Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00916

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/00916

 

 

Ц.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/01305 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Аийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Б д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 860,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дашдулам, хариуцагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие нь 2023 оны 11 сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Амар зочид буудлын хойд талд өөрийн Тоёота Сай/Toyota SAI/ маркийн ххх УЕВ улсын дугаартай автомашинаараа зам тээврийн хөдөлгөөнд оролцон явж байхад Б.Б нь Тоёота приус-30/Toyota Prius-30/ маркийн хххх УНИ улсын дугаартай автомашинтай миний урд гэнэт зогссон. Улмаар би зүүн талаар тойрох үед гэнэт хаалга нь онгойж миний машиныг гэмтээсэн.

1.2. Ингээд хариуцагч цагдаа болон даатгал дуудсан ба цагдаа сууж явсан зорчигчийн буруутай үйлдэл гээд хэв журам дээр оч гэсэн. Хэв журам дээр байцаалт өгөхөд зорчигч нь бүтэн өнчин хүүхэд байсан тул даатгалаар шийдүүлэхээр болсон.

1.3. Гэтэл даатгалаас хариуцагчийн жолооны үнэмлэхийн хугацаа дууссан тул асуудлыг шийдэх боломжгүй гэсэн. Замын цагдаагаас жолоочийн буруутай үйлдэл гээд хариуцагчийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 54 дэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гээд 2023 оны 11 сарын 22-ны өдөр №0239657 дугаар Шийтгэлийн хуудсаар 200,000 төгрөгөөр торгосон.

1.4. Миний машины баруун урд крыло зурагдсан, баруун урд толины гэр, суурины таг хагарсан, баруун урд крылоны бичиг хагарсан байсан тул С ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 860,000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн үнэлгээ гарсан.

1.5. Б.Б нь өнөөдрийг хүртэл автомашинд учирсан хохирол болох 860,000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч нь автобусны буудал дээр гүйцэт ороогүй зогссон, буруу талаараа хүн буулгасан буруутай байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу 860,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Миний бие Б.Б нь Тоёота приус-30/Toyota Prius-30/ маркийн хххх УНИ улсын дугаартай автомашинтай 2023 оны 11 сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13-р хороо, Кино үйлдвэрийн урд автобусны буудал дээр 22 цаг 30 минутын үед хүн буулгах зорилгоор зогсоод зорчигч н.Б д сануулсаар байхад буухдаа машины хаалгаар иргэн Ц.Аийн ххх УЕВ улсын дугаартай Тоёота Сай/Toyota SAI/ маркийн автомашины толь, крылоныг цохиж гэмтээсэн.

2.2. Тухайн зөрчлийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр дэслэгч н.Бэ бүртгэж авсан бөгөөд тухайн үед би орхиод явж болох байсан ч Ц.Аийн гуйлтаар тухайн зорчигчийг төлбөрийн чадвар муутай юм байна та даатгалаараа шийдүүлээд өгөөч гэхээр нь би зөвшөөрч даатгал дээр очиход даатгалын ажилтан таны жолоодох эрхийн хугацаа дууссан, Замын цагдаагийн авто осол гэсэн дүгнэлт байхгүй тул даатгал олгогдох боломжгүй болсон. Үүнийг Ц.А үл зөвшөөрч намайг Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр дуудуулсан. Ингээд жолоодох эрхийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хуулийн дагуу 200,000 төгрөгөөр торгуулсан.

2.3. Ц.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Б мөргөж гэмтээсэн зөрчил гаргасан тул 200,000 төгрөгөөр торгуулсан гэж худал мэдүүлэг гаргаж байгаад гомдолтой байна. Иймд миний Ц.Аийн гаргасан маргааныг үнэн зөвөөр шүүж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Б д холбогдох 860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Ц.А миний Тоёота Сай/Toyota SAI/ маркийн ххх УЕВ улсын дугаартай автомашиныг 2023 оны 11 сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө Амар зочид буудлын хойд талд Тоёота приус-30/Toyota Prius-30/ маркийн хххх УНИ улсын дугаартай автомашинаараа мөргөж зам тээврийн осол гаргасан.

4.2. Энэ талаар Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж зөрчлийн хэрэг нээн шалгасан. Шалгах явцад хариуцагч Б.Б нь өөрийн мэдүүлэгтээ даатгалын байгууллагаар хохирлыг төлөхөө илэрхийлсэн.

4.3. Б.Б нь хохирол төлөхөөр даатгалын байгууллагад хандах гэтэл жолооны үнэмлэхний хугацаа дууссан үед зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байсан учраас хохиролыг даатгалын байгууллагаар төлөх боломжгүй болж, 2023 оны 11 сарын 22-ны өдөр №0239657 дугаар Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 200,000 төгрөгөөр торгосон.

4.4. Тухайн ослын үеэр миний машины баруун урд крыло зурагдсан, баруун урд толины гэр, суурины таг хагарсан, баруун урд крылоны бичиг хагарсан байсан ба С ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 860,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан.

4.5. Зөрчлийн тухай хуулийн 3.1.4-т Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна. гэж заасны дагуу 14.7.1-т зааснаар 200,000 төгрөгөөр торгосон. Мөн Б.Б нь Замын хөдөлгөөний дүрэмийн 23.4-т заасныг зөрчиж зорчигч нь эсрэг талруу хаалга онгойлгон буусан, 5.17-г зөрчиж түр зогсох дүрмийг зөрчсөн зэрэг хэд хэдэн зөрчил гаргасан.

4.6. Зөрчлийн тухай хуулийн 3.1.4-д зааснаар аль хүнд шийтгэлийг оногдуулсан нь Б.Быг бусад зөрчлийг гаргаагүй байна гэж үзэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/01305 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж 860,000 төгрөгийн хохирлыг Б.Биар гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Тухайн үед 22 цагийн орчимд миний бие автобусны буудал дээр зорчигч буулгасан бөгөөд зорчигчид машин харж буухыг сануулсаар байхад арын хаалгыг онгойлгож хажуугаар зөрж байсан машинд хохирол учруулсан.

5.2. Замын цагдаа ирэн Зам тээврийн осол биш байна, зорчигчтойгоо тохир гэж хэлсэн. Тухайн хохирол учруулсан явдалд миний бие буруугүй байсан учир би явах гэтэл нэхэмжлэгч Зорчигч төлбөрийн чадваргүй юм байна, та даатгалаа дуудаад шийдээд өгөөч гэж гуйсан учир даатгалын компанид хандахад миний жолооны үнэмлэхний хугацаа дууссан байсныг мэдсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Б.Б д холбогдуулан гэм хорын хохиролд 860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1. Хариуцагч Б.Б нь 2023 оны 11 сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Амар зочид буудлын хойд замд хххх УНИ улсын дугаартай Тоёота приус-30/Toyota Prius-30/ маркийн автомашиныг жолоодож явахдаа нэхэмжлэгч Ц.Аийн эзэмшлийн ххх УЕВ улсын дугаартай Тоёота Сай/Toyota SAI/ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан;

 

3.2. Дээрх үйлдэлд 2023 оны 11 сарын 23-ны өдрийн №0239657 дугаар шийтгэлийн хуудсаар түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 200,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан; /хх-19/

 

3.3. С ХХК-ийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн үнэлгээний тайлангаар ххх УЕВ улсын дугаартай Тоёота Сай/Toyota SAI/ маркийн тээврийн хэрэгсэлд 860,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоожээ.

 

4. Хариуцагч нь жолоодох эрхгүй атлаа замын хөдөлгөөнд оролцсон, зөвшөөрөл бүхий газар зогсолт хийгээгүй, зорчигчийн аюулгүй байдлыг хангаж буулгах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй, гэм буруугүй гэдгээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Тодруулбал, хариуцагч нь түр зогсох үйлдэл хийж, зорчигчийг буулгахдаа аюул, осол үүсгэхгүй байх, мөн замын зорчих хэсэг рүү буулгах, автобусны буудал дээр түр зогсох, мөн бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглосон Замын хөдөлгөөний дүрмийн 14.8г, 14.11 дэх зохицуулалтыг зөрчсөн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.

 

5. Анхан шатны шүүхийн Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1-д зааснаар жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрхийн хугацаа дууссан үндэслэлээр Б.Б нь торгуулах шийтгэл ногдуулсан нь зам тээврийн осолд гэм буруутай гэдгийг шууд нотлоогүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

Хэрэв, Б.Б нь жолоодох эрхийн хугацаа дууссан үедээ замын хөдөлгөөнд оролцоогүй байсан бол уг зам тээврийн осол гарахгүй байсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

6. Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Баас гэм хорын хохиролд 860,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ат олгосон өөрчлөлт оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/01305 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Биас 860,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ат олгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР