Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13 210/МА2024/01017

 

 

Г.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/01252 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г.Д-

Хариуцагч: Б ХХК, ХОК ХХК, Н.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхоны 2 дугаар ээлжийн 158,05 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 00 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эзэмшлийг шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргуулах, хохирол 142,245,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, Э.Э, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, ХОК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, түүний өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхоны 2 дугаар ээлжийн 158,05 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 00 тоот хаягт байрлах талбайг Н.Б-аас худалдан авахаар тохирч түүнд 611,337,400 төгрөгийг шилжүүлсэн. Н.Б- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ажлын хөлсөндөө ХОК ХХК-иас авсан байсан. Улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиалан бариулах 84 дугаартай гэрээг ХОК ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А-22/23 дугаар албан бичгийн дагуу миний бие Б ХХК-тай байгуулсан. Ийнхүү миний бие төлбөрийг Н.Б-т бүрэн төлсөн тул ХОК ХХК-иас маргаан бүхий талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах албан бичгийг Б ХХК-д 2023 оны 01 дүгээр сард явуулсан. Гэтэл Б ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн огноо бүхий гэрээ цуцлах мэдэгдлийг надад ирүүлсэн, би хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Мэдэгдлийн хариу албан тоот-оор Б ХХК-д хүргүүлсэн.

1.2 Тус барилгыг улсын комисс хүлээн авч, 2022 оны 08 дугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд олж чадаагүй түрээсийн орлого буюу хохирол 47,416,666 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулна.

Иймд Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхоны 2 дугаар ээлжийн 158,05 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 00 тоот хаягт байрлах талбайн өмчлөгчөөр тогтоож, талбайн эзэмшлийг шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг гаргаж өгөхийг хариуцагч Б ХХК-д даалгаж, хохиролд 47,416,666 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч ХОК ХХК, Н.Б- нарт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагч Б ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Б ХХК болон Г.Д- нарын хооронд байгуулагдсан 84 дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу манай компани Г.Д-ын өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Уг гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн буюу нотариатаар гэрчлүүлээгүй. Нэхэмжлэгч хуульд заасан ямар үндэслэлээр талбайн эзэмшлийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй бөгөөд тодорхойгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Д- нь өмчлөгчөөр тогтоогдоогүй, өмчлөгч мөн эсэх дээр хариуцагч маргадаг. Мөн Б ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хуульд заасан саатуулан барих эрхийг хэрэгжүүлж байгааг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй.

2.2 Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг гаргуулах шаардлага нь нэхэмжлэгчийн гаргасан өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын агуулгад багтах бөгөөд тус өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй.

2.3 Нэхэмжлэгчийн хохирол учирсан гэж тодорхойлсон нөхцөл байдалд Б ХХК гэм буруугүй. Нэхэмжлэлийн үндэслэлд олох ёстой байсан орлогыг хэрхэн, ямар нотлох баримтуудаар дэмжиж байгаа нь тодорхойгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар зайлшгүй орох байсан орлогод хамаарахгүй. ХОК ХХК болон Н.Б- нарын хооронд ямар гэрээ байгуулагдсан, төлбөр тооцоо бүрэн хийгдсэн эсэх нь тодорхойгүй. ХОК ХХК нь Б ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул худалдаа, үйлчилгээний талбайг шилжүүлэн өгөх боломжгүй.

2.4 Нэхэмжлэгчид гэрээний төлбөр төлөгдөөгүй нөхцөлд талбайг шилжүүлэн өгөхгүй болохыг гэрээ байгуулагдах үед тайлбарлаж хэлсэн. Г.Д- энэ нөхцөл байдлыг мэдэж байсан. Энэ талаар гэрээнд тодорхой тусгасан. Гэтэл 2022 оны 08 дугаар сард талбайг шилжүүлэн өгөх байсан, үүнээс болж хохирол учирсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

2.5 Шүүхэд 11 дугаартай гэрээтэй холбоотой шаардлагыг ХК ХХК-д холбогдуулан гаргасан, иргэний хэрэг үүсгэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 11 дугаартай болон 84 дугаартай гэрээний үүрэг өнөөдрийн байдлаар биелэгдээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ХОК ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Б ХХК болон Г.Д- нарын хооронд байгуулагдсан 84 дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад төлбөр тооцооны асуудлыг ХОК ХХК хариуцахаар тусгасан. Гэрээний дагуу Г.Д- нь ХОК ХХК-д төлбөрийг бүрэн төлсөн гэжээ.

4. Хариуцагч Н.Б-ын тайлбар, татгалзлын агуулга:

4.1 ХОК ХХК-тай манай Г ХХК нь замын ажлын гэрээтэй байсан бөгөөд уг ажлын хөлсөнд Б ХХК-тай байгуулсан гэрээний дагуу авах үйлчилгээний зориулалттай 158.05 м.кв талбайг надад өгөхөөр тохирсон. Ингээд би уг талбайг Г.Д-д зарахаар болж, гэрээг Г.Д-ын нэр дээр байгуулж, би мөнгөө авсан. Төлбөрөө бүрэн төлсөн хүнийг ингэж хохироож байгаа нь үндэслэлгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д-ыг Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхоны 2 дугаар ээлжийн 158.05 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай 00 тоот талбайн өмчлөгчөөр тогтоолгох, талбайн эзэмшлийг шилжүүлэхийг хариуцагч Б ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 47,416,666 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч ХОК ХХК, Н.Б- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Д- хариуцагч ХОК ХХК-аас 47,416,666 төгрөг, хариуцагч Н.Б-аас 47,416,666 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,328,525 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,318,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-д олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1 Хариуцагч Б ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл үйлчилгээний талбайг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүй, ийнхүү шилжүүлэн өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байна. Б ХХК талбайн өмчлөл, эзэмшлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 18 сарын хугацаанд олох ёстой байсан түрээсийн орлого болох нийт 142,245,000 төгрөгөөр хохирсон.

6.2 Тус үйлчилгээний талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй. Өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг нэхэмжлэгч гаргаж болох хэдий ч мэдүүлэгт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.6 дахь хэсэгт заасан нотлох баримтуудыг хавсаргах тул тэдгээрийг нэхэмжлэгч бүрдүүлэх боломжгүй. Хариуцагч Б ХХК-иас нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг гаргуулах шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11 дугаартай гэрээг ХОК ХХК-тай байгуулсан. Г.Д-тай байгуулсан 84 дугаартай гэрээний 1.1, 1.2-т 11 дугаартай гэрээний үүрэг хангагдаж, тухайн гэрээг дүгнэснээр төлбөр төлөгдсөнд тооцохоор тохиролцсон. Гэтэл ХОК ХХК нь 700 м.кв талбайтай амины орон сууц шилжүүлэн өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар саатуулан бариулах эрхээ эдэлж байсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш түрээсийн орлого олох ёстой байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

7.2 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн агуулга өмчлөгчөөр тогтоолгох байдаг. Өмчлөгчөөр тогтоолгосны дараа Б ХХК-ийн зүгээс шаардлагатай материалуудыг гаргаж өгөхгүй саад учруулсан тохиолдолд шаардах ёстой. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэжээ.

8. Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 ХОК ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай Худалдаа үйлчилгээний талбай захиалгын гэрээ-ний үүргээ биелүүлээгүй. Хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүйн улмаас үүсэх хариуцлагыг Б ХХК нь нэхэмжлэгч Г.Д-ын өмнө хүлээхгүй. Б ХХК гэрээ цуцлах талаарх мэдэгдлээ Г.Д- болон ХОК ХХК-д хүргүүлсэн. Гэрээнээс татгалзах эрх нь шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид буюу ХОК ХХК-иас худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай шаардах эрхийг шилжүүлж авсан Г.Д-тай байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар нэгэн адил хэрэгжихээр байхад энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй.

8.2 Б ХХК-иас ХОК ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзахад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримталсан. 12 дугаартай гэрээ цуцлагдсан бөгөөд талууд төлбөрийн тухайд маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан Б ХХК нь үүргийн гүйцэтгэлийг саатуулан барьсан.

 

8.3 Нэхэмжлэгч Г.Д-д өмчлөх эрх үүсээгүй бөгөөд гэрээнд зааснаар ХОК ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг хангагдаж, гэрээг дүгнэснээр төлбөр төлөгдсөнд тооцогдох тухай тусгасан буюу шаардах эрхийг шилжүүлж авсан шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид Б ХХК болон ХОК ХХК-уудын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэл хамааралтай байсныг анхан шатны шүүх хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийн эсрэг үүрэг гүйцэтгэгч мөн шаардах эрх хэрэгжүүлэх боломжтой бол энэ үүргийг биелүүлэх хүртэл хариу үүргээс татгалзах эрхтэй байх ба үүрэг гүйцэтгэгчийн саатуулан барих эрхийг зохицуулдаг.

8.4 Манай компани талуудын хооронд байгуулагдсан 84 дугаартай гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй буюу хүчин төгөлдөр бус. Гэтэл шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн боловч гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Тодруулбал, Баяр өргөө кснстракшн ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 84 дугаартай гэрээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус. Түүнчлэн шүүхээс мөн хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт заасан заалтыг анхаарч үзээгүй. Энэ талаар хариуцагч маргаж байхад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн маргаж буй үндэслэлийг үгүйсгээгүй байна.

8.5 Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х-с 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүх хангаагүй. Тус захирамжид гомдол гаргах эрхгүй гэж дурдаад шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхээ эдлэх боломжийг хязгаарласан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Нэхэмжлэгчийн хувьд Б ХХК, ХОК ХХК-ийн хооронд маргаантай үйл явдал өрнөхөөс өмнө гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээний бусад тохиролцоо буюу 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт ХОК ХХК-д Г.Д- гэрээний үүргээ бүрэн биелүүлчихвэл Б ХХК-д албан бичиг хүргүүлснээр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь өөрт ашигтай гэрээний заалтыг дурдаж, Г.Д-ын өмнө үүрэг хүлээхгүй, 84 дугаартай цуцлагдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г.Д-д өгснийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариуг өгсөн.

9.2 Саатуулан барих эрхийг хэрэгжүүлэх хуваарийн зохицуулалт нь нөгөө тал нь үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд хэрэгжинэ. Гэтэл 84 дугаартай гэрээний талууд нэг нь Г.Д-, нөгөө тал Б ХХК байтал Г.Д-ын талаас төлбөрийг 100 хувь төлсөн байхад гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгааждаг. Захиалгын гэрээг Г.Д- ганцаараа нотариатаар баталгаажуулах хуулийн зохицуулалт байхгүй.

Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ХОК ХХК-ийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

10.1 ХОК ХХК нь Б ХХК-ийн Хан-Уул дүүрэг дэх барьсан барилгаас үйлчилгээний 740 м.кв талбайг 4 хувааж худалдан борлуулсан санхүүжилтээр Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах амины орон сууцнаас 2 ширхэг байшинг өгөхөөр тохиролцоод, төлбөрт нь энэ талбайнуудыг авахаар тохирсон. Бидний зүгээс бартераар авсан байраа туслан гүйцэтгэгчид өгөөд туслан гүйцэтгэгчид цаашаа иргэдэд зарсан үйл баримт байдаг. Амины орон сууцаа хугацаанд нь ашиглалтад оруулаагүй гэж үзвэл талууд гэрээгээр тусдаа шийдвэрлэх боломжтой. Гэтэл иргэдэд зарж, иргэдийг хохироосон нь үндэслэлгүй. Иймд Б ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэжээ.

11. Хариуцагч Н.Б- давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхоны 2 дугаар ээлжийн 158,05 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 00 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эзэмшлийг шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг гаргуулах, хохирол 47,416,666 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б ХХК эс зөвшөөрч ...ХОК ХХК-тай байгуулагдсан гэрээ цуцлагдсан, гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэн маргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХОК ХХК, Н.Б- нарт холбогдох хохирол тус бүр 47,416,666 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байх тул тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

3. Б ХХК болон Г.Д- нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 84 дугаартай Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулагдсан. Гэрээний 1.1-д ХОК ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 12 дугаартай гэрээний үүрэг биелэгдэж, талууд гэрээг дүгнэснээр ХОК ХХК-ийг гэрээний төлбөр төлсөнд тооцож, ХОК ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А-22/23 дугаартай албан бичгийн дагуу захилгын гэрээ Г.Д-д шилжихтэй холбоотой харилцааг зохицуулахаар заасан.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Учир нь, мөн зүйлд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ХОК ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А-22/23 дугаартай албан бичгийн дагуу дээрх гэрээний хувьд худалдан авагчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлж авсан гэж үзэхээр байхаас гадна мөн зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан хэлбэрээр талууд гэрээг байгуулсан байна.

4.1 Гэрээний агуулга, зүйл, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл хариуцагч Б ХХК нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Ийнхүү шилжүүлэхдээ Б ХХК болон ХОК ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэг биелэгдсэнээр нэхэмжлэгчийг гэрээний үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлсэнд тооцохоор тохиролцсон байна.

Түүнчлэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан гэрээг нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавигдахгүй. /хх 71/ Иймд хариуцагчийн ...84 дугаартай гэрээ нь ...Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтын хүрээнд хүчин төгөлдөр бус гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Гэрээний нэг тал болох худалдан авагч буюу нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үнийг төлөх үүргийг буюу үнийг төлөх арга, хэлбэрийг талууд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

6.1 Гэрээний 2.1-д тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нийт төлбөр нь ХОК ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 12 дугаартай гэрээний ХОК ХХК-ийн хүлээх үүрэг бүрэн хангагдсанаар төлбөр төлөгдсөнд тооцогдохоор заасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт харшлаагүй байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагч болох нэхэмжлэгч гэрээний үнийг төлсөн гэж үзэх нөхцлийн талаар талууд харилцан тохиролцсон байна. /хх 7-10/

6.2 Дээрх зохицуулалтын дагуу хариуцагч ХОК ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23/А-03 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн үндэслэлээр өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргуулах хүсэлтийг хариуцагч Б ХХК-д мэдэгдсэн. /хх 35/ Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний үнийг төлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгч болон хариуцагч Б ХХК-ийн хооронд үүссэн тул талууд гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй. Хэдийгээр хариуцагч ХОК ХХК нь гэрээний тал биш байх боловч нэхэмжлэгчийн үнэ төлөх үүргийг хариуцагч Б ХХК-ийн өмнө хариуцахаар гэрээний талууд тохиролцсон. Иймд нэхэмжлэгчийн хувьд ХОК ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23/А-03 дугаар албан бичгээр гэрээний үнийг төлсөн гэж үзнэ. Харин хариуцагч Б ХХК болон хариуцагч ХОК ХХК-ийн хооронд үүссэн гэх гэрээний үүргийн гүйцэтгэл нь нэхэмжлэгчийг гэрээний үнийг төлсөн гэж үзэх үндэслэлийг үгүйсгэхгүй. Иймд хариуцагч Б ХХК-ийн ...үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхтэй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.3 Түүнчлэн, хариуцагч Б ХХК нь гэрээг цуцлах мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. /хх 37/ Ийнхүү хариуцагч Б ХХК гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзах журамд нийцээгүй байх тул тэрээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй.

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Анхан шатны шүүх уг шаардлагыг ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх үндэслэлгүй гэж хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь, мөн зүйлд заасан баримт бичигт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг хамаарахаас гадна Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.6 дахь хэсэгт заасан мэдээлэл, нотлох баримтыг нэхэмжлэгч нь өөрөө олж авах боломжгүй.

7.1 Иймд нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг гаргаж өгөхийг хариуцагч Б ХХК-аас шаардах эрхтэй тул уг шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангана.

7.2 Харин анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон тул шийдвэрт уг зүйл, хэсгийг хассан өөрчлөлт оруулна.

8. Хариуцагч Б ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид 47,416,666 төгрөгийн олох байсан орлого буюу хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь буруу байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн хохирол гаргуулах давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2024/06861 дугаар захирамжаар ...нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх нь баримтаар тогтоогдохгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. /хх 145-146/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тухайн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй. Иймд хариуцагчийн захирамжид гомдол гаргах эрхээ эдлэх боломжийг хязгаарласан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

10. Нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох хэсэг нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн дагуу буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардаж буй нөхцөлд өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй нь үндэслэлгүй. Иймд шийдвэрт уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

11. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/01252 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэл хотхоны 2 дугаар ээлжийн 158.05 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 00 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Д-ын өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Б ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас дээрх үл хөлдөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хохирол 47,416,666 төгрөг гаргуулах болон хариуцагч ХОК ХХК, Н.Б- нарт холбогдох өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХОК ХХК, Н.Б- нарт холбогдох, тус бүр 47,416,666 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Г.Д- татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б ХХК-аас төлсөн 3,318,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 465,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН