| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0369/Э |
| Дугаар | 372 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
улсын яллагч Б.Ганбулган /томилолтоор/,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б холбогдох эрүүгийн 1806 07902 0385 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.Б
Холбогдсон хэргийн талаар:
Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин Алтанхүүгийн гэрт иргэн Х.Ганболдын бие рүү халуун цай цацаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Холбогдсон хэргийн талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Ганболдын өгсөн: ...Ууж сууж байгаад би Болороотой тоглож наргиад хажууд суу, энэ тэр гээд л инээж ханиагаад суутал Э.Б хямсганаад юм хэлэхгүй ч үйл хөдлөлөөрөө дургүйлхээд байгаад мэдэгдэж байсан. Тэгээд би нилээд согтож байгаад Э.Б ид хандаж чи муу зүгээр байгаарай муу бацаан минь гээд түүн рүү агсамнасан юм. Тэгтэл Э.Б зуухны хажууд байгаад над руу савтай шингэн халуун зүйл шууд цацсан. Тухайн үед уг шингэн зүйл нь миний цээж, хүзүү хэсэг рүү оносон ба их халуун байсан тул би гэрээс гүйж гараад өмсөж байсан цамцаа тайлтал цээж, энгэр шууд ягаарч түлэгдсэн байсан. Би түлэгдээд ГССҮТ-д хэвтэж эмчлүүлсэн болон түлэнхийн тос түрхлэг, боолт гээд надаас 300.000 төгрөгийн зардал гарсан. Би уг зардлаа гаргуулвал надад гомдол санал гэх зүйл байхгүй...
...Надад санал гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.Б оос эмчилгээний мөнгө болох 300.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Одоо бид хоёр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12-14 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11689 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Х.Ганболдын биед цээж хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн шингэн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 45 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Э.Б ийн: ...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Чулуун овоонд байдаг таньдаг залуу болох Алтанхүүгийн гэрт архи ууж байгаад би Ганболд ахтай муудалцаад зуухан дээр байсан цайг аяганд хийх гээд барьж байтал Ганболд ах над руу дайрахаар нь гартаа барьж байсан халуун цайгаа Ганболд ахын биеийн цээж хэсэг рүү нь цацсан юм. Тэгээд би тухайн үед Ганболд ахаас уучлалт гуйгаад тэндээс явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр тал/,
- Шүүгдэгч Э.Э.Б ийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32, 33, 36-38, 39-40, 41-44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин Алтанхүүгийн гэрт иргэн Х.Ганболдын бие рүү халуун цай цацаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Х.Ганболд нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.Э.Б ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин Алтанхүүгийн гэрт иргэн Х.Ганболдын бие рүү халуун цай цацаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Х.Ганболд болон яллагдагч Э.Б нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 11689 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Э.Б ид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Х.Ганболд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба 300.000 төгрөгийн хохирол төлбөрийг хүлээн авсан тул гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр гаргаж өгснийг харгалзан шүүгдэгч Э.Э.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 45 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Э.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Э.Б нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Х.Ганболд гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул Э.Э.Б ид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э.Б ид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Э.Б ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ