Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00943

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 03 210/МА2024/00943

 

 

А.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/00520 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ж-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 210,900,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А.Б-, С.Ж- нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие С.Ж-тай 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 145,600,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатайгаар, хүүгүй зээлсэн. Уг зээлийн гэрээний барьцаа болгож Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, орших Ахлагч хотхон АОС 0 тоотод байрлах 180 м.кв талбайтай дутуу баригдсан хувийн сууц болон 2 ширхэг автозогсоолын хамт барьцаалсан. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн, өөр төлөлт хийгээгүй. Сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр С.Ж- нь эхнэрийн хамт уулзахад хөрөнгө оруулалт удахгүй орж ирнэ, улмаар барилгын дэд бүтэц шийдэгдээд барилга сууцаа зараад удахгүй өгнө гээд өөрөө бичиг бичиж өгсөн. Иймд зээлдэгч С.Ж-аас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 140,600,000 төгрөг, гэрээний 3.7-т заасны дагуу алданги тооцон 70,300,000 төгрөг, нийт 210,900,000 төгрөгийг гаргуулах, зээлийн үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

С.Ж- нь А.Б-тэй 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 145,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгийг С.Ж-ы данс руу шилжүүлсэн болон түүнд бэлнээр мөнгө өгсөн зүйл байдаггүй. А.Б- нь уг зээлсэн гэх 145,600,000 төгрөгөөс 130,000,000 төгрөгийг иргэн С.М-ын зээлийн барьцааны төлбөрийг Хас банкинд төлсөн байдаг ба энэ нь баримтаар нотлогддог бөгөөд үлдэгдэл 15,600,000 төгрөгийг хэнд өгсөн нь тодорхой бус. Маргааш өглөө нь С.М-аас мөнгөний талаар лавлахад би 130,000,000 төгрөгийг А.Б-гээс аваад Хас банкинд тушааж дуудлага худалдаанаас өөрийн барьцааны хөрөнгөө чөлөөлүүлсэн харин 15,600,000 төгрөгийг А.Б-гээс асуу гэж хэлсэн. Төд удалгүй А.Б- над руу утасдаж би С.М- гуайд тусалж байгаа учраас түүнд 130,000,000 төгрөг өгсөн. Харин 15,600,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон гэж хэлсэн. А.Б- нь нотариатч Б.А-ид зээлд хүү тооцохгүй гэж хэлж гэрээнд хүүгүй гэсэн заалт оруулсан.

А.Б- 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч С.Ж-ыг зээлсэн мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг төлсөн мэтээр бичсэн байгаа нь үндэслэлгүй. Учир нь уг мөнгийг хариуцагч С.Ж- зээлийг хүлээн зөвшөөрч төлсөн зүйл байдаггүй ба түүний гэр бүлийн хүн С.М-ын зээлээс төлсөн. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч А.Б- зээлдэгч С.Ж-д зээлийн гэрээгээр тохирсон 145,600,000 төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Зээлийн гэрээг байгуулахдаа барьцаа хөрөнгө гаргаж өөрийн болон С.М-ын 50, 50 хувийн хувьцаа эзэмшдэг Г ХХК-ийн оролцоотой баригдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Зээлийн гэрээг Г ХХК-аар хийх гэж байснаа болохгүй юм байна та өөрийн нэр дээрээ хийчих танай Г ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өртэй юм байна гэсэн бөгөөд мөн хамтран хувьцаа эзэмшигч С.М- бас чи өөрийнхөө нэр дээр зээлийн гэрээ урьдчилаад хийчих мөнгийг нь гэрээгээ хийгээд чамд өгнө гэж итгүүлсэн. А.Б- нь гэрээ байгуулсан даруйд буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цаг орчимд надад зээлсэн гэх 145,000,000 төгрөгийг өгөөгүй. Харин маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн өглөөний 09:47 минутад миний бие С.М-тай утсаар холбогдоход тэрээр би Хас банк дээр байна. А.Б-гийн эхнэр нь С.М-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа С.М-аар дамжуулан намайг хүрээд ирээч гэхээр нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр очсон тэгэхэд А.Б- 145,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөнгө зээлсэн гэж бичээд өгөөч би өөрийнхөө Хятад хөрөнгө оруулагчид үзүүлэх гэсэн юм гэж гуйсан бөгөөд С.М- ахад би мөнгө өгсөн ах өрөө төлсөн С.М- ах та хоёр нэг компанийн хүмүүс та зээлийн гэрээ байгуулсан та бичээд өг гэсний дагуу тухайн үед дараагийн үр дагаврыг бодолгүй бичиж өгсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг бүрэн хэрэгжээгүй. Миний бие мөнгийг хүлээж аваагүй тул А.Б-тэй хийсэн гэрээ хүчингүй гэж үзэж байна. Иймд зээлдүүлэгч А.Б-гээс нэг ч төгрөг аваагүй, надтай гэрээ байгуулсан хэдий ч зээл олгохоос татгалзсан тул буцаан төлөх үүрэггүй гэж үзэж байгаа тул 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. С.Ж- нь барьж байгаа Ахлагч хотхон-ны талаар танилцуулаад нэг баригдаж дуусаагүй байрыг автозогсоолын хамт барьцаалаад зээл авах талаар яриад, нэг байр нь ашиглалтад ороод 240,000,000 төгрөгөөр зарагдах ба ирэх хавар ашиглалтад ороод Батлан хамгаалах яамны гадаад руу энхийг сахиулах ажиллагаанд явсан албан хаагчид ирээд худалдан авах гэрээтэй, тиймээс зээлээ буцаан төлөхөд асуудалгүй гэж тайлбарлаад барилгын төслийн ажилтай холбоотой ажлын зураг, баримт бичгийн хуулбар хувийг надад өгсөн. Тухайн үед 2021 оны 11 дүгээр сард надаас зээл авах болсон үндэслэлээ зээл авч Хас банкинд зээлээ төлж, барьцаа хөрөнгүүдээ чөлөөлж авах гэж байгаа гэж хэлсэн. Mөн компани нь зээлтэй, зээлээ төлж чадахгүй шийдвэр гүйцэтгэлд байгаа тул надад банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл гарахгүй байгаа, бас зээлээ өөрийнхөө дансаар авах боломжгүй шийдвэр гүйцэтгэлээс данс хаасан байгаа тул бэлнээр авья гээд зээлээ бэлнээр авсан. С.Ж- нь надаас зээлж авсан мөнгөө цааш нь Хас банкны Г ХХК-ийн зээлээ төлсөн байна, түүнийгээ төлөхдөө компанийнхаа хувьцаа эзэмшигч С.М-аар төлүүлсэн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Ж-аас зээлийн гэрээний үүрэгт 195,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1033 дугаартай барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А.Б-, С.Ж- нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,282,650 төгрөг, хариуцагч С.Ж-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ж-аас 1,132,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Н.Ц- болон С.М- нарыг талуудын хүсэлтийн дагуу гэрчээр асуулгах байсныг Н.Ц- нь гэр бүлийн гишүүн болох нөхөр С.Ж-ы эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд шүүх гэрчийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг нь хөндөх үндэслэлгүй гэж дүгнэж, гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаагаагүй бөгөөд гэрчийн мэдүүлгийг аль алиныг нь нотлох баримтаар үнэлээгүй гэсэн байна.

2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Дээд шүүхийн зөвлөмжийн 1.2-т зааснаар хариуцагч С.Ж-ы эхнэр Н.Ц- нь өөрийн хүсэлтээр өөрөө зөвшөөрөн хүсэлт гарган гэрчийн мэдүүлэг өгсөн ба гэрч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд хуульд зааснаар гэрчийн эрх эдэлж үүрэг хүлээдэг байтал шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй.

Мөн С.М-ын гэрчийн мэдүүлгийг ямар үндэслэлээр үнэлээгүй нь тодорхойгүй байна. Гэрчүүдийн мэдүүлгийг ноцтой зөрүү байвал гэрч Н.Ц-, С.М- нарыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг хийж хэргийн учир шалтгааныг бодит байдлыг тогтоох боломжтой байсан боловч уг ажиллагааг хийгээгүй болно.

6.2. Шүүхийн шийдвэрт С.Ж- энэ мөнгийг аваагүй. С.М- 130,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө 09:00 цагт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төлсөн нь уг мөнгийг аваагүй гэдгийг нотолно. С.М- гэрчийн мэдүүлэгтээ би тухайн мөнгийг нотариатын хажууд авсан, С.Ж- А.Б-гээс мөнгийг тоололгүй авсан тул маргааш өглөө 145,600,000 төгрөгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушаахад 130,000,000 төгрөг байсан гэж мэдүүлдэг. Тухайн мөнгийг С.М- нотариатчийн хажууд өгсөн, авсан гэх боловч үүнийг тодруулахаар удаа дараа шүүхэд хүсэлт гаргасны дагуу нотариатчаас тайлбарыг ирүүлсэн. Тус нотариатчийн тайлбарт миний хажууд гэрээний бэлэн мөнгийг өгч, авсан зүйл байхгүй, бүртгэлийн дэвтэрт байхгүй гэж бичсэн. Бүртгэлийн дэвтэрт бичигдээгүй бол нотариатчийг гэрчээр оролцуулъя гэж хүсэлт гаргасан боловч тухайн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г- хойшилсон шүүх хуралдаан дээр нотариат орохоосоо өмнө мөнгийг өгсөн гэж тайлбарладаг. Зээлийн гэрээний шаардлага буюу мөнгийг зээлдүүлэгчид олгох, зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэж хуульд заасан. Хэдийгээр талууд бичгээр гэрээ байгуулсан боловч мөнгө аваагүй, мөнгө байсан эсэх нь тодорхойгүй. Хариуцагч талаас А.Б-д энэ мөнгө байсан эсэх, дансаар шилжүүлж өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа тул А.Б-гийн мөнгөний эх үүсвэрийг тодруулж өгнө үү гэх хүсэлт гаргахад А.Б-гийн өмгөөлөгч энэ мөнгийг тодруулах шаардлагагүй гэх тайлбар хэлсэн бөгөөд шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. А.Б- мөнгийг өгсөн гэдэг, С.Ж- мөнгө аваагүй гэдэг дээр маргаж байгаа. Үүнийг нотлохын тулд шүүхээс ажиллагаа хийж өгөөч гэхэд ажиллагааг дутуу хийсэн. С.Ж-ы бичиж өгсөн бичиг дээр С.М-ын эмнэлэгт А.Б- хэвтэж байхдаа С.Ж-, Н.Ц-ийг дуудаж бичиг авсан. Энэ бичигт С.Ж- нь Г ХХК-ийн өмнөөс гүйцэтгэх захирлын хувиар баталгаа гаргаж байна гэж бичсэн. Гэтэл шүүх Н.Ц-ийн 5,000,000 төгрөгийг С.М-д шилжүүлснийг С.Ж-д зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үздэг. Н.Ц- нь С.М-тай 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байсан тул харилцаа холбоотой байсан. Тухайн үед С.М- нь би компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, мөнгө зээлдүүлсэн, А.Б-гийн ар гэрт нь асуудал учирлаа гэхэд нь Н.Ц- С.М- нар олон жилийн харилцаатай байсан тул Н.Ц- өөрийнхөө данснаас 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус баримтад С.М-ын өрийг төлөв гэж А.Б- рүү мөнгө шилжүүлсэн. Үүнийг шүүх С.Ж-ыг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үздэг.

Иймд хариуцагч зээлийн мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Мөнгө өгсөн, авсан гэдэгт маргаж байгаа. Мөнгө өгсөн нь зээлийн гэрээгээр нотлогдож байгаа. Нотариатаар орж гэрээ байгуулснаас мөнгөө аваагүй юм бол өөрсдөө шаардах эрх нь нээлттэй байсан. Хэрэгт мөнгөө шаардсан талаарх баримтгүй. Баталгаанд хэдийг аваад, хэдийг төлөх ёстой гэдэг нь байгаа. Мөн нотариатын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл үйлдээгүй талаар ярьж байна. Нотариат дээр мөнгө өгсөн, авснаа нотлуулах гэж очоогүй. Зөвхөн бичгээр хийсэн гэрээгээ батлуулах гэж очсон. Зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлсэн гэдгийг тодорхойлсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг эргэлзээгүй үнэн зөв дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч С.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 210,900,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу мөнгийг аваагүй гэх үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А.Б-, С.Ж- нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. А.Б- нь С.Ж-тай байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр 145,600,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх5/

 

2.2. Мөн өдөр Г ХХК-ийн өмчлөлийн /дутуу баригдсан/ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ахлагч хотхон АОС 0 тоот, 180 м.кв талбай бүхий хувийн сууц болон 2 ширхэг авто зогсоолын хамт барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулж, уг гэрээнд барьцаалуулагч компаний хувьцаа эзэмшигч С.Ж-, С.М- нар гарын үсэг зурж, гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн байна. /хх6-11/

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн зөв дүгнэсэн ба зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

3.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.4-т зээл олгох хэлбэр, хугацаа: бэлнээр гэрээ байгуулсан өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэжээ.

 

3.2. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.М- ...тэгээд нотариат дээр буцаж ороод гэрээгээ хийсэн. Би тэр гэрээнд Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар тухайн баригдаж байгаа байрыг барьцаанд тавьж болно гэдэг дээр гарын үсэг зурсан. Тэрнээс иргэн А.Б-, С.Ж- хоёрын мөнгө зээлэх асуудалд би оролцоогүй... тэгээд А.Б- цүнхтэй мөнгөө тоолох уу гэхэд С.Ж- шаардлагагүй, би итгэж байна гээд А.Б-гээс тэр мөнгийг гардаж аваад ямар ч байсан барьцаалбараа ав гээд надад мөнгийг С.Ж- шилжүүлж өгсөн. Орой болсон болохоор надаар шилжүүлүүлсэн, орой болоогүй байсан бол бүгдээрээ цуг аваад хийх байсан... уг мөнгийг Г ХХК-ийн барьцаалбарыг суллахаар Хас банканд зээлэнд өгсөн... маргааш нь банканд тэр мөнгийг хийхэд 130,000,000 төгрөг байсан гэж мэдүүлжээ./хх8-10-р тал/

 

3.3. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч С.Ж-ы эхнэр Н.Ц- нь А.Б-гийн Хаан банкны 0000 тоот дансанд 5,000,000 төгрөгийг М-ын зээлээс төлөлт хийв гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн талаарх Хаан банкны шилжүүлгийн баримт авагджээ. /хх42/

 

3.4. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр С.Ж- нь А.Б-д Г ХХК-ийн захирлын хувьд А.Б-гээс 145,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлсэн бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болно. Нотариатаар батлагдсан гэрээний дагуу уг зээлийг төлж барагдуулах болно гэсэн баримтыг үйлдэж гарын үсгээ зурсан байна./хх15/

 

4. Иймд дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч С.Ж- нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болох нь нотлогдсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.1. Харин, анхан шатны шүүхээс талуудын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

5. Зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр алданги шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5.1. Анхан шатны шүүхээс, бэлнээр олгогдсон зээлийн 130,000,000 төгрөг, алданги 65,000,000 төгрөг, нийт 195,000,000 төгрөгийг хариуцагч С.Ж-аас гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.

 

6. Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

6.1. Мөн, хариуцагч ...нэхэмжлэгчтэй байгуулсан гэх зээлийн гэрээ нь хүчингүй бөгөөд мөнгийг хүлээн аваагүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

6.2. Түүнчлэн, анхан шатны шүүхээс гэрч Н.Ц- нь хариуцагч С.Ж-ы эхнэр байх ба нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж гэрчийн мэдүүлгийн нотлох баримтаар үнэлээгүй нь хуульд нийцсэн гэж үзнэ. Иймд гэрч нарыг нүүрэлдүүлэн байцааж мэдүүлэг авах шаардлагагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/00520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,132,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ