Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00907

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00907

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03462 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С ХХК-д холбогдох,

Алданги 170,127,465 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч С ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ХАГ-01/01 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших, Баруун наран уурхайд өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худагт өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох М ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг тухай бүр захиалагчийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн боловч захиалагч нь төлбөр төлөх хугацааг олон хоногоор хожимдуулж манай байгууллагад ихээхэн хохирол учруулсан болно. Талуудын байгуулсан гэрээний 7.10-т заасны дагуу захиалагч тал нь гүйцэтгэлийн төлбөрийг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувиар алданги төлөхөөр тохирсон бөгөөд С ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй удаа дараа хожим дуулснаас бидний хувьд ихээхэн хохирол үүссэн боловч бодит хохирол бус зөвхөн алдангийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд С ХХК-аас гэрээний алданги болох 170,127,465 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болон нэмэлт гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Уг гэрээний төлбөр тооцоо бүгд хийгдэж дууссан. Талууд тооцоо нийлэх акт үйлдсэн. Мөн Ковид цар тахалтай холбоотойгоор хугацаа хойшилсон талаар хэн аль нь мэдэж байгаа, нийтэд илэрхий үйл баримт юм. Талууд тооцоо нийлээд дууссан буюу 2022 онд нэхэмжлэгчээс төлбөрийн баталгаа өгсөн, үүнд төлбөрийн үлдэгдэл байхгүй гэсэн байдаг. Гэтэл одоо алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд үндсэн төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул алданги гэж нэхэмжилсэн 170,127,465 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан алданги 170,127,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,012,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн төлөөлөгч Б.А-, Н.Н- нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт дурдсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ы шүүх хуралдаанд гаргасан алдангийн тооцооллын задаргаа, алданги нэхэмжилсэн нөхцөл, бусад баримтын тайлбарыг авч үзээгүй буюу шүүхийн шийдвэрт бүхэлд нь тусгаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг бүхэлд нь тусгахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчдын тайлбар нь нотлох баримтын нэг төрөл болохыг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт тодорхой заасан ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ы шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт оруулаагүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд шалтгаант холбоотой байна. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ковид 19 цар тахлын улмаас эдийн засаг, уул уурхай уналтад орсон тул төлбөр хойшилсон гэсэн тайлбар өгсөн.

4.б. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиас хэтрэхгүйгээр анз тогтоох боломжтойг заасан бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заасан бол алданги авах боломжтойг хуульчилсны дагуу талуудын байгуулсан гэрээний 7.10-т захиалагч тал нь гүйцэтгэлийн төлбөрийг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувиар алданги төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үндсэн төлбөр нэхэмжлэх хугацаа, алдангийн төлөлт болон хариуцагчид мэдэгдэх процессыг тайлбарласан боловч шүүхийн тодорхойлох хэсэг, үндэслэх хэсэгт бичигдэж дүгнэгдээгүй байна.

Анхан шатны шүүхээс зөвхөн алданги нэхэмжилсэн баримт хавсаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн талуудын хооронд өмнө нь үйлдсэн тооцоо нийлсэн акт нь зөвхөн хугацаа хэтэрсэн үндсэн төлбөрийн үлдэгдлийг тодорхойлсон бөгөөд алдангийн хэмжээг хуульд заасны дагуу өдөр тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцсон боловч шүүхээс үндсэн төлбөр нэхэмжилсэн тооцоо нийлсэн акт дээр алдангийн дүн бичигдээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүх хуралдааны тэмдэглэлд төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн бүх тайлбарыг тусгасан. Тийм учраас хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах ноцтой зөрчил гараагүй гэж үзэж байна. Гэрээнд алданги авах эрхтэй гэж заасан боловч алданги тооцохгүй байх зохицуулалт байгаа. Талуудын байгуулсан гэрээний 14.1.1, 14.1.4-т гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон үед алданги тооцохгүй гэж тохиролцсон байдаг. С ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон тухай гэрчилгээ олгогдсон. Тийм учраас алданги тооцох ёсгүй. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо дуусгавар болсон тухай аудитын дүгнэлт гарсан. Тийм учраас хариуцагч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасны дагуу үүргийг зохих ёсоор гүйцэтгээд дуусгавар болсон. Ямар үндэслэлээр хариуцагчийг үүргээ зөрчсөн, ямар хугацааны алдангийг хэрхэн яаж тооцож гаргаж байгаа нь тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь С ХХК-д холбогдуулан алдангид 170,127,465 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Талуудын байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ХАГ-01/01 тоот Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-гээр гүйцэтгэгч М ХХК нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт байрлах, Баруун наран уурхайд өрөмдлөгийн ажлыг өрөмдлөгийн даалгавар, ажил гүйцэтгэх хуваарь, ажлын зураг төсөл, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, нормд заасан нөхцөлүүдэд нийцүүлэн хийж гүйцэтгэх, захиалагч С ХХК нь хөлсийг гэрээнд заасны дагуу төлөх, ажлын гүйцэтгэлийг тухайн сард захиалагчийн өгсөн даалгаврын дагуу өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийн бодит гүйцэтгэлээр тооцохоор харилцан тохиролцжээ./хх7-24, 51-85/

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин талуудын маргаж буй үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3.1. Зохигчид 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ХАГ-01/01 тоот гэрээний 7.10-т гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын дагуу сарын төлбөрийг хийх үндэслэлтэй бол энэ гэрээний 3.5-д заасныг баримтлан гүйцэтгэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш хуанлийн 60 хоногийн дотор багтааж төлбөрийг бүрэн шилжүүлнэ. Талууд харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд захиалагч төлбөрийг энэ хугацаанаас хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тухайн төлбөрийн төлөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө. гэж,

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний 7.1.8-д хэрэв захиалагч тал нь гүйцэтгэгчийн нэхэмжилсэн төлбөрийг 3.6-д заасны дагуу төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлнө гэж тус тус харилцан тохиролцжээ. Талуудын гэрээний дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

 

4. Хариуцагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь Ковид цар тахалтай холбоотойгоор хугацаа хойшилсон талаар хэн аль нь мэдэж байгаа, нийтэд илэрхий үйл баримт юм. Талууд тооцоо нийлээд дууссан буюу 2022 онд нэхэмжлэгчээс төлбөрийн баталгаа өгсөн гэх тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн хугацаа хэтэрсэн төлбөрийн алдангийн тооцоолол хийсэн нотлох баримтыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна. Уг нотлох баримтыг үндэслэн алданги тооцвол 170,127,465 төгрөг байна.

 

4.2. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хариуцагч С ХХК-ийн хүсэлтээр Ковид-19 цар тахлын үеийн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олгосон байна. /хх88/

 

5. Талууд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлж, 298,591,986.64 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлджээ./хх 86/

 

5.1. Мөн, хариуцагч нь дээрх тооцооны үлдэгдлийг төлж барагдуулсан талаар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч М ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ч.Мэндээ гарын үсэг зурж баталгаажуулсан баримтын талаар талууд маргаангүй байна./хх 87/

 

6. Давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас нэхэмжилсэн гэрээний алдангийг 50 хувиар багасгаж 85,063,732 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 85,063,732 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас 85,063,732 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 85,063,732 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч С ХХК-аас 583,269 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,012,000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 210/ШЗ2024/00079 дугаар захирамжаар буцаан олгосон болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ