Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00905

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00905

 

 

М.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/00952 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч МЗ-д холбогдох,

МЗ-ийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн төлөөлөгч Н.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

М.Н- нь тус байгууллагад 19 жил тасралтгүй ажилласан. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. 2015 онд Ерөнхий захирлын ажлаа хүлээлгэн өгч, 2020 оны 12 дугаар сард Олон нийтийн радио, телевизийн З-ийн гишүүнээр томилогдон, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн З-ийн хурлын нийт гишүүдийн олонхийн саналаар М--ийн З-ийн даргаар 3 жилийн хугацаатай сонгогдсон ба ажиллах хугацаандаа хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж, ямар нэгэн зөрчил гаргалгүйгээр ажиллаж байсан. Гэтэл З-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тогтоолоор үүрэгт ажилдаа хариуцлага алдаж, удаа дараа ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр З-ийн даргын үүрэгт ажлаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн. Үндэсний олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар зөвлөлийн дарга нь зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хүлээдэг.

М--ийн дүрмийн 4.3.4.1-д Хяналтын зөвлөлийн эгүүлэн татах зөвлөмж гарсны дараа уг зөвлөмжийг үндэслэн эгүүлэн татах эсэх асуудал шийдвэрлэгдэхээр заасан. Энэ талаар мөн Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Энэ хуулийн 26.1-д заасан эгүүлэн татах үндэслэл бий болсон бол Хяналтын зөвлөл зөвлөмж гарган, уг гишүүнийг сонгосон байгууллагад мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл З-ийн даргыг эгүүлэн татах тухай Хяналтын зөвлөлийн зөвлөмж гараагүй байхад ажлаас чөлөөлөх 30 дугаар тогтоолыг эцэслэн гаргасан нь хуульд заасан журмыг зөрчсөн байна. Мөн маргаан бүхий тогтоолын үндэслэлд М--ийн дүрмийн 4.2.6, 4.2.6.2-т заалтуудыг үндэслэл болгосон байх ба дүрмийн 4.2.6.2-т Олон нийтийн радио телевизийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийн хувьд нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн, олон нийтийн радио телевизийн үндсэн зорилт, стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийг хурлаар хэлэлцэж, улсын төсөвт тусгуулан, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Иймд дээрх үндэслэлээр З-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн З-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 30 дугаар тогтоол нь үндэслэлгүй байх тул М.Н-ыг урьд эрхэлж байсан З-ийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Олон нийтийн радио, телевизийн тухай Монгол Улсын хууль, М--ийн дүрэмд зааснаар З- нь Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага бөгөөд тус зөвлөлийн гишүүнийг Улсын Их хурлаас томилж, чөлөөлдөг. З- нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ба үйл ажиллагаагаа хуралдааны хэлбэрээр явуулж, асуудлыг хамтын зарчмын үндсэн дээр шийдвэрлэдэг. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, М--ийн дүрмийн 4.2.1-т тус тус зааснаар З-ийн даргыг зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар сонгон ажиллуулдаг. З-ийн дарга нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, М--ийн дүрмийн 4.2.5-д зааснаар З-ийн ажлыг удирдан зохион байгуулж, түүний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд дарга нь З-ийн гишүүдээс илүү эрх дарх эдэлдэггүй, харин илүү үүрэг хариуцлага хүлээн ажиллах ёстой. З-ийн гишүүдийн дотроос сонгогдож ажилладгийн хувьд М--ийн дүрмийн 4.2.6-д заасан үндэслэлээр З-ийн гишүүдийн олонхийн саналаар зөвлөлийн даргыг хэдийд ч чөлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд М.Н-ыг чөлөөлөх шийдвэр нь хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар гарсан болно. М--ийн дүрмийн 4.2.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд М.Н-ыг зөвлөлийн даргаас чөлөөлсөн тул түүнийг эгүүлэн томилох үндэслэлгүй.

М.Н- З-ийн ажлыг удирдан зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зэрэг нь үүрэгт ажилдаа хариуцлага алдсан гэж үзэх үндэслэл болсон. Мөн М.Н- даргаар сонгогдсон өдрөөсөө эхлэн ёс зүйн зөрчил гаргасан талаар олон нийтийн мэдээллийн сүлжээгээр цацагдаж байсан. Тухайлбал, зөвлөлийн даргаар сонгогдсон өдрөө М--ийн байранд архидан согтуурч, бусадтай зодолдсон; М--ийн захирлаар томилогдсон А.Б-т нөлөөлж, тус байгууллагын тамгын газрын даргаар Б.Д- гэх хүнийг томилуулсан; Бусдад бэлгийн дарамт үзүүлж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэх мэт олон мэдээлэл цацагдсан. Дээрх мэдээллүүд нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж, энэ нь М--ийн З-ийн төдийгүй М--ийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөн, М-, түүний З-ийн хараат бус байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахад хүргэсэн. Энэ нөхцөл байдал нь түүнийг З-ийн даргаас чөлөөлөх үндэслэл болсон.

З-ийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан дээр М.Н-ын ёс зүйгүй үйлдэл болон ажлын хариуцлагатай холбоотой асуудлыг З-ийн гишүүд ил тод, баримттайгаар хэлж байсан бөгөөд энэхүү алдаа дутагдлаа засаж ажиллахаа хүртэл илэрхийлсэн боловч дутагдлаа огт засаагүй. Энэ хурлаас хойш хурал зарлан хуралдуулахгүй байх дутагдлаа засаагүй, ёс зүйгүй үйлдэл дахин гаргасан нь баримтаар тогтоогдсон. М.Н-ыг чөлөөлсөн шийдвэр нь З-ийн бүрэн эрхэд хамаарч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул М--ийн З-ийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг М--ийн З-д даалгах тухай М.Н-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.2-т хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийг МЗ-ийн даргын албан тушаалаас чөлөөлсөн тогтоолын үндэслэлд, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, М--ийн дүрмийн 4.2.6, 4.2.6.2, М--ийн З-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны санал хураалтын дүнг үндэслэсэн.

Ажлаас чөлөөлсөн тогтоолд баримталсан хуулийн зохицуулалт, үндэслэл нь ажлаас чөлөөлөх болсон үндэслэл, шалтгаантай тохирсон эсэх талаарх асуудал талуудын маргааны зүйл байсан тул шүүхээс уг асуудлыг нотлох баримтын хүрээнд, нэгтгэн дүн шинжилгээ хийх ёстой байсан.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт, нэхэмжлэгч нь үүрэгт ажилдаа хариуцлага алдаж, удаа дараа ёс зүйн алдаа гаргасан эсэх асуудлыг дүгнэхдээ үйл баримтад хамааралтай нотлох баримтуудыг дурдсан атлаа эцэст нь нэхэмжлэгч ажлын хариуцлага алдсан эсэх, ёс зүйн алдаа гаргасан эсэх асуудлыг дүгнээгүй орхигдуулсан.

Түүнчлэн, нэхэмжлэгчийг ажилдаа хариуцлага алдсан гэх үндэслэл нь 2021 оны 08 дугаар сарын 04, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрүүдийн З-ийн хурлын тэмдэглэлүүдээр тогтоогдож байна гэсэн байна. Гэвч эдгээр баримтууд нь нэхэмжлэгчээс гарган өгсөн М.Н- З-ийн даргаар томилогдсоноос хойш 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн буюу 9 удаагийн З-ийн хуралдаан зарлан хуралдуулж, үүрэгт ажлаа хийж байсан талаарх баримтыг няцаах, үгүйсгэх баримт биш юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажилдаа хариуцлага алдсан, ёс зүйн алдаа удаа дараа гаргасан гэдэг үндэслэлээр даргын ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэж байгаа болохоос биш үүгээр нэхэмжлэгчийн гэм бурууг тогтоосон, нотлон шалгасан зүйлгүй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх хэргийн үйл баримт түүнийг нотлох, няцаах баримтыг буруу үнэлж, талуудын мэтгэлцэж, маргаж буй асуудлыг огт дүгнэхгүй, орхигдуулсан.

4.2. З-ийн даргыг ажлаас чөлөөлөх тухай зохицуулалт хуульд тусгагдаагүй, харин эгүүлэн татах тухай зохицуулалт хуульд (Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйл) тусгагдсан. Гэтэл хариуцагч нь хуулиас давсан дүрмийг үндэслэл болгож, даргын албан тушаалаас чөлөөлсөн тул бид энэ агуулгаар маргаж, мэтгэлцсэн.

Нэхэмжлэгчийг З-ийн даргаас чөлөөлсөн ч бай, эгүүлэн татсан ч бай эцэстээ энэ нь өөрөө үндэслэл бүхий байх учиртай. Гэтэл шүүхээс хуулиас давсан дотоод дүрмээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж болох эсэх, энэ нь хууль зүйн үндэслэлтэй эсэх зэрэг асуудлыг бүрэн гүйцэд шалган тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Болсон үйл баримтын хувьд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш М--ийн З-ийн дарга хурал зарлахаа больсон, хурал зарлаж хуралдуулаагүй. Гишүүдээс ажил явагдахгүй байна, яаж хуралдах уу гэсэн санал санаачилга гарсан. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралд М.Н- оролцоогүй. Хуралдаан даргалагч хуралдааныг зарлахгүй байхаар М--ийн З-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Энэ үйл баримтыг шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэж байна. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралд мөн М.Н- оролцоогүй. Тухайн хурлаар болж байгаа үйл баримтуудыг ярилцсан, цаашид яах гарц гаргалгаа байгаа эсэх талаар ярилцсан. Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 2005 онд батлагдсан. Түүнээс хойш өөрчлөлт шинэчлэлт ороогүй, одоо шинэчилсэн найруулгын төсөл хянагдаж байгаа. Шүүх хангалттай үндэслэл бүхий тайлбарыг өгч үндэслэлтэй шийдвэр гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч М.Н- нь хариуцагч МЗ-д холбогдуулан МЗ-ийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зөв үнэлж, үйл баримтыг зөв тогтоосон байх боловч хэрэглэх ёсгүй хуулийг тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.

 

3. М.Н- нь МЗ-ийн тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс тус зөвлөлийн даргын албан тушаалд томилогдон ажилласан байна. /1хх47/

 

3.1. МЗ-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тогтоолоор М.Н-ыг Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, М--ийн дүрмийн 4.2.6, 4.2.6.2-т заасныг үндэслэн үүрэгт ажилдаа хариуцлага алдаж, удаа дараа ёс зүйн алдаа гаргасан үндэслэлээр тус зөвлөлийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /1хх48/

 

4. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.

 

4.1. Нэхэмжлэгч М.Н- дээрх тогтоолыг эс зөвшөөрч, гомдлоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2022/7167 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221/ШТ2022/0807 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1хх9-22/

 

4.2. Захиргааны хэргийн шүүхээс МЗ-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тогтоол нь тус шүүхэд харьяалагдахгүй, харин нийтлэг харьяаллын дагуу иргэний хэргийн шүүх шийдвэрлэхээр захирамж, тогтоол гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан нийтлэг журмыг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4.3. Нэхэмжлэгч нь, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна./1хх 1-3/

 

4.4. Гэтэл, нэхэмжлэгч нь тус зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлоо 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор шүүхэд гомдлоо гаргах хугацаатай байсан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 08 дугаар сард гаргасан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

4.5. Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үр дагаварт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах шаардлага шийдвэрлэгддэг ба 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шүүхэд 30 хоногийн дотор гаргах хязгаарлалт тогтоосон бөгөөд хэрэв, уг хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй дуусгавар болсон тохиолдолд ажил олгогчийн шийдвэрийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн эсэх талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч М.Н-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцэх тул нэхэмжлэгчийн гаргасан хэргийн үйл баримт, нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд МЗ-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тогтоолын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

6. Мөн, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамаарахгүй хуулийг баримталсан байх тул хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.

 

Мөн, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл-д хамаарах ба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох талаар холбогдох өөрчлөлт оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/00952 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МЗ-д холбогдох гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай. гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ