| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0062/Э |
| Дугаар | 0070 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 0070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ц.И
Шүүгдэгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1925000350031 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 01 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-25 дугаар байрны гадна эхнэр Н.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Б-Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Уранцэцэг 2 хүүхэд айлд орхиод яваад байдаг. Бага хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй. 2019 оны 01 сарын 01-нд 2 хүүхдээ хотоос авч ирсэн. Уранцэцэг 4-14-р байранд байхгүй байсан. Хүлээгээд ирэхгүй, утас руу нь залгахаар хариу өгөхгүй байсан. Тэгээд 1-25-р байранд байдаг явалддаг залуугийнх нь гэрийн гадаа очоод байж байтал Уранцэцэг, Энхмөрөн гэдэг залуутай гарч ирсэн. Би Урнааг дуудахад тэр залуу нь буцаад орсон. Миний уур хүрч ам хэсэг рүү нь цохисон. Шүд нь хугарсан байсан. Надаас 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрч байна. Ажил хийж байгаад төлнө гэж бодож байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Н.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгээд 4-14 дүгээр байр руу очихоор Энхмөрөнгийн гэрийн орцноос гараад ирсэн чинь хойноос Урнаа гэж хоёр удаа дуудсан бөгөөд Батболд шууд ирээд миний куртикны карманаас татаж газар унагаагаад миний дээрээс өшиглөөд зодоод байсан. Тэгээд миний ам руу өшиглөөд үүдэн нэг шүд хугараад уруул дотор талдаа язарсан гэсэн мэдүүлэг /хх 5 ху/,
-Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би цонхоор харсан чинь нэг Приус маркийн машин их хурдан хөдлөөд явахаар нь Батболд ирсэн юм байна гэж бодоод Уранцэцэг рүү залгасан чинь утсаа авахгүй байсан бөгөөд Уранцэцэг гэрт өөрөө ороод ирсэн. Тэгсэн амнаас нь цус гараад уруул нь сэтрээд шүд уначихсан орж ирсэн. Батболд ирээд зодчихоод явлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 75 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Н.У-н биед дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал, доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шилбэ, өвдөг, зүүн гуя, өвдөгний ар хэсэг, шилбэнд цус хуралт үүсчээ.
2. Гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Бүгд шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн /хх 12 ху/,
-Яллагдагч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би Уранцэцэг дээр очоод чи одоо хаанаас хэнтэй гарч ирж байгаа юм, юу хийж байгаа юм хоёр хүүхэд авчирч байхад 4 дүгээр микртээ байж байхгүй яасан юм гэсэн чинь Уранцэцэг тэгвэл яах гэж авчирсан юм наад хоёроо чи өөрөө тэжээгээд амьдарч чадна гэж хэлээ биз дээ аваад зайлахгүй юу гэхээр нь миний уур хүрээд нэг алгадаж аваад ам руу нэг удаа цохиод түлхэж унагаагаад тэгээд хоёр хүүхдээ аваад буцаад шууд Улаанбаатар хот руу явсан юм. Унасан байхад нь хальт өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 24 ху/
-Хохирлын баримт /хх 17 ху/
-Д.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 20, 21, 23, 24 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 01 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-25 дугаар байрны гадна эхнэр Н.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...1-25-р байранд байдаг явалддаг залуугийнх нь гэрийн гадаа очоод байж байтал Уранцэцэг, Энхмөрөн гэдэг залуутай гарч ирсэн. Би Урнааг дуудахад тэр залуу нь буцаад орсон. Миний уур хүрч ам хэсэг рүү нь цохисон. Шүд нь хугарсан байсан” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.У-н “...4-14 дүгээр байр руу очихоор Энхмөрөнгийн гэрийн орцноос гараад ирсэн чинь хойноос Урнаа гэж хоёр удаа дуудсан бөгөөд Батболд шууд ирээд миний куртикны кармаанаас татаж газар унагаагаад миний дээрээс өшиглөөд зодоод байсан. Тэгээд миний ам руу өшиглөөд үүдэн нэг шүд хугараад уруул дотор талдаа язарсан” гэсэн /хх 5 ху/, гэрч Ц.Энхмөрөнгийн /хх 10 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал, доод урууланд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шилбэ, өвдөг, зүүн гуя, өвдөгний ар хэсэг, шилбэнд цус хуралт үүссэнийг тогтоосон 75 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч нь шүд хийлгэх, эмчлүүлэх зардалд 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч нотлох баримтгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шүдний эмчилгээ, имплант хийлгэх зэрэгт тухайн эмнэлэгийн тогтоосон үнэлгээ зэрэг нь тодорхойгүй байна. Иймд хохирогч нь энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА