Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/01164

 

Ж.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

     2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШШ2017/00340 дугаар шийдвэр,                                                   

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201/МА2017/00021 дүгээр магадлалтай,

           Ж.Нгийн нэхэмжлэлтэй,

           Ө.О холбогдох,          

           20.000.000 төгрөг гаргуулах, 351 м.кв газар эзэмшүүлсэн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, 1170 м.кв газраас Ө.Огийн нэрийг хасуулж, бүхэлд нь өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

            Нэхэмжлэгч Ж.Нгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э, хариуцагч Ө.О, нарийн бичгийн даргад А.Батдэлгэр нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мио Фүян нь Ц.А гэр бүл байхдаа 220 сая төгрөгөөр 1170кв.м газар,түүн дээр байрлах 5н айлын орон сууц, 2 дэлгүүр, баар, 5 машины гарааш худалдан авсан бөгөөд гэрчлгээг нь н.Алимаагийн нэр дээр гаргуулсан байсан. Ц.А нар нь таарч тохирохгүйн улмаас салахдаа газрыг 100 хувь миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Мяо Фү Яан нь 2013 онд нэхэмжлэгчтэй  амьдрах болсон.  Мио Фуян нь Лэнг Фэнгситэй хамтарч газар дээрээ 7 давхар орон сууц барих болж 2013-5-24-ны өдөр гэрээ байгуулсан. Барилгын компанитай хүн хайж яваад, мөн 2 сая юаний хөрөнгө оруулах хүн хэрэгтэй болж МОЗЭ ХХК-ний Ө.Отэй танилцсан. О нь барилгын тусгай зөвшөөрөлтэй гэж мөн 2 сая юаньтай гэж хуурсан байсныг хожим мэдсэн. Барилга барихад газрын хамтран эзэмшигч байх ёстой гээд 351 кв.м газрыг шилэүүлэн /хх117/авсан. Барилга барихаар газар дээр байгаа барилгыг нураах газар чөлөөлөх болсон. Манай 1170кв.м газар,түүн дээр байрлах 5н  айлын орон сууц, 2 дэлгүүр, баар, 5 машины гараж нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй обьект байсан бөгөөд орлого олдог байсан. Ингээд барилгыг буулгах ажлыг Ө.О нь хариуцаж ажилласан. Ажлын хөлсөнд Ө.Од Мяо Фү Яан 51.500 юань буюу 12сая төгрөг өгсөн. Газар дээрх барилгыг буулгах үед дахин ашиглаж болох тоосго мод зэрэг гарсныг Одхүү бүгдийг нь зарж ашиг олсон. Иймд 20 сая төгрөг нэхэмжилж байна. Одхүү анхнасаа биднийг хуурч газрыг өөрөө авах, барилгаас биднийг гаргах зорилготой байсан нь тодорхой харагддаг. Барилгын зөвшөөрөлгүй барилга барьснаас болж мэргэжлийн хяналтын газар барилгыг зогсоож 3 жил болж байна. Барилгын ажил зогссонг биднээс нууж зээл авах нэрээр газрыг өөрийн нэр дээр нэг гэрчилгээтэй болгож гэрээ хийсэн.янз бүрээр дарамталдаг байсан тул бид арга буюу гэрээ хийсэн. Хэдэн төгрөгийн зээл авах гэж байгаагаа нуусан.Миний нэр дээрх газрыг хамтран эзэмшихээр шилжүүлэхдээ миний нэрийг хасуулсан байсныг захиргааны хэргийн шүүх дээр гуравдагч этгээдээр оролцохдоо мэдсэн. Зөвшөөрөлгүй барилга барьснаас болж Засаг дарга газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосныг /хх 57/захиргааны шүүхээр /хх58-84/сэргээж авсан.  Барилга бариулах ажилд Ленг Фен ши болон нөхөр Мио Фуян нь нийт 988.569.413 төгрөг гаргасан бөгөөд Одхүү нь ямар ч тайлан өгөөгүй.Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч 2015-9-26-с 2016-12-20-ны өдөр хүртэл үндэслэлгүй шалгуулсан. Иймд 351кв.м миний нэр дээр шилжүүлж, 819 кв.м газрын гэрчилгээнээс хариуцагчийн нэрийг хасаж гэрчилгээг 100 хувь миний нэр дээр шилжүүлж  өгнө үү. /хх1-3, 168/

         Хариуцагч шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: 2013 оны 01 сард Мяо Фү Яан уулзаж барилгын ажлын талаар ярилцаж тохиролцсон. 2013 оны 04 сард Улаанбаатар хотод Мяо Фү Яан, Лэнг Фэнгси нартай уулзалдахад Мяо Фү Яаны хуучин эхнэр Ц.Алимаагийн нэр дээр байгаа газрыг авч барилга барихаар гурвалсан гэрээ байгуулсан. Ингээд гэрээндээ адил хөрөнгө оруулахаар тохирсон. Би тухайн үед өөрийн хөрөнгөө баталгаажуулах санал тавьж байсан. Мяо Фү Яан нь өөрөө газар дээр байгаа хуучин барилгыг буулгаж цэвэрлэсэн. Барилга буулгахад ямар материал гарсныг би мэдэхгүй. Мяо Фү Яан нь өөрөө гарсан материалыг зөөж тээвэрлэж явсан. Би түүнд хүн хүчний туслалцаа үзүүлж байсан. Би Ж.Нгаас 351 м2 газрыг шилжүүлж аваагүй. Барилгын ажил эхлэхэд би газар хамтран эзэмшихгүй бол ажилд оролцохгүй гэж амаар тохиролцоод миний оруулж байгаа хөрөнгийн хэмжээгээр газраас авах талаар тохиролцсон. Тэр тохиролцсоны дагуу Ц.Алимаагийн эзэмшлийн газраас 351 м2 газрыг миний нэр дээр шилжүүлэхээр гэрээ хэлцэл хийж нотариатаар батлуулж надад эзэмшүүлэх болсон. Газраа шилжүүлж авахаар материалаа өгөхөд гэрээг хуулийн дагуу хийж ир гэсэн шаардлага тавьсан. Бүтэн нэг жилийн хугацаанд газрын гэрчилгээ, гэрээ зэргийг надад өгөхгүй хүлээлгэсэн. Ингээд газрыг Ж.Н, Ө.О нарын нэр дээр шилжиж ирэхдээ хоёр тусдаа гэрчилгээтэй гарч ирсэн. Барилгын санхүүжилт дутаад банкнаас зээл авахаар хандахад хоёр тусдаа гэрчилгээтэй газарт зээл олгохгүй гэсэн. Тухайн үед Мяо Фү Яан газраа зарна, барилгын ажлаас гарна гэсэн. Үүний дагуу газрын төлбөрт 225 сая төгрөг өгсөн. Энэ үед Мяо Фү Яан ашиг авна гээд 3 өрөө байр хоёрыг авахаар тохирсон. Ж.Нтай гэрээ хийсэн. Газар эзэмшүүлэх гэрээ хийхгүй, ашиглах гэрээ хийхээр ирсэн. 3 өрөө байр өгсний дараа газраа шилжүүлнэ гэсэн. Газраа бүрэн шилжүүлж өгөхгүй хамтран эзэмшигчээр шилжүүлнэ гээд шилжүүлж өгсөн байгаа. Энэ үед Лэнг Фэнгси бид хоёр хамтран ажиллах гэрээ дахин байгуулж одоо барилгын ажил 75 хувьтай байгаа. Ж.Н нь барилгын ажилд ямар ч хамааралгүй, оролцож байгаагүй ч  ажилд саад болж байгаа. Би барилга буулгахад 12.000.000 төгрөг аваагүй. Барилгын материал авахад зарцуулагдсан. Ж.Н ямар ч хамааралгүй. Газар эзэмших эрх нь хэвээрээ байгаа. Нэхэмжлэгч Ж.Нгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх138-141/

         Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШШ2017/00340 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан  Ж.Н  819 м2 газрын, Ө.О нь 351 м2 газрын эзэмшигч болохыг дурдаж, Ө.Огээс 12.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Насанбуянд олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Ө.Огээс 206.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчд олгож шийдвэрлэжээ.

        Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 25-ны өдрийн 201/МА2017/00021 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 138/ШШ2017/00340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Магадлалд ИХШХШТХ-ийн 28.1 дэх заалттай нийцэхгүй байна гэсэн байна. Шүүх хуулийн тухайн зохицуулалт нь хэргийн оролцогчийн хүсэл зоригийн илэрхийлэл буюу хүсэлтийг анхаарахаар заасан байх ба хуульд сольж болно гэж зааснаас солих үүрэгтэй гэж заагаагүй байна. Шүүх хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэжээ. Нэхэмжлэгч тал өөрийнх нь нэр дээр шилжигдэх ёстой газар шилжин ирээгүй талаар эрхээ хамгаалж нэхэмжлэл гаргасан ба Мию Фу Янг гэрчээр татах гуравдагч этгээдээр татан оролцуулах нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх юм. Газрын тухай хуулийг зааж захиргааны хэрэг гэжээ. Энэ маргаан нь иргэд хоорондын хэлцлээр газар шилжигдсэн үйл явдал. Шүүх маргааны төрлийг буруу үнэлсэн гэж үзлээ. Хэрэв иргэд хоорондоо байгуулсан иргэний гэрээ хэлцлээр биш олгогдсон буюу шууд захиргааны журмаар олгогдсон эрхийн асуудал байсан бол Захиргааны шүүхэд хамааралтай. Иргэн хоорондын маргаанд урьдчилан шийдвэрлэх журам гэж үйлчилдэггүй. Шүүх Засаг даргад гомдол гарга гэнэ. Засаг дарга иргэд хоорондын гэрээ хэлцлийн асуудлыг шийдэж болдог хууль байхгүй. Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ж.Н нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж  Ө.Огээс  “... эд хөрөнгийг нурааж бий болсон эд зүйлийн  үнэ 20 сая төгрөг гаргуулах,   351кв.м газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх, 819 кв.м газрыг эзэмших эрхийн бүртгэлээс хариуцагчийг хасах ...”  шаардлага тавьжээ. /хх1-3, 168/

       Анхан шатны шүүх хариуцагчаас маргаан бүхий газар дээрх эд хөрөнгийг нураалгахад өгсөн ажлын хөлс 12 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Ж.Н 819 м2 газрын, Ө.О нь 351 м2 газрын эзэмшигч болохыг дурдаж,нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...  Ж.Н нь 20,0 сая төгрөг гаргуулах шаардлагыг  Мио Фу Яныг төлөөлж гаргасан байхад түүнийг гэрчээр оролцуулсан... маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэх байтал шүүх шийдсэн нь буруу ...” гэсэн үндэслэл заажээ. 

       Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Анхан шатны шүүх Ж.Нгийн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байна.   

      а.  Ж.Н нь маргаан бүхий газар дээрх эд хөрөнгийг “...буулгах үед бий болсон эд зүйлийг хариуцагч бусдад борлуулж, ашиг олсон ...” гэсэн үндэслэлээр 20 сая төгрөг шаардсан байхад шүүх “... эд хөрөнгийг буулгахад төлсөн ажлын хөлс 12.000.000 төгрөгийг...” Ө.Огээс гаргуулах эсэх талаар дүгнэлт хийсэн нь буруу байна.

      б. “... 351 кв.м газрын эзэмших эрхийг Ж.Нд шилжүүлэх, 819 кв.м газрыг эзэмших эрхийн бүртгэлээс Ө.Ог хасуулах...”  шаардлагыг нэхэмжлэгч тавьсан байхад шүүх энэ үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй, харин  зохигчид тухайн хэмжээний газрын эзэмшигч болохыг шийдвэртээ дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлийн 118.5-г зөрчжээ. 

      2. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь зөв боловч дүгнэлт хийхдээ хэрэглэх ёсгүй хуулийг  хэрэглэсэн байгааг  дурдах нь зүйтэй юм.

      Зохигчид нь газар эзэмших, ашиглах талаар эсхүл газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар маргаагүй тул Газрын тухай хуулийн 60-р зүйлийн зохицуулалт энд хамраахгүй. Нэхэмжлэлд дурдсан газрыг хариуцагчид шилжүүлэн өгсөн үйл баримттай холбоотой  Ж.Н маргаж байгааг шүүх анхаарч үзээгүй байна. 

      3. Ж.Нгийн нэхэмжлэлийг тодруулах шаардлагатай талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

       Ц.Алимаа, Мио Фу Ян /MIAO FUYAN/ нар Ж.Нд 2017-01-02-ны өдөр итгэмжлэл олгосон  хэдий ч 2017-01-18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд БНХАУ-ын иргэн Мио Фу Ян /MIAO FUYAN/ болон Ц.Алимаа нарыг Ж.Н төлөөлсөн агуулга байхгүй байна. /хх 1-ийн 1, 118-119/

       351 кв.м газрыг нэхэмжлэгч бус, харин Ц.Алимаа хариуцагчид шилжүүлсэн, 20 сая төгрөг нь  Ц.Алимаа, Мио Фу Ян /MIAO FUYAN/ нарын хөрөнгийг буулгасан асуудалтай  холбоотой нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ. 

         Дээр дурдсан үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :  

         1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201/МА2017/00021 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай. 

        2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн нийт 327.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ