Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01016

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13 210/МА2024/01016

 

 

Р ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/01104 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Р ХХК

Хариуцагч: П ХХК

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 69,493,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 133,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Р ХХК нь П ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 62-1 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, 240 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай талбайг нэг сарын 3,611,250 төгрөгөөр, 62 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ээр 19.25 м.кв талбайтай, 1 давхрын 116 тоотын өрөөг нэг сарын 453,000 төгрөгөөр, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 50 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ээр 74,93 м.кв талбайтай нийтийн эзэмшлийн талбайг 1,498,600 төгрөгөөр тус тус түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй байсан тул хариуцагчтай 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлж, 23,992,161 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Өнөөдрийн байдлаар 13,000,000 төгрөг үлдэгдэлтэй, алданги 6,500,000 төгрөг, хүү 780,000 төгрөг, нийт 20,280,000 төгрөг гаргуулна. 62 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу түрээсэлсэн ажлын байрыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар гэрээ дуусгавар болсон.

1.2 Харин 62-1 дугаартай гэрээний талбайн хэмжээг талууд харилцан тохиролцон багасган 151,78 м.кв талбайг үргэлжлүүлэн түрээслүүлсэн. Ийнхүү түрээсийн талбайг багасгасантай холбогдуулан гэрээний төлбөрийг 2,276,700 төгрөг болгон бууруулан тогтоосон боловч 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөр тооцоог өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд үндсэн төлбөр 13,660,200 төгрөг, алданги 6,330,100 төгрөг, нийт 19,990,300 төгрөгийг гаргуулна.

1.3 50 дугаартай гэрээний хувьд хариуцагч түрээсийн төлбөрийг төлөөгүй тул төлөх ёстой төлбөр 19,481,800 төгрөг, алданги 9,740,900 төгрөг, нийт 29,222,700 төгрөг гаргуулна.

Дээрх үндэслэлээр хариуцагч П ХХК-иас нийт 63,493,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр тооцоо нийлэх гэрээгээр хүү тохиролцоогүй. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөр түрээсийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцсон.

2.2 62-1 дугаартай гэрээг хэзээ байгуулаад, хэзээ дууссан нь тодорхойгүй. 50 дугаартай гэрээний дагуу анх 8,242,300 төгрөг нэхэмжилсэн боловч одоо 29,222,700 төгрөг болсныг ойлгохгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс ажлын байрыг битүүмжилсэн. Бид түрээсийн байрыг ашиглах боломжгүй болсон тул түрээсийн төлбөр төлөх боломжгүй болсон.

2.3 2020 оны Корона вирусийн дараагаас түрээсийн төлбөрөө нэмсэн. 12,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар маргахгүй. Тооцоолол нь ойлгомжгүй, хэзээнээс эхэлж, хэзээ хүртэл түрээсийн төлбөр тооцоод хэзээнээс алданги нэхээд байгаа нь ойлгомжгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 П ХХК нь Р ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан хэвлэлийн үйлчилгээ явуулж байсан. Уг үйл ажиллагааг явуулах үед цар тахал гарч компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, түрээсийн төлбөр хуримтлагдан түрээсийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Бид тооцоо нийлсэн акт үйлдэн, уг актад заагдсан төлбөрийг төлж байсан боловч түрээслүүлэгч төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлээр түрээсээр эзэмшиж ашиглаж байсан ажлын байраа битүүмжлүүлсний улмаас хэвлэлийн тоног төхөөрөмжөө ашиглан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

3.2 Р ХХК 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр түрээслүүлж байсан ажлын байраа битүүмжилсний улмаас манай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хэвлэлийн машин, тоног төхөөрөмжүүд ашиглалтын горим алдагдаж, удаан хугацаанд ашиглаагүйн улмаас цаашид ашиглах боломжгүй болсон.

Иймд түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас эд хөрөнгийн хохирол болох 133,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Хариуцагч нь 133,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх байдлаа баримтаар нотолж, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. Ийм үнэлгээтэйг нотолсон гэрээ хэлцэл, үнийг нь төлсөн баримтыг өгөөгүй. Түрээсийн гэрээнд түрээсийн талбайг орхихдоо эд хөрөнгөө актаар хүлээлцэнэ гэж заасан. Актаар хүлээн аваагүй бол эд хөрөнгийг хамгаалах үүрэггүй гэж тохиролцсон.

4.2 Техник тоног төхөөрөмж эвдрээгүй нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно. Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө төлөөгүйн улмаас түрээсийн байрыг ашиглах боломжгүй болсон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 466 дугаар зүйлийн 466.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч П ХХК-иас 57,455,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,037,700 төгрөг гаргуулах хэсэг болон нэхэмжлэгч Р ХХК-иас хохиролд 133,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,420 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 980,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 445,226.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгож шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Гэрээний дагуу 10,992,161 төгрөг төлж, 13,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байтал нэхэмжлэгч түрээсэлж буй үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгч эзэмшиж, ашиглах боломжийг хязгаарлаж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс битүүмжилсэн нь эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтандаа байлгах түрээслэгчийн эд хөрөнгийн хязгаарлагдмал эрхийг зөрчсөн.

6.2 Нэхэмжлэгч 62-1 дугаартай түрээсийн гэрээний төлбөрийн хуримтлагдсан өр төлбөрийн талаар 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөрөө 23,992,161 гэж тохиролцоод уг төлбөрөө дахин шүүхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 62-1 дугаартай гэрээний төлбөрийн асуудлаар дахин төлбөр, хүү төлүүлэх нь үндэслэлгүй.

6.3 Шүүх хариуцагчийн маргаагүй гэх 13,000,000 төгрөгийн талаар бодитой дүгнээгүй. Мөн 62-1 дугаартай төлбөр тооцоо өмнө нь нийлсэн түрээсийн гэрээний төлбөр алданги 13,660,200 төлөөгүй гэж дүгнэсэн нь түрээсийн гэрээний төлбөрөө түрээсийн гэрээгээр, мөн тооцоо нийлсэн гэрээгээр давхар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

6.4 Хариуцагч төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл, 2022 оны 62-1 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэл гаргажээ гэсэн бодитой дүгнэлт хийгээгүй, төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл, 62-1 тоот түрээсийн гэрээний төлбөрийг нийтэд нь 23,992,161 төгрөг байхаар талууд өмнө нь тохиролцсон байдаг. Шийдвэрийн 18, 24 хэсэгт дурдсан шүүхийн хууль зүйн дүгнэлт өөр хоорондоо уялдаагүй, 18 дах хэсэгтээ алданги тооцно, 24 дэх хэсэгтээ алданги тооцох үндэслэлгүй гэх зэргээр тайлбарласан, 21 дэх хэсэгтээ 62-1 тоот түрээсийн гэрээнээс 6,330,100 төгрөг тооцсон нь үндэслэлгүй, шийдвэрийн 26 дэх хэсэгт 6,330,100 төгрөгийн алдангиа түрээсийн гэрээний төлбөр болгон 19,990,300 төгрөг гэж хариуцагчаас гаргуулахаар болсон нь үндэслэлгүй.

6.5 Шүүхээс түрээсийн гэрээний төлбөр, алдангийг хэрхэн тооцоолол хийсэн нь тодорхойгүй, 2023 оны 50 тоот түрээсийн гэрээг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр цуцалсан гэж дүгнэсэн, уг түрээсийн гэрээний төлбөр 4,495,800 төгрөг, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр 13,487,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Хариуцагч 62, 62-1 тоот түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 23,992,161 төгрөгөөс 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй байхад шүүхээс уг төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй, нэхэмжлэлийн шаардлагад оруулсан нь үндэслэлгүй.

Иймд 57,455,300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул үлдэх 44,455,300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд ороогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан Тооцоо нийлж, өр төлбөр төлж барагдуулах тухай гэрээ-ний үлдэгдэл төлбөр 13,000,000 төгрөг, алданги 6,500,000 төгрөг, хүү 780,000 төгрөг, 62-1 дугаартай гэрээний үндсэн төлбөр 13,660,200 төгрөг, алданги 6,330,100 төгрөг, 50 дугаартай гэрээний үндсэн төлбөр 19,481,800 төгрөг, алданги 9,740,900 төгрөг, нийт 69,493,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 133,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Талууд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 62 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч Р ХХК нь 1 дүгээр давхрын 116 тоот хаягт байршилтай, 19,25 м.кв талбайг 1 жилийн хугацаатай, нэг м.кв талбайг 22,000 төгрөгөөр буюу нэг сарын 432,500 төгрөгөөр түрээслэгч П ХХК-д түрээслүүлэхээр тохиролцсон.

3.1 Талууд мөн өдөр 62-1 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч Р ХХК нь 1 дүгээр давхрын 240,75 м.кв талбайг 1 жилийн хугацаатай, нэг м.кв талбайг 15,000 төгрөгөөр буюу нэг сарын 3,611,250 төгрөгөөр түрээслэгч П ХХК-д түрээслүүлэхээр тохиролцсон. /1хх8-13/

3.2 Түүнчлэн, мөн өдөр 50 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 1 дүгээр давхрын 74.93 м.кв талбайг 1 жилийн хугацаатай, нэг м.кв талбайг 20,000 төгрөгөөр буюу сарын 1,498,600 төгрөгөөр түрээслэгч П ХХК-д түрээслүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /1хх5-7/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

5. Улмаар талууд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Тооцоо нийлж, өр төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр талуудын байгуулсан дээрх 62 дугаартай болон 62-1 дугаартай түрээсийн гэрээнүүдийг дуусгавар болгох, тооцоо нийлэх, түрээсийн гэрээний хугацаанд төлөгдөөгүй хуримтлагдсан төлбөр 23,992,161 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. /1хх 23-24/ Мөн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. /1хх 25/

6. Анхан шатны шүүх дээрх гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Учир нь, талууд түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн үлдэгдэл төлбөрийг тухайн гэрээнд заасан хугацаанд хэрхэн төлж барагдуулах талаар харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцсон байна.

6.1 Тооцоо нийлж, өр төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу хариуцагч нь 10,992,161 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг төлөөгүй талаар зохигч маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь уг гэрээний үүрэгт хариуцагчаас 13,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

6.2 Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт түрээслэгч гэрээний 1.2-т заасан төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд хувааж төлөхдөө нэг сарын буюу 30 хоногт, төлөгдөөгүй үнийн дүнд 0,5 хувийн хүү нэмж тооцож түрээслүүлэгчид төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5 дахь хэсэгт хүү тооцож болох талаарх зохицуулалтад нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хүүгийн хэмжээг гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн төлж дуусгах 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаагаар үлдэх төлбөр 13,000,000 төгрөгөөс нэг сарын 0,5 хувь буюу 65,000 төгрөгөөр тооцон, нийт 780,000 төгрөгийн хүү шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь гэрээ болон Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

6.3 Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт түрээслэгч төлбөрөө гэрээний 1.3-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх алданги буюу тухайн гэрээний хариуцлагын хэмжээг хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 13,000,000 төгрөгийн 50 хувьд дүйцүүлэн 6,500,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

7. Талууд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 62-1 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний талбайн хэмжээг 151,78 м.кв болгон багасгаж, сарын түрээсийн төлбөрийг 2,276,700 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний дагуу 6 сарын түрээсийн төлбөр болох 13,660,200 төгрөгийг хариуцагч төлөөгүй үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн, гэрээний 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний 6.4-д заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги ногдуулахаар заасан. Иймд хариуцагч нь 62-1 дугаартай гэрээний үүрэгт 13,660,200 төгрөг болон алданги 6,330,100 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүх уг гэрээний үүрэгт нийт 19,990,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.

8. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу түрээсийн талбайг хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түрээсэлж, түрээслэгчид хүлээлгэн өгсөн байх тул уг хугацаагаар гэрээ цуцлагдсан гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хариуцагчийг уг гэрээний үүрэгт төлбөр төлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх дээрх хугацааны түрээсийн төлбөрт хариуцагчийг 2,997,200 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.

8.1 Түүнчлэн, гэрээний 6.7-д талууд алдангийн талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн. Анхан шатны шүүх 50 дугаартай гэрээний түрээсийн төлбөр 2,997,200 төгрөгийн алдангийн хэмжээг 1,498,600 төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх 50 дугаартай гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 4,495,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

9. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тооцоо нийлсэн актаар тохиролцсон төлбөрийг дахин шүүхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, ...13,000,000 төгрөгийн талаар бодитой дүгнээгүй, ...хариуцагчаас 19,990,300 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ...шүүхээс түрээсийн төлбөр, алданги хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

10. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно. Талуудын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь 50 дугаартай түрээсийн гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийг түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг нэг сарын түрээсийн төлбөр 1,498,600 төгрөгийг тус гэрээ цуцлагдсан 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2023 оны 12 дугаар сар хүртэл нийт 9 сараар тооцон 13,487,400 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...13,487,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

11. Нэхэмжлэгч түрээсийн зүйлийг битүүмжилсний улмаас хариуцагчийн эд хөрөнгөнд 133,000,000 төгрөгийг хохирол учирсан гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон нь буруу гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

12. Түүнчлэн, нэхэмжлэгч түрээсийн зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс битүүмжилж хариуцагчийг ашиглах боломжгүй болгосон гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

13. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар дүгнэсэн нийт үнийн дүнгийн хэмжээ 58,253,500 төгрөг /20,280,000 + 19,990,300 + 4,495,800 + 13,487,400/ болж байна. Шүүх уг дүгнэлтээс өөр хэмжээгээр буюу хариуцагчаас 57,455,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/01104 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН