Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Ж.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Л холбогдох эрүүгийн 1906 0009 30301 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.Л

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Л нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын амны нутаг дэвсгэрт байрлах “Ривер бич” нэртэй амралтын газарт шинэ жилээ тэмдэглэж байгаад иргэн Ч.Батхүүг гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Л мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

           Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Батхүүгийн өгсөн: ...Орой 23:00 цагийн орчим шинэ жилийн баяр тараад ресторанаас гарах гэсэн чинь манай “Сүлд” компанийн хүний нөөцийн хэлтсийн дарга Мөнхзаяа гэгч согтуурхаад, ширээний ард суучихсан орилоод чарлаад байхаар нь би хөөе чи наад чимээгээ болиоч гэж хэлтэл нөгөө Мөнхзаяа гэгч хүүхэн намайг гаж донтон, ижил хүйстэн новш минь зайлаач гэх мэтээр хэл амаар доромжлилсон. Миний уур хүрээд чи намайг доромжилдог хэн бэ, би ижил хүйстэн гэхээр ямар хүнтэй явалдсан юм гэж орилсон чинь намайг манай компанийн оператор ажилтай Ж.Л гэгч нь намайг танихгүй нэг залуугийн хамтаар миний хоёр суганаас өргөөд тухайн рестораны үүдний өрөөнд хөөж гаргасан. Би гараа сугалаад гар тавж гэж гараа савлахад Ж.Лийн баруун талын шанаанд нь санамсаргүй цохисон юм шиг байна лээ. Ж.Л намайг өөрийг нь цохилоо гэж бодоод намайг эргүүлээд баруун гараараа зүүн нүдний хөмсөг орчим 1 удаа цохисон. Миний хөмсөгнөөс цус гараад би 102, 103 дугааруудад дуудлага өгсөн. 103-н эмч ирээд миний хөмсгөн дээр 3 оёдол тавьсан. Ж.Л бид хоёр хэрэлдэж маргалдаагүй, намайг хэл амаар доромжлоогүй. Бид хоёрын дунд муудалцах асуудал болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Отгонбаярын өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 22-нд манай байгууллагын шинэ жил болоод орой 22:30 цагийн орчим тарсан. Хүмүүс явах гээд автобусанд суучихсан байсан. Тэгсэн Батхүү ах ресторан дотор орилоод зогсож байсан. Тэгэхээр нь би Батхүү ахыг сугадаад ресторанаас гаргаад үүдэнд иртэл Батхүү ах над руу буцаж агсраад, миний хувцаснаас татаад, бид хоёр газар унасан. Тэгсэн Ж.Л рестораны 2 давхраас Батхүү ахын гадуур хувцсыг нь аваад буугаад ирсэн. Ж.Л Батхүү ахыг хувцсаа өмс гэж хэлж байсан. Тэгээд рестораны үүдний өрөөнд Ж.Л, Батхүү ах хоёр үлдээд би гараад явсан. Намайг байхад л Батхүү ахыг хэн нэг нь зодож цохиогүй, би шинэ жилээс гараад шууд гэр рүүгээ явсан. Хамгийн сүүлд рестораны үүдний өрөөнд Батхүү ахтай хамт Ж.Л үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Жаргалсайханы өгсөн: ...Батхүүг би хүмүүстэй муудалцаж байхыг нь тэр орой хараагүй. Тухайн үед л нэг нь хүрч ирээд л Батхүү гуайг агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгээд л би үүдэнд гарч харсан. Маргааш нь ажил дээр ирээд өчигдөр юу болсон талаар операторуудаас асуутал Отгоо, Чимгээ хоёр хэлэхдээ Мөнхзаяа Батхүү ахыг ижил хүйстэн гэж хэл амаар доромжилсноос болоод би ижил хүйстэн биш гэж орилж чарлаад хэрүүл маргаан үүссэн гэж хэлсэн. Надад Батхүү хэлэхдээ Ж.Л намайг зодчихлоо л гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Энхчимэгийн өгсөн: ...Тэгээд Ж.Л бид хоёр Батхүүгийн хувцсыг өмсгөх гэсэн чинь Батхүү ах Мөнхзаяа гэдэг хүүхэн намайг хэл амаар доромжилсон, би хариугаа авна, учраа олж байж явна гээд гадуур хувцсаа өмсөхгүй байсан. Намайг эргээд хартал Батхүү ахыг Ж.Л сандал рүү түлхсэн. Тэгсэн Батхүү ахын шил нь шалан дээр уначихсан, зүүн нүдний дээд талын хөмсөгнөөс цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 555 дугаартай шинжээчийн:

1. Ч.Батхүүгийн биед тархи доргилт, зүүн хөмсөг духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 25-27 дугаар тал/,

- Шүүгдэгч Ж.Ж.Лийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30, 31, 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Лнь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын амны нутаг дэвсгэрт байрлах “Ривер бич” нэртэй амралтын газарт шинэ жилээ тэмдэглэж байгаад иргэн Ч.Батхүүг гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Ж.Лнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Ч.Батхүү хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ж.Ж.Лид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Ж.Лнь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын амны нутаг дэвсгэрт байрлах “Ривер бич” нэртэй амралтын газарт шинэ жилээ тэмдэглэж байгаад иргэн Ч.Батхүүг гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Батхүү болон яллагдагч Ж.Лнарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 555 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Ж.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Ч.Батхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан 120.000 төгрөгийн хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн ба хохирол төлбөр зуун хувь төлөгдсөн тул гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Ж.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 51 дүгээр тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ж.Лнь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Ч.Батхүү гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул Ж.Ж.Лид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Лнь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Ж.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Л-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Л-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ