Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00933

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 03 210/МА2024/00933

 

 

И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00893 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ИГ-

Хариуцагч: Г-

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 411,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч О.Д, прокурор Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ИГ-аас 2017 оны 05 дугаар сард харьяа алба, салбаруудын ажилтнуудад Иргэний нисэхийн салбарын менежмент, нисэх буудал газрын үйлчилгээ, ачаа тээвэр аюулгүй байдлын чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертфикат бүхий сургалтуудыг Англи, Монгол хэл дээр зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх, ажилтан албан хаагчдын мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэхээр тендерийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Тендерт Г- сургуулийг шалгаруулж, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ИНЕГ/ҮЗ/ТББ/Ү-1817 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний төлбөрт нийт 640,000,000 төгрөгийг төлсөн.

1.2 Гэтэл гэрээний үргэлжлэх хугацаанд И-ын удирдлагыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль, журамд нийцүүлээгүй, хууль бус гэрээ байгуулж, Г- сургуулийн харилцах данс руу 512,000,000 төгрөгийг шилжүүлж, их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г- сургуулиас тендерийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн гэх баримтуудыг шалгахад хуурамч нотлох баримтууд бүрдүүлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн болохыг хожим буюу хэргийн материалтай танилцах үед олж мэдсэн.

1.3 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд гүйцэтгэлтэй холбоотой гарсан зардал 100,900,000 төгрөг гэсэн тул нэхэмжлэлийн үнийн дүнг мөн дүнгээр багасгаж 411,100,000 төгрөгийг хариуцагч Г- сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Манай сургуулийн зүгээс хуурамчаар баримт бичиг бүрдүүлсэн, хууран мэхэлсэн зүйл байхгүй. ИГ- болон Г- сургуулийн удирдлагуудыг шүүхээс гэм буруутайд тооцоогүй. 2021 оны 05 дугаар сард Авилгатай тэмцэх газраас уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2.2 ИГ- болон Г- сургуулийн хооронд байгуулсан гэрээ нь яг ямар хуулийг зөрчсөн эсэх, цаашлаад уг асуудлаар шүүхээс талуудыг гэм буруутайд тооцсон эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд НГ-ын тайлбарын агуулга:

3.1 Хариуцагч нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Тухайн тендерт оролцох ямар ч хуулийн шаардлага хангахгүй байна гэдэг байдлаар дүгнэсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдсон тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ИГ- болон Г- сургуулийн хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Г- сургуулиас гэрээний үүрэгт шилжүүлсэн 411,100,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ИГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ИГ-аас гэрээний үүрэгт 128,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч Г- татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ИГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,717,950 төгрөг, хариуцагч Г- сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г- сургуулиас 2,283,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ИГ-т олгож шийдвэрлэсэн.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Г- нь Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны багшаар буюу тухайн холбоогоор сургалт явуулсан, үүнээс шалгалтад тэнцсэн нэр бүхий 6 хүнд сертификат олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

5.2 Мөн Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлд зааснаас үзвэл Англи хэлний сургалт явуулахад зөвшөөрөл авах тухай заагаагүй. Мөн англи хэлний сургалтын үйл ажиллагаа явуулахад багшлах эрхийн гэрчилгээ шаардахгүй.

5.3 Гэрч Н.Н-ийн мэдүүлгээр ИГ- нь Г- сургуулийн ажлыг хүлээн авч, улмаар талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу буюу ажлын үр дүнг хүлээн авсны дараа төлбөр төлсөн болох нь тогтоогдоно. Ажлын үр дүнг хүлээн авсан нь тогтоогдсоор байтал нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт заасан үнэн зөв тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн төлөөлөгч миний бие 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр ажил хүлээлцсэн акт гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч тус шүүхээс уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан атал шүүхийн шийдвэрт татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

5.4 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаан нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг шүүх бичгээр авч гардуулаагүйн улмаас би өөрийн төлөөлүүлэгчид энэ талаар мэдэгдэж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдсөн гэж тайлбарлах боломжгүй. Үүний улмаас талуудын мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжгүй болсон гэж үзэж байна.

5.5 Шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 9247 дугаар захирамжаар А ХХК-г шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэвч шинжээч нь албан бичгээр ...туршлага байхгүй, ...аудиторуудын ур чадвар хүрэлцэхгүй гэх шалтгаанаар дүгнэлт гаргахаас татгалзсан. Иймд шинжээч томилсон тул захирамжийг биелэлтийг хангуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж талуудын тэгш эрхийн зарчмыг ноцтой зөрчсөн.

5.6 Тендер хууль бус эсэхийг Захиргааны шүүх харьяалан шийдвэрлэх бөгөөд үүнийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдаагүй байхад шүүх хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн хийсвэр дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нэгэнт үзүүлсэн сургалтын төлбөрийг буцаан гаргуулсан нь, мөн тус хэрэгт төрийг төлөөлөн прокурор оролцож байхад энэ талаар ямар ч дүгнэлт өгөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 И-ын зүгээс (IATA) болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагуудтай чиг үүрэг, үйл ажиллагаа, ажилтнуудаа гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд шууд харилцаатай байдаг. И-ын бүтэц бүрэлдэхүүнд нисэхийн сургалтын төв, мэргэжлийн хэрэгжүүлэх (IATA)-аар хүлээн зөвшөөрөгдсөн сургалтанд сууж гэрчилгээ авч улмаар тухайн ажил үүргээ гүйцэтгэдэг. Тендерийн гол зорилго нь зуучлагчаар Г- сургуулийн багш нарыг авч ирж сургалт зохион байгуулах зорилго байгаагүй. Өөрөөр хэлбэл Г- өөрөө эрх бүхий этгээд байх бөгөөд багш нарыг авч ирж гэрчилгээтэй сургалт зохион байгуулах үүрэг хүлээсэн гэрээ байгуулсан. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн.

6.2 Бидний зүгээс 512,000,000 төгрөгийг 256,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийж шилжүүлсэн санхүүгийн баримтаа гаргаж өгсөн. Давж заалдах гомдлын талаарх нотлох баримтаа хэргийн оролцогч өөрөө цуглуулах, нотлох үүрэгтэй гэж хуульд заасан байхад нотлох баримтгүй атлаа амаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Баясах сан аудит нь гэрээний дагуу зарцуулсан мөнгө 100,900,000 төгрөг байна гэж дүгнэсэн ба тухайн дүгнэлттэй хариуцагч тал маргадаггүй. шүүхийн хангаж шийдсэн 411,100,000 төгрөг гэрээнд зарцуулсан эсэх нь тодорхойгүй, хууль зөрчсөн гэрээ байна гэж үзэж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож 100,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 411,100,000 төгрөгийг хангаж шийдсэн нь үндэслэл бүхий байна. Учир нь 411,100,000 төгрөгт ямар үйл ажиллагаа явуулж, хэдий хэмжээний зардал гарсан талаар хариуцагч тал нотолж чаддаггүй бөгөөд нотлох баримт байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаж гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан прокурорын тайлбарын агуулга:

7.1 Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаантай холбоотой ямар нэгэн нотлох баримт болон татгалзал, тайлбараа шүүх хуралдаан эхлэх явцад гаргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд гэрээний эрх зүйн маргаан үүссэн гэж тодорхойлсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэм бурууг хэрэгсэхгүй болгосон хэргийг хаасан тогтоолд үндэслэсэн асуудал нь тухайн гэрээ анх ямар байдлаар байгуулагдсан буюу хуурамч нотлох баримт үйлдэх замаар тендерийн гэрээ байгуулах үйл ажиллагаанд оролцсон, тендер шалгаруулах үйл ажиллагааны албан тушаалтнууд хайнга хандсан үйл ажиллагаа байгаа талаар тогтоож өгсөн. ИГ- нь 512,000,000 төгрөгийн үйлчилгээ авах гэрээ байгуулсан боловч Г- нь үйлчилгээгээ тухайн гэрээний зорилго, шаардлагад нийцээгүй үйл ажиллагаа явуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ИГ- нь хариуцагч Г--д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ИНЕГ/ҮЗ/ТББ/Ү-1817 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 411,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч байгууллагын албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус гэрээ байгуулж, их хэмжээний хохирол учруулсан гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон. Мөн хариуцагч нь хуурамч нотлох баримт бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцож нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс 411,100,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

2.1 Хариуцагч шаардлагын үндэслэлийг ...хариуцагч нь нэхэмжлэгчийг хууран мэхлээгүй, ...хариуцагч байгууллагыг эрх бүхий байгууллагаас гэм буруутайд тооцоогүй гэж үгүйсгэн маргасан.

2.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд НГ- нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1 Талуудын хооронд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад оруулахтай холбогдуулан И-ын харьяа алба салбаруудын ажилнуудад Иргэний нисэхийн салбарын менежмент, нисэх буудал газрын үйлчилгээ, ачаа тээвэр, аюулгүй байдлын чиглэлийн Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг Англи, Монгол хэл дээр зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх, нисэх буудлын ажилтан албан хаагчдын мэргэжлийн Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр хариуцагч Г- сургууль нь нисэх буудлын ажилтан албан хаагчдын мэргэжлийн Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч ИГ- нь 640,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 4-14/

3.2 Гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс 512,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Гэрээний дагуу 80 хүн сургалтанд хамрагдсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. /1хх 15-17/

3.3 НГ-ын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Ё.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон боловч тухайн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ дээрх прокурорын тогтоол болон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн баримтад үндэслэсэн. Шүүх уг тогтоол болон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой баримтыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт хамааруулсан нь үндэслэлгүй болжээ.

4.1 НГ-ын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор И-ын эрх бүхий албан тушаалтан болох Ё.Э-, Б.Г-, Г.Б-, С.Е нарыг үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах хугацаандаа тендерийг үнэлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, шаардлага хангахгүй этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсний улмаас гэрээ байгуулагдаж, Г- сургуульд нийт 510,000,000 төгрөг шилжүүлж, төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Хайнга хандах гэмт хэргийн шинжтэй гэж, Г- сургууль-ийн захирал Д.Д-, ажилтан Б.Д- нар нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сургалт явуулах эрхгүй Г- сургууль-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад өрсөлдөгчгүй оролцох, гүйцэтгэгчээр шалгарах зорилгоор албан бичгүүдийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

5.1 Анхан шатны шүүх НГ-ын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолд дурдсан гэмт хэрэгтэй холбоотой үйл баримтад үндэслэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь, талуудын байгуулсан хэлцлийн агуулга нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд, мөн хууль ёс, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны үндсэн үнэлэмжүүдтэй үл нийцсэн, харшилсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоодог.

Хэрэгт авагдсан баримт болон НГ-ын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор талуудын хооронд байгуулсан дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал болох нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий албан тушаалтан гэрээ байгуулахдаа хайнга хандсан гэмт хэрэг үйлдсэн нь тухайн гэрээг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

6. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

6.1 НГ-ын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолд дурдсан хариуцагч нь нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн, хуурамч баримт үйлдсэн гэмт хэрэг үйлдсэнийг анхан шатны шүүх тэдний хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь, дээрх гэрээнд заасан ажил үйлчилгээтэй холбоотой сонгон шалгаруулалтад оролцох баримтыг хуурамчаар үйлдсэн хариуцагчийн үйлдэл нь тухайн хэлцлийг хийх зорилгоор нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн, хариуцагч ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00893 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Г--д холбогдох, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 411,100,000 төгрөг гаргуулах тухай И-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,213,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН