Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

  Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 тоотод байрлах, “Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд холбогдох

 Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 810 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлгч Б.Наранцацрал, хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

   

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацралаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жи-мобайл” ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороотой “зээлээр худалдах, худалдан авах” ХАГ-00123/15 тоот гэрээ байгуулж, U6 нэг бүр нь 360 000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг нийт 1 440 000 төгрөгийн гар утсыг 6 сарын хугацаатай зээлээр худалдсан. Гэрээг тус хорооны засаг дарга Ж.Оюунцэцэг байгуулж, гарын үсэг зурж тэмдэг даран баталгаажуулсан. Гэвч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүйн улмаас одоогийн байдлаар манай компанид 540 000 төгрөгийн хохирол байна. Иймд гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 540 000 төгрөг, алданги 270 000 төгрөгийн хамт нийт 810 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Манай компани нэхэмжилсэн төлбөрийн алданги 270 000 төгрөгийг татгалзаж, үлдэх 540 000 төгрөгөөс хариуцагч нь 360 000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 180 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны дотор төлөхөөр тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхжаргалаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жи-мобайл” ХХК нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооноос 810 000 төгрөг нэхэмжилсэн. Уг төлбөрөөс алдангийн 270 000 төгрөгийг татгалзсан болно. Үлдэх 540 000 төгрөгөөс тус хороо нь 360 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 180 000 төгрөгийг 7 хоногийн дотор уюу 2016 оны 6 дугаар сарын 27-ны дотор төлөхөөр тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхжаргал нар дараахь байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. 1/. Нэхэмжлэгч нь үндсэн төлбөр 540 000 төгрөг, алданги 270 000 төгрөг, нийт 810 000 төгрөг нэхэмжилснээс алданги 270 000 төгрөгөөс татгалзаж байна. 2/. Хариуцагч нь үлдэх 540 000 төгрөгөөс 360 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэх 180 000 төгрөгийг 2016 оны 6 сарын 27-ны дотор төлөхийг зөвшөөрсөн болно. 3/. Бидний эвлэрэл нь сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хуульд заасан үр дагаварыг ойлгосон болно гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 810 000 төгрөгөөс 270 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 540 000 төгрөгөөс 360 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэх 180 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 16 850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд холбогдох худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 810 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 270 000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь үлдэх 540 000 төгрөгөөс 360 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэх 180 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7. дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 16 850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.