| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0649/Э |
| Дугаар | 651 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ч.Батбаяр /томилолтоор/
шүүгдэгч А.М, Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.М, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Т тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08328 0700 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, А.М
2. Монгол улсын иргэн, Б.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн автобусны буудлын орчимд иргэн Т.Батбилэг, У.Жадамба нартай тамхи, ундаа өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан улмаар иргэн Т.Батбилэгийн биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн шүүгдэгч Б.Т нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн автобусны буудлын орчимд иргэн Т.Батбилэг, У.Жадамба нартай тамхи, ундаа өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан улмаар иргэн У.Жадамбын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: Тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Бөхийн Өргөөний орчим явж байгаад хохирогч Т.Батбилэг, У.Жадамба нараас тамхи, ундаа гуйсан боловч өөдөөс маргалдахаар нь Батбилэгийн эрүү рүү гараараа 3 удаа цохисон. Манай найз Т Жадамбаагийн хамар руу цохисон. Тэгээд И-мартын чиглэлд явж байхад араас цагдаагийнхан ирж барьж авсан. Тэгээд эрүүлжүүлэгдсэн. Маргаашнаас нь байцаагдсан. Хохирогчийн хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: Мярьсан үйл явдал болсон нь үнэн. Хохирогчийн хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Батбилэгийн өгсөн: ...Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Хөдөө аж ахуйн автобусны буудлын орчим найз Жадамбын хамт явж байхад танихгүй 6 залуу өөдөөс ирж байснаа миний бариад явж байсан ундааг авна гээд намайг өгөхгүй гэхээр манай найзын татаж байсан тамхийг авна гэсэн ба мөн өгөхгүй гэхэд улаан куртиктай залуу нь гараараа миний нүүр рүү цохитол миний хамраас цус гарсан тул доош тонгойтол бас нэг хүн ирээд нүүр рүү өшиглөсөн. Тэгээд нөгөө улаан куртиктай залуу нь намайг өндийхөд гэдэс рүү цохиод байсан ба манай найз Жадамбыг саарал куртиктай залуу нь цохиж унагаагаад дээр нь суучихсан цохиж байхаар нь би очоод түлхтэл эргээд намайг зодсон. Бас цэнхэр куртиктай нь манай найзыг цохисон. Бусад нь яасныг хараагүй. Тэгж байтал нэг машин ирж зогсоод жолооч нь бууж ирэхэд нөгөө залуучууд болиод яваад өгсөн. Эрүү мултарсан юм шиг байна, ангайж болохгүй байна, толгой өвдөж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Жадамбын өгсөн: ...Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 23:50 минутын орчим өөрийн найз Батбилэгийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн өргөөний автобусны буудлын орчим явж байтал өөдөөс ирж явсан улаан хүрэмтэй залуу ирээд тамхи асуусан. Би тамхи байхгүй гэж хэлтэл манай найзын гарт байсан ундаагаа өгчих гэхээр нь ундаагаа өөрсдөө уух гэж байна гэтэл улаан хувцастай залуу миний хэвлий хэсэгт нэг удаа цохиод манай найз Батбилэгийг ТҮЦ-ний буланд шахаад нүүрэн хэсэгт цохисон. Би тэр улаан хүрэмтэй залууг болиулах гэтэл саарал хүрэмтэй залуу нь намайг хориод явуулахгүй байсан. Би гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэтэл чи наад утсаараа яах гээд байгаа юм гээд зам руу түлхсэн. Тэр саарал хүрэмтэй залуу надад ойртож ирээд миний энгэрээс татаж хамар хэсэгт нэг удаа мөргөөд зам руу түлхэж унагасан. Зам дээр намайг унасан байхад дээрээс хэн цохисныг мэдэхгүй байна, нэг хүн миний толгой хэсэгт цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12426 дугаартай шинжээчийн:
1. У.Жадамбаа-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12427 дугаартай шинжээчийн:
1. Т.Батбилэгийн биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Тын: ...Би У.Жадамбын биед уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахин ийм алдаа дутагдал гаргахгүй байж чадна...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн А.Мөнх-Эрдэнийн: ...Би Т.Батбилэгийн биед уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/,
- Шүүгдэгч Б.Т, А.М нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32, 37, 41, 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн автобусны буудлын орчимд иргэн Т.Батбилэг, У.Жадамба нартай тамхи, ундаа өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан улмаар иргэн Т.Батбилэгийн биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг,
мөн шүүгдэгч Б.Т нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн автобусны буудлын орчимд иргэн Т.Батбилэг, У.Жадамба нартай тамхи, ундаа өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан улмаар иргэн У.Жадамбын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Батбилэг, У.Жадамба, яллагдагчаар өгсөн А.М, Б.Т нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 12426, 12427 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Батбилэг, У.Жадамба нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд тус бүр 1.000.000 төгрөгийг хохиролд хүлээн авсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н 22-23 дугаар тал/,
Гэвч хохирогч нарын биед хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан тул Т.Батбилэг, У.Жадамба нар нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.М, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
- Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-г 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1. 000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.М оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг,
- Б.Т-т оногдуулсан 500 /таван зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.М, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Т.Батбилэг, У.Жадамба нар нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Т-г цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ