Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 0080

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Ж

Шүүгдэгч Э.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.У-д холбогдох эрүүгийн 1925000980092 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.У

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.У нь 2019 оны 02 сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт алт, мөнгөн эдлэл зардаг лангуу ажиллуулдаг Б.Б-с 9 ширхэг мөнгөн аяга, монетон гинж, монетон ээмэг, бөгж зэргийг мобайл банкаар мөнгийг нь шилжүүлсэн гэж хуурч залилан авч 3.055.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Э.У-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ хэргийн хувьд хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хохирлыг эд зүйлээр нь буцааж өгсөн. Бөгжний мөнгийг нь өгсөн. Би хүнд өртэй байсан. Цаашид ийм хэрэг дахин гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 02 сарын 04-ний өдөр 19 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Төгөл худалдааны төвийн 1 давхарт алт мөнгөн эдлэл зардаг лангуун дээрээ ганцаараа байж байхад танихгүй эмэгтэй хүн ирээд мөнгөн аяга 9 ширхэг, монетон ээмэг, бөгж, гинж зэргийг нийт 2.400.000 төгрөгөөр зарахаар болсон. Би мөнгөн эдлэл, монетон эдлэл зэргийг бөөнөөр нь авч байгаа болохоор хямдарсан үнээр бодож зарахаар болсон юм. Тэр эмэгтэй надаас мөнгөн эдлэл, монетон эдлэлүүдийг авчихаад мобайл банкаар мөнгө шилжүүлнэ гээд гар утсаараа оролдоод зогсож байсан ба тэр үед өөр танихгүй хүн ирээд мөнгөн аяга сонирхож байхад нөгөө эмэгтэй мөнгө шилжүүлчихсэн, орчихлоо шүү гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед би өөрийнхөө дансыг шалгаагүй. Хэсэг хугацааны дараа дансаа шалгахад мөнгө орж ирээгүй байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,

 

-Яллагдагч Э.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Маргааш нь буюу 2019 оны 02 сарын 04-ний орой 19 цаг өнгөрч байхад Төгөл худалдааны төвийн 1 давхарт байрлах алт, мөнгөн эдлэл зардаг эрэгтэй хүнээс мөнгөн аяга 9 ширхэг, монетон ээмэг, бөгж, гинж зэргийг нийт 2.400.000 төгрөгөөр худалдаж авахаар болж уутанд хийлгүүлж бэлдүүлчихээд мөнгийг нь мобайл банкаар өгье гэж хэлээд хэсэг хугацаанд гар утсаа оролдож байгаад мөнгө шилжүүлчихсэн гэж худлаа хэлээд мөнгөн аяга 9 ширхэг, монетон ээмэг, бөгж, гинж зэргийг аваад явчихсан гэсэн мэдүүлэг /хх 28 ху/

 

-Эд зүйлийн үнэлгээ /хх 20 ху/

-Э.У-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-28 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.У нь 2019 оны 02 сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт алт, мөнгөн эдлэл зардаг лангуу ажиллуулдаг Б.Б-с 9 ширхэг мөнгөн аяга, монетон гинж, монетон ээмэг, бөгж зэргийг мобайл банкаар мөнгийг нь шилжүүлсэн гэж хуурч залилан авч 3.055.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ хэргийн хувьд хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Б-н “...Тэр эмэгтэй надаас мөнгөн эдлэл, монетон эдлэлүүдийг авчихаад мобайл банкаар мөнгө шилжүүлнэ гээд гар утсаараа оролдоод зогсож байсан ба тэр үед өөр танихгүй хүн ирээд мөнгөн аяга сонирхож байхад нөгөө эмэгтэй мөнгө шилжүүлчихсэн, орчихлоо шүү гэж хэлээд яваад өгсөн”  гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/, хохирлын үнэлгээ, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Э.У-г Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Э.У нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчид 3.055.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.У нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

            7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА