Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0443

 

“Бдс” ХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Ц.Э, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Э, Ц.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0378 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Бдс” ХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0378 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0297796 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Бдс” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “Бдс” ХК-ийн төлөөлөгч Н.Г давж заалдах гомдолдоо: “...Манай байгууллага нь Багануур дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийг дулааны эрчим хүчээр хангаж ажилладаг төрийн өмчит компани юм. Эрчим хүчний үнэ тарифыг төрөөс зохицуулдаг тул эрчим хүчний компаниудын алдагдлыг багасгах, үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх зорилгоор улсын төсвөөс татаас олгодог боловч татаасны мөнгийг Сангийн яамнаас байнга хугацаа хожимдуулж шилжүүлдэг. Гэтэл манай станц нь тасралтгүй үйлдвэрлэл явуулдаг онцлогтой бөгөөд алдагдалтай ажиллаж байна. Иймд борлуулалтын орлогын мөнгөн хөрөнгийг эхний ээлжид үйлдвэрлэлээ тасалдуулахгүй явуулах, ажилтнуудын цалин хөлсийг хугацаанд нь өгөхөд зарцуулж ирсэн. Харин татаасны мөнгө орж ирсэн даруйд татварын төлбөрүүд болон бусад шаардлагатай зардлуудаа санхүүжүүлдэг болно.

Төрийн өмчит компани нь улсын төсөвт татвар төлөх үүрэгтэй, эргээд улсын төсвөөс татаас авна гэдэг нь төрийн нэг халааснаас нөгөө халаас руу хийж байгаатай чанарын ялгаагүй юм. Тиймээс татаасны мөнгө хожимдож орж ирснээс шалтгаалан татварыг 1-30 хоног хүртэл хугацаа хожимдуулж төлсөнд татварын байцаагчид торгууль, алданги ногдуулж төрийн өмчит компанийн хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, алдагдлыг нэмэгдүүлэхэд хүргэж байгаа нь зохимжгүй юм.

Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4.3-д “тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож тодорхойлсон эсэх"-эд татварын алба хяналт тавих үүрэгтэй гэж заасан байтал сар бүр НӨАТ-ын тайланг гаргаж өгч байхад "зөрчилгүй" хэмээн хүлээн авсан. Татварын улсын байцаагчид бодит байдлыг зөв тогтоогоогүй, татварын тайлангаа тогтмол өгч, татвараа төлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан татвар төлөгчийн Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан хууль ёсны эрх, ашиг зөрчсөн байна. Татварын улсын байцаагчид нь манай компанийн зохион байгуулалт, аж ахуйн үйл ажиллагааны онцлог, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдалд анхаараагүйгээс алдаатай дүгнэлт хийжээ.

Дээрхээс дүгнэж үзэхэд, компани гэм буруугүй байтал татварын байцаагчид хэт нэг талыг барьж төлбөр тавьсан нь хууль зүйн болон эдийн засгийн хувьд үндэслэлгүй байна.  Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0297796 тоот шийтгэлийн хуудас эрх зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь татаасны мөнгө хожимдож орж ирснээс шалтгаалан татварыг 1-30 хоног хүртэл хугацаа хожимдуулж төлсөн үйл явдалд төрийн болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй, хэн нэгэн этгээдэд хохирол учраагүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0297796 дугаартай шийтгэлийн хуудсаар “Бдс” ХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн иж бүрэн шалгалтаар татвараа хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил гаргасныг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 88 248 491.50 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Үүнийг эс зөвшөөрч, гомдол гаргагч “Бдс” ХК-иас “...татаасын мөнгө хожимдож орж ирснээс шалтгаалан татвараа хугацаа хожимдуулж төлсөн, ...манай компанийн 2015-2017 онуудын зөрчилд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийг хэрэглэсэн, ...мөн алдангийг хохиролд тооцон шийтгэл оногдуулсан нь буруу” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон гомдол гаргагчийн тайлбараас үзэхэд, гомдол гаргагч “Бдс” ХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар төлөхөөр тайлагнасан 2015 оны 125 320 465.50 төгрөг, 2016 оны 298 838 367.10 төгрөг, 2017 оны 446 207 034.70 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар төлөхөөр тайлагнасан 2017 оны 117 044.90 төгрөг нийт 870 482 912.20 төгрөгийн татварыг төсөвт төлөлгүй хуулийн хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон, үүнтэй гомдол гаргагч маргахгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байхаар хуульчилсан бөгөөд албан татвар төлөгч /албан татвар суутган төлөгч/ нь өөрөө нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаахаар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоог хийхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д тус тус зохицуулжээ.

Үүнээс үзвэл, гомдол гаргагч “Бдс” ХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцагч нар дээрх маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж буй хувь хүн, хуулийн этгээд бүр татвар төлөгч байхаар заасан бөгөөд төрөөс татаас авдаг төрийн өмчит хувьцаат компани нь бусад хуулийн этгээдүүдээс өөр хөнгөлөлттэй нөхцөлөөр, өөр хугацаанд татвар төлөх талаарх зохицуулалт хуульд байхгүй. Иймд “Бдс” ХК нь дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй төдийгүй хууль, тогтоомж нь хувь хүн, хуулийн этгээд бүрд адил тэгш үйлчлэх тул “...татаасын мөнгө хожимдож орж ирснээс шалтгаалан татварыг хугацаа хожимдуулж төлсөнд татварын байцаагчид торгууль, алданги ногдуулж төрийн өмчит компанийн хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, алдагдлыг нэмэгдүүлэхэд хүргэж байгаа нь зохимжгүй” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Гомдол гаргагчийн “...манай компанийн 2015-2017 онуудын зөрчилд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийг хэрэглэсэн” гэх гомдлын тухайд,

Хэдийгээр 2015 онд Зөрчлийн тухай хууль мөрдөгдөж эхлээгүй байсан боловч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж зохицуулсан байсан, энэхүү зохицуулалт нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зохицуулалттай адил байх тул хариуцагч нарыг энэ үндэслэлээр буруутгаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй юм.

Мөн Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт алданги тооцно” гэж зааснаар гомдол гаргагч “Бдс” ХК нь хуульд заасан хугацаанд татвараа төлж байгаагүй болох нь тогтоогдсон учраас алданги тооцох үндэслэлтэй, нэгэнт татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил гаргасныг тогтоож шийтгэл оногдуулах болсон энэ тохиолдолд татварын улсын байцаагч нар нь заавал тусдаа акт үйлдэх шаардлагагүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Бдс” ХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН