Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 60

 

Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2016/00371 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газарт хариуцагдах

“Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан нийт хугацааны 1.387.627 төгрөгийн цалин хөлс гаргуулах, орлогын хувь 1.090.000 төгрөг нийт 2.477.621 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат

            Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нар оролцов.

     Нэхэмжлэгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Оюунчимэг миний бие нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газарт буудлын үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа элдэв зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл 2016 оны 03 дугаар 22-ны өдөр хэсгийн ахлагч нарын зөвлөлийн хурал хийж намайг алдаа зөрчилтэй ажиллаж байгаа талаар хэлсэн. Би ажилдаа ямар зөрчил гаргаснаа сайн мэдэхгүй байсан. Миний зөрчлийн талаар яг ийм зөрчил гаргалаа гэж тодорхой хэлсэн зүйл байхгүй, арга хэмжээ авна гэсэн. Хурлын дараа дарга намайг ганцаараа үлд гэж хэлсэн. Тэгээд надад чамайг ажлаас халлаа гэсэн. Ямар зөрчил гаргаад ажлаас халагдаж байгаагаа би мэдэхгүй байна. Ямар нэг зөрчил гаргаагүй болохоор би зохих газарт нь хандана гэж хэлээд гарсан.

Ингээд намайг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/14 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг болон байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн в дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн.

 Миний бие нь байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн в дэх хэсэгт заасан ноцтой зөрчлүүдийг гаргаж байгаагүй болно

Миний бие 2011 оноос ажлаас чөлөөлөгдөх хүртлээ буудлын үйлчлэгчийн ажлыг хийж байсан. Манай байгууллагад буудлын эрхлэгчийн тусдаа орон тоо байхгүй. Гэтэл тушаалын 1 дэх заалтанд Буудлын эрхлэгч ажилтай Дүвчингийн Оюунчимэгийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн нь ойлгомжгүй байна.

 Иймд Өмнөговь аймаг дахь Засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/14 тоот тушаалыг хүчингүй болгож, миний урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын зочид буудалд ажиллаж байхдаа сарын 380041 төгрөгийн цалин авдаг байсан. Мөн ур чадварын нэмэгдэлд үндсэн цалингийн 15 хувь, ахлахын нэмэгдэлд үндсэн цалингийн 10 хувь, хоолны мөнгө 80000 төгрөг авдаг байсан бөгөөд сард ойролцоогоор 555051 төгрөгийн цалин авдаг байсан. 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан хөдөлмөрийн дотоод журамд зааснаар буудлын ажилтанд сард оруулсан орлогын 10 хувиар тооцож нэмэгдэл олгохоор зохицуулсан бөгөөд 2015 оны 9-11 сард надад нэмэгдэл олгож байсан боловч 2015 оны 08 cap, 2015 оны 12 cap, 2016 оны 1-3 сард орлогын хувийг цалин дээр нь нэмж олгоогүй юм. 2015 оны 08 сард 2.180.000 төгрөг, 2015 оны 12 сард 1.980.000 төгрөг, 2016 оны 01 сард 1870000 төгрөг, 2016 оны 02 сард 1.770.000 төгрөг, 2016 оны 03 сард 3.100.000 төгрөгийн орлогын оруулсан. Дээрхи хугацаанд байгууллагад оруулсан орлого 10.900.000 төгрөг болно. 10.900.000 төгрөгийн 10 хувь нь 1.090.000 төгрөг болж байна.

Иймд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.387.627 төгрөг, байгууллагад оруулсан орлогын хувь 1.090.000 төгрөг, нийт 2.477.627 төгрөг гаргуулах, мөн миний эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Д.Оюунчимэг нь долоо хоног бүр буудлын орлогыг нягтланд тайлагнадаг бөгөөд 2016 оны 03 сарын 14-18-ны өдрийн тайланд зөрчил гарсан. 03 сарын 16-17-нд хоносон 9 болон 1 номерын өрөө, 17-18-нд хоносон 1 номерийн өрөө, 18-19-нд хоносон 8 номерийн өрөө зэрэг нийт 4 өрөөний 180.000 төгрөгийг тайланд тусгаагүй байсан. Би өөрөө хяналтын камерыг шүүж үзэхэд 8 болон 9 номерийн өрөө нь хүнтэй хоносон нь илэрсэн энэ 2 өрөөний төлбөр нь нийлээд 120.000 төгрөг болно. Үлдсэн 2 өрөөнд хүн хоносон болох нь харуулын дэвтэрт бүртгэлтэй байсан.

 Манай байгууллагын дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд төдийгүй Монгол Улсын хууль тогтоомжид ч албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ байгууллагын өмч хөрөнгийг амин хувьдаа шамшигдуулах, ажиллаж буй байгууллагадаа хохирол учруулахыг хориглосон байдаг. Ялангуяа манай байгууллагын хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг орон нутгийн өмчит төсвийн байгууллага юм. Тиймээс санхүүгийн асуудалд илүү хяналттай байхын зэрэгцээ бэлэн мөнгөтэй харилцдаг ажилтнуудыг албаны эд, олсон орлогыг хувьдаа ашиглахыг хатуу хориглож ийм зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцохоор байгууллагын дотоод журамд заасан.

Гэтэл Д.Оюунчимэг нь буудалд буусан хүний төлбөр тооцоог байгууллагад тушаалгүй нуун дарагдуулсан байсан. Иймд уг асуудлыг 03 сарын 22-ны өдрийн зөвлөлийн хурлаар оруулж Д.Оюунчимэгээс яагаад тайланд тусгагдаагүй байгаа талаар асууж тайлбарлахыг шаардсан. Дээрх мөнгийг хэрхэн зарцуулсан, яагаад тайланд тусгаагүйг тайлбарлахгүй бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тул энэхүү шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол цагдаагийн байгууллага болон холбогдох албан тушаалтанд хандаж хяналтын камерыг шүүлгэх боломжтой. Харин гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа бол тэгэх шаардлагагүй хэмээн тайлбарласан. Энэ нь Д.Оюунчимэг өөрийг нь хамгаалсан би ч бас нэг ажилтнаа буруугүй бол түүнийгээ нотлох боломж олгосон боловч нэхэмжлэгч өөрөө гаргасан алдаагаа ухамсарлаж байна шалгуулах шаардлагагүй гэж хэлсэн. Хурлын дараа нягтлан бид 2 өөрөөс нь дахин асуухад бас л юм хэлэхгүй байсан. Хэрвээ тухай үед яагаад тайланд тусгаагүйгээ үнэнээрээ хэлсэн бол асуудлыг өөрөөр шийдэж болох байсан. Гэтэл Д.Оюунчимэг нь өөрийн алдааг ухамсарлаж хууль бус үйлдлээ тайлбарлахын оронд 03 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гардуулан өгөхөд өрөөний хаалга онгойлгочихоод чанга чанга хашгичиж намайг хэл амаар доромжилж байгаад гарсан төдийгүй одоог хүртэл байгууллагад учруулсан 180.000 төгрөгөө төлөөгүй байна. Зөвлөлийн хурал хийснээс хойш 3 хоногийн дараа тушаал гаргасан.

Д.Оюунчимэг нь нэхэмжлэлдээ өөрийгөө буудлын үйлчлэгч харин эрхлэгч биш байхад чөлөөлсөн тушаалдаа буудлын эрхлэгч хэмээн чөлөөлсөн нь ойлгомжгүй байгаа талаар дурджээ. Тэрээр буудлын үйлчлэгч хийгээгүй ээ, буудлын үйлчлэгч Цэндсүрэн гэж тусдаа үйлчлэгч байгаа мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 сарын 03-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад бүтэц зохион байгуулалтын схем зургийг баталж өгсөн байдаг. Үүнд буудал эрхлэгч, үйлчлэгч гэсэн 2 орон тоотой байна гэж заасан. Д.Оюунчимэг нь буудлын эрхлэгчийн ажил хийдэг. Санхүүгийн тайлан мэдээ гаргаж өгдөг, ахлагчийн 10 хувь, ур чадварын 15 хувийн нэмэгдэл авдаг, зөвлөлийн хуралд зөвхөн ахлагч нар суудаг байсан. Тэгэхэд Д.Оюунчимэг нь энэ хуралд тогтмол суудаг байсан. Ажлаа хийж урамшуулал авах болохоороо ахлагч болчихоод хариуцлага хүлээх болохоор би ахлагч биш гэж тайлбарлаж байгааг гайхаж байна. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу ажлаас чөлөөлөгдөх тушаал гарснаас 6 хоногийн дараа Д.Оюунчимэг нь зочид буудалд очиж зочид буудлын бүртгэлийн дэвтрийг үйлчлэгч Цэндсүрэнгээс аваад явсан байдаг. Мөн бичиг хэргийн бичээч Я.Сарантуяагаас зөвлөлийн хурлын тэмдэглэл авахаар нэхсэн байдаг энэ бүгдийг өөрийн хийсэн үйлдлээ засах оролдлого гэж ойлгож байгаа. Тиймээс Д.Оюунчимэгийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт болон байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн в дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 6/14 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаагийн зэрэгцээ нэхэмжлэгч Оюунчимэг шиг зан харилцааны соёлгүй, өөрийн алдаа дутагдлыг ухамсарлах чадваргүй, байгууллагын эд хөрөнгийг амин хувьдаа ашигладаг, байгууллагад хохирол учруулдаг ийм хүнд ахин итгэл хүлээлгэж цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талтай эвлэрэх санал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх зөвлөлийн хурал дээр ажлаас халах тийм зүйл яриагүй. 18 дугаартай өрөөнд хүн хоноогүй нь камерт бичигдээгүй байна гэж хэлээгүй. Хурлын дараа арга хэмжээ авна гэхээр нь ямар арга хэмжээ авах юм бэ? гэсэн чинь ажлаас хална гэж хэлсэн. Баярдэлгэрийг гэрчээр оруулах гэтэл зөвшөөрөөгүй. Зөвлөлийн хурал дээр мөнгө тушаагаагүй талаар яригдаагүй. Тайлан тавьсны дараа дэвтэр өгөхгүй байж байгаад ганц цаас энийгээ ав гэж өгсөн. Буудалд хүн буугаад төлбөрөө төлөөгүй, мэдэгдээгүй гэсэн ямар ч яриа гараагүй. Би энэ байгууллагад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журамд ноцтой зөрчлийн талаар тодорхой зааж өгсөн байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээнд тодорхой зааж өгсөн байгаа. Байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглах, завдсан үед ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж. Гэрч Цэндсүрэн, Сарантуяа нар нь Д.Оюунчимэгийг тайлан зөрчилтэй гаргасан талаар мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч камерын бичлэгт байдаггүй гэж байна. Тухайн үед Д.Оюунчимэг нь камерын бичлэгийг хянах шаардлагагүй гэж хэлсэн нь хүлээн зөвшөөрч тэгж хэлсэн гэж ойлгож байна. 21-23-ны өдрүүдэд буудалд хүн хоносон гэх бүртгэл байдаг боловч тооцоо хийгдээгүй байдаг тул татгалзлаа дэмжиж байна гэжээ.

     Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/14 тоот тушаалыг хүчингүй болгож, Тамирчин овогт Дүвчингийн Оюунчимэгийг Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын зочид буудлын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газраас ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговор буюу 1.387.627  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунчимэгт олгож, нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн байгууллагад оруулсан орлогын хувь 1.090.000  төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оюунчимэг болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь улсын тэмдэгтийн хураамжид 54.592 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 37.152 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс ажил олгогч нь ажилтныг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлох баримтаар нотолж чадаагүй тул ажилтныг ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр гаргасан байна. Уг дүгнэлтийн гол үндэслэл нь хэдийгээр гэрчүүд буудлын бүртгэлийн дэвтэрт зочингүй хоносон гэх өрөөнүүдэд хүн хоносон тухай нотолдог боловч тэр хүн нь төлбөр төлсөн эсэх, төлбөр төлсөн бол хэдэн төгрөгийн төлбөр төлсөн болохыг нотолж чадаагүй гэж үзсэн. Дээрх гэрчүүд нь тухайн байгууллагад ажилладаг, буудлын өрөөнүүдэд хүн хоносон эсэхийг мэдэх бололцоотой, түүнд хяналт тавьж ажилладаг боловч ажил үүргийн хувьд төлбөрийг хүлээн авах үүрэггүй тул уг байдлыг нотлох            боломжгүй нь ойлгомжтой   юм. Шүүхэд хариуцагчаас тухайн зочид буудлын үнэ тогтоосон актыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд үндэслэн өрөөнүүдийн үнэ болон нийт хохирлыг тооцох боломжтой байсан. Мөн зочид буудлын бүртгэлд тухайн өрөөнүүдэд зочид хонохдоо хэдэн төгрөгийн үнэ төлж байсан тухай тодорхой заасан байгаа. Үүнд үндэслэн хохирол учирсан байдлыг тогтоох боломжтой юм. Шүүх хуралдаанд шүүгч хариуцагч талаас учирсан хохирлоо нэхэмжлэх эсэхийг лавласан. Манай талаас өнөөдрийн байдлаар хохирлоо нэхэмжлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Байгууллага, иргэн өөрт учирсан хохирлоо тухайн шүүх хуралдаанд нэхэмжлээгүй нь хохирол учраагүй, нэхэмжлэх зүйлгүй гэж үзэж үндэслэл болохгүй юм. Шийдвэрт харуулын рапортын дэвтэр, гэрч Л.Мөнхтогтох, Л.Сарантуяа, Д.Батцэрэн, П.Цэндсүрэн, Ц.Тогтуунбаяр нарын мэдүүлгийг хуулийн дагуу авагдсан нотлох баримт тул шийдвэрийн үндэслэл болгосон гэжээ. Гэвч харуулын рапортын дэвтрийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлд 9 болон 1 дугаарын өрөө хүнтэй хоносон тухай, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлд 7,6,8,9 дугаарын өрөө хүнтэй хоносон тухай тэмдэглэгдсэн, гэрч П.Цэндсүрэн данс тооцоо, тайлангийн зөрчлөөс болж чөлөөлөгдсөн”, Д.Батцэрэн "... Буудалд хүн буусан байхад үүнийг тайланд тусгаж өгөөгүй, ... Д.Оюунчимэг өөрөө ямар нэгэн тайлбар хэлээгүй, эсэргүүцээгүй үүнийг нь би зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон..”, Л.Сарантуяагийн “... зөвлөлийн хурал тарсны дараа дарга бид хоёр Д.Оюунчимэгтэй уулзахад зөрчлөө хүлээн зөвшөөрөөд гарсан, камерийн бичлэг шүүх шаардлагагүй гэсэн” гэх мэдүүлгүүдэд хангалттай үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн 87-88 дугаар хуудсанд авагдсан бэлэн мөнгөний гүйлгээний тайланг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохигчид шүүх хуралдаанд шинээр нотлох баримт гаргах эрхтэй боловч уг нотлох баримт нь шүүх хуралдаанаас өмнөх хугацаанд гаргаж өгөх боломжгүй байсан тухайгаа нотлох үүрэг хүлээдэг.

Гэвч үүнийг харгалзан үзэлгүйгээр бэлэн мөнгөний гүйлгээний тайланг шүүх хуралдааны үед хүлээн авч нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.      Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2016/00371 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасан “нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа” -г мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т  заасны дагуу орон нутагт 14 хоногийн дотор гүйцэтгэх ёстой. 

Гэтэл нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан боловч хавтаст хэрэгт уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулсан тухай баримт авагдаагүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан хэргийн оролцогчдийн эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай  танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг эдлүүлээгүй, мэтгэлцэх зарчмыг  хэрэгжүүлээгүй гэж үзнэ. /хэргийн 41 дүгээр тал/

Дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн учраас маргааны үйл баримтад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт хийгээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 143/ШШ2016/00371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул хариуцагч Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 30.850 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын газрын 5585042119 тоот данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ    

                                                                                               Н.НАСАНЖАРГАЛ