Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00934

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 03 210/МА2024/00934

 

 

В.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00946 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: В.Л-

Хариуцагч: А ХК

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 94 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй, 42,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е, С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Г ХХК, Ж.Б- нь А ХК-тай 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй, мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг 2,3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай тус тус зээлсэн.

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г В.Л-той байгуулж, түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 94 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй, 42,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

1.2 Гэрээнд заасан хугацаанд гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болж А ХК-ийн зүгээс барьцааны зүйлийг зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд манай өмчлөлд шилжүүлж өг гэж дарамталсан. Орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг А ХК шилжүүлэн авсан. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн төлбөрт өгч байгаа мэт хүсэлт бичүүлж авсан.

Талуудын хэн аль нь орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл сонирхол байгаагүй, худалдагч нь орон сууцны бодит эзэмшлийг худалдан авагчид шилжүүлээгүй, худалдан авагч нь үнийг төлөөгүй ба Г ХХК, Ж.Б- нарын зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээгээр байгуулсан.

1.3 Талууд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 А ХК нь В.Л-ид зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлээ төлөхгүй байсан тул харилцан тохиролцож, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 39 дугаар зүйл, 195 дугаар зүйлд заасны дагуу талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгуулсан.

2.2 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу орон сууцыг А ХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах авах гэрээ нь тухайн хөрөнгийг харилцагч буцаан авахад орон сууцны үнэлгээ тогтоосон гэрээ юм. Уг гэрээг барьцааны гэрээ гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 94 байр 00 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй 42,95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч А ХК-д даалгах тухай нэхэмжлэгч В.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 52.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Л-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талууд орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, бодитоор худалдаагүй.

4.2 Маргааны зүйл болж буй орон сууц нь А ХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байсан ба зээлдүүлэгч нь барьцааны гэрээний үүргийг Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн журмаар худалдахыг шаардах эрхтэй. Үл хөдлөх хөрөнгийг зөвхөн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр худалдахаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зохицуулсан.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахыг зөвшөөрч гараар бичсэн өргөдлийг нотариатаар баталгаажуулан худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан нь хүсэл зоригийн бодит илэрхийлэл гэж үзэх боломжтой. Бидний зүгээс худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан хөрөнгөө суллаж, түлхүүрийг өгөх, түлхүүрийн голыг солих талаар буюу өөрсдийн өмчийг авах талаар удаа дараа нэхэмжлэгчид хандаж байсан ба энэ талаар нэхэмжлэгч мөн нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурдсан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлээ хариуцагчид шилжүүлж өгөөгүй үйлдлээ бодитоор худалдаагүй хэмээн өөрт ашигтайгаар тайлбарлаж байна.

5.2 Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба барьцааны гэрээний 4.2.6-д барьцаалуулагч нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шүүхээс гадуур хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэх агуулгын талаар заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч В.Л- нь хариуцагч А ХК-д холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 94 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй, 42,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. А ХК болон Ж.Б-, Г ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ/110013000373 дугаартай зээлийн гэрээний, мөн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ/110013009696 дугаартай зээлийн гэрээний, мөн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ/110013043179 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор А ХК болон В.Л- нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр БГ/110013000373 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр БГ/110013009696 дугаартай, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр БГ/110013043179 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/ тус тус байгуулагдсан.

Гэрээгээр В.Л-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 94 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206047087 дугаарт бүртгэлтэй, 42,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

4. Улмаар В.Л- болон А ХК-ийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр В.Л- өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг 109,955,889 төгрөгөөр үнэлэн А ХК-д худалдаж, өмчлөлд нь шилжүүлэх, А ХК 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 30,795,217 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 49,531,739 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 27,391,178 төгрөгийн үүргийг дуусгавар болох талаар харилцан тохиролцсон. /хх 81-86/.

4.1 Үүний дагуу В.Л- нь дээрх орон сууцыг зээлийн төлбөрт тооцож А ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтийг А ХК болон Улсын бүртгэлийн ерөнхий газар тус тус гаргасан, /хх 35/ орон сууцны өмчлөх эрх хариуцагч А ХК-д шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн. /хх 76/

4.2 Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

5. Талууд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээ байгуулж, худалдан авагч нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг бусдад аливаа байдлаар шилжүүлэхгүй байхаар амлаж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг худалдагчийн хүсэлтээр хүлээсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар дээрх хугацаанд нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг буцаан худалдан авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй.

5.1 Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тохиолдолд үүрэг дуусгавар болно.

5.2 Нэхэмжлэгч В.Л- нь Ж.Б-, Г ХХК болон А ХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн үүрэгт барьцааны гэрээний зүйл болох орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагчийн өмчлөлд харилцан тооцож шилжүүлсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт нийцсэн.

6. Хэрэгт авагдсан баримтаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд мөн хуулийн 174, 175 дугаар зүйлд заасан журам хамаарахгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

М.БАЯСГАЛАН