Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 111

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.У-д холбогдох эрүүгийн 19214 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 197 оны 06 дугаар сарын -ний өдөр төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4-20 насны 4 хүүхдүүдийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 зургаа сарын хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ЛЮ99 регистрийн дугаартай, Х овогт Д.У

Шүүгдэгч Д.У нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 62 дугаар байранд үйл ажиллагаа явуулах “Самсунг” гэх гар утас худалдааны дэлгүүрээс “Самсунг”-А7 загварын гар утас хулгайлж бусдад 1290000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчим ажил дээрээ очоод үйлчлүүлсэн хүнгүй байж байгаад 11 цаг 30 минутын орчим Самсунг-А7 загварын гар утсаа лангууныхаа зүүн талд цэнэглэж орхисон ... нэг харахад цэнэглэж байсан утас маань байхгүй болсон байсан. ... алдагдсан гар утас тод ягаан өнгийн 2018 он үйлдвэрлэгдсэн шинэ гар утас болохоор сэв зураас байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манай ээж Сүхбаатар аймагт байдаг ба 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Тэр үед ээж надад Самсунг-А7 загварын гар утас үзүүлж байсан. Би ямар учиртай гар утас болохыг асуухад ээж хүнээс авсан гэж байсан. Тэгээд ойролцоогоор 7 хоноод явсан ба явахдаа гар утсаа надад үлдээгээд явсан. Тэрнээс хойш би тэр гар утсыг барьж байсан ба 2019 оны 04 сарын эхээр Дорнод аймгийн Цагдаагийн газраас ярьж байна гээд залгаад миний барьж байсан гар утсыг хулгайн гар утас байна та одоо Самсунг-А7 загварын гар утас барьж байгаа юу гэж асуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Д.У нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 62 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Самсунг” худалдааны дэлгүүрээс “Самсунг”-А7 загварын гар утас хулгайлж бусдад 1,290,000 /нэг сая хоёр зуун ерөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...би гадуур явж байгаад шилэн барилга руу орж юм сонирхож байгаад гар утасны дэлгүүр рүү орсон. Тэгээд гар утас сонирхож байхад лангуун дээр нь нэг ширхэг утас цэнэглэж байхаар нь хүн харж байгаад гар утсыг нь аваад халаасандаа хийгээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, түүнийг давхар нотолсон хохирогч ******* /хх-ийн 19-20/, гэрч ******* /хх-ийн 25-26/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох ыбаримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.У-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЛЮ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Х овогт Д.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Д.У-ийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.У-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЛЮ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР