Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0443/з |
Дугаар | 001/ХТ2019/0087 |
Огноо | 2019-03-25 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2019/0087
Н.Шинэтөрийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн
Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын
албанд холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн Г.Энхболдод, мөн оны А/257 дугаар захирамжийн Б.Баясахад, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Б.Баясах, Г.Энхболдод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0710 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0068 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбаяр, Л.Нармандах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нармандахын өмгөөлөгч Б.Булгантамир,
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяа нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0710 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Н.Шинэтөрөөс Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн Г.Энхболдод, мөн оны А/257 дугаар захирамжийн Б.Баясахад, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Б.Баясах, Г.Энхболдод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0068 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нармандахын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0710 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0068 тоот магадлалыг эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит нөхцөлд нотлох баримтыг үнэлээгүй шийдвэрлэсэн.
5. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэг “...Хэрэгт авагдсан иргэн Г.Энхболд, Б.Баясах нарын газар баталгаажилтын хувийн хэрэг, Иргэнд өмчлүүлсэн газрын хувийн хэрэг болон бусад нотлох баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын...А/585 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-13в тоотыг Б.Баясахад, 23-13г тоотыг Г.Энхболдод тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлснийг үндэслэн уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41, А/257 дугаар захирамжуудаар тус иргэдэд өмчлүүлсэн болох нь тогтоогдож байна. Ийнхүү иргэн Б.Баясах, Г.Энхболд нарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1...хэсэгт тус тус заасантай нийцжээ...”-т гэж дурдсан байна.
6. Үүнээс үзвэл шүүх тухайн маргааныг шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтыг баримтлан хэргийн бодит байдалд дүгнэлт хийгээгүй. Учир нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”-т гэж заасныг шүүх хууль хэрэглэхдээ Хариуцагч нарын газар олголтыг иргэдэд шударгаар, эсхүл тэгш байдлыг хангаж байгаа талаар нэхэмжлэгч нарын тайлбарыг үгүйсгээгүй. Гуравдагч этгээд болох Энхболд, Баясах нар нь шүүх хуралд ирдэггүй тус иргэд нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр н.Байгаль-Эрдэнэтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан /хх121/ тэр өдрөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд миний өмгөөлөгчийн зүгээс гуравдагч этгээд Цагаанчоожоос та хэнээс авсан талаар асуухад Энхболд, Баясах нараас гэж хариулдаг гэтэл Байгаль-Эрдэнэтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж авснаа мэдэхгүй газрын наймаа хийсэн нь илэрч байгаа юм.
7. Шүүх Дүүргийн Засаг дарга иргэдэд шинээр газар олгохдоо захирамж гаргах ажиллагаа нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасны дагуу зохион байгуулах бөгөөд тус журмын 5, 6 дугаар зүйлүүдэд газар эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцал, зөрчил байгаа эсэх асуудлыг тодруулах зорилгоор хээрийн судалгаа хийх учиртай.
8. Газрын албаны мэргэжилтнээс үүнийг асуухад хээрийн судалгаа хийгээгүй, тийм баримт байхгүй гэдгээ хэлсэн. Мөн Баясах, Энхболд нар нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4971, 4972 бүртгэлд нэг өдөр, дараалсан бүртгэлд дугаар авсан дээрх нөхцөл байдал зэрэг нь газрын наймаа явагдсан гэдэг нь хамрагдаж байна.
9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал “...гуравдагч этгээдүүдээс өмнө эзэмших талаар Газрын тухай хуульд заасан журмын дагуу гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байна...”-д гэж дурдсан ба хариуцагчийг захиргааны акт гаргахдаа яагаад ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалд заасны дагуу хээрийн болон суурин судалгааг хийлгүй эзэмшүүлсэн гэж маргаж байгаа.
10. Дээрх тушаалын дагуу хээрийн судалгааг журамд заасны дагуу явуулсан бол тухайн зөрчил байгаа эсэх, байгаа бол хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хариуцагчаас шаардсан боловч өдийг хүртэл байхгүй гэж байгаа нь тухайн газрыг эзэмшүүлэхэд тэгш байдал, шударга ёсыг хангаагүй, захиргааны акт хууль бус үйл ажиллагаа гэдэг нь харагдаж байхад давж заалдах шатны шүүх зөвхөн хүсэлт гаргасан байх хэрэгтэй гэж хуулийн ерөнхий зарчмыг гуйвуулан тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, нотлох баримтыг бодит байдалд оюун дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн.
11. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
13. Нэхэмжлэгчээс “...Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны уугуул иргэн, одоог хүртэл энэ нутагтаа амьдарч, ажиллаж байгаа, тус хорооны Баяндөхөмийн 23-1а тоот газартаа дугуй засварын үйл ажиллагаа эрхэлж амьдарч ирсэн, уг газраа өөрийн нэр дээр авах гэж удаа Баянзүрх дүүргийн Газрын албанд очиж хандахад үерийн ам зөвшөөрөх боломжгүй газар гээд буцаагаад байсан” гэж, хариуцагчаас “...Дүүргийн Засаг даргын 2014 оны А/585 дугаар захирамжаар 20 дугаар хороо Баяндөхөмийн 23-13в тоотыг Б.Баясах, 23-13г тоотыг Г.Энхболд нарт иргэний ахуйн зориулалтаар тус бүр 700м2 газрыг эзэмшүүлсэн...нэхэмжлэгч Н.Шинэтөр нь маргаан бүхий акт гарахаас өмнө эзэмшиж, ашиглаж байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй...нэхэмжлэгч нь газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа” гэж тус тус маргажээ.
14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Шинэтөр нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар уламжлан Өмч газрын харилцааны албанд “Тус хорооны иргэн Нармандахын Шинэтөр нь олон жил амьдарч байгаа тул газрыг эзэмшүүлж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасныг тус хорооноос 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд уламжилсан байна.
15. Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” захирамжаар гуравдагч этгээд Б.Баясах, Г.Энхболд нарт Баяндөхөм 23-13в, 23-13г тоот хаягт байршилтай газрыг иргэний ахуйн зориулалтаар тус бүр 5 жилийн хугацаатай, 700 м.кв хэмжээтэйгээр эзэмшүүлжээ.
16. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасан байна.
17. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гуравдагч этгээдүүдээс түрүүлж гаргаагүй, хүсэлт гаргасан газар нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/257 дугаар захирамжуудын холбогдох хэсгээр бусдад өмчлүүлсэн газартай давхацсан байхад түүнд уул газрыг эзэмшүүлэх хууль зүйн боломжгүй юм.
18. Маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Г.Энхболд, Б.Баясах нарт эзэмших эрх үүсэхээс өмнө нэхэмжлэгч эзэмших тухай хүсэлт гаргаж байсан болох нь баримтаар нотлогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдохгүй байна.
19. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0710 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0068 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН