Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00906

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00906

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/00753 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О ХХК-д холбогдох,

Илүү цагийн хөлс 7,201,807 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч З.С, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б А нь О ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу 1 гарахдаа 12 цагаap ажиллаж, мөн зүйлийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу 1 ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь Б.А-ийн илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2022 оны 09 дүгээр сарын 6,831,068 төгрөг, 10 дугаар сарын 14,011,649 төгрөг, 11 дүгээр сарын 23,054,019 төгрөгийн цалингаас нэг цагийн илүү цагийн хөлсийг тооцоход 85,735.80 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 7,201,807 төгрөг байна.

Иймд хариуцагч О ХХК-аас 7,201,807 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-эд олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны 1 ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ. Тиймээс нэхэмжлэлд дурдсанчлан ажилтныг нөхөн амраалгүй 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа гэсэн нь үндэслэлгүй. Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа.

Нэхэмжлэгчийн хувьд ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдсэн гэж үзнэ. Гэвч нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил 3 сарын дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сард ажилд орсон бөгөөд тухайн үед хөдөлмөрийн нөхцөл, дотоод журам зэргийг танилцуулан зөвшөөрсний үндсэн дээр ажилд орсон.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б А-ийн хариуцагч О ХХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 09, 10, 11 сарын илүү цагийн хөлс 7,201,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх ажилтныг 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цагаар ажиллуулсан гэж зөв дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан ажил амралтын хугацааг ажилтныг илүү цагаар ажиллуулсан хугацааг нөхөн амруулахыг шууд зохицуулсан байна гэж буруу дүгнэлт хийсэн. Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсгийн зорилго тодорхой харагдана.

Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 94.4 дэх хэсгийг баримталж ажил, амралтын цаг тэнцүү байх тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй, харин илүү цагийн хөлсийг тооцуулах авах эрх үүссэн.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 94.4 дэх хэсгийг хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ мөн зүйлийн 92.3 дахь хэсэгт илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу мөн зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагч компанийн зүгээс нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим буюу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд нийцэхгүй.

Мөн дээрх хуулийн зохицуулалтууд нь ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Ингэхдээ илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулахгүйгээр энэ ажил амралтын горимоо баримтлаад илүү цагийн хөлсийг тооцож олгоорой гэдгийг тодорхой зааж өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хэргийг таамаглалаар шийдсэн гэж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх хууль зүйн зөв дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэж шийдсэн, таамаглалаар шийдсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн шаардаж байгаагаар цалин хөлс 2.6 дахин нэмэгдэх байдал харагддаг. Хэрэв ийм байдлаар шийдвэрлэх юм бол санхүүгийн хувьд боломжгүй, хууль хэрэглээний хувьд илүү цагийг ийм байдлаар шийдвэрлэх талаар хуульчлаагүй, илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч О ХХК-д холбогдуулан илүү цагийн хөлс 7,201,807 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж гэрээний дагуу Б.А- нь, О ХХК-д Өрөм, тэсэлгээний туслах ажилтнаар өдөрт 12 цаг ажиллаж, 12 цаг амарч буюу 14 хоног ажиллаад 14 хоног амрахаар талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. /1хх 192-197/

 

3. Нэхэмжлэгч Б.А- нь ажил олгогч буюу хариуцагч О ХХК-аас илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасан байх бөгөөд хариуцагч О ХХК нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна./хх 16-17/

 

4.1. Нэхэмжлэгчийг хариуцагч О ХХК-д уртын ээлжээр ажиллах горимоор ажиллаж байсан гэж үзэх бөгөөд тэрээр 1 хоногт 12 цагаар ажиллаж байсан нь, долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байх, уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх, уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4, 92 дугаар зүйлийн 92.3, 92.4 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

 

4.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцох талаар заасан.

 

4.3. Дээрх хууль болон журмаас үзэхэд нэхэмжлэгчийн ажлын цагийн хэмжээ 168 цагаас хэтрэхгүй байх ба уртын ээлжээр ажиллах горимоор ажилласан 1 хоногийн 4 цагийг, 14 хоног амрах хугацаанд нөхөн амраасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудад нийцжээ. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтныг өдөрт 12 цаг буюу 4 цаг илүү ажиллуулсан атлаа нөхөн амруулаагүй нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагаар ажилласан гэж үзэж нэмэгдэл хөлс төлөх үүрэгтэй. Гэхдээ хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь уртын ээлжээр ажиллахдаа нэг ээлжид 14 хоног ажил үүрэг гүйцэтгээд 14 хоног амарсан байх тул тухайн 4 цаг илүү ажилласныг, амралтын 14 хоногийн хугацаанд нөхөн амраасан гэж үзнэ.

 

4.4. Мөн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжээр ажиллах горимоор ажил гүйцэтгэх зохицуулалтад нийцсэн байна.

5. Иймд анхан шатны шүүх, нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны зүйлд хамаарах хуулийн заалтыг оновчгүй хэрэглэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримталсныг хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/00753 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 109 дүгээр зүйлийн 109.1 гэснийг хасч, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ