Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 156

 

  М.Сувданцэцэгт холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Х.Эрдэнэтуяа,

ялтан М.Сувданцэцэг, түүний өмгөөлөгч Д.Цолмон,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр М.Сувданцэцэгт холбогдох эрүүгийн 201601070229 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Хувилгаанч овогт Махвалын Сувданцэцэг, 1981 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Ороссил” ХХК-д үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 2 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 11а гудамжны 4 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ИЮ 81071765/,

М.Сувданцэцэг нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Усан спорт боулингийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж, өмчийг итгэмжлэн хариуцаж байхдаа 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарын хооронд давтан үйлдлээр буюу 7 удаагийн үйлдлээр 5.856.306 төгрөгийг хувьдаа завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Багануур дүүргийн прокурорын газар: М.Сувданцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Сувданцэцэгт холбогдох хэргээс “Нямтулгын урьдчилгаа цалин хэлбэрээр авсан 1.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны дансаараа шилжүүлэн авсан болон өөртөө 23.900 төгрөгийн илүү цалин бодож авч, хувьдаа завшсан” гэх үйлдлүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан зарчмыг баримталж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн яллахаас татгалзсан “М.Сувданцэцэгийн ээлжийн амралтын 519.100 төгрөгийг тушаал, мэдэгдэх хуудасгүйгээр авч, завшсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас М.Сувданцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэг болгон өөрчилж, М.Сувданцэцэгийг аж ахуй нэгж, байгууллагын итгэмжлэгдэн хариуцсан этгээд бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас 4.313.306 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар М.Сувданцэцэгийг мэргэжлийн нягтлан бодогчийн албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар М.Сувданцэцэгт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар М.Сувданцэцэгт оногдуулсан мэргэжлийн нягтлан бодогчийн албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг баривчлах ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, М.Сувданцэцэгт оногдуулсан мэргэжлийн нягтлан бодогчийн албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хассан нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэхээр эрх олгосон баримтын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар М.Сувданцэцэгээс нийт 3.440.858 төгрөг гаргуулж, Багануур дүүргийн Усан спорт боулингийн төвд олгох, Багануур дүүргийн Усан спорт боулингийн төв нь М.Сувданцэцэгээс “Нямтулгын урьдчилгаа цалин хэлбэрээр авсан 1.000.000 төгрөг болон илүү авсан цалин болох 23.900 төгрөгийн” талаарх нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн “Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Хуцаагийн 1 дүгээр гудамжны 8 тоот” гэр бүлийн хэрэгцээний газрыг гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх бичиг баримтын хамт Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шилжүүлж, М.Сувданцэцэгт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Сувданцэцэгт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

            Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... М.Сувданцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд гаргасан 7 дугаар шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

            1. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар М.Сувданцэцэгийн үйлдэл хангалттай нотлогдож байгаа. Үүнд, иргэний нэхэмжлэгч П.Болормаагийн мэдүүлэг /1хх-60/,  гэрч Ц.Бат-Өлзийгийн мэдүүлэг /1хх-62/, гэрч Д.Нямтулгын мэдүүлэг /1хх-109/, гэрч Э.Нямбаярын мэдүүлэг /1хх-62/, гэрч П.Баттүшигийн мэдүүлэг /1хх-111-112/, Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот актын “... нэр бүхий 4 ажилтанд 1.425.000 төгрөгийн цалин илүү олгож, санхүүгийн тайланд авлагаар бүртгээгүй нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь хэсэгт “Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, 6.3.2 дахь хэсэгт “төсвийн орлого, зарлага, хөрөнгө өр төлбөрийн гүйлгээг бууруулах бичилт хийлгүйгээр нийт дүнгээр нь төлөвлөж, тайлагнах” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй” гэсэн дүгнэлт /1хх-8-9/, Дүүргийн Усан спорт, боулингийн төвийн 2016 оны 3 дугаар улирлын байдлаарх санхүүгийн үйл ажиллагааны явцад хийсэн аудитын ажлын тайлангийн дүгнэлт “... тайлант хугацааны цалингийн цэсээр 1.224.540 төгрөгийн цалин бодогдсон бөгөөд энэ нь цагийн тооцоо, бүртгэлтэй тулгахад зөрүүтэй буюу 2.212.900 төгрөгийн цалинг илүү тооцсон байна. Тухайлбал, жирэмсний амралттай Н.Одонтуяад 629.700 төгрөг, ажлаас халагдсан нэр бүхий 3 хүнд 1.583.200 төгрөгийн цалин илүү бодсон байна. Мөн манай албанаас хийгдсэн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн эргэн хяналт, шалгалтаар 3.756.200 төгрөгийн илүү олгосон цалинг төлүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн акт тавьсан байна. Уг актаар тавигдсан төлбөрийг заасан хугацаанд нь барагдуулж ажиллаагүй байна гэсэн /1хх-118-130/, М.Сувданцэцэгийг Багануур дүүргийн Усан спорт, боулингийн төвд нягтлан бодогчоор авч ажиллуулж, халсан тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /1хх-6-7, 63-66/, 2016 оны 3 дугаар сарын цалинг 2 өөрөөр бодсон хүснэгт, цалингийн цэсэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18-19/, Цалингийн тооцоо бодсон хүснэгтүүд /1хх-20-27, 97-108/, М.Сувданцэцэгийн Төрийн банкны 360000187372 дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /Нямтулга 1.000.000 төгрөг төлсөн баримт/ /1хх-40-42/, М.Сувданцэцэгийн мэдүүлэг /1хх-87, 146-147/ зэрэг болно. Гэтэл шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Үндэслэл нь:

            Д.Нямтулга 2016 оны 2 дугаар сард байгууллагаасаа 1.000.000 төгрөгийн урьдчилгаа цалин авснаа буцаан М.Сувданцэцэгийн Хаан банкны данс руу шилжүүлэн төлснийг хувьдаа авч завшсан. Мөн 2016 оны 8 дугаар сард өөрийнхөө цалин дээр 23.900 төгрөг илүү бодож хувьдаа авч завшсан гэх үйлдлүүд нь Дүүргийн Усан спорт, боулингийн төвийн 2016 оны 3 дугаар улирлын байдлаарх санхүүгийн үйл ажиллагааны явцад хийсэн аудитын ажлын тайлангийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч Д.Нямтулгын мэдүүлэг, дансны хуулга зэргээр тодорхойлогддог. Харин уг мөнгөнүүдийг төлсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүх зөвхөн М.Сувданцэцэгийн “би өөрийнхөө авсан урьдчилгааны хамт Д.Нямтулгын 1.000.000 төгрөгийн хамт 1.968.758 төгрөгийг Төрийн банкны данснаас цалингийн данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлгийг үндэслэн уг 1.000.000 төгрөгийг төлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад төлсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Мөн 2016 оны 8 дугаар сард өөрийнхөө цалин дээр илүү бичиж авсан 23.900 төгрөгийг мөн огт төлөөгүй хувьдаа завшсан байдаг. Энэ нь аудитын дүгнэлтээр тогтоогддог. Иймд дээрх 2 үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Шүүх М.Сувданцэцэгийн үйлдлүүдийг давтан биш үргэлжилсэн үйлдэлтэй гэж үзсэн. Энэ нь хуулийг буруу ойлгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн тайлбарт “Давтан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа бие даасан эхлэл төгсгөлтэй үйлдсэн байхыг ойлгоно”. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх санаа нь тус тусдаа үүссэн, тус бүртээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байхыг хэлж байгаа. М.Сувданцэцэгийг шүүхээс гэм буруутайд тооцсон 4 үйлдлийн хувьд бүгд тус тусдаа бие даасан эхлэл, төгсгөлтэй, гэмт хэрэг үйлдэх арга нь бие даасан, санаа, сэдэлт нь тус тусдаа үүсэж хэрэгжсэн, цаг хугацааны хувьд ч өөр өөр цаг хугацаанд буюу 2015, 2016 онуудад үйлдэгдсэн байгаа. Тухайлбал, эхний үйлдэл нь 2015 оны 7 дугаар сард Д.Нямтулга, З.Бат-Өлзий, С.Гансүх, Б.Отгондалай нарын 4 хүний нэр дээр цалингийн урьдчилгаа бодож 1.425.000 төгрөг өөрийнхөө 360000187372 тоот данс руу шилжүүлэн авч хувьдаа завшсан. Дараа нь 2016 оны 3 дугаар сарын сүүлээр ажилчдын цалин бодохдоо 2014 оны 4 дүгээр сард ажлаасаа халагдсан Батбилэг, Ариунзаяа, мөн оны 7 дугаар сард ажлаасаа халагдсан Эрдэнэчимэг нарын нэр дээр нийт 1.583.000 төгрөг, жирэмсний амралттай байсан Н.Оюунтуяагийн нэр дээр 529.091 төгрөг, нийт 2.099.614 төгрөг бодож өөрийнхөө цалингийн данс руу шилжүүлэн авч завшсан, Мөн 2016 оны 7 дугаар сард ажилчдын цалин бодохдоо байгууллагынхаа хуучин захирал байсан П.Баттүшигийн нэр дээр үр дүнгийн гэрээний 506.965 төгрөг, эмч М.Отгондалайгийн цалин 110.000 төгрөг, нийт 617.965 төгрөг илүү бичиж өөрийн цалингийн данс руу шилжүүлэн авсан. Дараа нь Цэцэгээ, Ц.Бат-Өлзий, Э.Нямбаяр, А.Эрдэнэбат нарын хоолны 170.700 төгрөгийг хувьдаа авч завшсан байдаг. Мөн М.Судванцэцэг нь 2015 онд захирал Баттүшигийн нэр дээр үр дүнгийн гэрээний мөнгө илүү бичиж авсан, эмч М.Отгондалайгийн нэр дээр 110.000 төгрөгийн илүү цалин бичиж авсан, 2014 онд ажлаас халагдсан 4 хүний нэр дээр цалин бичиж авсан, 2015 онд нэр бүхий 4 хүний нэр дээр урьдчилгаа бичиж авсан, жирэмсний амралттай байсан Оюунтуяагийн нэр дээр цалин бичиж авсан, 4 нэр бүхий хүний нэр дээр хоолны мөнгө бичиж авсан, өөрийнхөө цалин дээр илүү цалин бичиж авсан гэх мэт бүх үйлдлүүд нь өөр өөр зорилготой, тус тусдаа эхлэл, төгсгөлтэй, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, арга нь бие даасан шинжтэй, цаг хугацааны хувьд ч өөр өөр цаг хугацаанд үүсч үйлдэгдсэн байдаг. Тэрээр эхний үйлдэл дээр гэмт санаа бодол төрж, түүнийгээ хэрэгжүүлж мөнгийг өөрийн дансандаа шилжүүлэн авснаар төгсөж, хэсэг хугацааны дараа дахин гэмт санаа бодол төрж түүнийгээ мөн өөр аргаар хэрэгжүүлснээр төгсөж байгаа нь тус тусдаа үйлдэл болох нь илэрхий харагдаж байна.  М.Сувданцэцэг нь Усан спорт боулингийн төвийн эд хөрөнгийг 6 удаагийн буюу давтан үйлдлээр завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байгаа тул шүүхийн хуулийг буруу ойлгож шийдвэрлэсэн 07 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Ялтан М.Сувданцэцэг тус шүүх хуралдаанд: “... Тайлбаргүй ...” гэв.

Ялтан М.Сувданцэцэгийн өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх байр суурьтай өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Прокурор нь Нямтулгын урьдчилгаа авсан 1.000.000 төгрөгийг асуудлыг ярьж байна. 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн банкны дансны хуулга байгаа. Үүнд 1.968.758 төгрөг төлсөн. Үүнийг Нямтулгаас авсан 1.000.000 төгрөгийг, өөрийн цалингийн урьдчилгаатай нийлүүлж төлсөн гэж тайлбарладаг. Үүнийг өөр эх үүсвэртэй мөнгө байна гэж яллах тал нотлож чадаагүй. Тийм учраас үүнийг анхан шатны шүүх харгалзан үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Өөрийн цалин дээр нэмж авсан 23.900 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр дансанд нь шилжсэн. Цалин нь тэрнээс өмнө бодогдсон байдаг. Харин 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ажлаас халагдах тушаал нь гарсан учраас үүнийг завшсан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Харин илүү авсан мөнгөө буцааж төлөх байсан байх. Энэ нь төлөгдөөгүй явж байгаа. Тийм учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх үргэлжилсэн үйлдэл гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу гэж прокурор эсэргүүцэж байна. Энэ гэмт хэргийн хувьд нэг объектэд халдсан, субъектив санаа зорилгын хувьд ижил, арга нь ижил, бүх үйлдлүүд нь урьдчилгаа цалин бодохдоо дансны аргаар авсан, үйлдэл нь үргэлжилсэн шинжтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. М.Сувданцэцэг нь ялаа эдлээд гарсан, хохирол төлбөр барагдуулсан, хохирогч тал гомдол саналгүй гэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү  ...” гэв.

ХЯНАВАЛ:

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад нийцсэн байна.

М.Сувданцэцэг нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Усан спорт боулингийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж, өмчийг итгэмжлэн хариуцаж байхдаа 4.313.306 төгрөгийг хувьдаа завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Иргэний нэхэмжлэгч П.Болормаагийн “... Би 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Багануур дүүргийн Усан спорт, боулингийн төвийн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байна. Түүнээс урьд би уг байгууллагын няраваар ажиллаж байсан. 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай байгууллага урьдчилгаа цалингаа тавьж олгосон бөгөөд тэр өдөр өмнө нь байгууллагын захирлаар ажиллаж байсан П.Баттүшиг ирээд амралтын мөнгөө болон дүүргийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний мөнгөө авъя гэж ирсэн. Би төрийн сангаар баталгаажуулсан цалингийн цэсэн дээрээс харахад П.Баттүшигийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний 625.882 төгрөг дансанд нь орсон байсан. Амралтын мөнгийг нь М.Сувданцэцэг 1.096.480 төгрөгөөр бодсон байсан. Тэгэхээр нь Төрийн банкин дээр очоод байгууллагын дансыг шалгаж үзэхэд П.Баттүшигийн үр дүнгийн гэрээний мөнгө болох 625.882 төгрөг П.Баттүшигийн дансанд ороогүй байсан. Ингээд би цааш шалгаад үзэхэд П.Баттүшигийн гэрээний урамшууллын 625.882 төгрөг, эмч М.Отгондалайгийн цалин 111.000 төгрөг М.Сувданцэцэгийн цалингийн 360000187372 тоот данс руу орсон байсан. Дансыг шалгахад М.Сувданцэцэгийн дээрх данс руу 2.128.000 төгрөгийн цалин орсон байсан. Уг нь төрийн сангийн 396 гэсэн тамгатай цалингийн цэсээр Төрийн банк гүйлгээ хийх ёстой байдаг. Гэтэл тухайн үед манай байгууллагыг хариуцан ажиллаж байсан Төрийн банкны эдийн засагч Ганбат нь төрийн сангийн тамгагүй цэсээр гүйлгээ хийсэн байсан. Мөн М.Сувданцэцэг нь 2016 оны 3 дугаар сарын сүүлийн цалин бодохдоо 2014 оны 4 дүгээр сард ажлаасаа халагдсан Батбилэг, Ариунзаяа, мөн 2014 оны 7 дугаар сард халагдсан Эрдэнэчимэг нарын нэр дээр нийт 1.560.000 төгрөг бодож тухайн үедээ өөрийн 360000187372 тоот данс руу оруулсан байсан. 2016 оны 7 дугаар сарын эхээр манай байгууллага бүх ажилчдын хурал хийсэн. Тэр өдөр манай захирал П.Баттүшиг намайг хоолны тооцоогоо аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би хоолны тооцоогоо гаргаад ажилчдаас асуухад Цэцэгээ, О.Бат-Өлзий, Э.Нямбаяр, Эрдэнэбат нарын хоолны мөнгө цалин дээрээс суутгасан байгаа гэсэн. Ингээд П.Баттүшиг захирал хурал дээр М.Сувданцэцэгээс хоолны мөнгийг суутгасан эсэх талаар асуухад нягтлан М.Сувданцэцэг хоолны мөнгийг нь цалин дээрээс суутгаад өөр хүний данс руу хийчихсэн. Тэр хүнтэй би холбоо бариад удалгүй хоолны мөнгийг төлнө гэсэн. Дээрх хүмүүсийн хоолны мөнгө 170.700 төгрөг болно. М.Отгондалай эмч ажлаасаа гараад Солонгос улс руу явсан. Мөн 2016 оны 3 дугаар сард нийгмийн даатгалын ажил олгогчоос төлөх 174.200 төгрөг нийгмийн даатгалд илүү орсон. Өөрөөр хэлбэл халагдсан 3 хүний нэр дээр цалин бодсон учраас нийгмийн даатгалд илүү төлсөн байгаа. 2015 оны Аудитын дүгнэлтээр нийтдээ 3.756.200 төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн. Одоо М.Сувданцэцэг нь манай байгууллагад 6.467.900 төгрөгийн хохирол учруулсан тул дээрх мөнгийг нэхэмжилж байна ...” /1хх-60/,

Гэрч Э.Нямбаярын “... Би Багануур дүүргийн Усан спорт, боулингийн төвд техникч ажил эрхэлдэг. Миний цалингийн дансанд гүйлгээ хийгдэхэд гар утсанд мессеж ирдэг ба 2016 оны 6 дугаар сард миний цалингийн данснаас 70.800 төгрөгийн суутгал хийгдсэн талаар гар утсанд мессеж ирсэн. Би тухайн үед юм бодоогүй. Ингээд 2016 оны 8 дугаар сард байгууллагын ажилчдын нийтийн хурал болсон. Тэр хурал дээр байгууллагын захирал П.Баттүшиг хоолны тооцоо хийгээгүй хүмүүс хоолны тооцоо хий гэж хэлсэн. Ингээд хоолны тооцоо хийгээгүй хүмүүсийн нэрсийн жагсаалтанд миний нэр байсан. Тэгтэл нягтлан М.Сувданцэцэг Э.Нямбаяр хоолны тооцоогоо хийсэн. Мөнгийг нь 6 дугаар сард авсан гэж хэлсэн. Тухайн үед М.Сувданцэцэг хоолны мөнгө чинь өөр хүний дансанд орсон байна. Нөгөө хүнтэй нь холбоо барьж байгаад мөнгийг чинь буцааж авна гэж хэлсэн. Ингээд М.Сувданцэцэг 2016 оны 8 дугаар сарын сүүлээр ажлаасаа халагдсан. Байгууллагын ажилчдын яриагаар нягтлан М.Сувданцэцэг байгууллагаас мөнгө аваад өөрийн дансандаа хийсэн гэсэн сураг байсан ...” /1хх-61/,

Гэрч О.Бат-Өлзийгийн “... Миний цалингийн дансанд гүйлгээ хийгдэхэд гар утсанд мессеж ирдэг юм. 2016 оны 6 дугаар сарын хоолны мөнгө миний цалин дээр нэмэгдэж ороогүй. Тэгэхээр нь би М.Сувданцэцэгээс цалин дээр хоолны мөнгө ороогүй талаар хэлэхэд М.Сувданцэцэг “чиний хоолны мөнгийг өөр хүний дансанд андуураад оруулчихсан байна. Дараа нь нөхөөд өгье” гэж хэлсэн. Түүнээс хойш би 2-3 удаа хоолны мөнгөө асуухад М.Сувданцэцэг мөнгийг чинь шийдэж өгнө гэж хэлээд шийдэж өгөөгүй. Удаагүй М.Сувданцэцэг ажлаасаа халагдсан. Хоолны мөнгө 60.600 төгрөгийг М.Сувданцэцэгээс гаргуулж авах хүсэлтэй байна ...” /1хх-62/,

Гэрч П.Баттүшигийн “... Би 2012 оноос хойш Багануур дүүргийн Усан спорт, боулингийн төвийн захирлаар ажиллаж байна. 2016 оны 4 дүгээр сараас хойш М.Сувданцэцэгтэй хамтарч ажиллах болсон. 2015 оны үйл ажиллагаанд дүүрэг болон нийслэлийн төлөвлөгөөт шалгалт орсон бөгөөд 9.000.000 гаруй төгрөгийн зөрчил илэрсэн. Түүнээс 3.000.000 гаруй нь нягтлан бодогчтой холбоотой зөрчил байсан. Гэтэл М.Сувданцэцэг нь тус зөрчил дутагдал дээрээ ямар ч арга хэмжээ аваагүй. Тэгээд 2016 оны 7 дугаар сард ажлаас чөлөөлсөн. Түүний дараа миний урамшууллын мөнгө орохгүй болохоор нь миний мөнгийг бодоод өг гэж нягтлан бодогчид хэлсэн. Тэгтэл таны мөнгө 2016 оны 6 дугаар сард олгогдсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь сайн үз гэхэд нилээн олон хүний цалин мөнгийг буруу зөрүү бодох, нийгмийн даатгал дээр хүртэл зөрчил байна гэж хэлсэн. Би нягтлан бодогчид холбогдох газарт нь өгч шалгуулах нь зүйтэй гэж хэлсэн...” /1хх-111/,

Яллагдагчаар М.Сувданцэцэгийн “... Би 2015 онд 1.425.000 төгрөгийн цалин нэр бүхий 4 хүний нэр дээр бодож өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. 2016 оны 3 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн Батбилэгт 527.000 төгрөг, Ариунзаяад 531.400 төгрөг, Эрдэнэчимэгт 529.100 төгрөг, жирэмсний амралттай байсан Н.Оюунтуяад 629.684 төгрөг бодож өөрийн данс руу шилжүүлж авсан. Мөн ажилчдын хоолны суутгалд О.Бат-Өлзийгийн 60.600 төгрөг, Э.Нямбаярын 70.800 төгрөг, Цэцэгээд 14.400 төгрөг, М.Отгондалайгийн цалингаас 111.017 төгрөг, Эрдэнэбатын 24.900 төгрөг нийт 547.100 төгрөг өөрөө авсан. Мөн П.Баттүшиг даргын мөнгийг өөрийн данс руу шилжүүлж авсан. Би 2015 оны 8 дугаар сард амарсан байсан. Тэгээд 2016 онд амрах хугацаа болсон байсан учраас 2016 оны 7 дугаар сард захирал П.Баттүшигт амаар хэлж өөрийн амралтын мөнгийг бодож авлаа гэж хэлээд даргын тушаал болон мэдэгдэх хуудасгүйгээр өөрөө авсан. Би 2016 оны 8 дугаар сарын 23.900 төгрөгийг сайн мэдэхгүй байна. Нямтулга менежерийн мөнгийг төрийн банкны дансанд төлсөн. Надад өөр мөнгө төгрөг авсан зүйл байхгүй...” /1хх-142-143/ гэх мэдүүлгүүд болон 2016 оны цалингийн хүснэгтүүд болон цалингийн цэсэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-17-19/, цалингийн тооцоо бодсон хүснэгтүүд /1хх-20-27, 97-108/, М.Сувданцэцэгийн Төрийн банкны 360000187372 тоот дансны хуулга /1хх-32-36/, Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот акт /1хх-8-9/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дүүргийн Усан спорт, боулингийн төвийн 2016 оны 3 дугаар улирлын байдлаарх санхүүгийн үйл ажиллагааны явцад хийсэн аудитын тайлан /1хх-118-130/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            М.Сувданцэцэгт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, ялтны хувийн байдал, түүний гэм бурууд тохирсон байх ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Багануур дүүргийн прокуророос М.Сувданцэцэгийг 7 удаагийн буюу давтан үйлдлээр завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Сувданцэцэгийн үйлдэл нь нэг эх үүсвэртэй, үргэлжилсэн шинжтэй байх тул давтан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь зөв болжээ.

Гэмт хэргийн үргэлжилсэн үйлдэл нь тухайн гэмт хэргийн субъект нэг зорилгод хүрэхийн тулд төсөөтэй буюу нэг төрлийн үйлдлүүдийг тасралтгүй хийсэн нэгдмэл хор уршиг бүхий шинжийг агуулсан байдаг ба ялтан М.Сувданцэцэг нь нэг эх үүсвэрээс буюу Багануур дүүргийн Усан спорт, боулингийн төвийн төсвийн мөнгөн хөрөнгөнөөс өөрөө итгэмжлэн хариуцаж байхдаа шунахайн зорилгоор, цалингийн урьдчилгаа бодож өөрийн данс руу шилжүүлэн авах, ажлаас халагдсан болон жирэмсний амралттай байсан хүмүүсийн нэр дээр мөнгө бодож өөрийн данс руу шилжүүлэх, нэр бүхий ажилчдын хоолны мөнгийг өөр данс руу шилжүүлэн авах зэрэг ижил арга, үйлдлээр завшсан  тул түүнийг давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх түүний үйлдлээс цалингийн урьдчилгаанд илүү бодогдсон 23.900 төгрөг, Д.Нямтулгын урьдчилгаа цалин хэлбэрээр аваад буцааж төлсөн 1.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан гэх үйлдлүүдийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэрэгсэхгүй болгож, түүний учруулсан хохирлын хэмжээг 4.313.306 төгрөг болгон өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                  Д.ГАНСҮХ

                                                                    Д.ОЮУНЧУЛУУН