Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/Ма2019/0439

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 112/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ийн давж заалдах гомдлоор, Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 112/ШШ2019/0019 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-д холбогдох Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй учир хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М давж заалдах гомдолдоо: “...Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалд Д.Нг тэтгэврийн насанд хүрсэн гэж ажлаас чөлөөлөөгүй, Д.Н-ийн зүгээс ажлаас чөлөөлөгдөх талаар өргөдөл, хүсэлт өгч байгаагүй. Сумын Засаг даргад тэтгэврийн насны дээд хязгаарт хүртлээ ажиллах өргөдөл өгч байсан, энэ өргөдлийг хүлээн авч тэтгэврийн насны дээд хязгаарт хүртлээ ажиллуулах талаар сумын Засаг даргын захирамж гарсан байгаа. Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас чөлөөлсөн тушаалыг шүүхээс тэтгэвэрт нь гарсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгосон Х.Д-г санхүүгийн албаны даргаар томилох болсон тул түр орлон гүйцэтгэгч Д.Н-г ажлаас чөлөөлжээ.

Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Н “...сумын Засаг даргын захирамжаар миний бие тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүртлээ ажиллах эрхтэй байхад миний ажлын байрыг сул орон тоо гэж үзэж, сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус, ...би насны дээд хязгаар хүртлээ ажиллах эрхтэй” гэх үндэслэлээр маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр Санхүүгийн албаны дарга Д.Нг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар түүнийг Санхүүгийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Нэхэмжлэгчээс дээрх үйл баримттай буюу түүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, Санхүүгийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсонтой холбогдуулан маргаагүй, эдгээр тушаалууд хүчин төгөлдөр байх тул үүнд холбогдох үйл баримтад шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.

Ийнхүү Д.Н тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнөөр түүний ажиллаж байсан Санхүүгийн албаны даргын орон тоо нь сул орон тоонд тооцогдох учраас Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх үүргийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга хүлээнэ.

Төрийн албаны салбар зөвлөлийн Говь-алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний 20 дугаар тогтоолоор Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэсэн байх бөгөөд үүнээс хамгийн өндөр оноо авсан Х.Д-г тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсний дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Х.Д-г Санхүүгийн албаны даргаар томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасны дагуу нэгэнт сул орон тоог зохих журмын дагуу нөхсөн дээрх тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Н-г ажлаас чөлөөлсөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны Б/04 дүгээр тушаал үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс “төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтийг сумын Засаг дарга шийдвэрлэсэн” гэж маргах боловч Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтийг тухайн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэж шийдвэр гаргахаар заасан байхад сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар Д.Н-г үргэлжлүүлэн ажиллуулахыг зөвшөөрсөн гэснийг үндэслэн түүнийг 65 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй төдийгүй дээрх сумын Засаг даргын захирамж гарснаас хойш буюу сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/09 дүгээр тушаалаар түүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзээд ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь уг тушаалтай маргаагүй байна.

Нөгөөтэйгүүр Д.Н нь хуульд заасан журмын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож, төрийн албан хаагчийн баталгаагаа эдэлж, холбогдох 1 удаагийн буцалтгүй тусламжаа авсан болох нь тогтоогдсон.

Төрийн албаны тухай хуулийн /2002/ 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:”, 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;” гэж тус тус заасан бөгөөд үүнийг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох зохицуулалт гэж ойлгох тул “...тэтгэвэр тогтоолгосон боловч төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах хууль зүйн боломжтой” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 112/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН