Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2016/00037

 

 

 

 

 

 

“Эрээнцав” ХК-ний нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн

Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга хот

байгуулалтын газарт холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 138/ШШ2016/00788 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэнгийн давж заалдах гомдлоор “Эрээнцав” ХК-ний нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэд тушаасан 34400000  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 08 сарын 15-ны хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Эрээнцав” ХК-ний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрээнцав” САА нь анх 1956 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр байгуулагдсан. Оргил үедээ 32000 га газар улаан буудай, малын тэжээл тариалдаг, Монгол Улс даяар алдар нэр нь түгсэн томоохон аж ахуй байсан. Хожим 1996 онд хувьчлагдаж “Эрээнцав” ХК болж шинэчлэгдэн зохион байгуулагдсан нь өнөөдрийн манай компани юм. Бид компанийг худалдан авахад тамга, гэрчилгээний хуулбар хоёроос өөр зүйл байгаагүй, бүрэн дампуурсан байсан. Сумын Засаг даргын тавьсан хүсэлтээр, газар эзэмших эрхийг нь сэргээж өгнө, бүх талаар дэмжинэ гэсэн амлалтын дагуу бид орон нутагт ирж ажилласан. “Эрээнцав” ХК нь 2011 оны 09  сарын 16-ны өдөр Чулуунхороот сумын Засаг даргад А/13 тоот албан бичгээр хандаж, компанийн өмнө нь эзэмшиж байсан үр тарианы чиглэлийн газрыг эзэмших эрхийг сэргээж, газрын тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг сумын Засаг дарга шийдвэрлэхдээ газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах, сэргээх тухай“ захирамж гаргахын оронд 2011 оны 11  сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжаар “Эрээнцав” ХК-д газар тариалангийн зориулалтаар 8000 га газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших гэрчилгээ олгож гэрээ хийсэн. Чулуунхороот сумын Засаг даргын 2013.04.03-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар “Асмос” ХХК-ний 8400 га газрыг эзэмших эрхийг манай хамтрагч “Гэгээлэгтрейд” ХХК-ний нэр дээр олгосон байсан. Ингээд 2013 оны 04 сараас манай компани нийтдээ 18400 га газар эзэмшиж эхэлсэн. Чулуунхороот сумын Засаг даргын шаардсанаар манай компани газрын дуудлага худалдааны үнэ гэсэн нэрээр Чулуунхороот хөгжил санд 18000000 төгрөг, ГХБХБ газрын 070028002 тоот дансанд 34400000 төгрөг, нийтдээ 60.4 сая төгрөг тушаасан. Үүнээс гадна “Асмос” ХХК газраа манайд шилжүүлэхээс  өмнө тушаасан 18,0 сая төгрөг орвол нийтдээ 78.4 сая төгрөг тушаасан байна. Дорнод аймгийн ГХБХБ-ын газрын даргын 2013.12.16-ны 363 тоотод “Чулуунхороот сумын Засаг дарга удаа дараа хууль бусаар газар олголт хийснийг дурдаад, сайн жишээ болгон Чойбалсан сум 4000 га газрыг 184,0 сая төгрөгөөс эхлэн дуудаж 360,0 сая төгрөг хүртэл зарж орлогыг аймгийн төсвийн орлогод төвлөрүүлсэн” тухай бичжээ. Энэ нь тухайн үеийн ГХБХБГ болон аймаг сумын удирдлагуудын газар олголтоос орж ирэх мөнгийг хааш нь төвлөрүүлж байсан бодлогыг тодорхой харуулж байгаа нотолгоо гэж үзэж байна. Дээрх бүгдийн хариуд Чулуунхороот сумын Засаг даргын 2013.12.30-ны 310 тоотод “...Бид сум орондоо хөрөнгө оруулалт хийлгэх, байнгын ажлын байр шинээр нэмэгдүүлэх, айл өрх, сумын ерөнхий орлогыг нэмэгдүүлэх хандлагадаа анхаарч зарим шийдвэр алдаатай болсныг хүлээн зөвшөөрч байна” хэмээн сумын Засаг дарга буруутай үйл ажиллагаа явуулснаа хүлээж, удахгүй үлдэгдэл мөнгийг тушаалгах тухай бичжээ. Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-Од 2014.02.18-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн шүүгч П.Амаржаргалд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Дуудлага худалдаа явуулаагүй шалтгаан нь урьд олгосон газрыг сэргээн өгч байна гэсэн ойлголтой байсан. Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар баталсан аргачлалаар төлбөрийг төлүүлээгүй учир нь ийм тушаал гарсныг мэдээгүй өмнөх 2007 оны 136 тоот тушаалаар баталсан аргачлалаар тооцож... 60 орчим сая төгрөг төлүүлсэн” хэмээн мэдүүлсэн. Энэ төлүүлсэн мөнгө нь манай тушаасан 60.4 сая төгрөгийг хэлж байна. Гэтэл З.Гэрэлт-Од 2016.03.14-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...ер нь бол 34.4 сая төгрөг төлөх ёстой болон ёсгүй талаар би сайн мэдэхгүй. ГХБХБГазарт газрын дуудлага худалдааны мөнгө тушаасан нь хамтран ажиллах гэрээнээс зугтаж байгаа юм болов уу гэж тухайн үедээ би ойлгож байсан. Манай зүгээс дуудлага худалдааны анхны үнийг тушаа гэж огт шаардаагүй” гэж урьд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлжээ. Гэхдээ дээрх баримтууд мөнгийг шаардаж тушаалгасныг бүрэн нотолж байгаа. Бид эрх бүхий хүн хэлж, шаардаагүй байхад сайн дураараа тэр байтугай 78.4 сая төгрөг бусдын дансанд хийнэ гэж үү. Дорнод аймгийн Аудитын газрын 2013.11.24-ны өдрийн DRAG-2013/17-Га-01/141 тоот акт биднийг оролцуулалгүй, мэдэгдэлгүй гарч манай “Эрээнцав” ХК, “Гэгээлэгтрейд” ХХК, “Асмос” ХХК-ийн дунд дуудлага худалдааны үнийн зөрүү 788222720 төгрөгийг 2013.12.25-ны дотор төл гэсэн мэдэгдлийг Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-Одоор дамжуулан мэдэгдсэн. Үүний дараа Сумын Засаг дарга З.Гэрэлт-Од газар олгосон захирамжаа хуульд нийцээгүй болохыг хүлээн зөвшөөрч дуудлага худалдааны үнийн зөрүү төлөөгүй гээд 2014 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн А/35 дугаар захирамжаараа А/92 дугаар захирамж, газар эзэмших эрх, 0200871 тоот гэрчилгээг, А/34 дүгээр захирамжаараа 2011 оны А/93 дугаар захирамж буюу нийтдээ 18400 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож үүнийгээ 2014.05.01-ний өдрийн 1/123 тоотоор албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн. Бид 3.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж дэлхийн хамгийн тэргүүний тоног төхөөрөмжүүд аваад дараа нь тариалангийн ямар ч газаргүй дээр нь 788222720 төгрөгийн өрөнд орж эрх ашиг маань ихэд хохирсон тул бид Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 8-р шүүхэд маргаан үүсгэж 2014.03.10-ны 05 дугаар шийдвэр, 2014.06.03-ны өдрийн 218 дугаар магадлал, 2014.07.28-ны өдрийн 17 дугаар шийдвэрүүд гарч бид ямар ч гэсэн 788.2 сая төгрөгийн өрнөөс салсан боловч тариалангийн газаргүй хэвээр үлдсэн. Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар манай компанийн хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заасан аливаа үүрэг үүсээгүй гэж үзэж тухайн газарт хандаж, мөнгөө буцааж авахаар албан ёсоор хүсэлт гаргасан боловч 2015.11.10-ны өдрийн 324 тоот албан бичгээр “шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн учир бид аргагүй эрхэнд Дорнод аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Дорнод аймгийн ГХБХБ-ын газрын 2016.01.18-ны өдрийн 27 тоотоор 34.4 сая төгрөгийг өөрийн дансанд тушаах үндэслэлгүй тухай, энэхүү төлбөрийг Дорнод аймгийн Тамгын газрын дансанд шилжүүлсэн тухай бичжээ. Дээрх байгууллага нь татвар төлбөрийг зөвхөн цуглуулж өгөхөөс зарлага хийх эрхгүй хэмээсэн тул бид Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016.02.18-ны 5/330 тоот бичигт “...Хууль бус шийдвэр гаргасан сумын Засаг дарга, түүний Тамгын газар хохиролыг барагдуулах нь зүйтэй” гэж “Эрээнцав” ХК-д хохирол учирсныг хүлээн зөвшөөрчээ. Мөн “...Дээрх ерөнхий орлогын дансанд төвлөч байгаа хөрөнгийг хууль бус шийдвэрийн улмаас төвлөрсөн эсэхийг хянах мэдэх боломжгүй... нэгэнт төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтыг хувиарлах төлөвлөлтийг батлах эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг” гэжээ. ГХБХБ-ын газрын 2016.01.18-ны 27 тоот тайлбарт “Эрээнцав” ХК-аас 34.4 сая төгрөг тушаасныг тайлант ондоо орон нутгийн ерөнхий орлогод төвлөрүүлсэн бөгөөд орон нутгийн ерөнхий орлогыг захиран зарцуулах эрх нь аймгийн Засаг даргын Тамгын газарт байдаг тухай бичиж аймгийн ерөнхий орлогод мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргасан байна. Манай зүгээс хариуцагч талуудад эвлэрлийн байдлаар шийдье, газрын төлбөртөө суутган тооцоё хэмээн хандсан боловч тэд хүлээж аваагүй. Бид Чулуунхороот сум хөгжүүлэх санд тушаасан 25.6 сая төгрөг, газрын төлбөрт төлсөн 3857200 төгрөгийг авах эрхтэй ч нэхэмжлээгүй. Иймд газрын дуудлага худалдаа явагдаагүй, төлбөр нь ямар нэг дэнчин биш, манайд газар олгосон захирамж, газар эзэмших гэрчилгээ нь хүчингүй болсон, тушаасан мөнгийг Дорнод аймгийн ГХБХБ-ын газрын дансанд тушаасан, Дорнод аймгийн ГХБХБ-ын газар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дансанд  дээрх 34.4 сая төгрөгийг дамжуулан шилжүүлсэн, Дорнод аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар уг мөнгийг хэрэглэсэн, манай компани болон хариуцагчдын хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заасан аливаа үүрэг үүсээгүй тул дээрх байдлыг Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 болон 494 дүгээр зүйлийн 494.1-д заасныг баримтлан “Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй”-г тогтоосон тул Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 34.4 сая төгрөгийг гаргуулахаар 2016.03.17-ны 138/ШШ2016/00318 дугаар шийдвэр гаргасан. Уг хэргийг давж заалдах шатны шүүх 2016.05.13-ны өдрийн 201/МА2016/00024 дүгээр магадлалдаа “Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх заалтын дагуу аймгийн төсвийг боловсруулах, батлах, гүйцэтгэлийн зохион байгуулах эрх нь аймгийн Засаг даргын Тамгын газарт бус харин аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон байна” хэмээн, мөн Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуудийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэсэн мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын 3-д “гадаад, дотоодод тухай засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төлөөлөх бүрэн эрхийг Засаг даргад олгосон” гэсэн үндэслэл гаргасан байна. Иймд дээрх үндэслэлүүдээс үзэхэд Дорнод аймгийн Тамгын газар бус аймгийн Засаг дарга хариуцах ёстой нь харагдаж байгаа тул манай тушаасан 34.4 сая төгрөгийг хэрэглэсэн хариуцагч болох Дорнод аймгийн Засаг даргаас гаргуулж бидэнд олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2011 онд Чулуунхороот сумын Засаг даргын 92 дугаар захирамжаар “Эрээнцав” ХК-д 8000 га газар эзэмшүүлэхээр болсон. Дуудлага худалдааны анхын үнэ 2012 онд орж ирсэн байгаа. Тухайн үед Аудитын газраас шалгалт хийгээд манай зүгээс 34.4 сая төгрөгийн асуудал гарч ирсэн. 2013 онд тухайн үед Засаг дарга болон “Эрээнцав” ХК нь манайхаас ямар нэгэн заавар зөвлөгөө аваагүй байдаг. Хууль зүйн хувьд газрын өмчлөн авахдаа дуудлага худалдаа явуулах ёстой байсан боловч дуудлага худалдаа явуулаагүй байсан. Манай дансанд орсон мөнгийг манай байгууллага хянах эрх мэдэл байхгүй. Манай зүгээс газрын харилцаа геодиз өөрсдөө төсвөө төвлөрүүлэх ёстой боловч аймгийн Засаг даргын Тамгын газарт төвлөрүүлэх ёстой гэж заасан учраас “Эрээнцав” ХК-ийн 34.4 сая төгрөгийг бусад байгууллагын газрын дуудлага худалдааны мөнгөтэй нийлүүлээд 80.0 сая төгрөгийг 2012 оны 03 сарын 30-ны өдөр манай нягтлан бодогч аймгийн Төрийн сан дахь орон нутгийн ерөнхий орлогын данс руу шилжүүлсэн байдаг. Тиймээс манай дансанд энэ байгууллагын тушаасан мөнгө байхгүй учраас уг мөнгийг өгөх боломжгүй юм гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан сумын Засаг даргын 2011 оны 92 дугаартай газар тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлж буй захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д заасан зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан ба үүний хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд “газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан байдаг. Дээрх журмын дагуу Сумын Засаг даргын Тамгын газар нь тус газрын дуудлага худалдааг зарлаж, шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, гэрээний дагуу тогтоосон хугацаанд газрын үнийг төлсний дараа сумын Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргах ёстой. Гэтэл дээрх шат дараалсан ажиллагааг зохион байгуулалгүйгээр сумын  Засаг дарга газар эзэмшүүлэх тухай хууль бус захирамж гаргаж түүнээс үүдэн “Эрээнцав” ХК-д 34400000 төгрөгийн хохирол учирсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “төрийн албан хаагчийн хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохиролыг төр хариуцахаар” заасны дагуу хууль бус шийдвэр гаргасан Чулуунхороот сумын Засаг дарга, түүний Тамгын газар энэхүү хохиролыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн тушааж буй газрын үнэ 34400000 төгрөг нь эхэлж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 070028002 тоот дансанд төвлөрдөг бөгөөд ямар шийдвэрийн улмаас, хэдэн төгрөг тухайн дансанд орж байгааг анх орлого авсан байгууллага Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар тогтоох боломжтой байсан. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 070028002 дансанд орсон мөнгөн хөрөнгө нь  орон нутгийн ерөнхий орлогын 070000910 дугаар дансанд төвлөрдөг. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.42-т заасны дагуу “төсвийн ерөнхий данс” гэж тухайн шатны төсвийн мөнгөн гүйлгээг нэгтгэн бүртгэх харилцах данс тул дээрх ерөнхий орлогын дансанд төвлөрч байгаа хөрөнгийг хууль бус шийдвэрийн улмаас төвлөрсөн эсэхийг хянах, мэдэх, боломжгүй. Мөн энэхүү ерөнхий орлогын дансанд төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтыг хуваарилах төлөвлөлтийг батлах эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Мөн аймгийн ерөнхий орлогын данс буюу 070000910 дансанд төвлөрч орон нутгийн орлого болсон мөнгийг тус байгууллагын данснаас гаргах боломжгүй бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй байгууллага байдаг. Иймд нэхэмжлэгч “Эрээнцав” ХК-д учирсан гэх хохирол нь аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын буруутай үйлдлийн улмаас учраагүй байх тул аймгийн Засаг даргын Тамгын газраас хохирлыг барагдуулах боломжгүй юм гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амгаланзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дансанд орж байгаа орлогыг шууд бүртгэж авахгүй. Тухайн үед орж ирсэн мөнгийг холбогдох газраас нь асуусны үндсэн дээр тухайн мөнгийг авч дансаа хаасан байдаг. Нэхэмжлэгч та буруу ойлгоод яваад байх шиг байна гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ2016/00788 дугаар шийдвэрээр:

 Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1-д тус тус зааснаар Дорнод аймгийн Засаг даргаас газрын дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 34.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эрээнцав” ХК-д олгож, хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Эрээнцав” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 331600 төгрөгийн 329950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1650 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 329950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Эрээнцав” ХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн давж заалдах гомдолдоо:  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг баталдаг бөгөөд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу зарцуулах эрхтэй. Нэхэмжлэгчийн газрын үнэ бүхий 34400000 төгрөг нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 070028002 дансанд төвлөрдөг бөгөөд ямар шийдвэрийн улмаас, хэдэн төгрөг тухайн дансанд орж байгааг анх орлого авсан байгууллага болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар тогтоох боломжтой байсан. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 070028002 дансанд орсон мөнгөн хөрөнгө нь орон нутгийн ерөнхий орлогын 070000910 дугаар дансанд төвлөрдөг. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.42 дахь заалтад заасны дагуу “төсвийн ерөнхий данс” гэж тухайн шатны төсвийн мөнгөн гүйлгээг нэгтгэн бүртгэх харилцах данс тул дээрх ерөнхий орлогын дансанд төвлөрч байгаа хөрөнгийг хууль бус шийдвэрийн улмаас төвлөрсөн эсэхийг хянах, мэдэх боломжгүй. Мөн энэхүү ерөнхий орлогын дансанд төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтыг хуваарилах төлөвлөлтийг батлах эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг. Иймд аймгийн Засаг даргаас 34400000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн 329350 төгрөгийг гаргуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эрээнцав” ХК нь хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт болон аймгийн Засаг даргад холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээний анхны дуудлага худалдааны үнэ 34400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2011 оны 11 сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжаар “Эрээнцав” ХК-д тус сумын Галуут багийн нутаг дэвсгэрийн “Мянган хурга“ гэх газарт 8000 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлж, 2011 оны 11 сарын 16-ны өдөр 0200871 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 5, 6 дахь талууд/

Чулуунхороот сумын Засаг даргын шаардсаны дагуу нэхэмжлэгч “Эрээнцав” ХК нь газрын дуудлага худалдааны анхны үнэ гэх 34400000 төгрөг 2012 оны 03 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 070028002 дугаар дансанд,  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2012 оны 03 сарын 30-ны өдөр аймгийн ерөнхий төсвийн 070000910 дугаар дансанд тус тус шилжүүлсэн байна. /хх-ийн 8, 23, 24, 101 дэх талууд/

Мөн Чулуунхороот сумын Засаг даргын 2014 оны 05 сарын 01-ний өдрийн А/35 дугаар захирамжаар Чулуунхороот сумын Галуут багийн нутаг “Мянган хурга“ гэх газар тариалангийн зориулалтаар 8000 га газар эзэмшиж байгаа “Эрээнцав“ ХК-ний 2011085 регистрийн дугаартай газар эзэмших эрхийг цуцалж,  газар эзэмших эрхийн 0200871 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцжээ. /хх-ийн 7 дахь тал/

Иймд нэхэмжлэгч “Эрээнцав” ХК нь газрын дуудлага худалдааг хуульд заасны дагуу зохион байгуулж явуулаагүйн улмаас нэхэмжлэгч “Эрээнцав” ХК-иас газрын дуудлага худалдааны анхны үнэд төлсөн гэх 34400000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар сольж хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн з-д “гадаад, дотоодод тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөх бүрэн эрхийг Засаг даргад олгосон” гэсэн хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Учир нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь Дорнод аймаг байхад анхан шатны шүүх аймгийн төсвөөс бус, харин аймгийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу Засаг даргаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг /аймгийн ерөнхий орлогын 070000910 дугаар дансанд шилжүүлсэн 34400000 төгрөгийг/ гаргуулсан нь буруу байна. Иймд Дорнод аймгийн төсвөөс 34400000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эрээнцав” ХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 788 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... Дорнод аймгийн Засаг даргаас...” гэснийг “ ... Дорнод аймгийн төсвөөс ...” гэж өөрчилсүгэй.
  2. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  3. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                   ШҮҮГЧИД                                            Д.БАЙГАЛМАА

               З.ЭНХЦЭЦЭГ