Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00915

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/00915

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 184/ШШ2024/01220 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Б д холбогдох,

 

ххх хаягт байрлах контейнерыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ж ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 сарын 19-ний өдрийн А/551 дугаар захирамжаар ххх хаягт байрлах, нэгж талбарын ххх дугаар, 875 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулж, эрхийн улсын бүртгэлийн А-ххх дугаарт бүртгэж, Аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах гэрчилгээг 2019 оны 12 сарын 27-ны өдөр олгосон.

1.2. Тухайн үед хариуцагч Б.Б нь манай газар дээр контейнер байршуулан хивэг, будаа худалдах хүсэлт гаргасныг зөвшөөрсний дагуу тэрээр үйл ажиллагаа явуулах болсон.

1.3. Манай компани цаашид үйл ажиллагаагаа өргөтгөж тухайн контейнер байрласан хэсгийг өөрсдөө ашиглах шаардлага гарсан учир 2023 оны 04 сарын 30-ны өдрийн дотор контейнероо нүүлгэх албан мэдэгдэл өгсөн боловч Б.Б нь арга хэмжээ аваагүй, хуулийн байгууллагаар шийдүүлнэ гэх хариу өгсөн.

Иймд манай байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээтэй газраас Б.Б гийн контейнерыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар Ж ХХК-ийн эзэмшлийн Сххх хаягт байрлах, нэгж талбарын ххх дугаартай, 875 м.кв газар дээр Б.Б гийн хууль бусаар байрлаж буй чингэлгийг чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх миний үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг минь ноцтой зөрчиж, мэтгэлцэх зарчмыг хангалгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.2. Учир нь миний бие Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.З тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцуулахаар тохиролцсон.

4.3. Шүүх хуралдааныг 2024 оны 03 сарын 06-ны өдөр товлон зарласан бөгөөд би очих гэтэл өмгөөлөгч Б.З нь Та ирээд хэрэггүй, миний өөр шүүх хуралтай давхацсан тул хойшлуулах хүсэлтээ шүүхэд өгнө гэсэн тул би очоогүй.

Гэтэл шүүх түүний хүсэлтийг авч хэлэлцээгүй миний эзгүйд шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд миний өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг хангаагүй мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гаргасан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 184/ШШ2024/01220 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б.Б д холбогдуулан ххх хаягт байрлах контейнерыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ххх хаягт байрлах, нэгж талбарын ххх дугаар бүхий 875 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 5 хугацаатай ашиглуулах, эрхийн улсын бүртгэлийн А-ххх дугаарт бүртгэлтэй газрын эзэмшигч Ж ХХК болон уг газар хариуцагч Б.Б гийн чингэлэг байрлаж байгаа үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон ба уг үйл баримтад талууд маргаангүй. /хх-4/

 

4. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаагүй үндэслэлээр мөн хуулийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримтлан, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийг тодорхойлж, маргааныг шийдвэрлэсэн хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулна.

 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. гэж, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч байгууллага нь ххх хаягт байрлах, нэгж талбарын ххх дугаар бүхий 875 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай газрын эрх бүхий байгууллагын шийдвэрээр хууль ёсоор эзэмшиж байгаа тул эрхийн зохицуулалт нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдоно.

 

6. Хариуцагч Б.Б г шүүгчийн 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 12972 дугаар захирамжаар албадан ирүүлэх арга хэмжээ авсан, нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй талаар хорооны Засаг дарга тодорхойлсон тул шүүгчийн 2023 оны 10 сарын 06-ны өдрийн ххх дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хариуцагч Б.Б г эрэн сурвалжилсан байна. Хариуцагч нь 2024 оны 02 сарын 14-ний өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа шүүгчээс тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй.

Мөн, хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Түүнчлэн, хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо өмгөөлөгч Б.З гийн хүсэлт, шүүх хуралдааны товыг хавсарган ирүүлснийг хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, талууд уг баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргах хуулийн зохицуулалтай бөгөөд хожим давж заалдах шатны шүүхэд гаргасан баримтыг үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 184/ШШ2024/01220 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн эзэмшлийн Сххх хаягт байрлах, нэгж талбарын ххх дугаартай, 875 м.кв газрыг Б.Б гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР