| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2017/0009/З |
| Дугаар | 30 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар иргэн Д.Батцоожийн нэхэмжлэлтэй тус аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга, Завхан аймгийн Засаг дарга нарт холбогдох 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажилд эгүүлэн томилогдох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, аймгийн ерөнхий архитекторын ажилгүй байсан хугацааны цалингийн нэмэгдлээ гаргуулах шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Батцоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Н.Эрдэнэцэцэг, гуравдагч этгээд Х.Дэлгэрдалай,Ж.Будсүрэн нар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Дашзэвэг овогтой Батцоож миний бие Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн бөгөөд архитекторч мэргэжилтэй. Би Улаанбаатар хотод хувийн зургийн компанид ерөнхий архитектороор ажиллаж байсан ба Завхан аймагт ерөнхий архитектор шаардлагатай байна гэхээр нь хийж байсан ажил төрөл, хамаг зүйлээ үлдээгээд төрөлх нутагтаа эхнэр хүүхэдтэйгээ ажиллаж амьдархаар сэтгэл шулуудан ирсэн. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллуулж байгаад Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хот суурин, уул уурхай, дэд бүтэц, газрын нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр авч ажиллуулсан ба энэ ажлын тушаалыг 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус газрын Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл мэргэжилтнээр ажилласан юм. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр газрын даргын Б/10 дугаар тушаалаар тус газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар тус газрын Газрын удирдлагын хэлтсийн даргаар 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэцэцэгийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр хууль бус тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнд гомдолтой байна. Дээрх тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг авч, мөн Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны Б/65 дугаар тушаалыг үндэслэсэн байна. Тушаалын 1 дэх хэсэгт Тухайн ажлын байран дахь шаардлагыг хангахгүй байгаа Газрын удирдлагын хэлтсийн дарга Д.Батцоожийг үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Намайг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хот суурин, уул уурхай, дэд бүтэц, газрын нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Аймгийн ерөнхий архитектороор томилсон. Тэгтэл Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/158 дугаар захирамжаар намайг Аймгийн ерөнхий архитекторийн үүрэгт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Аймгийн ерөнхий архитектор нь мэргэжилтэн байх боломжгүй бөгөөд холбогдох хэлтэс, албадуудын мэргэжилтэн нараас тайлан мэдээг шаардахад хүндрэлтэй байдаг. Жишээлбэл: Өөр хэлтсийн мэргэжилтэн нь өөр хэлтсийн мэргэжилтэндээ үүрэг даалгавар өгөхөөр хүлээж авдаггүй. Мөн би ерөнхий архитекторын тайланг гаргаж явуулдаг байсан гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймээс 2016 оны 12 дугаар сард гаргасан Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 20174 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж давхар ажиллаж байсан нэмэгдэл гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Маргааны гол зүйл ажлаас халсан тушаал байгаа юм. Захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой урд өмнөх хийгдээгүй ажлыг энэ хүн хийх ёстой гэсэн зүйл их яригдаж байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих ёсоор биелүүлэх, хангалтгүй биелүүлэх гэж юуг ойлгох талаар тодорхой байх ёстой. Үр дүнгийн гэрээний үнэлсэн асуудлын хувьд хавтаст хэрэгт газар өмчлөлийн мэргэжилтэн байхад нь байгуулсан үр дүнгийн гэрээ байдаг. Газар өмчлөлийн мэргэжилтэнтэй байгуулсан гэрээгээр хэлтсийн даргын гэрээг дүгнэх боломжгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтонд түүнийг гаргасан эх сурвалж нь байхгүй байна. Иймээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үэзж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалын агуулга дээр ажлын байран дахь шаардлагыг хангахгүй гэж байгаа боловч дараа нь тайлбартаа өөр баримтууд гаргаж ирээд байгаа нь зөрчил болж байгаа юм. Мэргэжлийн хяналтын акт гарсан нь зөрчил болж байгаа. Тэр зөрчлийг мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд арга хэмжээ авах бүрэн эрх нь байсан. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хяналт шинжилгээ үнэлгээний илтгэх хуудсаар зөрчил гарсан байгаа нь илэрсэн. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д удаа дараа өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн гэж заасан. Д.Батцоожид үүрэг даалгаварыг хэзээ өгсөн нь тодорхойгүй. Энэ нь албан ёсны цохолтоор түүнд очсон байх ёстой. Үүрэг даалгаварыг хэзээ өгсөн хэдий хугацаанд хийх ёстой байсан нь тодорхойгүй. Үндсэн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ нь байхгүй байна. Мэргэжил ур чадварын түвшинг ямар аргачлалаар яаж тогтоогоод байгаа нь тодорхойгүй. Үр дүнгийн гэрээний 61 гэсэн үнэлгээ нь ажлын байрны шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна. Ерөнхий архитекторын тайлангийн хувьд эрх бүхий албан тушаалтан нь өөр албан тушаалтанд цохсон учраас түүнийг нэхэмжлэгчид халдааж арга хэмжээ авах боломжгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөдөлмөрлөх эрх ашгийг зөрчсөн Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэхийг даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, шаардлагын хүрээнд: Аймгийн ЗДТГ-ын даргын 2014 оны 9 сарын 15-ны өдрийн Б/112 тоот тушаалаар Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст мэргэжилтэн бөгөөд ерөнхий архитектороор ажиллаж байсан Х.Дэлгэрдалайг чөлөөлж, мөн өдрийн Б/113 тоот тушаалаар Д.Батцоожийг мэргэжилтэнээр авч ажиллуулсан байна. Х.Дэлгэрдалайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсний учир Х.Дэлгэрдалай шүүхэд өргөдлөө өгч, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 19 дүгээр захирамж гарч, Засаг даргын Тамгын газрын 2015 оны Б/05 тоот тушаалаар ХБХ-ийн дэд бүтэц, газар, барилга, хот байгуулалтын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилогдсоны үндсэн дээр Д.Батцоожийг чөлөөлсөн байна. Д.Батцоожийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 03 сарын 05-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Хот суурин, уул уурхай, дэд бүтэц, газрын нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр хугацаагаар, 2016 оны 01 сарын 05-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 06 сарын 17-ны өдрийн Б/10 тоот тушаалаар Барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар, 2016 оны 06 сарын 30-ны өдрийн Б/13 тоот тушаалаар Газрын удирдлагын хэлтсийн даргаар тус тус томилон ажиллуулсан байна. Д.Батцоож нь анх төрийн албан тушаалд томилогдохдоо төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгөөгүй байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа МХГ-ын хэмжил зүйн улсын байцаагчийн орон тоон дээр шалгалтанд орсон байна. Төрийн албаны тухай хууль тогтоомжоор сул орон тоог нөхөхдөө заавал тухайн ажлын байранд шалгалт өгөх, үгүй бол тухайн ажлын байран дахь нөөцөөс томилох боловч энэ шаардлагыг харгалзан үзээгүй томилсон байна. Мөн дээрх албан тушаалын ажлын байрны тодорхойлолтонд заасан мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагын аль алиныг харгалзан үзээгүй, тухайн хүнийг ажлын байраар хангахын тулд богино хугацаанд олон ажлын байранд сэлгэн томилсон байсан. Д.Батцоожийг Газрын удирдлагын хэлтсийн албан тушаалуудад томилсон байх бөгөөд тухайн ажлын байруудад газар зохион байгуулагч, кадастр, зураг зүй, газрын чиглэлийн мэргэжилтэй байх, тухайн ажлын байруудад тусгай программ хангамж дээр ажиллах шаардлагатай байдаг тул заавал мэргэжлийн байх ёстой боловч дээрх шаардлагыг харгалзан үзээгүй Д.Батцоожийг томилж байсан байна. Ажлын байрны тодорхойлолтыг хавсаргасан тул шаардлагыг үзэх боломжтой. Д.Батцоож нь дээрх шаардлагыг хангахгүйгээс гадна тухайн ажлын байруудад хийгдвэл зохих чиг үүргийг ханган хэрэгжүүлээгүйгээс тухайн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй, удаа дараа сүүлийн байр эзэлж, анхааруулга, санамжийг өгч байсан, холбогдох дээд газруудаас ирсэн удаа дараагийн шалгалтанд хангалтгүй дүн үзүүлж, ажил сайжруулах зөвлөмж өгч, хариуцлага тооцож арга хэмжээ авах талаар зөвлөмж ирүүлж байсан. Тухайлбал: Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийхэд тус газар хамгийн бага үнэлгээг /61,4/ авсан нь тус Газрын удирдлагын хэлтсийг ахалж ажиллаж байсны хувьд хариуцлагагүй ажилласныг илтгэж байна. Ирүүлсэн зөвлөмжийн дагуу ажлаа сайжруулах, зарим нэг мэдээ тайланг буцаан тайлагнах байсан авч хугацаандаа ямар нэгэн арга хэмжээ аваагүй. / Ирүүлсэн албан тоот, шалгалтын дүнг хавсаргав/.
Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийсэн тухай тайланг огт хүргүүлээгүй, ажиллах хугацаандаа Аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах санал санаачлага гаргаагүйгээс бусад аймгуудаас хоцорч, дээрх төлөвлөгөөгүй цорын ганц аймаг болж энэ хэмжээгээр орон нутаг хохирч байна. Энэ талаар ГХГЗЗГ-ын 2/1512 тоотоор зөвлөмж ирүүлж зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг буцаан тайлагнах байсан авч мөн хүргүүлээгүй болно. Тайлан дүгнэсэн хүснэгтийг хавсаргав. Аймгийн ЗДТГ-ын Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс зохион байгуулсан хяналт шалгалтаар өөрийн хариуцсан Газрын удирдлагын хэлтсийн ажил мөн хангалтгүй дүгнэгдэж, 12 сарын 25-ны дотор зөвлөмжийн хариуг хүргүүлэх ёстой байсан боловч хүргүүлээгүй байна. /Шалгалтын материалыг хавсаргав/. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэдэггүй, огт хариу өгдөггүй, ажлын хариуцлага сулаас тухайн албан тушаалд тэнцэхгүй нь нотлогдож байна. Энэ талаар өөрт нь хэд хэдэн удаа хэлж анхааруулж байсан. Өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч мэргэжлийн хувьд болохгүй байна, намайг барилга хот байгуулалтын хэлтэст ажиллуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан.Шийдвэрлэгдээгүй хугацаа хэтэрсэн, хариу өгөөгүй өргөдөл гомдлын жагсаалт, зарим өгч байсан үүрэг даалгаврын хэрэгжилтийн тухай тэмдэглэлийг хавсаргав. ГХБХБГ-ын даргын 2016 оны А/25 тоот тушаалаар төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэх ажлын хэсгийг байгуулж төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээг дүгнэсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр Д.Батцоож нь 61,2 оноо буюу D үнэлгээ авсан. 2016 оны 10 сарын 12-ны өдрөөс АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, комиссар Д.Сайнжаргал тус газарт мэдээллийн мөрөөр шалгалт хийх явцдаа хариуцлагагүй ажилласан хэлтсийн дарга болон бусад холбогдох хүмүүст арга хэмжээ тооцох, шалгалт оруулах, ажлаас чөлөөлөх даалгаврыг өгч байсан. Шалгалтын үр дүнгээр маш хариуцлагагүй байгааг өөрт нь хэлж байсан боловч ажлаа сайжруулах талаар санаачлага гаргаагүй. МХГ-ын газрын улсын байцаагчийн хяналт шалгалтаар тус Газрын удирдлагын хэлтсийн үйл ажиллагаа их эрсдэлтэйд тооцогдож, ажлаа сайжруулах албан даалгавар өгсөн боловч биелэлтийг хүргүүлээгүй, албан бичгийг ч үгүй хийсэн байна. Дээр дурдсан удаа дараагийн шалгалт, хяналт шинжилгээгээр Д.Батцоожийн ажлын хариуцлага сул, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангахгүй байгаа, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг удаа дараа хэрэгжүүлээгүй, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр D үнэлгээ авсан зэргээс Д.Батцоожийг Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй гэж үзэж байна. Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 12-ний өдрийн Б/158 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн нэмэгдэлээ гаргуулах гэсэн шаардлагын хүрээнд: Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2014 оны А/42, 2015 оны Б/65 тоот тушаалуудаар батлагдсан аймгийн ГХБХБГ-ын бүтэц орон тоон дээр Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга, ерөнхий архитектор гэсэн нэг ажлын байраар батлагдаж цалингийн нэмэгдэл гэж байхгүй зөвхөнТЗ-7 ангилал зэрэглэлээр цалинжих ёстой. Тус газрын төсөвт нэмэгдэл олгохгүйгээр төсөвлөгдсөн. Зарим аймгуудад Ерөнхий архитектор ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст ажиллаж болохыг зөвшөөрдөг. Тус газар нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2015 оны Б/65 тоот тушаалаар 18 орон тоотойгоор батлагдсан боловч байгууллагын төсөвт 16 ажилтны цалингийн сан батлагдсанаас хууль бус нэмэгдэлийг олгох сан байхгүй. Иймд Д.Батцоожид ерөнхий архитекторын нэмэгдэл олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Газрын удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Батцоожийг Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалдаа албан тушаал бууруулах, ажлаас халах хуулийн заалтуудыг хамт үндэслэж шийдвэр гаргасан. Д.Батцоож 2 жил ажиллаж байх хугацаандаа төрийн албаны холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж маш олон албан тушаалд ажиллаж байсан. Тухайлбал Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Дэлгэрдалайг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж ямар ч сонгон шалгаруулалт явуулахгүйгээр түүний оронд томилсон байсан. Үүний дараа 2016 оны 01 сарын 02-ны өдрөөс газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байсан. Мөн 2016 оны 06 сарын 30-ны өдрөөс Газрын удирдлагын хэлтсийн даргаар ямар ч шалгалтгүйгээр томилсон байдаг. Удирдах албан тушаал дээр сул орон тоог нөхөхдөө заавал сонгон шалгаруулалт зарлах мөн ажиллаж байгаа хүмүүсээс дэвшүүлэх, нөөцөд бүртгэлтэй хүмүүсээс нөхөн томилох ёстой байтал огт тэгээгүй, тухайн хүнийг л ажилтай байлгахын тулд ажилд томилсон байсан. Барилгын удирдлагын хэлтсийн дарга байх ёстой гэсэн асуудлаар маргасан байдаг. Тухайн үед гэрээ байгуулж Жанчив гуай Барилгын удирдлагын хэлтэст олон жил ажилласан. Хэрэв энэ хүнийг сэлгэн ажиллуулах гэж байгаа бол Төрийн албаны тухай хууль, сэлгэн ажиллуулах журамд заасны дагуу тухайн хүнээс заавал зөвшөөрөл авах ёстой байдаг. Жанчив гуай ажлаа ч өгөөгүй, Батцоож Барилгын удирдлагын хэлтсийн даргаар нэг ч өдөр ажиллаагүй байсан. Д.Батцоож миний мэдлэг хүрэхгүй байна гэдгээ өөрөө ч хэлээд намайг Барилгын удирдлагын хэлтэст ажиллуулж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байсан. Ажлын байранд тавигдах ерөнхий болон бусад шаардлагыг Д.Батцоож огт хангахгүй байгаа юм. Мөн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн. Энэ нь олон удаагийн хяналт шалгалт, хагас жилийн ажлын үр дүнг үнэлсэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн дүн мөн Мэргэжлийн хяналтын газраас ирсэн шалгалтын дүн, Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн шалгалтын үнэлгээ, ерөнхий архитекторын ажлыг үнэлсэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирсэн албан бичгүүдээр мөн нотлогддог. 2016 онд үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэхэд удирдлагын хэлтсийн даргын ажил хангалтгүй үнэлгээ авсан байгаа. Тухайн албан тушаалд 9 дүгээр сарын 14-ний өдөр томилогдсноос хойш удирдлагын зүгээс сар бүр үүрэг даалгавар өгч тэмдэглээд явж байсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй. Тэмдэглэлээс харахад шийдвэрлэгдээгүй өргөдөл гомдол маш их хуримтлагдсан. Өргөдөл гомдлыг тогтоосон хугацаанд нь шийдвэрлээгүй талаар надад 20 хүний гомдол ирсэн. Мөн 10 дугаар сарын 12-нд Авлигатай тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч Сайнжаргал мэдээллийн дагуу ирж шалгасан. Тухайн үед удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Батцоож, бичиг хэргийн ажилтан нарын ажлыг шалгаад ажил нь ямар ч эмх цэгцгүй байгаа тул хариуцлага тооцохыг надад сануулсан. Миний зүгээс удаа дараагийн олон шалгалтын дүн үнэлгээг харгалзаж түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Д.Батцоож нэхэмжлэлдээ цалин хэрэглээ гаргуулах гэсэн шаардлага гаргасан байсан.
Ерөнхий архитектор нь Барилга хот байгуулалтын газрын даргын үүрэгт ажил ТЗ-7 шатлалаар нэг орон тоонд явдаг учраас манай байгууллагын цалингийн санд тухайн нэмэгдлийг өгөх боломжгүй. Ерөнхий архитекторын хувьд Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалт, 10 дугаар зүйлийн дагуу ажлаас нь чөлөөлсөн. Ерөнхий архитектор нь Архитекторын дүрэмд заасан 20 үүрэг байдаг. Манай аймаг хот төлөвлөлт 0 түвшин гэж заасан байгаа. Ерөнхий архитектор нь хот төлөвлөлтийн талаар газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд үндэслээд жил бүр батлуулах зэрэг нь ажлууд огт хэрэгжээгүйгээс шаардлагатай түвшинд ажиллаагүй гэж үзсэн. Ерөнхий архитектороор ажиллаж байх үедээ Товцог багийн замын хашлага, Улиастай сумын төв зам дагуух 1.2 км явган хүний зам, хурд сааруулагч зэрэг ажлын зураг төсвийг аймгийн ерөнхий архитектор баталгаажуулж дараа нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, зөвшөөрөлцөх байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Тухайлбал Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар, захиалагч байгууллага буюу Засаг даргаас зөвшөөрөл авах ёстойг мөн зөрчсөн.
Хэрэв манай байгууллага баталсан бол тамга тэмдэгтэй байх ёстой байсан. Ерөнхий архитекторын ажил гүйцэтгэхдээ мэдээллийн сан огт бүрдүүлээгүй. Ийм зөрчил хэдэн удаа гарсан нь мэдэгдэхгүй байна. Эдгээр зөрчлүүд нь Авилгын эсрэг хуулийн 7.1.6, Нийтийн албанд хувийн ашиг сонирхлоос хамгаалах тухай хуулийн 6.3, 6.7 дахь заалтуудыг зөрчсөн. 2014-2016 онд Улиастай сумын 6 багт иргэдийн хөгжлийн төвийг нэг загварын зургаар барихдаа сууринд нь холболт хийгээгүй мөртлөө үнийн дүн 100 сая төгрөгний зөрүүтэй гарсан байсан. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байсныг харуулдаг. Архитекторын хувьд мэдээллийн сан бүрдүүлэх талаар ямар ч ажил хийгээгүй. Төрийн албан хаагчийн болон архитекторын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн. Үүрэгт ажлаа гүйцэтгээгүйгээс ард иргэдэд их чирэгдэл учруулсан. Одоог хүртэл иргэдээс Газрын удирдлагын хэлтсийн даргад чинь өгөөд алга болсон баримтууд байх ёстой гэсэн гомдол гарсаар байгаа гэв.
Гуравдагч этгээд Х.Дэлгэрдалай шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2003 онд ШУТИС-ийн БИС-ийн хот төлөвлөлтийн архитектор, инженер мэргэжилээр төгссөн. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Дэд бүтэц, газрын харилцаа, барилга, хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн, аймгийн ерөнхий архитектороор 2007.02.01-ний өдрөөс ажиллаж байна. Тус ажлыг хариуцаж ажиллах 10 жилийн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ноцтой зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Төрийн албаны тухай хуулийн дагуу ажиллаж ирсэн. Энэ хугацаанд 2014.09.15-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/112 дугаар захирамжаар ажлын алдаа, дутагдал гаргаагүй байхад өөр ажилд шилжиж байгаа хэмээн худал захирамж гаргаж, надад мэдэгдэлгүй шууд ажлаас чөлөөлж, Д.Батцоож гэх ямар ч төрийн албанд ажил хийж байгаагүй, төрийн албаны шалгалт өгөөгүй, сонгон шалгаруулалт ороогүй залуу миний ажлыг авсан. Энэ нь ажлын байрны тодорхойлолт болон төрийн албаны хууль, хөдөлмөрийн тухай хуулийг илт зөрчсөн юм. Иймд Х.Дэлгэрдалай би шүүхэд нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 19 дүгээр захирамжаар ажлаа авсан боловч буцаан томилох тушаал гаргахгүй, өөр ажилд оруулна аль эсвэл дахин хална гэж хоног хугацаа алдсаар 2 сарын цалин, нийгмийн даатгалын төлөлт хийгээгүй намайг хохироосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас аймгийн ЗДТГ-ын дансыг хааж байж 2015.02.06-ны өдөр хуучин хийж байсан ажилдаа буцаан томилогдсон. Миний ажлыг хийж байсан Д.Батцоожийг аймгийн ГХБХБГазарт мэргэжлийн бус ажилд мөн хууль зөрчин оруулсан. Намайг аймгийн Засаг дарга байнгын ажлаа хүсэлтээрээ өг гэж дарамталдаг байсан. Энэ байдлуудыг харахад Д.Батцоож нь нам, улс төрийн захиалгаар орон нутагт ирж хүний ажил, амьдралыг боддоггүй, өөрөө л болж байвал болдог юм шиг ааш зан гаргасан. Мөн аймгийн Засаг даргын 2015.02.27-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар ажлын алдаа дутагдал гаргаагүй байхад давхар хийж байсан аймгийн ерөнхий архитекторын ажлаас намайг чөлөөлж, Д.Батцоож томилогдсон байна. Аймгийн Засаг дарга нь намайг ахиж шүүхэд нэхэмжлэл гаргавал ЗДТГ-ын мэргэжилтэнгийн ажлаас чинь дахин хална. Архитекторын ажлаа хэл үгүй өг гээд байхаар нь би шүүхэд өгөөгүй юм. Д.Батцоож нь аймгийн ерөнхий архитекторын ажлыг хийж байх хугацаандаа 2014, 2015 онуудын 2 жилийн ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт, кадастрын тайланг холбогдох дээд газарт хүргүүлж, дүгнэлт хийлгээгүй. Завхан аймгийн ажлын үзүүлэлт 24 аймгаас хамгийн сүүлд орсон. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2016.10.14-ний өдрөөс 2/1512 дугаар албан тоотоор аймгийн ерөнхий архитектор болон холбогдох газрын мэргэжилтэнд арга хэмжээ авах зөвлөмж ирүүлсэн. Энэ байдлаас болж ерөнхий архитекторыг солих 2016.12.12-ны өдрийн Б/158 дугаар аймгийн Засаг даргын захирамж гарсан. Д.Батцоож нь захирамжтай танилцаад ажил хүлээлцэх комиссд албан ёсоор гарын үсэг зурж, хүлээлгэн өгсөн гэжээ.
Гуравдагч этгээд Х.Дэлгэрдалай шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ерөнхий архитекторын ажлыг Д.Батцоож авч, би мэргэжилтний ажлаа хийж байсан. Газрын харилцаа геодез зураг зүйн газар нь аймгийн барилга хот байгуулалт, газар зохион байгуулалтын ажлыг дүгнэж Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж зөвлөмж авах үүрэгтэй. Сүүлийн 2 жил Завхан аймаг барилга хот байгуулалтын ажлаар сүүлийн байранд орсон. Ерөнхий төлөвлөгөөний ажил явахаа больсон. Аймгийн Засаг дарга намайг өмнө ерөнхий архитектор хийж байсан юм байна, энэ ажлыг давхар авч хийгээч гэсний дагуу одоо ерөнхий архитектороор давхар ажиллаж байгаа гэв.
Гуравдагч этгээд Ж.Будсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2017 оны 2 сарын 1-ээс Газрын удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байна. Надад хүлээлгэж өгсөн баримт нь 7 хуудас гараар бичсэн жагсаалт, CD-г хамт үдсэн гэсэн байсан боловч тэр нь ирээгүй, комьпютерт байсан файлуудыг нээгээд үзэхэд фолдерууд нь хоосон байсан. Тухайн ажилтны ажиллаж байсан материалуудыг бүрэн гүйцэд хүлээлгэж өгөөгүй. Төрийн албаны залгамж чанарыг алдуулж, төрийн албан хаагчийн ёс зүйгүй гэж үзэхээр байсан. 2017 оны 3 сарын 29-нд өмгөөлөгчөөрөө дамжуулаад эвлэрлийн гэрээ хийе гэж утсаар яриад өөрөө ажлын боломжгүй байна, орой очоод гарын үсэг зурчихна гэсэн. Эвлэрийн гэрээг шүүгчийн туслахад үлдээгээд явахад тэр гэрээнд гарын үсэг зураагүй байсан. Ер нь зан байдлын хувьд ч туйлбаргүй хүн гэж ойлгогдсон. Эдгээр байдлууд нь төрийн албанд байх хүн биш гэдгийг харуулж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батцоож нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 1 дүгээрсарын 2-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилогдох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, аймгийн ерөнхий архитекторын ажилгүй байсан хугацааны цалингийн нэмэгдлээ гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэлээ.
Нэг: Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/01 дүгээртушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.Батцоож нь анх Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Хот суурин, уул уурхай, дэд бүтэц, газрын нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж эхэлсэн ба тус газрын 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад тус газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн даргаар томилогдож, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тус газрын даргын Б/13 дугаар тушаалаар тус газрын Газрын удирдлагын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан байна.
Хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нь нэхэмжлэгч Д.Батцоожийг тус газрын Газрын удирдлагын хэлтсийн даргаас 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б01 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 23.1.2, 25.1.1, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2015 оны Б/65 дугаар тушаалыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлахдаа: Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэжээ. Хариуцагчаас гаргаж өгсөн, хэрэгт авагдсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт нь хариуцагч тус газрын дарга болон нэхэмжлэгч тус газрын хэлтсийн дарга нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулаагүй, хэзээ гаргасан нь тодорхойгүй байх ба энэхүү тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж нэхэмжлэгчид захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг хэрэглэж ажлаас чөлөөлсөн нь буруу байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэжээ. Энэ нь түүний үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудас, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн шалгалтын зөвлөмж, дүгнэлт, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэдэгт хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн албаны төв байгууллагаас тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журамд заасны дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсныг ойлгохоор байна. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргаар томилогдсон буюу 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш тухайн албан тушаал дээрээ байгууллагын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулаагүй байна. Харин 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дүгнүүлсэн Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Д. Батцоожийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт гэх баримтад тусгагдсан чиг үүргийг нэхэмжлэгч Д.Батцоож нь 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллах үедээ байгуулсан мэргэжилтний үр дүнгийн гэрээний албан тушаалын хэсгийг нь сольж Газрын удирдлагын хэлтсийн дарга болгож дүгнүүлсэн гэж тайлбарлаж байх ба энэ нь гэрч, тухайн үед үр дүнгийн гэрээ дүгнэх комиссын гишүүний мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтний үр дүнгийн гэрээний биелэлт буюу 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш чиг үүргээ хэрэгжүүлээгүй ажлын үр дүнгийн гэрээний биелэлт, үнэлгээний дүнг үндэслэж нэхэмжлэгчид захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг хэрэглэж ажлаас чөлөөлсөн нь буруу байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гээд энэ нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/1167 дугаар албан бичгээр ирүүлсэн Аймгуудын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд өгсөн дундаж үнэлгээний дүн, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаанд 2016 оны 11 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 8-ны өдрүүдэд хийсэн хяналт, шинжилгээ үнэлгээний дүн, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07-04-020-167 дугаар албан шаардлагаар тогтоогдож байгаа гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ...хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгохоор байна. Нэхэмжлэгч нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр томилогдсон байна. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/1167 дугаар албан бичгээр ирүүлсэн Аймгуудын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд өгсөн дундаж үнэлгээний дүн нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны хагас жилийн тайланд үндэслэж дүгнэсэн дүн байна. Өөрөөр хэлбэл дээрх үнэлгээний дүн 2016 оны хагас жилээр дүгнэсэн хугацаанд нэхэмжлэгч нь газрын удирдлагын хэлтсийн даргын чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна. Мөн тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07-04-020-167 дугаар албан шаардлага нь тус газрын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд хийсэн хяналт шалгалтын дүнд гарсан албан шаардлага байна. Нэхэмжлэгч нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр томилогдсон байна. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаанд 2016 оны 11 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 8-ны өдрүүдэд хийсэн хяналт, шинжилгээ үнэлгээний дүн нь тус газрын үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн байх ба уг хяналт шинжилгээгээр илэрсэн алдаа зөрчил нь 2014, 2015, 2016 оны тус газрын чиг үүрэгт хамаарах ба нэхэмжлэгч нь тус газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүй болохыг энэхүү хяналт шинжилгээгээр тогтоогоогүй ба энэхүү хяналт шалгалтын дүгнэлтээр нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч маргаан бүхий 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/01 дугаар тушаалын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 23.1.2, 25.1.1 дэх заалтыг тус тус хэрэглэснээр тухайн тушаал нь утга агуулгын хувьд нэхэмжлэгчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан, мөн ажлаас халсан давхардмал утгатай болсноор уг тушаал нь утга агуулгын хувьд илт алдаатай байна. Мөн төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагддаг болохыг дурдах нь зүйтээ байна. Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Д.Батцоожийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нь нэхэмжлэгчД.Батцоожийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Батцоожийнажилгүй байсан 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 89 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.526.621 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Батцоожийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Гурав: Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, аймгийн ерөнхий архитекторын ажилгүй байсан хугацааны цалингийн нэмэгдлээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Д.Батцоож нь Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар тус аймгийн Ерөнхий архитектороор томилогдсон ба 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/158 дугаар тус аймгийн Засаг даргын захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Энэхүү захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.6, 10.1.4, 10.1.7, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 155 дугаар тушаалын хавсралтын 3.1.12 заалтыг тус тус үндэслэж Хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөөний /Барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ/-ний мэдээллийг гаргаж, жижүүрийн хөтлөлтийг хийгээгүй 2015 оны тайланг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж дүгнэлт хийлгээгүй ажлын хариуцлага алдсан гэж нэхэмжлэгч Д.Батцоожийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч нь уг үүргээ хэрэгжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ба холбогдох мэргэжилтнүүд уг тайлантай холбоотой зураг, мэдээллийг гаргаж надад ирүүлээгүй гэж тайлбарлаж байна. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1/03 дугаартай албан бичгээр 2015 оны Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлтийн тайлан-г гарган, санал, дүгнэлтийн хамт 2016 оны 1 дүгээр сарын 20-ны дотор багтаан ирүүлэхийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэдэгдсэн байна. Мөн тус газраас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2/1512 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирүүлсэн ба уг албан бичгээр тус аймаг нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1/03 дугаартай албан бичигт дурдсан Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлтийн тайлан, зураг ирүүлээгүй байна гэж дүгнээд уг тайланг ирүүлээгүй аймгийн ерөнхий архитектор холбогдох мэргэжилтэн нарт арга хэмжээ авах зөвлөмж хүргүүлсэн байна. Аймгийн ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10.1.4 дэх заалтад зааснаар хот суурины нутаг дэвсгэрт хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх, мөн хуулийн 10.1.7 дахь заалтад зааснаар хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй байна. Түүнчлэн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 155 дугаар тушаалаар баталсан Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрмийн 3.1.12 дахь заалт Аймаг, нийслэл, хот, тосгоны дэвсгэр газрын зураглал, инженер-геологийн судалгаа, газар зохион байгуулалт, хилийн цэсийн болон хот байгуулалтын баримт бичиг, төсөл, хөтөлбөр, геодезийн цэг тэмдэгтүүд, нууцын зэрэглэлтэй болон барилгажилт, зам, тээвэр, инженерийн шугам сүлжээний зураглал зэрэг архивын эх материалуудын иж бүрдэл, ашиглалтад судалгаа, бүртгэл хөтлөх, шинэчлэлт хийх ажлыг зохион байгуулж, хяналт тавих гэж заасан эрх, үүргийн дагуу аймгийн ерөнхий архитектор нь Жижүүрийн хөтлөлтийн тайланг зааврын дагуу жил бүр хөтөлж ирүүлэх үүрэгтэй ба энэхүү үүрэг нь зөвхөн аймгийн ерөнхий архитекторт хамааралтай байна. Иймд хууль болон хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй аймгийн ерөнхий архитекторыг чөлөөлсөн Завхан аймгийн Засаг даргыг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн аймгийн ерөнхий архитектор нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/42 дугаар тушаал, тус газрын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаалаар баталсан бүтцээр Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий архитектор гэж бүтэц орон тоог батлаад төрийн албан тушаалын зэрэглэлийг ТЗ-7 гэж тогтоосон байна. Нэхэмжлэгч Д.Батцоож нь Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/158 дугаар захирамжаар тус аймгийн Ерөнхий архитекторын ажлаас чөлөөлөгдсөн ба тэрээр 2016 онд 1 сараас 7 сар хүртэл төрийн захиргааны албан тушаалын ТЗ-5-1 509948 төгрөгийн үндсэн цалин, хоолны нэмэгдэл нийт 529948 төгрөг, 2016 оны 7 дугаар сараас ТЗ-7-1 буюу 591218 төгрөгийн үндсэн цалин, хоолны нэмэгдэл нийт 613.218 төгрөгөөр цалинжиж байсан ба аймгийн ерөнхий архитекторын нэмэгдэл цалин хөлс авдаг байсан нь тогтоогдохгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, аймгийн ерөнхий архитекторын ажилгүй байсан хугацааны цалингийн нэмэгдлээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.13 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.БатцоожийгЗавхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргаар эгүүлэн тогтоосугай.
2. Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэнЗавхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, аймгийн ерөнхий архитекторын ажилгүй байсан хугацааны цалингийн нэмэгдлээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Батцоожийн ажилгүй байсан 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх 89 хоногийн цалин 2.526.621 төгрөгнөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлт хийннэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Завхан аймгийнГазрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батцоожид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР