Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00942

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 03 210/МА2024/00942

 

 

БНСУ-ын иргэн К-ий /К-/

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00612 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К-ий /К-/ нэхэмжлэлтэй

Хариуцагч З ХХК, Б.О- нарт холбогдох,

БНСУ-ын иргэн К-ийг З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч нараас гаргуулах тухай үндсэн,

Хариуцагч Б.О-ийн Б.О-, БНСУ-ын иргэн К- нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч З ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К-, түүний орчуулагч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, Г.Б, Л.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Н, Н.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. БНСУ-ын иргэн К- нь 2010 оны үед Монгол улсад төмөр замын үйл ажиллагаа эрхлэхээр очих үедээ танилаараа дамжуулан БНСУ-ын иргэн М-тай танилцсан. К- нь М- болон түүний танил Б.А-тэй холбогдож Хэнтий аймаг дахь хайгуулын лиценз бүхий З ХХК-ийн 51%-ийг К-, 49%-ийг Ү- худалдан авах тухай гэрээг З ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.О-тэй 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан. Уг гэрээний үнэ болох 250,000 ам.долларыг 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрээний төлбөрт 100,000 ам.долларыг, үлдэгдэл төлбөр 150,000 ам.долларыг 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлж төлбөрийг К- 100 хувь төлж дуусгасан бөгөөд гэрээний үнэ болон төлбөртэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй болно. 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж, З ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр К-, Ү- нарыг бүртгүүлж гүйцэтгэх захирлаар К-ийг бүртгүүлсний дараа буюу 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр З ХХК-ийн нэр дээр ашигт малтмал ашиглах MV-017189 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын газраас олгосон.

1.2. З ХХК-ийн хувьцааг Б.О-д буцаан шилжүүлэх болсон шалтгаан нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай Монгол Улсын хуульд Гадаадын иргэн 49-өөс дээш хувийг эзэмших тохиолдолд УИХ-аас зөвшөөрөл авах хэрэгтэй гэж заасны дагуу 49-өөс дээш хувийг гадаадын иргэн эзэмшиж болохгүй учраас Монгол хүнд хувьцаагаа буцаан шилжүүлэх шаардлагатай гэсний дагуу 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн З ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулах болсон. Тус гэрээг хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээг үндэслэж байгуулсан. З ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч К- нь 100 хувийн хувьцааны үнэ болох 250,000 ам.долларыг бүрэн төлсөн. К- нь буцаан худалдан авахад ямар нэгэн төлбөр тооцооны асуудалгүй болно. Хувьцааны 49 хувийг худалдагч нь ямар нэгэн гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй гэж заасан. Уг гэрээгээр З ХХК-ийн 51 хувийн хувьцааг К-, 49 хувийн хувьцааг Ү- нар Б.О-д түр хугацаанд шилжүүлж, З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.О-ийг бүртгүүлсэн.

1.3. Хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу К- нь З ХХК-ийн хувьцааг Б.О-ийн шийдвэрийг үндэслэж 100 хувь шилжүүлэн авахаар 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 1.2-т З ХХК-ийн хувьцааг худалдах тухай 100 хувийн хувь нийлүүлэгч Б.О- шийдвэрлэсэн тул энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр бөгөөд хэн ч үл маргах эцсийн шийдвэр, мөн гэрээний 1.4-д Энэхүү гэрээг үйлдэж нотариатаар баталгаажуулснаар БНСУ-ын иргэн К-ий эзэмшилд /өмчлөлд/ шилжсэнд тооцно гэж тус тус заасан тул К- улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан.

Харин З ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг өмнөх хувьцаа эзэмшигч Б.О-ийн томилсон гүйцэтгэх захирал Н.А- /Б.О-ийн нөхөр/ болон Б.О- нар хариуцан ажиллаж байсан. З ХХК нь үйл ажиллагаагаа К-ий хамаарал бүхий Ч ХХК-д тайлагнаж, санхүүжилтээ авдаг байсан. Гэтэл З ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/91 тоот К-д илгээсэн албан бичигт З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн дагуу Б.О- Улсын бүртгэлд бүртгэлтэй ба аливаа гуравдагч этгээдээс компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх, захиран зарцуулах байдлаар шаардах эрхгүй гэж мэдэгдсэн болно. Мөн санхүүжилтийг шилжүүлдэг байсан бөгөөд К-ийг З ХХК-ийн 100 хувийг хувьцаа эзэмшигч гэдгийг олон хүн гэрчилж хэлнэ.

Иймд З ХХК-ийн 100 хувийн хувьцаа буюу нийт 1,000 ширхэг хувьцааны эзэмшигч нь БНСУ-ын иргэн К- /К-/ мөн болохыг тогтоож, Б.О-эс З ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.О-ийн тайлбарын агуулга:

З ХХК нь уул уурхайн хайгуулын XB-014093, ХВ-017190, ашиглалтын MV-017189 дугаартай тусгай зөвшөөрлүүд эзэмших эрхийг аж ахуйн нэгжийн хамт худалдахаар тохиролцож 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-ын иргэн В- 49 хувь, К- 51 хувийн хувьцаа эзэмшигч болж хайгуулын 2 лиценз, ашиглалтын 1 лицензтэй компанийн эрхийг шилжүүлэн өгсөн.

Компанийн хувьцаа эзэмших эрхийн урьдчилгаа үнэ болох 250,000 ам.долларыг авснаас хойш үйл ажиллагаа хэвийн явуулж чадахгүй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 381 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус үндэслэн З ХХК-ийн эзэмшлийн хайгуулын ХВ-014093, ХВ-017190 дугаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон, ашиглалтын MV-017189 дугаар лицензийг цуцлах мэдэгдлийг хүлээн авсан, компани 2013 оны санхүүгийн 1, 2, 3 дугаар улиралд бүхэлдээ алдагдалтай үйл ажиллагаа явуулсан, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн В-, К- нар хоорондоо бизнесийн хувьд зөрчилтэй, таарамжгүй харилцаатай болсон төдийгүй цаашид компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байдлаа илэрхийлэн компанийн хувьцаа эзэмших эрхийг зөвхөн Б.О-д буцаан өгнө, аль нэг талтай хамтран ажиллахгүй байхаар тохирч баталгаа бичиг хийж өгсний үндсэн дээр тус компанийн хувьцаа эзэмших эрхийг 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.О-д гэрээний үндсэн дээр буцаан өгч, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Б.О-д З ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн шалтгаанаа Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авахдаа УИХ-аас зөвшөөрөл авах шаардлагатай учир Монгол Улсын иргэн рүү шилжүүлсэн гэх боловч компанийн 51 хувийн хувьцааг эзэмшдэг байсан нэхэмжлэгч К- Б.О-д л шилжүүлэхэд болох байсан, 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болж Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан гарсан, шинэчлэн батлагдсан уг хуульд 51 хувь буюу түүнээс хувийг гадаадын иргэнд эзэмшүүлэхгүй байх эрх зүйн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлд дурдсан тайлбар үндэслэлгүй.

Б.О- БНСУ-ын иргэн К- нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэх Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний тухайд нэхэмжлэгч тал БНСУ-ын Корейс Солонгосын Ашигт малтмалын нөөцийн газраас гадаад улсад бизнес эрхэлж буй өөрийн орны иргэнд уул уурхайн чиглэлээр хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад буцалтгүй тусламж өгдөг, тухайн гадаад улсад уул уурхайн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид хамаарал бүхий байх, тухайн аж ахуйн нэгж нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг тул гэрээ байгуулах шаардлагатай байна, санхүүжилт авах хэрэгтэй, зөвхөн БНСУ-д ашиглана гэж хэлж байгуулсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.

Тухайн үед дээрх гэрээ хийх үед энэ талаар К-ий бие төлөөлөгч БНСУ-ын иргэн, Ч ХХК-ийн захирал С-, орчуулагч Н.Б-, З ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А- нар тодорхой ярилцаж бичлэг хийж хадгалсан ба шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх төдийгүй нэхэмжлэгчийн зүгээс З ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр албан бичиг ирүүлсэн ба хариуцагч тал 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/91 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримттай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хариу тайлбарт дурдсан үндэслэлүүдийг судлан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч З ХХК-ийн тайлбарын агуулга:

З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Б.О- бөгөөд компанийн зүгээс хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэж улсын бүртгэлийн байгууллагад компанитай холбоотой тухайн бүртгэлийг хийлгэх эсэхийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай ба нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь манай компанийн хувьд хамааралгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаар биднийг тодорхойлж харьяаллын бус шүүхэд буюу иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндсэн нэхэмжлэлд хамаарахгүй асуудлаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд зайлшгүй нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзвэл компанийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Б.О-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлд дурдагдсан 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн гэрээний хувьд хариуцагч тал энэхүү гэрээг хуульд заасны дагуу хийгдээгүй, хэрэгжих боломжгүй, хэрэгжээгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа ба хэрэв уг гэрээ хэрэгжсэн тохиолдолд З ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийн 51 хувийг К-д, 49 хувийг нь В-д буцаан өгөх ёстой байсан юм. Б.О- БНСУ-ын иргэн К- нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэх Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний тухайд нэхэмжлэгч тал БНСУ-ын Корейс Солонгосын Ашигт малтмалын нөөцийн газраас гадаад улсад бизнес эрхэлж буй өөрийн орны иргэнд уул уурхайн чиглэлээр хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад буцалтгүй тусламж өгдөг, тухайн гадаад улсад уул уурхайн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид хамаарал бүхий байх, тухайн аж ахуйн нэгж нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг тул гэрээ байгуулах шаардлагатай байна, санхүүжилт авах хэрэгтэй, зөвхөн БНСУ-д ашиглана гэж хэлж байгуулсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу Б.О- БНСУ-ын иргэн К- нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх тухай, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Солонгос улсын ашигт малтмал баялгийн газар /Кores/ нь санхүүжилт олгохын тулд эхлээд гадаадад ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчээс Хөрөнгө оруулалт хийх нөхцөл байдлын судалгаа хийлгүүлэх хүсэлтийг хүлээн аваад Солонгос улсын ашигт малтмал баялгийн газрын ажилтан тухайн газарт биечлэн ирж судалгаа хийх замаар Эдийн засгийн өрсөлдөх чадвартай уурхайн байгалийн баялаг байгаа эсэх-ийг тогтоодог. Нэхэмжлэгч К- нь З ХХК-тай ямар ч хамааралгүй байсан бол З- Солонгос улсын ашигт малтмал баялгийн газар /Kores/-т өөрийн нэрээр уурхайд суурь хайгуулын ажиллагаа явуулах хүсэлт гаргах шаардлагагүй байсан. Харин тус компанийн жинхэнэ хувьцаа эзэмшигч нь К- байсан учраас өөрийн компанид суурь хайгуулын ажиллагаа явуулахаар 2015 оны 01 сард Солонгос улсын ашигт малтмал баялгийн газарт хөрөнгө оруулалт хийх нөхцөл байдлын судалгаа хийлгүүлэх хүсэлтийг гаргасан. Тус хүсэлтийн дагуу Солонгос улсын ашигт малтмал баялгийн газрын ажилтан 2015 оны 04 дүгээр сарын 21-ээс 27-ны хооронд Монголд биечлэн ирж, З ХХК-ийн Хэнтий уурхайд хөрөнгө оруулалт хийх нөхцөл байдлын судалгааг хийсэн. Дээрх судалгааг Хэнтийн уурхайд хийх үед Н.А- байлцаж байсан.

Ийнхүү хөрөнгө оруулалт хийх нөхцөл байдлын судалгаагаар суурь хайгуулын ажиллагаа явуулах боломжтой гэсэн дүгнэлт гарсны дагуу К-ээс суурь хайгуулын ажиллагаа явуулах хүсэлтийг 2015 оны 06 сард гаргасан. Үүний дараа буюу 2015 оны 08 сарын 11-ний өдөр Солонгос улсын ашигт малтмал баялгийн газраас суурь хайгуулын ажиллагаанд тэнцсэн мэдэгдлийг К-д хүргүүлж, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр суурь хайгуулын ажиллагаа явуулахад шаардлагатай урьдчилгаа төлбөр болох 65,233,000 вон, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр сүүлийн төлбөр болгон 27,817,000 воны санхүүжилтийг хүлээн авсан. Дээрх санхүүжилтийн мөнгөөр З ХХК-ийн Хэнтий уурхайд хайгуулын өрөмдлөгийн ажил хийлгүүлэхээр 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Т ХХК-тай Хайгуулын өрөмдлөгийн ажлын гэрээ-г байгуулж, гэрээний төлбөрт нийт 283,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь З ХХК-ийн Хаан банкны дансны хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдоно.

Дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Гуравдагч этгээд Ч ХХК-ийн тайлбарын агуулга:

Ч ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигч нь БНСУ-ын хуулийн этгээд К ХК бөгөөд К- нь тус К ХК-ийн 24,793 хувийн хувьцаа эзэмшигч, тус компанийн хамтарсан гүйцэтгэх захирал юм. Нэхэмжлэгч К- нь З ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.О-эс 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж авсан бөгөөд энэхүү гэрээнүүд хүчин төгөлдөр байгуулагдаж, З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь К болсон учраас Ч ХХК нь З ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай зардлуудыг санхүүжилтийн зээл хэлбэрээр олгож байсан бөгөөд З ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А-ын 1 сарын цалин болох 5,000,000 төгрөгийг мөн Ч ХХК-аас олгож ирсэн.

З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь К- болсон хэдий ч З ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал Н.А- хариуцан ажиллаж байсан тул компанийн үйл ажиллагаанд шаардлагатай мөнгийг Н.А-ын шаардсаны дагуу Ч ХХК-аас З ХХК руу шилжүүлдэг байсан. Дээрх зээл хэлбэрээр олгосон мөнгөө шаардаж Ч ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн мөнгийг шаардах тухай албан бичгийг З ХХК-д хүргүүлсэн.

Гэтэл З ХХК-аас Хариу хүргүүлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 20/28 албан тоот албан бичигтээ тус компанитай зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй харин БНСУ-ын иргэн К-тэй холбоотой хөрөнгө оруулалтын мөнгөний талаар талууд харилцан тохиролцож тооцоо нийлсний үндсэн дээр шийдвэрлэх боломжтой гэдгийг К-тэй ярилцаж байгаа гэж мэдэгдсэн. Дээрх К-тэй холбоотой хөрөнгө оруулалтын мөнгө гэх асуудал нь Ч ХХК-аас З ХХК-д зээл хэлбэрээр олгосон санхүүжилтийн асуудалтай холбоотой юм. Энэхүү К-ий З ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтыг хэмжээг тодорхойлоход Ч ХХК-ийн З ХХК-д зээл хэлбэрээр олгосон санхүүжилтийн асуудал зайлшгүй хамааралтай. Ч ХХК-аас З ХХК-ийг санхүүжүүлдэг байсныг нотолсноор З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь БНСУ-ын иргэн К- болох нь тогтоогдоно гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсын иргэн К- /К-/-ийг З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, З ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчид гарган өгөхийг хариуцагч З ХХК /гүйцэтгэх захирал Н.А-/, хариуцагч Б.О- нарт даалгаж, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын З ХХК- ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Бүгд найрамдах Солонгос улсын иргэн К- /К-/-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр хариуцагч Б.О-ийн гаргасан О, К- нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210,600 /70200+70200+70200/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

8. Хариуцагч З ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К- нь 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн З ХХК-ийн хувьцаа, худалдах худалдан авах гэрээний дагуу 51 хувийн хувьцааг эзэмшиж байсан ба 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэх хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээнд К- 100 хувийн хувьцаа эзэмшигч гэсэн засвар хийсэн, эргэлзээтэй баримт төдийгүй З ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч атлаа ямар учраас 100 хувийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж гэрээ хийсэн нь ойлгомжгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй гэрээнд дурдагдсан 250,000 ам.долларын тухайд уг мөнгийг нэхэмжлэгч нь З ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгоно гэж БНСУ-ын иргэн М-д залилуулсан агуулгаар хууль хяналтын байгууллагад эрүүгийн журмаар гомдол гаргаж шалгагдан М-д холбогдох эрүүгийн хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 308 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн ба дахин иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн мөнгийг гэрээний мөнгө төлсөн агуулгаар хандаж байгаа нь эргэлзээтэй.

Маргаан бүхий 250,000 ам.доллар 2012 онд байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ байсан гэх боловч хариуцагч Б.О-д шилжүүлсэн баримтгүй, эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн үйл байдал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үнийг төлсөн гол нөхцөлийг хангаагүй атал шүүх 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу уг гэрээний үнэ болох 1,000,000 төгрөгийг төлсөн эсэхэд ч анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Анхан шатны шүүх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа, шаардах эрх хэзээ үүсэх талаар эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 76.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны байгуулсан гэх хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба З ХХК-аас БНСУ-ын иргэн К-д өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 19/91 албан бичгийг хүргүүлснээр шаардах эрх үүссэн гэж үзсэн нь буруу бөгөөд Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаагүй буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй үеэс шаардах эрх үүссэн байх нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн эрх ашгийн үүднээс хууль зөрчиж ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээг дүр үзүүлэн хийсэн, БНСУ-ын Ашигт малтмалын баялгийн газраас гадаад улсад бизнес эрхэлж буй өөрийн орны иргэнд уул уурхайн чиглэлээр хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад буцалтгүй тусламж олгодог, тухайн гадаад улсад уул уурхайн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид хамаарал бүхий байх, аж ахуйн нэгж нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардсаны дагуу байгуулж байсан гэрээ бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн аудио ярилцлагын тэмдэглэлийг хуульд заасны дагуу бэхжүүлж өгсөн, тухай аудио бичлэг хийгдсэн эсэх дээр хэргийн оролцогчид маргаагүй.

Иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн асуудал гарсан ба шүүхийн дүгнэлтэд К- нь З ХХК- ийн хувьцаа эзэмшигч гэж итгэсэн үндэслэлээр 2015 оноос хойш хариуцагч З ХХК-д өөрийн хамаарал бүхий Ч ХХК-аар санхүүжүүлсээр ирсэн, хариуцагч Н.А- нь нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан гэж тайлбарласан ба Ч ХХК нь З ХХК-ийн үйл ажиллагааг 2014-2020 оны 11 сар хүртэл санхүүжүүлж байсан ба зээл хэлбэрээр мөнгөн гүйлгээ хийгдсэн нь нотлогдож байна гэх агуулгаар эрх зүйн ач холбогдол бүхий хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд санхүү, мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийгдэж байсан эсэхийг тогтоож байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах эсэх, хамрах хүрээг буруу тодорхойлсноор шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гараагүйг нотлохын хамт нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хүрээнд З ХХК-ийн захирлаар Н.А- улсын бүртгэлд бүртгэгдсэн, тамгыг Н.А- эзэмшиж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа ямар баримтыг үнэлсэн нь шийдвэрт тодорхойгүй орхигдуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Б.О- нас барсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг анх 2020 онд гаргаж шүүхэд 4 жилийн хугацаанд хэргийг хэлэлцсэн бөгөөд олон шалтгаанаар удаа дараа хойшилсон. Энэ хугацаанд хуурамч нотлох баримт гаргасныг нотлох гэж байгаа бол цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн талаар цагдаагийн байгууллагад огт хандаагүй атлаа давж заалдах шатны шүүхэд энэ асуудлыг дурдсан нь гомдлын агуулга бүхэлдээ үндэслэлгүй болохыг харуулна. Иймд дээрх үйл баримтыг эрүүгийн журмаар шалгуулж нотолж чадаагүй атлаа энэ талаарх гомдол гаргасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол болон магадлалаар энэ хэрэг маргааныг шийдвэрлэсэн байхад дахин иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэх агуулга гомдолд дурдсан. Тухайн эрүүгийн хэрэг нь БНСУ-ын иргэн М-д холбогдох буюу нэхэмжлэгч К-ийг залилсан үйлдэлд холбогдсон эрүүгийн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, Н.А-, О.О-, н.Асралт нар нь З ХХК-ийн хувьцааг худалдахаар 250,000 ам.доллар авч намайг залилсан гэх агуулгатай гомдол гаргаагүй, түүнийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлал огт биш. Иймд М-ы үйлдэлтэй холбоотой өөр тусдаа эрүүгийн хэргийг энэ хэрэг маргаантай холбож тайлбарласан нь үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг хэрэглэх байсан гэх гомдлын агуулга үндэслэлгүй. Мөн эрүүгийн хэрэгт дээр дурдсан Б.О-, Н.А-, н.Асралт нар бүгд мэдүүлэг өгсөн бөгөөд 250,000 ам.доллар авсан болох нь тогтоогдсон. Уг баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Ч ХХК буюу өөрийн хамаарал бүхий компаниар тасралтгүй хөрөнгө оруулалт хийж явсаар гэнэт 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1991 тоот албан бичиг гарч ирсэн. Уг албан бичиг гарахаас өмнө нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж, хөндөгдөж байгааг мэдэх боломжгүй байсан. Миний эзэмшлийн компани учраас хөрөнгө оруулж байна гэх ойлголтой байсан бөгөөд энэ албан бичгийг З ХХК-аас ирүүлсэн үеэс эхлэн эрх нь зөрчигдсөнийг мэдэж нэхэмжлэл гаргасан. Энэ талаарх баримт хэрэгт хангалттай авагдаж тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэсэн тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Тухайн аудио бичлэг нотлох баримтаар үнэлэгдэхийн тулд эх сурвалж тодорхой, ойлгомжтой хууль ёсны шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл уг бичлэгийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй, эргэлзээ бүхий, эх сурвалж нь тодорхойгүй бичлэгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй гэх агуулгаар шүүхийг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ уг заасан бичлэг болон хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан дүгнэж эсхүл бусад баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл уг үүргээ хэрэгжүүлээгүй учраас сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

Түүнчлэн, Б.О- нас барсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулгыг гомдолд дурдсан. Хууль зүйн үндэслэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 170 дугаар зүйлд заасан үндэслэл нь хэргийг шийдвэрлэхээс өмнөх процессын үед гарах шийдвэрийн агуулга юм. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл нь хэргийг хэлэлцэж байх үед гарах хуулийн зохицуулалт юм. Энэ үйл баримт нь анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцэж байх үед үүссэн байдлыг зохицуулсан зохицуулалт бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших процесст хамаарахгүй, хэрэглэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлд гарсан шийдвэрийн биелэлт болон эрх залгамжлахтай холбоотой зохицуулалтыг тусгасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлыг, 29 дүгээр зүйлийн 29.1.8-д дуусгавар болгохтой холбоотой асуудлыг тус тус зохицуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх залгамжлал буюу түүнийг шийдвэрлэхтэй холбоотой бие даасан зохицуулалт бий. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдээс гаргасан тайлбарын агуулга:

Үйл ажиллагааны зардалд уурхайн маргаан бүхий лицензтэй холбоотой бүх зардлуудыг олгож ирсэн. Зардлыг олгож байсан шалтгаан нь З ХХК нь К-ий компани байсан учраас энэ урт хугацааны санхүүжилтийг аливаа зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, санхүүжилтийн гэрээ байгуулахгүйгээр олгож ирсэн. Ч ХХК нь К-ий хамаарал бүхий компани байсан. Үүнтэй холбоотойгоор санхүүжилт орсон үйл баримтуудыг бүгдийг нь хариу тайлбар болон нотлох баримтаар нэг бүрчлэн дурдсан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К- /К-/ нь хариуцагч З ХХК, Б.О-д нарт холбогдуулан БНСУ-ын иргэн К-ийг З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Хариуцагч Б.О- нь нэхэмжлэгчид холбогдуулан Б.О-, БНСУ-ын иргэн К- нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. З ХХК-ийн захирал Б.О- нь БНСУ-ын иргэн К-, В- нартай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-гээр З ХХК-ийн 51 хувийн хувьцааг К-, 49 хувийн хувьцааг В-д тус тус худалдах, тус компанийн 100 хувийн хувьцааны үнийг 250,000 ам.доллараар худалдах, худалдан авахаар талууд харилцан тохиролцжээ. /1хх14-16/

 

2.2. Дээрх гэрээний дагуу З ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн 51 хувийн хувьцааг БНСУ-ын иргэн К-, 49 хувийн хувьцааг БНСУ-ын иргэн В- нар эзэмшигчээр 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн байна. /2хх8-10/

 

2.3. БНСУ-ын иргэн К-, В- нар нь Б.О-тэй байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ, З ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ-гээр З ХХК-ийн тус тусын эзэмшлийн 51 болон 49 хувийн хувьцааг Б.О-д бэлэглэн шилжүүлсэн байна. /1хх22-36/

 

2.4. Дээрх гэрээний дагуу З ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.О- нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Түүнчлэн, Н.А- нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс З ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа үйл баримт тогтоогджээ. /2хх8-10/

 

2.5. Б.О- нь БНСУ-ын иргэн К-тэй байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-гээр З ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,000,000 төгрөгөөр худалдахаар талууд харилцан тохиролцжээ. /1хх38-41/

 

3. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

3.1. Талууд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр эсэх, хувьцааны үнэд 250,000 ам.долларыг төлсөн эсэх талаар маргажээ.

 

4. 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-гээр З ХХК-ийн 100 хувийн хувьцааны үнийг 1,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээнд заасан байх боловч бодит байдал дээр 250,000 ам.доллараар худалдахаар 2014 онд тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогддог. Тухайлбал, дээрх гэрээний үнэ 250,000 ам.долларыг хариуцагч З ХХК-ийн захирал Н.А- хүлээн авсан болох нь эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байсан Н.А-ын болон Б.А нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байна./2хх 163-165/

 

4.1. Түүнчлэн, 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний 1.3-т буцаан худалдан авах хувьцааны үнэ нь 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 250,000 ам.доллар бөгөөд энэхүү төлбөрөөс өөр төлбөр байхгүй болно. З ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч К- /К-/ нь 100 хувь хувьцааны үнэ болох 250,000 ам.долларыг 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр өөрөө тооцоог бүрэн төлсөн. Худалдан авагч тал буцаан худалдан авахад ямар нэгэн төлбөр тооцооны асуудалгүй болно гэж тусгаж, худалдагч Б.О- гарын үсэг зурж баталгаажуулсан байна./1хх22-23/

 

4.2. Мөн, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нд З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд хэзээ, хэрхэн бүртгүүлэх талаар тохиролцоогүй байна.

 

5. З ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/91 дугаартай БНСУ-ын иргэн К-д илгээсэн албан бичигт ...З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн дагуу Монгол Улсын иргэн Б.О- улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг ба аливаа гуравдагч этгээдийн зүгээс компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх, захиран зарцуулах байдлаар шаардах эрхгүй... гэсэн байх бөгөөд энэ үеэс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн буюу хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

6. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 308 дугаар магадлал нь шүүгчдэгч БНСУ-ын иргэн А- /А-/-д холбогдох эрүүгийн хэрэг байх ба нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К- нь хохирогчоор тогтоогдсон байна. Энэ нь энэхүү иргэний хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Хариуцагч Б.О- нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариу тайлбар гарган, төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож байсан байна. Гэвч хариуцагч Б.О- анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нас барсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ