвхөн ялыг багасгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Улсын яллагч нь давж заалдах шүүхэд гаргасан дүгнэлтдээ яллах дүгнэлтэд худалдаалах зорилготой, худалдаалах зорилгогүй аль нь болохыг тодорхой тусгаагүй, 2 үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай байна гэсний дагуу давж заалдах шатны шүүхээс доорх 3 заалт бүхий үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаан шийдвэрлэсэн. Үүнд шүүгдэгч Т.М нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байр 36 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэзээнээс хэдий хугацаанд, ямар зорилготой хадгалсан эсэх нь тодорхойгүй байна. Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготой, худалдаалах зорилгогүй байсан эсэх, энэ хэргийг байнга, тогтвортой үйлддэг байсан эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай бөгөөд энэ талаарх прокурорын дүгнэлт тодорхой бус байна.

Т.М нь Г.А, У.М нарт мансууруулах, сэтгэцэднөлөөт бодисыг худалдахыг завдсан, тэдэнд тухайн бодисыг шилжүүлэн өгсний дараа буцаан авсан эсэх, Г.А, У.М нар нь шүүгдэгч Г.М-өөс сэтгэцэт нөлөөт бодисыг худалдан авах гэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох нь хэргийг шүүхээр шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шалган тогтоосны эцэст хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 83 дугаар прокурорын тогтоолоор магадлалд зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг шүүхийн тогтоолд заасны дагуу хийж гүйцэтгэхийг мөрдөгчид даалгасан байтал мөрдөгч 90 хоногийн хугацаанд ажиллагаа хийлгүйгээр У.М-ын зөрүүтэй ганцхан мэдүүлэг, Г.А-тэй утсаар холбогдож чадаагүй гэх утга бүхий мөрдөгчийн 2 тэмдэглэлийг үндэслэн миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 6 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Кокайн болон мөс гэх бодисын үнэ ханшийг нарийн судалж тогтоох ажиллагааг хийх нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна. Шүүхээс ял оногдуулахдаа ямар шалтгааны улмаас шилжүүлсэн, 3,9 грамм мансууруулах бодисыг худалдаалах зорилготой байсан нь тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгч Ө гэгчээс мөс гэх мансууруулах төрлийн бодисыг өрөндөө авсан түүний дотор кокайн гэх бодис байсныг мэдээгүй. Шүүх шинжилгээний дүгнэлтээр шээс болон цуснаас кокайн гэх бодис илрээгүйн дээр гэрт нь хийсэн үзлэг нэгжлэгээр өөрөө сайн дураараа мансууруулах бодисыг гаргаж өгсөн. Цагаатгах талын нотлох баримтууд болон энэ үйл баримтууд хэрхэн яаж үгүйсгэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийх ёстой атал энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хэзээнээс эхлээд хэдий хугацаанд ямар зорилготой хадгалсан эсэх нь тодорхойгүй байгааг, худалдаалах зорилготой, зорилгогүй байсан эсэх талаар ямар ч ажиллагаа хийгээгүйн, зэрэгцээ худалдаалах зорилготой, зорилгогүй байсан гэдгийг нотолж тогтоогоогүй. Т.М-д ял өөрчлөн сонсгох тогтоол танилцуулах үед сонсгосон зүйл хэсгийг зөвшөөрөхгүй дахин мэдүүлэг өгнө гэсээр байхад дахин мэдүүлэг авалгүйгээр хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Магадлалын дээрх заалтыг биелүүлэхээр Т.М-өөс зайлшгүй мэдүүлэг авсан байх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2-т заасан яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхдээ яллагдагчаас дахин мэдүүлэг авна гэж заасан байтал уг ажиллагаа огт хийгдээгүй, яллагдагчийн хуульд заасан эрхийг эдлүүлэлгүйгээр хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Мөн нотолбол зохих ажиллагааг хийлгүүлэх, яллагдагчийн эрх зүйн байдал дордуулсан талаарх прокурорын тогтоолыг эс зөвшөөрсөн, нэмэлт ажиллагаа хийлгүүлэх талаар гомдлоо өмгөөлөгчийн зүгээс гаргасан боловч, хариу гарсан талаар мэдэгдээгүй ямар хариу гарсныг шүүх дээр хэргийн материал танилцаж байхдаа олж мэдсэн. Хариу нь хэргийг шүүхэд шилжүүлсэн тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу хэргийн материалд хавсаргагдсан байсан. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмгөөлөгч гомдлоо өгсөн ба маргааш буюу 12 дугаар сарын 22-ны өдөр прокуророос яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1229 дугаар магадлалын заалтын биелэлтийг хангуулж шийдвэрлээгүй болохыг анхаарч үзнэ үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Т.М-ийн үйлдлийг прокуророос ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилсэн, мөн анхан шатны шүүх тус зүйлчлэлээр зүйлчилсэн байх боловч “байнга тогтвортой” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв”.Мөн магадлалын хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1-д заасан хүндрүүлэх шинжгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэсэн шинжийг агуулсан байна гэж дүгнээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг тогтоолд тусгах нь зүйтэй гэж үзлээ” гэсэн шийдвэрийг гаргасан. Давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн зүйлчлэлийг ийнхүү хөнгөрүүлж шийдвэрлэсэн атлаа “Эрүүгийн хариуцлага нь нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой ...хэргийг тал бүрээс харгалзаж үзэхэд түүнд оногдуулсан 6 жилийн ял нь тохирсон байх ба хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна” гэсэн зөрчилдсөн агуулгатай дүгнэлт хийжээ.

Аливаа гэмт хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх шинжийг гэмт хэргийн объектив, субъектив шинжээс гадна тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээгээр тодорхойлдог. Давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн боловч өмнө нь зүйлчилж байсан хүндрүүлэх шинжид зааснаар оногдуулсан ялын хэмжээг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэсэн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна.Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг үндэслэж оногдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасан ялын хэмжээний дунджаас дээш буюу 6 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ ямар хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэнийг тогтоолдоо тодорхой дурдахгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл болох шударга ёсны зарчмын “...Эрүүгийн хариуцлага нь .... нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг тус тус буруу хэрэглэжээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр бүлэг буюу “Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа”, 39.1 дүгээр зүйл (Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ)-ийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь тус хэсгийн агуулга нь хэргийн зүйлчлэлийг өөрчилж байгаа бол ялыг хөнгөрүүлэхээр заасан байна. Энд хууль тогтоогч “хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж” гэсэн агуулгыг оруулахдаа “зүйлчлэл өөрчлөгдсөн бол ялыг хөнгөрүүлэх” тухай ойлголтыг зохицуулжээ. Миний үйлчлүүлэгчийг шийтгэхдээ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилчхөөд, ялыг нь хэвээр үлдээсэн байна. Гэтэл гол агуулга нь ялыг хөнгөрүүлж болох тухай энэ зүйлд зохицуулж өгснийг давж заалдах шатны шүүх буруу ойлгож, хэрэглэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн (Гэм буруугүйд тооцох зарчмын) 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Энэ хэргийн тухайд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр шүүгдэгч Т.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар анх гэм буруутайд тооцож 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх бодит нөхцөл байдлыг дүгнээд 3 жил 6 сараар шийтгэх факт гэсэн үг.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараагаар прокуророос болон анхан шатны шүүхээс тухайн гэмт хэргийг “байнга тогтвортой үйлдсэн гэж” зүйлчлэлийг хүндрүүлэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн боловч, давж заалдах шатны шүүх ахин шийдвэрлэхдээ дээр дурдсаны дагуу "байнга тогтвортой” гэсэн шинжид хамаарахгүй Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2-т хамаарна гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн. Гэвч бүр анх шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зүйлчлэлээр ахин зүйлчилж өөрчлөхдөө (хорих ялыг 3 жил 6 сараар тухайн үед тогтоосон) хүндрүүлэх шинжээр оноосон ялыг өөрчлөөгүй болно. Шат шатны шүүхүүд нэг хэргийг 2 удаа шийдвэрлэхдээ өөр байдлаар авч үзэж, ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаатай холбоотой гэж үзэж байна. Ийнхүү Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дээрх үндэслэлүүд нь шүүгдэгч Т.М-ийн эрх зүйн байдлыг эрс дордоход хүргэж байгаа бөгөөд цаашид хууль хэрэглээний буруу практик тогтооход хүргэх талтай юм.

Манай үйлчлүүлэгч прокурор Б-аас яагаад прокуророос “ял нэмж” байгааг асуухад, “Чи өөрөө давсан шүү дээ” гэж хариулж байсан байна. Монголын төр иргэндээ ийнхүү хандаж болохгүй, хууль журмын дагуу гэм бурууг тогтоож, түүнд тохирсон ял оногдуулах ёстой билээ. Иймд дээрх үндэслэлүүдээр Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 жил хорих ялаар шийтгэхгүй, харин хамгийн анх /2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 3 жил 6 сар түүнээс доош хугацаагаар шийтгэх нь зүйтэй байна. Иймд тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцээд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Прокуророос Мөнхтөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн зүйлчлэлээр хэргийг шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж зүйлчлэлийг өөрчилсөн нь миний хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Цаг, хугацааны хувьд харахаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэс 17-ны хооронд үйлдэгдсэн байдаг. Шүүгдэгчийг 17 хоногийн хугацаанд гэмт хэрэг үйлдэхдээ ашиг олж, амьжиргааны эх үүсвэр болгосон гэдэг нь мөрдөн байцаалт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтайгаар дүгнэлт гаргаж байна гэв.

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлжээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

2019 оны 12 дугаар сард шүүгдэгч Т.М нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан болон худалдахыг завдсан үйлдлүүдийг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байна.

Хоёр шатны шүүхээс эдгээр үйлдлүүд нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдож буй талаар шийтгэх тогтоол, магадлалд нэг бүрчлэн тусгаж, тэдгээрийн харилцан хамаарал болон нотолгооны хангалттай, хүрэлцэхүйц байдлыг үндэслэлтэй тодорхойлж, Т.М-д холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон тухайд хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон гэмт хэргийн зүйлчлэлийг “байнга тогтвортой” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилснийг давж заалдах шатны шүүх уг шинжид зайлшгүй хамаарах хэлбэр, шаардлагыг тодорхойлох байдлаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хоёр шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2  (2-оос 8 жил хорих), мөн зүйлийн 3.1 (5-аас 12 жил хорих)-д тус тус заасан хорих ялын хэмжээний дотор буюу 6 жил хорих ялыг шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэн хэрэглэснийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.

Аль ч шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үүрэг болгосон (императив) хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол  эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ уг хууль болон Эрүүгийн хуулиар тодорхойлсон үндэслэл, зарчмын хүрээнд шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр ...” гэж заасан нь анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн зүйлчлэл, оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүх нь ямар ч нөхцөлд хүндрүүлэхийг хориглосон хэм хэмжээ бол энэ хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсэн заалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон зохицуулалт билээ.

Тиймээс хуулийн дээрх заалтыг хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн тохиолдол бүрт ялыг заавал хөнгөрүүлэхээр шүүхэд үүрэг болгосон (императив) хэм хэмжээ гэж ойлгохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ял оногдуулах нь шүүхийн эрх юм.

 Иймд “хэргийн бүрдлийг хангуулахаар прокурорт буцаах”, “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн тул ялыг өөрчлөх” талаар шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 587 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Гүнбилэг нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

                     ДАРГАЛАГЧ                                        Б.БАТЦЭРЭН

                     ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                  Б.ЦОГТ

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

   Т.М-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

           Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Гүнбилэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

           Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 587 дугаар магадлалтай, Т.М-д холбогдох эрүүгийн 19020008640383 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Гүнбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Монгол улсын иргэн, 1976 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, “Баянгол тариалан” ХХК-ийн уурхайн захирал ажилтай, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Дархануул овогт Төмөрхүрээгийн Мөнхтөр.

           Т.М нь 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0,5 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан кокайны агууламж бүхий гялгар уутны хамт 3,9 грамм жинтэй хориглосон мансууруулах бодисыг өөрийн түр оршин суудаг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

          2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай байж болзошгүй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Алтанчимэгт 200,000 төгрөгөөр худалдсан,

          2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0,3 грамм орчим жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн У.Мөнхжаргалд 500,000 төгрөгөөр худалдсан,

          2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 1,8 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Алтанчимэг, У.Мөнхжаргал нарт худалдаалах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шангрила-2” зочид буудлын В2 давхарт хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

          Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 1,8 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос Г.Алтанчимэгт 200,000 төгрөгөөр, У.Мөнхжаргалд 750,000 төгрөгөөр тус тус худалдаалахыг завдан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор прокуророос Т.М-д холбогдуулан “2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байрны 36 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай байж болзошгүй “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Алтанчимэгт 200,000 төгрөгөөр худалдсан” үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

          Т.Мийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар түүнийг 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

          Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж 587 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...шүүгдэгч Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...”,

          3 дахь заалтыг "...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Гүнбилэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

          Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмнө нь Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангин 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолоор Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.М-д 3 жил 1 сарын хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэж 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1229 дүгээр магадлалаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Мөрдөгч, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэн өөрчилж сонсгоод 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр прокурорын 01 дугаар яллах дүгнэлтийг гардуулан өгч шүүхэд шилжүүлсэн. Шүүх 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 216 тоот шийтгэх тогтоолоор 6 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Мөн хуулийн 16.3-т мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байхад хэрэг шалгах бүхий л хугацааны явцад 3 өөр зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрч У.Мөнхжаргалын мэдүүлгийг  нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь У.Мөнхжаргал нь 2014 оноос хар тамхи хэрэглэсэн талаараа 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэлдэг ба олон жил хар тамхины хамааралтай, хэрэглэгч болох нь харагдаж байх тул үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй, мөн яллах баримт болгосон У.Мөнхжаргалын гэрчийн мэдүүлэгт хар тамхи худалдаж авсан гэх мөнгөн дүнгүүдийг дурдсан боловч мөнгөний эх үүсвэрийг  тодруулах ажиллагааг огт хийгээгүй ба тухайн шилжүүлсэн мөнгө болох 500,000 төгрөг, эхнэрээсээ авсан гэх 250,000 төгрөг найз Манлайгаасаа авсан гэх 500,000 төгрөгүүдийг ямар эх үүсвэрээс орж ирсэн, ямар зорилготой Мөнхжаргалд шилжүүлсэн, У.Мөнхжаргал нь Т.М-д шилжүүлсэн талаар Мөнхжаргалын эхнэр, найз Манлай нараас гэрчийн мэдүүлэг аваагүй зэрэг хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Дээрх ажиллагааг хийснээр магадлалын 3 дахь заалт болох Г.Алтанчимэг, У.Мөнхжаргал нар нь Т.Мөөс мансууруулах бодис худалдан авах гэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтооход зайлшгүй шаардлагатайн дээр Т.М У.Мөнхжаргалд мөнгө зээлүүлсэн эсэхийг тогтоож болох юм. Мөн Т.М нь Өсөхөө гэдэг хүнээс өрөндөө мөс авсан гэж удаа дараа мэдүүлдэг гэтэл тухайн хүнээс нь мэдүүлэг авах ажиллагааг огт хийгээгүй, уг ажиллагааг хийснээр хэдэн грамм ямар төрлийн бодис байсан хэдэн төгрөгөнд авсан зэргийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой юм. Т.Мийн хувьд У.Мөнхжаргалаас өөрийн авлагыг авсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүх хуралдаанд тогтвортой мэдүүлсэн байдаг бөгөөд Т.Мийн хувьд тогтмол орлоготой алтны уурхайн хувь эзэмшдэг болох талаарх баримтыг өгсөн болно.Гэрч У.Мөнхжаргалаас шилжүүлсэн 750,000 төгрөгийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийж сэтгэцэд нөлөөлөх бодис авахаар шилжүүлсэн гэж үзэж байгаа. Одоо хүртэл өмгөөлөгч миний гар дээр өгөөгүй болно. Эндээс харахад шүүхэд шилжүүлээгүй байх үед гомдлыг хүлээж авсан атлаа хэргийг шүүхэд шилжсэн гэж хариу өгсөн нь хууль зөрчсөн ажиллагаа болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан яллагдагчид ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэх, мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах, мэдээлэл авах өмгөөлөгчтэй харилцах, гомдол хүсэлт гаргах зэрэг эрх үүргийг зөрчиж хэргийн бодит байдлыг тогтоох, хүний халдашгүй байх эрхийг хангах, хууль шүүхийн өмнө тэгш байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхүүдийг хангаагүй, хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн хэргийн бодит байдлыг тогтоох, нотлох баримтыг шалгаж үнэлэх, цуглуулан бэхжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ нь миний үйлчлүүлэгчийн хүсэлт, гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох хуулийн заалтыг зөрчиж зөвхөн ял хүндрүүлж, яллах талыг баримтлан зөрүүтэй тогтворгүй мэдүүлэг өгч байгаа гэрчийн ганцхан удаагийн мэдүүлгийг нотлох баримт болгон шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж, худалдаалах зорилготой байсан гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодис бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдсон. Энэ төрлийн гэмт хэрэг нь завдалтаар төгсөхгүй. Мөнхтөр нь Мөнхжаргалаас өөрийн авлагаа авахын тулд хар тамхи хэрэглэх хүсэл хэрэгцээг ашиглаж хуурч өөрийн мөнгийг авсан талаараа тогтвортой мэдүүлдэг. Эндээс дүгнэхэд сүүлийн завдсан гэх үйлдэл нь өөртөө тусалсан шинжтэй байж болохоор байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн магадлалд заасан ажиллагаануудыг хийж, магадлалын заалтуудыг биелүүлэх зайлшгүй шаардлагатайн дээр гэрч У.Мөнхжаргалын үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх талаар шинжилгээний байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий гэрч нар болох Мөнхжаргалын эхнэр, найз Манлай нарыг гэрчээр асуулгах, Мөнхтөрөөс ял шийтгэх тогтоол болон нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан магадлалд заагдсан үйл баримтыг товч дурдвал: өмгөөлөгчдийн зүгээс зөвхөн ялыг багасгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Улсын яллагч нь давж заалдах шүүхэд гаргасан дүгнэлтдээ яллах дүгнэлтэд худалдаалах зорилготой, худалдаалах зорилгогүй аль нь болохыг тодорхой тусгаагүй, 2 үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай байна гэсний дагуу давж заалдах шатны шүүхээс доорх 3 заалт бүхий үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаан шийдвэрлэсэн. Үүнд шүүгдэгч Т.М нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Цастын 57 дугаар байр 36 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэзээнээс хэдий хугацаанд, ямар зорилготой хадгалсан эсэх нь тодорхойгүй байна. Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготой, худалдаалах зорилгогүй байсан эсэх, энэ хэргийг байнга, тогтвортой үйлддэг байсан эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай бөгөөд энэ талаарх прокурорын дүгнэлт тодорхой бус байна.

         Т.М нь Г.Алтанчимэг, У.Мөнхжаргал нарт мансууруулах, сэтгэцэднөлөөт бодисыг худалдахыг завдсан, тэдэнд тухайн бодисыг шилжүүлэн өгсний дараа буцаан авсан эсэх, Г.Алтанчимэг, У.Мөнхжаргал нар нь шүүгдэгч Г.Мөнхтөрөөс сэтгэцэт нөлөөт бодисыг худалдан авах гэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох нь хэргийг шүүхээр шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шалган тогтоосны эцэст хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 83 дугаар прокурорын тогтоолоор магадлалд зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг шүүхийн тогтоолд заасны дагуу хийж гүйцэтгэхийг мөрдөгчид даалгасан байтал мөрдөгч 90 хоногийн хугацаанд ажиллагаа хийлгүйгээр У.Мөнхжаргалын зөрүүтэй ганцхан мэдүүлэг, Г.Алтанчимэгтэй утсаар холбогдож чадаагүй гэх утга бүхий мөрдөгчийн 2 тэмдэглэлийг үндэслэн миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 6 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Кокайн болон мөс гэх бодисын үнэ ханшийг нарийн судалж тогтоох ажиллагааг хийх нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна. Шүүхээс ял оногдуулахдаа ямар шалтгааны улмаас шилжүүлсэн, 3,9 грамм мансууруулах бодисыг худалдаалах зорилготой байсан нь тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгч Өсөхөө гэгчээс мөс гэх мансууруулах төрлийн бодисыг өрөндөө авсан түүний дотор кокайн гэх бодис байсныг мэдээгүй. Шүүх шинжилгээний дүгнэлтээр шээс болон цуснаас кокайн гэх бодис илрээгүйн дээр гэрт нь хийсэн үзлэг нэгжлэгээр өөрөө сайн дураараа мансууруулах бодисыг гаргаж өгсөн. Цагаатгах талын нотлох баримтууд болон энэ үйл баримтууд хэрхэн яаж үгүйсгэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийх ёстой атал энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хэзээнээс эхлээд хэдий хугацаанд ямар зорилготой хадгалсан эсэх нь тодорхойгүй байгааг, худалдаалах зорилготой, зорилгогүй байсан эсэх талаар ямар ч ажиллагаа хийгээгүйн, зэрэгцээ худалдаалах зорилготой, зорилгогүй байсан гэдгийг нотолж тогтоогоогүй. Т.М-д ял өөрчлөн сонсгох тогтоол танилцуулах үед сонсгосон зүйл хэсгийг зөвшөөрөхгүй дахин мэдүүлэг өгнө гэсээр байхад дахин мэдүүлэг авалгүйгээр хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Магадлалын дээрх заалтыг биелүүлэхээр Т.Мөөс зайлшгүй мэдүүлэг авсан байх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2-т заасан яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхдээ яллагдагчаас дахин мэдүүлэг авна гэж заасан байтал уг ажиллагаа огт хийгдээгүй, яллагдагчийн хуульд заасан эрхийг эдлүүлэлгүйгээр хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Мөн нотолбол зохих ажиллагааг хийлгүүлэх, яллагдагчийн эрх зүйн байдал дордуулсан талаарх прокурорын тогтоолыг эс зөвшөөрсөн, нэмэлт ажиллагаа хийлгүүлэх талаар гомдлоо өмгөөлөгчийн зүгээс гаргасан боловч, хариу гарсан талаар мэдэгдээгүй ямар хариу гарсныг шүүх дээр хэргийн материал танилцаж байхдаа олж мэдсэн. Хариу нь хэргийг шүүхэд шилжүүлсэн тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу хэргийн материалд хавсаргагдсан байсан. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмгөөлөгч гомдлоо өгсөн ба маргааш буюу 12 дугаар сарын 22-ны өдөр прокуророос яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1229 дугаар магадлалын заалтын биелэлтийг хангуулж шийдвэрлээгүй болохыг анхаарч үзнэ үү гэв.

          Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Т.Мийн үйлдлийг прокуророос ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилсэн, мөн анхан шатны шүүх тус зүйлчлэлээр зүйлчилсэн байх боловч “байнга тогтвортой” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв”.Мөн магадлалын хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1-д заасан хүндрүүлэх шинжгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэсэн шинжийг агуулсан байна гэж дүгнээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг тогтоолд тусгах нь зүйтэй гэж үзлээ” гэсэн шийдвэрийг гаргасан. Давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн зүйлчлэлийг ийнхүү хөнгөрүүлж шийдвэрлэсэн атлаа “Эрүүгийн хариуцлага нь нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой ...хэргийг тал бүрээс харгалзаж үзэхэд түүнд оногдуулсан 6 жилийн ял нь тохирсон байх ба хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна” гэсэн зөрчилдсөн агуулгатай дүгнэлт хийжээ.

          Аливаа гэмт хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх шинжийг гэмт хэргийн объектив, субъектив шинжээс гадна тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээгээр тодорхойлдог. Давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн боловч өмнө нь зүйлчилж байсан хүндрүүлэх шинжид зааснаар оногдуулсан ялын хэмжээг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэсэн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна.Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг үндэслэж оногдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасан ялын хэмжээний дунджаас дээш буюу 6 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ ямар хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэнийг тогтоолдоо тодорхой дурдахгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл болох шударга ёсны зарчмын “...Эрүүгийн хариуцлага нь .... нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг тус тус буруу хэрэглэжээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр бүлэг буюу “Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа”, 39.1 дүгээр зүйл (Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ)-ийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь тус хэсгийн агуулга нь хэргийн зүйлчлэлийг өөрчилж байгаа бол ялыг хөнгөрүүлэхээр заасан байна. Энд хууль тогтоогч “хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж” гэсэн агуулгыг оруулахдаа “зүйлчлэл өөрчлөгдсөн бол ялыг хөнгөрүүлэх” тухай ойлголтыг зохицуулжээ. Миний үйлчлүүлэгчийг шийтгэхдээ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилчхөөд, ялыг нь хэвээр үлдээсэн байна. Гэтэл гол агуулга нь ялыг хөнгөрүүлж болох тухай энэ зүйлд зохицуулж өгснийг давж заалдах шатны шүүх буруу ойлгож, хэрэглэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн (Гэм буруугүйд тооцох зарчмын) 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Энэ хэргийн тухайд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр шүүгдэгч Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар анх гэм буруутайд тооцож 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх бодит нөхцөл байдлыг дүгнээд 3 жил 6 сараар шийтгэх факт гэсэн үг.

         Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараагаар прокуророос болон анхан шатны шүүхээс тухайн гэмт хэргийг “байнга тогтвортой үйлдсэн гэж” зүйлчлэлийг хүндрүүлэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн боловч, давж заалдах шатны шүүх ахин шийдвэрлэхдээ дээр дурдсаны дагуу "байнга тогтвортой” гэсэн шинжид хамаарахгүй Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2-т хамаарна гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн. Гэвч бүр анх шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зүйлчлэлээр ахин зүйлчилж өөрчлөхдөө (хорих ялыг 3 жил 6 сараар тухайн үед тогтоосон) хүндрүүлэх шинжээр оноосон ялыг өөрчлөөгүй болно. Шат шатны шүүхүүд нэг хэргийг 2 удаа шийдвэрлэхдээ өөр байдлаар авч үзэж, ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаатай холбоотой гэж үзэж байна. Ийнхүү Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дээрх үндэслэлүүд нь шүүгдэгч Т.Мийн эрх зүйн байдлыг эрс дордоход хүргэж байгаа бөгөөд цаашид хууль хэрэглээний буруу практик тогтооход хүргэх талтай юм.

          Манай үйлчлүүлэгч прокурор Бямбадагваас яагаад прокуророос “ял нэмж” байгааг асуухад, “Чи өөрөө давсан шүү дээ” гэж хариулж байсан байна. Монголын төр иргэндээ ийнхүү хандаж болохгүй, хууль журмын дагуу гэм бурууг тогтоож, түүнд тохирсон ял оногдуулах ёстой билээ. Иймд дээрх үндэслэлүүдээр Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 жил хорих ялаар шийтгэхгүй, харин хамгийн анх /2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 3 жил 6 сар түүнээс доош хугацаагаар шийтгэх нь зүйтэй байна. Иймд тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.