Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13 210/МА2024/01018

 

 

В.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00878 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: В.Б-

Хариуцагч: М ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 39,697,004 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 В.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр М ХХК-тай 4ASSR20221225451 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээгээр Тоёота Ландкруйзер /Тоуоtа, Land criuser/ маркийн, 00 УНУ улсын дугаартай, J300 загварын автомашиныг 276,500,000 төгрөгөөр үнэлж, даатгалын үнэлгээг хийлгүүлсэн.

1.2 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минут орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явах замд хүчтэй шуурга шуурч, шуурга намжтал цаг гаруй хугацаанд хөдөлгүүрээ унтрааж, зогссон. Зогсож байгаад хөдөлгөөнөө үргэлжлүүлж, удаан явсаар Налайх орж ирсэн. Уг шуурганы улмаас машинд гэмтэл гарсан тул даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр М ХХК-д хандаж, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр И ХХК-иар даатгалын үнэлгээ хийлгүүлж, хохирлын үнэлгээг 77,851,000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл М ХХК нь даатгалын үнэлгээгээр тогтоосон хохирлыг 100 хувь олгохоос татгалзаж, даатгалын нөхөн төлбөрт 41,269,996 төгрөг олгож, үлдэх 36,581,004 төгрөгийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

1.3 Даатгагчийн дээрх шийдвэр нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болох, үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайн үед хүчтэй шуурганы үед хохирлыг багасгах зорилгоор өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан. Хүчтэй шуурганы үед даатгалын компанид мэдэгдэх гэж оролдсон боловч утасны сүлжээ байгаагүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл нь хүнээс үл шалтгаалж, хэдийд ч гарах боломжтой тул намайг хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

1.4 Нэхэмжлэгч нь М ХХК-иас олгохоор шийдвэрлэсэн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй учир 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн нөхөн төлбөрийн тухай хариу албан бичигт М ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 41,269,996 төгрөгийг олгохоор шийдвэрлэгдсэнийг үндэслэлгүй гэж үзсэн.

Иймд даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэлд 36,581,004 төгрөг, даатгалын үнэлгээний зардал 3,116,000 төгрөг, нийт 39,697,004 төгрөгийг М ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Даатгуулагч В.Б- нь М ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4ASSR20221225451 дугаартай Стандарт тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж Тоёота Ландкруйзер /Тоуоtа, Land criuser/ маркийн, 00 УНУ улсын дугаартай, J300 загварын автомашиныг даатгуулсан.

2.2 Нэхэмжлэгч нь шуурга болсноос хойш 2 хоногийн дараа 0000 дугаарын утаснаас 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 26 минутад ослын дуудлага даатгагчид өгсөн. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр урьдчилан анхааруулж зарласан нь даатгалтай тээврийн хэрэгслийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг шууд бий болгосон, мөн даатгуулагч энэхүү үүргээ биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт ирүүлээгүй зэрэг нь Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, мөн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.3 дахь хэсэгт заасан үүргүүдээ зөрчсөн нь тогтоогдсон.

2.3 Даатгуулагчаас ирүүлсэн И ХХК-ийн үнэлгээний тайлангаар тус даатгалтай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ /өртөг/-ийг 310,000,000 төгрөг гэж тогтоосон бөгөөд гэрээнд заасан даатгалын үнэлгээ нь 276,500,000 төгрөг тул Иргэний хуулийн 438.5 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагчид учирсан хохирлыг тогтоохдоо даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож үнэлгээний тайлангаар тогтоосон 77,851,000 төгрөгийн хохирлын дүнгээс даатгагч 89,19 хувийг олгохоор тооцоолсон. Үүнээс даатгалын гэрээний 8.8.1 дэх хэсэгт заасны дагуу 41,269,996 төгрөгийн нөхөн төлбөр олгосон.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас нийт 39,697,004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч В.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 361,450 төгрөгөөс илүү төлсөн 5,015 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 356,435 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.Б-т олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр товлогдсон байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нь хурал давхцсан талаарх хүсэлтээ хурлаас өмнө явуулсан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх эрхийг зөрчсөн.

4.2 2023 оны 03 дугаар сард Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс ард иргэд, малчид, тээвэрлэгчдэд цаг агаарын болзошгүй эрсдэлээс анхааруулж сэрэмжтэй байхыг зөвлөсөн мэдээг удаа дараа гаргасан байдаг бөгөөд даатгалтай тээврийн хэрэгслийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг шууд бий болгосон. Гэтэл нэхэмжлэгч цаг агаарын аюулгүй дохиог мэдсээр байж зөрчсөн байдаг бөгөөд зайлшгүй замын хөдөлгөөнд оролцон Улаанбаатар хот руу ирэх ёстой байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаан, аливаа баримтаа ирүүлээгүй нь Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь нотлогддог.

4.3 Нэхэмжлэгч нь сүлжээгүй байсан эсэх даатгал руу мэдэгдэх оролдлого хийсэн боловч сүлжээ орохгүй байсан гэх тайлбараа нотлох баримт ирүүлээгүй. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тохиолдол болсон гэх боловч 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдөр мэдэгдсэн ба нэхэмжлэгч нь нэн даруй мэдэгдсэн ямарваа нэгэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд сүлжээ оронгуутаа мэдэгдсэн эсэх баримт ирүүлээгүй байна.

4.4 Үнэлгээний тайлангаар тогтоосон 77,851,000 төгрөгийн хохирлын дүнгээс Иргэний хуулийн 438, 510 дугаар зүйлүүдэд заасны дагуу үнэлгээний тайлангийн 87-оос 92 хүртэлх зардлуудыг хасаж бодит хохирол болох 77,120,000 төгрөгөөс даатгагч 89,19 хувийг буюу 68,783,328 төгрөгийг олгохоос 41,269,996 төгрөгийн олгосон ба нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу үлдэгдэл 27,513,332 төгрөгийг нэхэмжилж болох боловч гэрээний даатгалын эрсдэл хэсэгт зааснаар даатгалын тохиолдол бүрт даатгуулагчийн өөрөө хүлээх хариуцлагын хэмжээ 20 хувь байхаар зохицуулагдсан тул 68,783,328 төгрөгөөс өөрийн хүлээх хариуцлага болох 20 хувийг хасаж 13,756,666 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлтэйг шүүх дүгнээгүй , шүүхийн шийдвэрт ямар нэгэн тооцоолол хийлгүйгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.5 Мөн Иргэний хуулийн 438, 510 дугаар зүйлд заасныг зөрчсөн бөгөөд талуудын гэрээгээр тохиролцоогүй зардлыг хангасан нь үндэслэлгүй байна.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг өгсөн бөгөөд хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд хүсэлт гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн томилолттой байсан гэх баримтыг өгөөгүй тул шүүгч хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

5.2 Талуудын хороонд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан. Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс ард иргэд, малчид, тээвэрлэгчдэд цаг агаарын болзошгүй эрсдэлээс анхааруулж сэрэмжтэй байхыг зөвлөсөн мэдээг удаа дараа гаргасан байдаг бөгөөд Монгол улс даяар цахим сүлжээ болон хэвлэл мэдээллээр анхааруулж зарласан болох нь нотлогдоогүй. Нүдэнд хүрэн мэдээ, мэдээллийн хэрэгслээр өгөөгүй бөгөөд цаг агаарын нөхцөл байдлыг В.Б- нь мэдээгүйгээс замын хөдөлгөөнд оролцсон. Цаг агаарын аюултай үзэгдэл нь хүний хүсэл зоригоос үл хамаарах гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд хамаарах Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т зааснаар даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч В.Б- нь автомашины аливаа эрсдэлээс хамгуулах даатгалын гэрээ байгуулсан ба байгалийн аюултай нөхцөл байдал буюу салхи, шуурганы улмаас автотээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

5.3 Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж, хүчтэй шуурганы үед даатгалын компанид мэдэгдэх гэсэн боловч утас нь сүлжээгүй байсан. Нэн даруй мэдэгдэх нь даатгалын гэрээний үндсэн үүрэг биш учир хариуцагчаас нэн даруй мэдэгдээгүй гэж нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь үндэслэлгүй. Гэрээний нөхөн төлбөрийн мэдээлэх хэсэгт байгалийн эрсдэл учирсан тохиолдолд стандарт нөхцөлд нөхөн төлбөрийг 100 хувь олгохоор тохиролцсон. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3 дахь хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хохирлын үнэлгээгээр тогтоосон төлбөрийг олгох үндэслэлтэй.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч В.Б- нь хариуцагч М ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэлд 36,581,004 төгрөг, даатгалын үнэлгээний зардал 3,116,000 төгрөг, нийт 39,697,004 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Талууд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4ASSR20221225451 дугаартай Стандарт тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр даатгуулагч В.Б-ын эзэмшлийн, Тоёота Ландкруйзер /Тоуоtа, Land criuser/ маркийн, 00 УНУ улсын дугаартай, J300 загварын автомашиныг 276,500,000 төгрөгийн үнэлгээгээр даатгуулах, даатгуулагч хураамжид жилд 2,212,000 төгрөг төлөх, даатгагч М ХХК нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 4/

4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

5. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч В.Б- нь даатгалын зүйл болох дээрх автомашиныг жолоодон 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явах замд хүчтэй шуурга шуурсаны улмаас тухайн автомашинд 77,851,000 төгрөгийн хохирол учирсан болох нь талуудын тайлбар, үнэлгээний дүгнэлт, Цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолт зэргээр тогтоогдсон.

6. Даатгалын гэрээнд байгалийн эрсдэлийг даатгалын эрсдэлд тооцсон байх бөгөөд энэ нь даатгалын 100 хувийн хамгаалалтад хамрагдахаар заажээ. Өөрөөр хэлбэл, дээрх хүчтэй шуурга нь гэрээнд заасан байгалийн эрсдэлд хамаарах бөгөөд үүнээс үүдэх хохирлыг 100 хувь даатгалын хамгаалалтаар хамгаалсан байна.

6.1 Даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх хэсэгт зааснаар даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид 7575-6000 утсаар нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Даатгуулагч В.Б- нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгалийн эрсдэлд өртсөн талаар даатгагчид 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэнийг мөн зүйлд зааснаар нэн даруй мэдэгдсэн гэж үзэхгүй. Мөн даатгалын дээрх эрсдэл бий болсноос хойш 2 хоногийн дараа даатгагчид мэдэгдсэнийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.11 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч нь гэрээний 8 дугаар зүйлийн 8.8.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрт 41,269,996 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон нь гэрээ болон Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр өөрт учирсан хохирлын үлдэх хэсэг болох 36,581,004 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

7. Давж заалдах шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон даатгалын нөхөн төлбөрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр даатгалын үнэлгээний зардал 3,116,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул М ХХК-д холбогдох, 39,697,004 төгрөг гаргуулах тухай В.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,435 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН