Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 31

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн Засаг даргад холбогдох 2016 оны 12 сарын 16-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/336, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/160 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, төв номын сангийн эрхлэгчээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг буруутай этгээдээр төлүүлж хохиролгүй болгуулах шаардлагууд бүхий иргэн Ш.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 16-ны А/336, 12-р сарын 23-ны Б/160 дугаар захирамжийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 1. Монголын Скаутын холбооны 2016 оны 11-р сарын 04-ны 76 тоот албан бичгээр аймгийн төв номын санд Энх тайваны элч төслийн болон сургагч багшийн сургалтанд оролцуулахаар мэдэгдсэн билээ. Уг албан тоотын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 13-18-нд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд сургалтанд оролцсон билээ. Сургалтад ороод ирсний дараа аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга С.******* 2016 оны 12-р сарын 16-ны 1/442 тоотоор удирдагч багшийн сургалтанд Улиастай сумын иргэн Боловсролын инкубатор ТББ-ын захирал *******ийг оролцуулалгүй өөрөө оролцсон хэмээн арга хэмжээ авахуулах албан тоотыг аймгийн Засаг дарга Д.*******д өгсөн байв. Миний тухайд иргэн *******ийг хариуцаж авч явах ямар ч үүрэг хүлээгээгүй. Улаанбаатар хотод ОУХНТөвд очсон хойноо ирээгүйг нь мэдээд утсаар ярьж яагаад ирээгүй тухай асуухад над руу Монголын Скаутын холбооноос яриагүй тул мэдэлгүй өнгөрчихлөө гэж байсан. Зохион байгуулагчаас энэ тухай асуухад баруун 5 аймгаас нэг нэг хүн оролцуулах болсон тул иргэн *******ид мэдээлэл өгөөгүй гэж хэлсэн. Иймд Засаг дарга 2016 оны 12-р сарын 16-ны А/336 тоот захирамжаар надад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.

2. Миний бие 2013 оны 11-р сараас аймгийн Төв номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан өндөр насны тэтгэвэрт гарсан Б.*******ийн оронд ажлын байр зарлагдаж сонгон шалгаруулалтанд орж Монгол Улсын Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу томилогдсон болно. Ажлаас халагдах сахилгын шийтгэл хүлээх хэмжээний ажлын хариуцлага алдаагүй болно.

3. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр томилогдсон аймгийн Засаг дарга Д.******* 11 сарын эхээр дуудаж ажлыг чинь авна. Чамд 3 сонголт байна. Нэгдүгээрт: сайн дураар өргөдлөө бичиж өгөх, хоёрдугаарт: харилцан тохиролцох, гуравдугаарт: шүүхдэх гэсэн 3 сонголтоос нэгийг нь сонгоод даруй хариу өг хэмээн дарамталсан. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно гэсэн заалт байгааг Хууль зүйн хэлтсийнхэн зөвлөсөн тул ажлаас халах шалтаг урьдчилсан бэлтгэл болгож аймгийн Засаг дарга 2016 оны 12-р сарын 16-ны А/336 тоот захирамжийг гаргасан гэж үзэж байна.

4. Аймгийн Засаг дарга Д.******* энэ захирамжаа гаргасны дараа 12-р сарын 18-ны өдөр дуудаж албан ёсны хариугаа хэл гэсэн. Би үүрэгт ажлаа хийж байгаа, ажлаас халагдах үндэслэлгүй. Би намын гишүүн биш гэсэн. Тэгэхэд шүүхээр явбал би 4 жил ажилгүй байлгаж чадна. Босоо удирдлагатай газрын дарга нартай би гэрээ байгуулж ажлыг нь дүгнэдэг тул аль ч газар ажилд орсон тохиолдолд тухайн байгууллагын даргатай нь хариуцлага тооцож чадна шүү гэсэн. Ийм нөхцөл байдал үүссэн учраас тохиролцох ярианд хүрч Д.******* нь Политехникийн коллежид оруулж өгье. Т.*******тай би ярьсан гэсэн. Ингээд Д.*******, Т.******* бид 3 уулзсан. Тэгэхэд аймгийн дарга Т.*******д сургалтын албаны дарга *******ээ тэтгэмж өгөөд ажлаас нь чөлөөлчих, дараа нь үүсэх асуудлыг би зохицуулъя гэсэн. Гэтэл *******ийн ажлын байр шүүх дээр маргаантай байсан. Үүний дараа 2016 оны 12-р сарын 23-нд намайг ажлаас чөлөөлсөн тухай Б/160 тоот захирамжийг 16:00 цагийн үед авчирч өгөөд ажил хүлээлцүүлсэн. Уг захирамжийн үндэслэх хэсэгт харилцан тохиролцсоны дагуу гэж бичээд чөлөөлсөн байв. Аймгийн дарга бид хоёрын хооронд ямар нэг ажлын тохиролцоо хийгдээгүй. Би бичгээр өргөдөл гаргаагүй. Засаг дарга намайг өргөдлөө зөвхөн надад өгчих гэж мессеж бичиж байсан. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 16-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/336, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/160 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг буруутай этгээдээр төлүүлж хохиролгүй болгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар бичгээр үйлдсэн эвлэрлийн гэрээндээ: Ш.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны А/336, Б/160 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ш.*******э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар нь дараах зүйлийг харилцан тохиролцлоо. Ш.*******э нь аймгийн Засаг даргын 2016 оны А/336, Б/160 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны Б/160 дугаартай захирамжид заасан 3 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний дотор гаргаж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.*******э нь Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 16-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/336, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/160 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, төв номын сангийн эрхлэгчээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг буруутай этгээдээр төлүүлж хохиролгүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан ажилд эгүүлэн томилуулах, А/336, Б/160 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагчажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны Б/160 дугаартай захирамжид заасан 3 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний дотор нэхэмжлэгчид гаргаж өгөх нөхцлөөр эвлэрч, энэ талаар бичгээр гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.*******э нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах гэсэн нөхцлөөр хариуцагчтай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА