Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00971

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 08 210/МА2024/00971

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2024/00511 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Т ХХК, У ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: гүйцэтгэлийн баталгаа болон хохиролд нийт 82,543,482 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Э, түүний өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 О ХХК, Т ХХК, Б ХХК-ийн хооронд 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд 20 айлын орон сууцны барилгыг барихаар 499,900,000 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээ байгуулагдсан. Барилгын ажлыг эхлүүлж 149,000,000 төгрөгийн санхүүжилт олгож, барилгыг 2 давхар хүртлээ барисан. 2009 оноос санхүүжилт олгоогүйн улмаас зогссон. О ХХК нь гүйцэтгэлийн баталгаанд 5 хувийг буюу 27,494,500 төгрөгийг суутган авсан. Үүнээс 8,000,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 19,494,500 төгрөг болсон. 2018 онд Засгийн газрын 81 дүгээр тогтоол гарч, тухайн царцаагдсан барилгыг У ХХК-д шилжүүлсэн. 2019 онд У ХХК, О ХХК, Барилга хот байгуулалтын яам хамтран ажиллах гэрээ байгуулж, акт үйлдээд нийт 172,436,631 төгрөгийн хэмжээнд У ХХК-д шилжүүлсэн. Үүнд чанарын баталгаа буюу барьцааны 19,494,500 төгрөг багтсан.

1.2 Улмаар У ХХК 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус орон сууцны царцаагдсан барилгыг З ХХК-д 175,000,000 төгрөгийн хэмжээнд худалдаж, шилжүүлсэн. Энэ үеэс бид гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо, чанарын баталгаанд суутгаж авсан мөнгөө нэхэмжлэх эрхтэй болсон. Хөөн хэлэлцэх хугацаа өнөөдрийг хүртэл тасалдаад явж байсан.

1.3 Иймд хариуцагч нараас гүйцэтгэлийн баталгаа болох 19,494,500 төгрөг, ашигт хөрөнгийг төсөвт өртгийн 15 хувиар тооцож 10 жилээр үржүүлээд 29,241,750 төгрөг, валютын ханшийн зөрүүнээс 33,807,232 төгрөг, нийт 82,543,482 төгрөг гаргуул өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Т ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Талууд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/94, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3/94А дугаар барилга байгууламж хүлээлцэх актаар Дундговь аймагт баригдаж байсан 20 айлын орон сууцыг блансаас блансад шилжүүлж хүлээлцсэн. Тус барилга нь Т ХХК-ийн өмчлөлөөс бүрэн чөлөөлөгдөж У ХХК-д шилжсэн тул тухайн орон сууцны барилгатай холбоотой аливаа төлбөрийн бусад асуудал манай байгууллага оролцох үндэслэлгүй.

2.2 Нэхэмжлэгч гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй. Мөн гэрээний хугацаа 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дууссан. Үүнээс хойш гэрээ сунгагдсан ямар нэгэн бичгийн баримтгүй. Үүнээс хойш нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Иймд манай байгууллага чанарын баталгааны барьцаа болон хохирол хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч У ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу уг орон сууцыг хариуцагч Т ХХК-иас 172,334,631 төгрөгийн зээлийн өр төлбөрт шилжүүлэн авсан. Үүнд чанарын барьцааны 19,494,500 төгрөг багтсан. Бид зөвхөн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Харин захиалагчийн эрх, үүргийг шилжүүлж аваагүй. Уг барилга чанарын доголдолтой нь экспертизийн тайлангаар тогтоогдоно.

3.2 У ХХК нь тус орон сууцыг 2023 оны 03 дугаар сард З ХХК-д худалдсан. У ХХК нь Б ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, үүрэг хүлээгээгүй. Б ХХК-ийн хувьд шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд эхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 19,494,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 63,048,982 төгрөгийн шаардлагыг, хариуцагч У ХХК-д холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 570,667 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 255,422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Т ХХК нь тухайн үедээ хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгаж санхүүжилтийн эх үүсвэрийг 2023 оныг хүртэлх 15 жилийн хугацаанд шийдэж, бэлэн болгоогүй, манай компанийг ажлаа гүйцэтгэх нөхцлийг бий болгоогүйгээр гэрээний үүргээ зөрчсөн. Захиалагч гэрээний үүргээ биелүүлсэн бол манай компани 2009 онд барилгыг барьж дуусган, ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх байсан. Гүйцэтгэлийн баталгааны 19,490,000 төгрөгийг буцаан олгоогүй нь манай компанийг хохиролд оруулсан. Б ХХК-ийн гүйцэтгэлийн баталгааны дээрх мөнгө 2010 оноос хойш 10 гаруй жил ТОСК /ТӨҮГ/-ийн дансанд барьцаалагдан хадгалагдаж байсан нь манай компанид зохих хэмжээний хохирол, үр ашиггүй алдагдал бий болгож үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглаж зохих орлого хуримтлал бий болгох, баялаг бүтээх ажилд нэмэр болсонгүй, харин ч мөнгөний ханш унасан. Монгол улсын барилга угсралт, үйлдвэрлэлийн төсөвт өртгийн тооцоонд тухайн ажлын төсөвт ашигт өртгийг төсөвт өртгийн 15%-иар нормчлогдсон байдаг тул манай компанийн мөнгөн хөрөнгө болох 19,494,500 * 15%* 10 жил гэж тооцоход 29,241,750 төгрөг болно. Мөн валютын ханшны зөрүү тооцоход 33,807,232.97 төгрөгийн валютын ханшийн зөрүү гарч байна. Шүүхээс хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөн гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгчид учирсан хохиролтой шалтгаант холбоогүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.2 Засгийн газрын 2018 оны 81 дүгээр тогтоолоор гэрээний захиалагч тал У ХХК болж өөрчлөгдсөн. Гэтэл захиалагч нь 2023 онд тус царцаагдсан 20 айлын орон сууцны объектыг хувийн хэвшилд худалдаж гэрээ хийгдсэн гэж сонссон. Ингээд манай байгууллагад гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон, нөгөө талаас санхүүжилт шийдэж өгөөгүй, хувийн хэвшилд худалдсан нь гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл бий болсон. Барилгын үнэ бүрдлийн үндсэн /БНбД 81-94-12/ дүрэм, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 63,048,982 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Төсвийн задаргаанд чанарын баталгаа барьцаа хөрөнгө багтдаггүй. Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалаар барилгын төсөв зохиох дүрмийг хавсралтаар баталсан. Уг дүрмийн 4.50-д Барилгын гүйцэтгэгч байгууллагын төсөвт ашгийн хэмжээг шууд зардал, барилгын удирдлага, зохион байгуулалтын зардлын нийлбэр дүнгийн 15 хувиар тооцож төсөвт тусгана. гэж, 4.6.1, 4.6.2-т шууд зардал болон зохион байгуулалтын зардлын задаргааг тусгасан бөгөөд чанарын баталгаа барьцаатай холбоотой зардлыг тусгаагүй. Чанарын баталгаа барьцаа хөрөнгө нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй эсхүл зөрчил, доголдол гаргасан тохиолдолд суутгах боломжтой эрсдэл мөнгөн хөрөнгийн дүн учраас ашигт тооцохгүй. Анх талуудын байгуулсан гэрээнд барилгын ажлыг 2008 онд ашиглалтад оруулахаар заасан. Гэтэл ТОСК ТӨХХК-ийн хувьд 2009 оноос хойш санхүүжилт зогссон. Барилгын ашиглалтад орох хугацааг гэрээнд заасан байдаг хэдий ч ямар нэг байдлаар хугацааны хувьд өөрчлөлт орох боломжтой учир хохирол тооцох боломжгүй.

6.2 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь үүрэг зөрчигдсөнөөс үүсэх хариуцлагыг, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасан зохицуулалт нь ажил дуусахаас өмнө захиалагч гэрээг цуцалсан бол учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Т ХХК-ийн хувьд гэрээнээс татгалзсан, цуцалсантай холбоотой үйл баримт байхгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн шатанд гаргасан тайлбарт дэлгэрэнгүй тусгагдсан бөгөөд эрх, үүрэг шилжсэн гэж үзнэ. Хохирол гэдэгт бодит хохирлыг ойлгоно. Тухайн цаг хугацаанд Т ХХК-иас тодорхой олгох ёстой байсан бүх санхүүжилтийг олгосон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2/53/102 2018/04-02 дугаар гэрээ нь холимог гэрээ байх бөгөөд гэрээний нийтлэг үндэслэл болон санхүүжилтийн ерөнхий нөхцөл-ийг авч үзвэл өр төлбөр барагдуулах гэрээнээс гадна тодорхой нөхцөл бүхий хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний зорилго, гүйцэтгэл, талуудын эрх, үүргийн хуваарилалт зэргээс авч үзвэл тус гэрээнд гэрээний хавсралтад заасан орон сууцнуудыг ашиглалтад оруулах зорилго бүхий хамтран ажиллах гэрээний шинж давамгайлж байна.

Дээрх хамтран ажиллах гэрээг байгуулахдаа талууд өөрсдийн эрх, үүргийг хуваарилсан бөгөөд ингэхдээ ТОСК нь захиалагчийн хяналтын үүргийг гүйцэтгэх, У ХХК нь тухайн дуусаагүй барилгыг өөрийн баланс /өмчлөл/-д шилжүүлэн авах замаар санхүүжүүлж, ашиглалтад оруулах, БЯ- /цаашид БХБЯ гэх/ нь гэрээний нөхцөлөөр тохирсон асуудлуудыг зохион байгуулах үүргийг тус тус хүлээсэн. Энэхүү нөхцөл байдал нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрээний нөхцөлд тодорхой тусгагдсан бөгөөд хариуцагч ТОСК-ийн зүгээс тухайн зүйл, хэсэг, заалтыг нотлох баримт шинжлэн судлах үе шатанд судлуулсан боловч шүүх огт дүгнээгүй.

7.2 Хамтран ажиллах гэрээний 2.1.4, 4.2.1 дэх хэсэг болон шүүх хурлын тэмдэглэлийн 11 дүгээр талд хариуцагч У ХХК-ийн төлөөлөгч нь Засгийн газраас анх гарсан 2018 оны тогтоолын дагуу 5 аймаг дах орон сууцыг хамтран ажиллах гэрээний дагуу үргэлжлүүлэхээр болж 2018 онд хамтран ажиллах гэрээ хийсэн гэж дурдсан нь тухайн дуусаагүй барилгыг Б ХХК-иар үргэлжлүүлэн гүйцэтгүүлж, ТОСК захиалагчийн хяналт тавих нөхцөл бүхий хамтран ажиллах гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн өр төлбөр барагдуулах гэрээний шинжийн хувьд тухайн гэрээний агуулгыг илэрхийлж байх боловч гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаас үзвэл талууд тооцоо нийлээгүй байх бөгөөд энэ нь өр төлбөр барагдуулах гэрээ мэт боловч санхүүжилт зогссоны улмаас дуусаагүй барилгуудыг У ХХК өөрийн өмчлөлд шилжүүлэн авах замаар санхүүжүүлж, ашиглалтад оруулах зорилго бүхий гэрээ байна.

7.3 У ХХК банк тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаас гадна Б ХХК-иар тухайн барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор 2018, 2023 онуудад барилгын экспертизийн дүгнэлт хийлгүүлсэн, З ХХК-д худалдан борлуулсан зэрэг үйл баримтуудаар нотлогдож байгаа юм. Мөн У ХХК-ийн зүгээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй боловч бусад этгээдтэй тухайн хөрөнгийн хувьд гэрээ байгуулсан тохиолдолд тус эрх нь тухайн гэрээгээр хязгаарлагдах бөгөөд нэхэмжлэгч болон ТОСК-ийн зүгээс хуралдааны турш уг асуудлын талаарх байр суурийг илэрхийлж, холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан боловч шүүхээс огт дүгнээгүй.

7.4 Барилгын чанарын баталгааны барьцаа төлбөр нь зээлийн гэрээний дагуу үүссэн өр төлбөр бус захиалагчид хуулиар олгогдсон эрх бөгөөд талууд харилцан тохиролцсон тохиолдолд тодорхой хэмжээний төлбөрийг барилгыг ашиглалтад орсноос хойш 3 жилийн хугацаанд барьцаалж, чанарын баталгаат хугацаа дууссаны дараа суллах мөнгөн хөрөнгө юм. Үүнээс үзвэл мөнгөн хөрөнгө барьцаалах эрхээс үүдэлтэй, барьцааны шаардлага хангагдсан тохиолдолд суллах үүрэг захиалагчид үүсч буй хэлбэр байна. Энэ учраас тухайн чанарын баталгааны барьцаа төлбөрийг ТОСК бус У ХХК-д төлөх үүргийг хүлээх юм.

7.5 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасныг огт харгалзан үзээгүй бөгөөд энэ нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжих атал зөвхөн гэрээний зохицуулалтын хүрээнд дүгнэсэн. Улсын мэргэжлийн хяналтын газраас Б ХХК-д 2007, 2009 онуудад барилгын зөрчил, доголдол арилгах тухай албан шаардлагуудыг хүргүүлсэн бөгөөд шүүхийн зүгээс тухайн асуудал нь 2018, 2023 оны барилгын экспертизийн дүгнэлтээр илрээгүй тул зөрчлийг арилсанд тооцохоор дүгнэсэн. Гэтэл ШУТИС БАС-ийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны реконстракшн төв нь хууль тогтоомж болон холбогдох дүрэм журмаар тухайн дүгнэлтийг гаргах эрх бүхий этгээд биш юм. Түүнчлэн тухайн байгууллагын гаргасан дүгнэлт нь үе шатны ажил бус, барилгын гадна талаас буюу харагдах байдлын хүрээнд хийсэн дүгнэлт байх бөгөөд Улсын мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагад дурдсан асуудлуудыг хянан шалгаагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс албан шаардлагад заасан зөрчлүүдийг арилгасан талаар баримт огт байхгүй атал шүүхээс дүгнэлт гаргах эрхийн зөрүүтэй байгууллагаас гаргасан дүгнэлтийг зөрчил, доголдол арилгасанд тооцож буй нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэнтэй холбоотой юм.

7.6 Гэрээний хугацаа тухайн дуусаагүй барилгыг У ХХК-д балансаас балансад шилжүүлэн өгснөөр дуусгавар болсон бөгөөд энэ нь хамтран ажиллах гэрээ болон барилга, байгууламж хүлээлцэх актуудаар нотлогдож байгаа юм.

Иймд анхан шатны шүүх шийдвэрийн ТОСК ТӨХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 Гүйцэтгэлийн баталгааг хариуцагч суутгаж авснаа хүлээн зөвшөөрдөг. Харин уг мөнгийг У ХХК-д шилжүүлсэн гэж гомдол гаргадаг. Иргэний хуулийн 343, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэлийн баталгаа болох 19,494,500 төгрөгийг Т ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Б ХХК-ийн барьсан 20 айлын орон сууцыг чанарын шаардлага хангаагүй байсан гэж нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2018, 2023 оны барилгын экспертизийн тайлангуудыг үндэслэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг. Уг тайлангууд нь чанарын шаардлагад шууд дүгнэлт хийж байгаа асуудал биш юм.

8.2 Харин царцаагдсан барилгыг өөр компанид шилжүүлэх бусдад худалдах зорилгоор ерөнхий шинж байдалд үзлэг, оношлогоо хийсэн. Нэхэмжлэгчээс 2022 он хүртэл Т ХХК-ийн удирдлага н.Алдаржавхланд удаа дараа уулзаж шаардлагуудыг хүргүүлж байсан. 2018 онд Засгийн газрын 81 дүгээр тогтоол гарч, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хамтран ажиллах гурван талт гэрээг байгуулсан. Уг гэрээний 2.1.4-т У ХХК-ийн өмчлөл тухайн орон сууцыг шилжүүлсэн боловч өмнө ажиллаж байсан компаниудыг гүйцэтгэгчээр оролцуулж барилгыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг олгохоор заасан. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр У ХХК ньЗ ХХК-д барилгыг худалдсанаар шаардах эрх үүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан учир нэхэмжлэл гаргах эрхээ алдаагүй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Хариуцагч Т ХХК-ийн зүгээс У ХХК нь санхүүжилтийг зогсоосон, санхүүжүүлэх байсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээ нь гүйцэтгэлийн баталгааг буцаан олгоогүй, олгоогүйгээс учирсан хохирол шаардаж байгаа учир хамтран ажиллах гэрээ хамааралгүй. Анх У ХХК нь тухайн дуусгаагүй барилгыг Т ХХК-иас зээлийн өр төлбөрт буюу 172,400,000 төгрөгт шилжүүлж авсан. Уг үнийн дүнд гүйцэтгэлийн баталгаа болох 19,494,500 төгрөг багтсан. 19,494,500 төгрөг орсон дүнгээр зээлээс нь хасалт хийсэн учраас Т ХХК нь манай компанид гүйцэтгэлийн баталгааны мөнгийг шилжүүлж өгөөгүй учир үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлыг манай компани хариуцах үндэслэлгүй.

9.2 2007 онд гэрээ байгуулагдаад 2009 онд гэрээний хугацаа дууссан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн тухайн барилга нь У ХХК-ийн өмчлөлд шилжиж ирсэн ч чанарын доголдлын талаарх удаа дараагийн дүгнэлтүүдийг хэрэгт өгсөн. Гүйцэтгэлийн баталгааны үүрэг нь чанарын доголдлыг арилгахад зарцуулагдах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Т ХХК болон У ХХК-д холбогдуулан гүйцэтгэлийн баталгаа 19,494,500 төгрөг, хохирол 63,048,982 төгрөг, нийт 82,543,482 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчид эс зөвшөөрч маргажээ.

3. О ХХК болон Б ХХК-ийн хороонд 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2007/14 дугаартай Дундговь аймгийн төвд төрийн албан хаагчдад зориулан баригдах 20 айлын орон сууцны барилга, угсралтын ажлын гүйцэтгэх захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ байгуулагдсан. Гэрээгээр гүйцэтгэгч Дундговь аймгийн төвд баригдах 20 айлын орон сууцны 1 барилга бүхий 1423 м.кв талбай 5666,4 шоо метр эзэлхүүнтэй төмөр бетон баганан суурь, 120 мм тоосгон өнгөлгөө 100 мм полисторол дулаалгатай 360 мм-ийн хөнгөн блокон хана, төмөр бетон цутгамал хучилттай, цокольтой 5 давхар, төмөр бетонон каркасан барилга угсралтын ажлын дотор инженерийн шугам сүлжээний хамт 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эхэлж, 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулах, захиалагч нь ажлын хөлсөнд 499,900,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 9-11/

3.1 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2007/94 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт-өөр барилгын нэр төрлийн 6 материал болон тээврийн үнийн зөрүү нийт 49,990,000 төгрөгийг нэмж тооцон гэрээний үнийг 549,890,000 төгрөгөөр, барилгыг 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон байна. /1хх 8/

4. Анхан шатны шүүх хариуцагч О ХХК болон нэхэмжлэгч Б ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Учир нь, гэрээгээр хариуцагч О ХХК нь орон сууцыг захиалан бариулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууцны барилга бий болоогүй, тус орон сууцыг гүйцэтгэгч Б ХХК тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байна. Иймд хариуцагчийн ...хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

5.1 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Т-и ТӨҮГ болон нэхэмжлэгч Б ХХК-уудын хооронд тооцоо нийлсэн актаар нийт 180,434,631 төгрөгөөр санхүүжүүлсэн, гүйцэтгэлийн баталгаа 5 хувь болох 27,494,500 төгрөгийг суутган авсан, үүнээс 8,000,000 төгрөгийг Н.О-ы төлбөрт суутгасан, үлдэх 19,494,500 төгрөгийг олгоогүй. /1хх 12-13/

5.2 О ХХК, Т-и төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болж тус тус өөрчлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

5.3 БЯ-, У ХХК, Т-и ТӨҮГ-ууд нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, Засгийн газрын 2018 оны 81 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Т-и ТӨҮГ-ын балансад бүртгэлтэй орон сууцны дуусаагүй барилгыг хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр 35,477,278,512 төгрөгт тооцон У ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /1хх 100-113/ Уг гэрээний хавсралтад заасан орон сууцнуудад Дундговь аймгийн төвд төрийн албан хаагчдад зориулан баригдах 20 айлын орон сууцны барилга багтсан.

5.4 Дээрх барилгыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаар тогтоол, Монгол улсын хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаар тогтоол, БЯ-, Монгол улсын хөгжлийн банк, Т-и ТӨҮГ нар харилцан тохиролцож 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хамтран ажиллах 2/53/102, 2018/04-02 дугаартай гэрээ, Монгол улсын хөгжлийн банк, Т-и ТӨҮГ харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хамтран ажиллах 3/73, 2018/04-03 дугаартай гэрээг тус тус үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Дуусаагүй барилга, байгууламжийг хүлээлцэх акт-аар Т-и ТӨҮГ нь У ХХК-д шилжүүлсэн. /1хх105-107/

5.5 Монгол улсын хөгжлийн банкны зээлийн удирдлагын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг үндэслэн У ХХК, З ХХК-ууд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах 20 айлын орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг газрын хамт З ХХК-д 175,556,086 төгрөгөөр худалдан борлуулсан. /1хх 123, 129-131/

5.6 Шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилга, архитектурын сургуулийн 2018 оны Барилгын экспертикийн тайлан Дундговь аймгийн мандал говь хотын Төрийн албан хаагчийн 20 айлын орон сууц-ны барилгын оношлогоо-оор хотойлт ихтэй хучилтын төмөрбетон хавтанг хүчитгэх, барилгын 2 давхрын баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлагыг хангахгүй учир хүчитгэл хийхийг зөвлөсөн. /1хх 68-80/

5.7 Мөн дээрх сургуулийн 2023 оны оношилгоогоор барилгын зоорийн болон 1-р давхрын хотойлт ихтэй хучилтын төмөр бетон хавтанг хүчитгэх, барилгын 2-р давхрын баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлагыг хангахгүй учир буулгахыг зөвлөсөн. /1хх 76-93/

6. Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07/175/106 дугаар, Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 39/14/174 дугаар албан шаардлагуудад дээрх хоёр дүгнэлтэд заасан зөрчил тусгагдаагүй байх тул тухайн зөрчил арилсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. /1хх81-85/

7. О ХХК, Б ХХК-уудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дууссан. Т ХХК гэрээний хугацаа дууссаны дараа барилгын ажлын доголдол, зөрчилтэй холбоотой гомдлын шаардлага гаргаагүй. Иймд хариуцагчийн ...барилгын ажил доголдолтой байсан баталгааны мөнгийг доголдолд зарцуулна гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Мөн нэхэмжлэгч Б ХХК нь 2019, 2020, 2022 онуудад 20 айлын орон сууцны дуусаагүй барилгын ажлыг дуусгах үлдэгдэл ажлын төсвийн тооцоо, магадлалын дүгнэлтийг гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлж, барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх, гүйцэтгэлийн баталгааны мөнгийг буцаан авах шаардлагыг хариуцагч нарт тавьж байсан зэргээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх хариуцагч Т ХХК-ийн гомдол үндэслэлгүй.

9. Хэрэгт авагдсан баримтаар гэрээнд заасан 1 жилийн чанарын баталгаат хугацаа дууссан байх тул хариуцагч Т ХХК нь ажлын гүйцэтгэлийн баталгаа 19,494,500 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй. Түүнчлэн, Т-и ТӨҮГ-ын өр төлбөрт тооцон дээрх барилгыг У ХХК-д шилжүүлсэн нь тухайн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагч Т ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй.

10. Т ХХК-ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б ХХК-д хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 63,048,982 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

11. Хариуцагч У ХХК нь Б ХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш байх тул анхан шатны шүүх У ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2024/00511 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 475,000 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 255,425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН