Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 456

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б холбогдох эрүүгийн 1906 00229 0505 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Б

Холбогдсон хэргийн талаар:

Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадмаараг” ресторан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Алтанбаганатай маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Хохиролд 250.000 төгрөгийг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Алтанбаганын өгсөн: ...Манай ажлын газрын шинэ жилийн баяр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар сургуулийн хажуу талын бааранд болсон юм. Тэгээд гарах гэж байхад манай ажлын газрын ачигч ажилтай Оргил гэдэг залуу чи юу гээд байгаа юм гэж хэлээд үгийн зөрөөгүй миний шүд рүү гараараа цохиод тэгээд намайг барьж аваад угсруулан нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд гараад явчихсан юм. Хэд хоногийн дараа би шүдээ үзүүлсэн чинь эмчилгээ хийж болохгүй авах шаардлагатай гээд авахуулсан. Зүгээр явж байгаад үүдэн шүдээ Оргил гэдэг залуугийн буруутай үйл ажиллагаанаас болж авахуулсандаа гомдолтой учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 741 дугаартай шинжээчийн:

1. Д.Алтанбаганын биед 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүдний эмчийн үзлэгээс харахад хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Бын: ...Тэгээд байж байхад би Алтанбаганыг Баагий ах руу том дуугараад байна гэж ойлгоод Алтанбаганы нүүр рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Намайг Алтанбагана цохиогүй. Тэгсэн манай ажлынхан бид хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

- Шүүгдэгч Э.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19, 31 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадмаараг” ресторан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Алтанбаганатай маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Д.Алтанбагана нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадмаараг” ресторан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Алтанбаганатай маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Алтанбагана, яллагдагч Э.Бнарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 741 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Д.Алтанбагана гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба эмчилгээний зардал хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 33 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.Б нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Д.Алтанбагана гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул Э.Бд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ