| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0061/Э |
| Дугаар | 0074 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 0074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ц.И
Шүүгдэгч Ш.П
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.П-д холбогдох эрүүгийн 1925000500043 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ш.П
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ш.П нь 2019 оны 01 сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-10 тоотод Д.Ч-н толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ш.П-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед гэртээ архи уучихаад Чулуунбатынд очсон. Тэнд архи ууцгаасан байсан. Би архинаас нь уусан. Бид маргалдаад Чулуунбат намайг түлхсэн. Тэгэхээр нь би ширээн дээр байсан архины шилийг аваад цохисон. Хохиролд 200.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн үед манай ач охин Пүрэвдавааг согтуу орж ирэхээр нь та дандаа архи уусан үедээ манайд орж ирэх юм гар гээд хэлж байх шиг байсан. Би найзтайгаа юм яриад сууж байсан чинь Пүрэвдаваа архины шилээр толгой руу тас хийгээд цохиод авсан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,
-Гэрч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай гэрт тамхи асааж татсан чинь миний ач охин А.Нандин-Эрдэнэ та яахаараа манай өвөөг дээрэлхэж байдаг юм, манай гэрээс гарч тамхиа тат гэсэн чинь Пүрэвдаваа гадагшаа гарах гэж байснаа ширээн дээр байсан архины шилийг шууд барьж аваад нөхрийг маань 2-3 удаа архины шилээр цохиж толгойг нь хагалчихсан гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,
-Насанд хүрээгүй гэрч А.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би хөөе та гэрт тамхи татаж болохгүй, та гэрээс гараад тат гэж хэлсэн чинь амандаа пизда гээд уурлаад ширээн дээр байсан архийг аваад өвөөгийн толгой руу 2 удаа цохиод архины шилийг гэрийн булан хэсэг рүү шидээд гэрээс гарах гэж оролдохоор нь би Хадаа ах болон Энхбаяр ах нарын хамт барьж аваад цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 98 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Ч-н биед хуйханд 1 тооны язарч урагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 20 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Монгол стандарт” 0,75 л гэсэн шошготой шилнээс 6 ширхэг гарын мөр илэрнэ. Илэрсэн гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээний явцад илрүүлсэн 1, 2 дугаартай гарын мөр МN003010011830 дугаараар санд бүртгэгдсэн Дашцэрэнгийн Чулуунбат /ФМ67121790/-ын баруун гарын эрхий, 3 дугаартай гарын мөр зүүн гарын дунд хурууны хээний дардастай папилляр шугамын салаалалт, нийлэлт, эхлэл, төгсгөл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна.
3. Шинжилгээний явцад илрүүлсэн 4, 5, 6 дугаартай гарын мөрүүд Гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн /хх 22 ху/,
-Яллагдагч Ш.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Д.Чулуунбатын толгойн тус газарт нь архины шилээр нэг удаа цохисон. Д.Чулуунбатын ач охин нь гэрт тамхи татлаа, одоо манайхаас яв гэж хэлэхээр нь би уурлаад Д.Чулуунбатын толгойн тус газарт нь архины шилээр нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 34 ху/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5, 23-25 ху/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 6 ху/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 7 ху/
-Ш.П-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 30, 31, 34, 35 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39 ху/
-Хохирол төлсөн баримт /хх 85 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ш.П нь 2019 оны 01 сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-10 тоотод Д.Чулуунбатын толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Бид маргалдаад Чулуунбат намайг түлхсэн. Тэгэхээр нь би ширээн дээр байсан архины шилийг аваад цохисон” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Чулуунбатын “...Би найзтайгаа юм яриад сууж байсан чинь Пүрэвдаваа архины шилээр толгой руу тас хийгээд цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх 10 ху/, гэрч Ж.Нина /хх 11 ху/, насанд хүрээгүй гэрч А.Нандин-Эрдэнэ /хх 16 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед хуйханд 1 тооны язарч урагдсан шарх бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 98 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.П-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч нь 200.000 төгрөгний хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ш.П нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Монгол стандарт архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П-г 240 / хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-т зааснаар шүүгдэгч Ш.П-н эдлэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагийн хугацаагаар тооцож, энэ ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Монгол стандарт” архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА