| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0050/Э |
| Дугаар | 0050 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 0050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.О
Хохирогч Ө.Э
Шүүгдэгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 1925000290028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Б нь 2019 оны 01 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 13-11 тоотод Ө.Э-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч М.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид 2 багийн найз. Хийсэн хэрэгтээ харамсаж байгаа. Хохиролд 1.400.000 төгрөгийг төлсөн. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй. Урьд нь хоол унд идэж байхдаа зүгээр байсан. Миний түлхэснээс болж гэмтэл учирсан гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ө.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр найзуудаараа нийлж Энх-Амгалангийнд очсон. Нилээн ууж идэцгээсэн. Хоёр Балжинням хоорондоо маргалдсан. Болиулах гээд дийлээгүй. Бид нилээн согтууралтай байсан. Балжинням гаднаас орж ирээд намайг түлхсэн байсан. Тэнд байсан хүмүүс хэлсэн. Тухайн үед болсон үйл явдлыг санаж байгаа боловч түлхсэн үйлдлийг сайн санахгүй байгаа. Хохиролд 1.400.000 төгрөгийг өгсөн. Цаашдаа эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Эрүүл байсан ясан шүдийг авч оёдол тавьсан. Иймд шүд хийлгэх хэрэгтэй байгаа гэсэн мэдүүлэг,
-Гэрч Г.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ахын найзууд ууцгаагаад дуулж хуурдаад байж байх хооронд би Барссүрэн, түүний найз охины хамт хөзөр тоглоод байж байхад Наранхүү ах гараад явсан. Улмаар бүгд архи уугаад нэлээн согтоод тамхи татах гээд орж гарцгаагаад байсан. Эрхэмбаяр ах М.Балжинням ахыг хоёулаа зодолдох уу гэхэд М.Балжинням ах үгүй ээ би зодолдмооргүй байна гэхэд Эрхэмбаяр ах М.Балжинням ахын цээж рүү баруун гараараа түлхэхэд Эрхэмбаяр ах биеэрээ эргээд нүүрээрээ доошоо хараад зуухны хажууд юм мөргөх шиг болсон гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/,
-Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бүгд архиа уугаад нэлээн согтоод тамхи татах гээд гэрээс орж гарцгаагаад байж байтал М.Балжинням ах Болдоо гадаа ухаан алдаад уначихлаа гээд ороод ирэхэд Эрхэмбаяр ах гэрт маш чангаар орилж хашгираад М.Балжинням ахыг хоёулаа үзэх үү гээд М.Балжинням ах үгүй хөгшөөн гээд байхад Эрхэмбаяр ах толгой руу нь 2 удаа цохиход М.Балжинням ах Эрхэмбаяр ахын цээж рүү 2 гараараа түлхэхэд Эрхэмбаяр ах зуухны янданг зүүн гараараа цохиод намхан ширээн дээгүүр даваад биеэрээ эргээд унасан. Эрхэмбаяр босож ирээд над руу пизда минь гээд дайраад байхаар нь М.Балжинням ах салгаад уруулнаас чинь цус гарсан байна угаачих найз гэхэд би Эрхэмбаяр ахын бөгжийг олж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 64 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ө.Э-н биед доод эрүүний зүүн хэсгийн далд хугарал, нүүрний зүүн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд түлэгдсэн шарх, дээд уруулын гадна хэсэгт цус хуралт үүсчээ.
2. Доод эрүүний зүүн хэсгийн далд хугарал, нүүрний зүүн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал, дээд уруулын гадна хэсэгт цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн, олон удаагийн үйчлэлээр, зүүн гарын шуунд түлэгдсэн шарх нь өндөр хэмийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэхээр байна.
3. Доод эрүүний зүүн хэсгийн далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүрний зүүн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд түлэгдсэн шарх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд уруулын гадна хэсэгт цус хуралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 24 ху/,
-Яллагдагч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Болдоог гэрт оруулж ирээд байж байтал Эрхэмбаяр зуухны хажууд зогсож байсан ба Эрхэмбаяр намайг Болдоог зодсон гэж ойлгоод хоёулаа үзэх үү, зодолдох уу гээд байсан тэгэхээр нь би үгүй ээ, би чамтай зодолдохгүй гэж хэлэхэд Эрхэмбаяр нь тэгвэл чи намайг эхлээд цохь гэхээр нь би үгүй ээ цохимоор байвал чи өөрөө намайг цохь гэж хэлтэл Эрхэмбаяр нь миний баруун, зүүн гараараа ээлжлээд тогойн чихний дээр 2 удаа цохихоор нь би Эрхэмбаярыг нэг гараараа толгой руу нь түлхсэн. Эрхэмбаяр нь надад түлхүүлээд хойшоо зуухан дээр гараараа хүрээд зуухны хажууд байсан сандал, ширээн дээр биеийнхээ урд талаараа унаад босож ирээд дүү рүүгээ уурлаж дайрахад нь би салгаад Эрхэмбаярыг уруулаас чинь цус гараад байна, наадахаа угаа гэж хэлэхэд Эрхэмбаяр угаалтуур луу цусаа угааж байх хооронд би алга болсон бөгжийг нь орны доороос хайгаад олж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 34 ху/
-М.Б-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 31-34 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40 ху/
-Хохирлын баримт /хх 45-55 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 01 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 13-11 тоотод Ө.Э-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй. Миний түлхэснээс болж гэмтэл учирсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Ө.Эрхэмбаярын “...Балжинням гаднаас орж ирээд намайг түлхсэн байсан. Тэнд байсан хүмүүс хэлсэн. Тухайн үед болсон үйл явдлыг санаж байгаа боловч түлхсэн үйлдлийг сайн санахгүй байгаа” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Г.Пүрэв-Очир /хх 17-18 ху/, Д.Барссүрэн /хх 19-20 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд /хх 37 ху/, хохирогчийн биед доод эрүүний зүүн хэсгийн далд хугарал, нүүрний зүүн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд түлэгдсэн шарх, дээд уруулын гадна хэсэгт цус хуралт үүссэнийг тогтоосон 64 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, энэ хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь доод эрүүний зүүн хэсгийн далд хугарал гэмтлийн улмаас мэс засалд орж зарцуулсан эм тариа, эмчилгээ, шинжилгээний төлбөр болон шатахуун, хот хоорондын тээврийн зардал зэргийн баримтуудыг гарган өгч 1.400.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч нь “эрүүл ясан шүд авч оёдол тавьсан. Шүд хийлгэх шаардлагатай” гэсэн тайлбарыг гаргаж цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байх боловч нотлох баримтгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг сард 150.000 төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА