Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00908

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00908

 

 

Б.Ц-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01100 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ц-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 132,056,500 төгрөг гаргуулах үндсэн,

92,880,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.А, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2014 онд хариуцагч С.Б-ийг сайн үзмэрч гэхээр нь очиж танилцаж байсан. 2017 оны 01 дүгээр сард С.Б- над руу залгаж мөнгө зээлээч гэж бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн.

1.1. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба нэг сарын хүү нь 10 хувь болно. Уг гэрээний дагуу би нийт 38,400,000 төгрөгийн хүүг хариуцагчаас хүлээн авсан /12 сар х 3,200,000 төгрөг/. Уг гэрээний дагуу 32,000,000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй.

1.2. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 67 тоот зээлийн гэрээ /гэрээний нэмэлт санхүүжилтийн ба хугацаа сунгалт/-ны хувьд уг гэрээгээр 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 32,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл дээр хариуцагч нь нэмж 21,350,000 төгрөгийг зээлж авсан. Би энэ гэрээний дагуу хариуцагчаас 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 83,226,000 төгрөгийг зээлийн гэрээний хүүнд тооцож авсан /53,350,000х6.5 хувь/. Уг гэрээний зээлийн үлдэгдэл төлбөр буюу үндсэн зээл 53,350,000 төгрөг төлөгдөөгүй.

1.3. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №314 тоот зээлийн гэрээний дүн нь 20,000,000 төгрөг ба сарын хүү нь 6 хувь. Уг гэрээний дагуу би хариуцагчаас үндсэн зээл болох 20,000,000 төгрөгийг аваагүй. Харин 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хүүнд 14,400,000 төгрөг авах ёстойгоос 11,074,000 төгрөг авсан /20,000,000 төгрөг х 6 хувь/

1.4. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 53,350,000 төгрөгийн үнэ бүхий №137 тоот зээлийн гэрээний хүүг бид сарын 5 хувиар тохирсон. 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл тооцоход хариуцагчаас нийт 64,020,000 төгрөгийг зээлийн хүүнд авах ёстой /53,350,000 төгрөг х5 хувь=2,667,500 төгрөг нь нэг сарын хүү. 2,667,500 төгрөг х 24 сар=64,020,000 төгрөг/.

1.5. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20,000,000 төгрөгийн Зээлийн гэрээний сунгалт /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/ №138 тоот гэрээний хүүг бид сарын 5 хувиар тохирсон. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тооцоход хариуцагчаас нийт 24,000,000 төгрөгийг зээлийн хүүнд авах ёстой /20,000,000 төгрөг х5 хувь=1,000,000 төгрөг нь нэг сарын хүү. 1,000,000 төгрөг х 24 сар=24,000,000 төгрөг/.

1.6. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №384 тоот 73,350,000 төгрөгийн зээлийн гэрээний хүүг бид сарын 5 хувиар тохирсон. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тооцоход хариуцагчаас нийт 29,340,000 төгрөгийг зээлийн хүүнд авах ёстой /73,350,000 төгрөг х5 хувь=3,667,500 төгрөг нь нэг сарын хүү. 3,667,500 төгрөг х 8 сар=29,340,000 төгрөг/.

1.7. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №111 тоот 53,350,000 төгрөгийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний хүүг бид сарын 5 хувиар тохирсон. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс гэрээ цуцлагдах хүртэл 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тооцоход хариуцагчаас 8,002,500 төгрөгийг зээлийн хүүнд авах ёстой /53,350,000 төгрөг х5 хувь=2,667,500 төгрөг нь нэг сарын хүү. 2,667,500 төгрөг х 3 сар=8,002,500 төгрөг/.

Нэхэмжлэгч нь хариуцагч С.Б-ээс нийт буцаан төлөгдөөгүй үндсэн зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл 73,350,000 төгрөг, зээлийн хүүнд 29,442,000 төгрөг, алданги 26,514,500 төгрөг, бичгээр байгуулаагүй зээлсэн төлбөрийн үлдэгдэл 2,750,000 төгрөг, нийт 132,056,500 төгрөгийг гаргуулна. Хариуцагч С.Б- нь нэхэмжлэгчид зээлийн гэрээ үргэлжлэх хугацаанд нийт 205,080,000 төгрөгийг буцаан төлсөн талаар маргахгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 132,057,000 төгрөг гэж буруу бичсэн бөгөөд одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь 132,056,500 төгрөг гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Хариуцагч С.Б- нь нэхэмжлэгч Б.Ц-тэй нийтдээ 7 зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот зээлийн гэрээний дагуу 32,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 67 тоот зээлийн гэрээний дагуу 21,350,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №314 тоот зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг тус тус бодитоор хүлээн авсан талаараа маргахгүй. Гэхдээ хариуцагч С.Б- нь бодитоор авсан буюу эхний 3 гэрээний үүргүүдээ бүрэн төлж дуусгасан.

Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 32,000,000 төгрөг, 12 сарын хүү 38,400,000 төгрөг, нийт 70,400,000 төгрөгийг буцаан төлсөн. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний дагуу 21,350,000 төгрөгийг шинээр нэмж авсан ба уг мөнгийг буцаан төлсөн. Уг гэрээний хугацааг хуульд заасны дагуу сунгаагүй, мөн шинээр хүү, алданги тохироогүй. Ийм учраас уг гэрээний дагуу төлөх үүрэг нь 21,350,000 төгрөг, уг мөнгө төлөгдсөн. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №314 тоот, 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 1 жилээр гэрээг байгуулсан. Гэрээний дагуу мөнгө нь тухайн өдрөө орж ирээгүй. Гэхдээ хариуцагч энэ талаар маргахгүй, харин хүлээсэн үүргээ бүрэн төлсөн.

Үлдэх буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 53,350,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20,000,000 төгрөгийн Зээлийн гэрээний сунгалт /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/ №138 тоот гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №384 тоот 73,350,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №111 тоот 53,350,000 төгрөгийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-нүүдийн дагуу хариуцагч ямар ч зээлийн мөнгийг хүлээж аваагүй.

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 77 удаагийн гүйлгээгээр 205,080,000 төгрөгийг С.Б- нь нэхэмжлэгчид төлсөн. Харин, нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч руу нийтдээ 95,150,000 төгрөгийг шилжүүлсэн.

Манай зүгээс нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг болон 800,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 18,850,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,050,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг буюу зээлдүүлэгч Б.Ц-гээс хэсэгчлэн шилжүүлж авсан нийт 41,800,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хүлээн авсан учир зээлийн хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Эдгээр зээлийн төлбөрт 41,800,000 төгрөгийг буцаан төлсөн. Ийнхүү нэхэмжлэгч Б.Ц-гээс авсан 73,800,000 төгрөгийн зээлийн төлбөрт 112,200,000 төгрөг төлсөн учир талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, С.Б-ийн зээлийн гэрээний үүрэг 112,200,000 төгрөгийн хэмжээгээр дуусгавар болсон байтал Б.Ц- нь 205,080,000 төгрөгийг авсан тул зөрүү 92,880,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч С.Б- миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Ц-тэй зээлийн гэрээг бичгээр байгуулан 32,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай авсан. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг болон 800,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 18,850,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,050,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг буюу 41,800,000 төгрөгийг Б.Ц-гээс дансаар хүлээн авсан. Ингэснээр зээлдэгч С.Б- би зээлдүүлэгч Б.Ц-гээс нийлбэр дүнгээр нийт 73,800,000 төгрөг хүлээн авсан бол зээлдүүлэгч Б.Ц- нь 2017-2023 оны 04 дүгээр сарын хооронд надаас 205,080,000 төгрөг шилжүүлэн авсан. Харин бодит байдал дээрх 73,800,000 төгрөгийн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүүгийн хамт нийт 112,200,000 төгрөг төлснөөр миний хувьд зээлдүүлэгч Б.Ц-гийн өмнө хүлээх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон.

Миний бие зээлийн төлбөрт илүү төлсөн 92,880,000 төгрөгийг Б.Ц-д төлөхийн тулд банк, ББСБ болон иргэдээс зээл авсан бөгөөд үүний улмаас зээл, зээлийн хүү, алдангийн дарамтад орж, сэтгэл санаа, эд хөрөнгийн хувьд хохирол хүлээгээд байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Ц-гээс 73,800,000 төгрөг авсан тул энэ хэмжээгээр мөнгийг буцаан төлсөн. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүнд 34,800,000 төлсөн бөгөөд үүнээс илүү хэмжээгээр хүү төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч би үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Иймд зээлийн гэрээний үүргээс илүү төлөлт болох 92,880,000 төгрөгийг Б.Ц-гээс гаргуулж С.Б-т олгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Нийт 2 удаагийн зээлийн гэрээгээр 53,350,000 төгрөгийг надаас зээлж аваад, хоёр зээлийн үндсэн зээлийг төлөөгүй атлаа 3 дахь удаагаа дахин зээлийн гэрээ байгуулж, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болон 26-ны өдрүүдэд нийт 21,850,000 төгрөгийг надаас зээлж авсан. Үүнээс гадна С.Б- нь надтай албан ёсоор зээлийн гэрээ байгуулахгүйгээр 15,000,000 төгрөгийг зээлж авч байсан бөгөөд энэхүү мөнгийг маань бүхэл бүтэн 4 сарын турш өөртөө ашиглаж, ямар нэгэн хүү төлөхгүйгээр 2019 оны 03 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд буцаан өгч байсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр надаас 800,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,050,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Би хариуцагчтай хуульд нийцсэн гэрээ байгуулсан, өөрөө ашиглаад явах боломжтой мөнгөө хариуцагчид зээлдүүлсэн, харин эсрэгээрээ авах ёстой мөнгөө хариуцагчаас аваагүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Б-ээс 132,056,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-гээс 92,880,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 976,185 төгрөг, хариуцагчаас төлсөн 622,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт үүрэгт зээлдэгч нь нийт 70,400,000 төгрөг төлөх ёстой байсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад үүргийг гүйцэтгэж дуусаагүй, зээлийн үлдэгдэлтэй, хугацаа сунгах хүсэлтэй байсан.

Гэрээний хугацаа дуусах үед үүргээ гүйцэтгэж дуусаагүй мөн дахин нэмэлтээр мөнгө зээлэх хүсэлтэй байгаагаа хариуцагч хангалттай тодорхой илэрхийлсэн тул талууд харилцан тохиролцоод өмнөх зээлийн гэрээний хугацааг сунган, зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн болно. Уг хэлцлийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээний хэлбэрийн шаардлагыг бүрэн хангуулж, бичгээр хийсэн ба уг бичгээр хийсэн гэрээн дээр өөрсдийн хүсэл сонирхлыг хангалттай тодорхой илэрхийлж, сайн дураараа гэрээг байгуулсан болно.

Гэтэл шүүхээс уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох аливаа эрх зүйн үндэслэл байхгүй, маргаантай нөхцөл байхгүй байхад бодит дүгнэлт хийлгүй үндэслэлгүйгээр гэрээний сунгалт биш гэж үзэж, уг дүгнэлтээ үндэслэн нэхэмжлэгчийн харилцан тохиролцсон хүү авах эрхийг хязгаарласан байна. Хэрэгт авагдсан гэрээнүүдийг талууд сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан бөгөөд гэрээний агуулгын хувьд хуулиар хориглосон зүйл байхгүй ба талуудын гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгын өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хийгдсэн.Иймд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний дагуу тус тус зээлийн хүү болон алданги шаардах эрхтэй хэмээн үзэж байна. Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 132,056,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэртэй санал нэг байна, хууль ёсны гэж үзэж байна. Нэхэмжлэгч 7 гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа. 7 гэрээний дагуу талуудын маргаагүй үйл баримтын хүрээнд үндэслэж шүүх дүгнэлт хийсэн. Тухайн 7 гэрээний дагуу бодитойгоор зээлж авсан мөнгөний хэмжээ 73,800,000 төгрөг гэдэг талаар талууд маргаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийсэн. Мөн С.Б-ийн төлсөн төлөлт нь 205,080,000 төгрөг гэдэг талаар талууд маргаагүй буюу зээлсэн мөнгөний хэмжээ, төлсөн мөнгөний хэмжээнд үндэслээд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 73,800,000 төгрөгийг эхний 3 гэрээний дагуу бодитойгоор шилжүүлсэн буюу эхний 3 гэрээ байгуулагдсан гэдэг талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, түүнтэй холбоотой тооцооллыг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч С.Б- олон нийтэд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг Төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг бөгөөд түүний нэр хүнд, ажил байдлыг нь нэхэмжлэгч Б.Ц- мэддэг байсан. Б.Ц- нь С.Б-т хандан ажил дээр чинь очно шүү , Солонгосын визд орох гэж байгаа болохоор авлагатай мэтээр баримт бүрдүүлэх хэрэгтэй гэх зэргээр сэтгэл зүйн дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх болон хууран мэхлэх байдлаар, зөвхөн өөрийн хийж тооцоолсон дүнтэй зээлийн бичиг баримтад С.Б-ээр гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл, С.Б- нь сайн дураар Б.Ц-д илүү мөнгө төлсөн зүйлгүй бөгөөд үндэслэлгүйгээр 92,880,000 төгрөгийг Б.Ц-д төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Иймд гомдлын дагуу хэргийг хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Ц-гээс 92,880,000 төгрөг гаргуулах тухай С.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гэрээгээр тохиролцсоны дагуу хүү төлж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний талаар ямар нэгэн байдлаар хууль зүйн дүгнэлт гаргаагүй. Үүнтэй холбоотой хүү төлөх ёсгүй, хууль хэрэглээний хувьд тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн хүрээнд илүү хүү төлсөн, хүчээр төлсөн гэх агуулгатай зүйл ярьж байна. Гэрээний хугацаа сунгасан гэдэг нь тодорхой байна. Олон удаагийн зээлийн гэрээгээр өгсөн гэдэг ойлголт байхгүй. Үлдэгдэл төлбөр, үндсэн төлбөр тэд байна гэсэн сунгалтууд байгаа. 7 гэрээний дагуу шаардсан зүйлгүй. Зээлийн гэрээний дагуу авагдаж, төлөгдсөн мөнгөн төлбөр. Илүү төлбөр төлчихлөө гэж байгаа боловч хүчингүй болгох хүчин төгөлдөр бусад тооцуулах ямар ч шаардлага байхгүй, хууль ёсоор төлөгдсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч С.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 132,056,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч зээлээс илүү төлсөн 92,880,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ.

 

2.1. Б.Ц- нь С.Б-тэй байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 32,000,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, /1хх8/

 

2.2. Талуудын байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ /гэрээний нэмэлт санхүүжилтын ба хугацаа сунгалт/-гээр 32,000,000 төгрөгийн зээлийн гэрээн дээр нэмж 21,350,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгах, сарын 6,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, /1хх9/

2.3. Талуудын байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэй байхаар тус тус харилцан тохиролцжээ. /1хх16/

 

2.4. Мөн талууд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээний сунгалт /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээний сунгалт /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-нүүдийг бичгээр байгуулсан талаар маргаагүй.

 

2.5. Дээрх зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч С.Б-т нийт 73,350,000 төгрөгийг зээлдүүлсэн, хариуцагч С.Б- нь нэхэмжлэгч Б.Ц-д нийт 205,080,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн талаар талууд мөн маргаагүй байна.

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх боловч анхан шатны шүүхийн дүгнэлт болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хууль хэрэглээнд өөрчлөлт оруулж зөвтгөнө.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байх ба иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг зөвшөөрдөг боловч мөнгө хүүлэх зорилготой буюу олон удаагийн, байнга давтагдах шинжтэй байж болохгүй. Учир нь, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь уг хуульд заасны дагуу зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, эрхгүй этгээд байх тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй боловч хүү, алданги шаардах эрхгүй байна.

 

5. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүхээс, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул холбогдох өөрчлөлт оруулна.

 

6.1. Хариуцагч С.Б- нь нэхэмжлэгч Б.Ц-д Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар нийт 205,080,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт өрийг хүлээн зөвшөөрч сайн дураараа төлсөн байх тул буцаан шаардах эрхгүй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг дарамт шахалтад оруулж зээлийн төлбөрийг гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01100 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан уг заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б-ээс 132,056,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Ц-гээс 92,880,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж тус тус дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 818,232 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 620,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ