Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00951

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр Дуга 210/МА2024/00951

 

 

Д.П гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01233 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.П гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш газар, С ХХК-д тус тус холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах, эрх бүхий байгууллагаар дахин үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У , хариуцагч Ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 102/ШШ2021/01527 дугаар шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 1203 дугаар магадлалаар хариуцагч С ХХК болон хамтран хариуцагч Д.П нараас зээлийн гэрээний үүрэгт 434,809,240 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,331,997 төгрөгийг гаргуулж О ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал болон 1114 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 22370018 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэх тухай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

1.3. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 08 сарын 09-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэн, улмаар 2023 оны 08 сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан.

1.4. Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 сарын 06-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор С ХХК-ийг шинжээчээр томилж, тус компанийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийг 2,471,475,816 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдэж хавсралтаар тайланг ирүүлсэн байдаг.

1.5. Дээрх үнэлгээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 сарын 27-ны өдрийн албан тоотоор төлбөр төлөгч нарт мэдэгдсэн ба уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.6. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдааны санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоохоор зохицуулсан. Гэтэл энэхүү зохицуулалтын дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь харилцан тохиролцох ямар нэгэн ажиллагаа явагдаагүй байхад шууд үнэлгээ хийгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, өмчлөгч үнийн саналаа гаргахаас өмнө үнэлгээний тайлан нэгэнт бэлэн болсон байсан.

1.7. Мөн 2023 оны 08 сарын 09, 29-ний өдөр тус тус явагдсан эд хөрөнгө хураах, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаануудад төлбөр төлөгч бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, газар эзэмших эрхийн эзэмшигч болох С ХХК-ийн төлөөллийг оролцуулаагүй, хөрөнгө үнэлэх үйл ажиллагаанд ч мөн хоёр төлбөр төлөгч, өмчлөгчийн төлөөллийг оролцуулаагүй, мэдэгдээгүй. Ингэснээр өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөж, бодитой үнэлгээ гаргахад нөлөөлсөн гэж бид үзэж байгаа.

1.8. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээг хийхдээ олон улсын болон үнэлгээний стандарт, хууль, журам, аргачлалыг мөрдөнө гэж заасан бөгөөд С ХХК-ийн үнэлгээчин хуульд заасан журам, аргачлалыг мөрдлөгийн үнэлэгдэж буй хөрөнгийн өмчлөгчөөс ямар нэгэн хөрөнгийн талаар ямар нэгэн мэдээлэл авахгүйгээр үнэлгээ гүйцэтгэсэн байна.

1.9. Мөн хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний орлого, зарлага, зах зээлийн хандлагын 3 аргаар үнэлгээг гаргаж, үнэлгээ бүрт ач холбогдлын хувьд эцсийн үнийг тогтоох аргачлалыг баримтлаагүй үнэлгээ хийсэн байдаг. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж Ш газрын 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 4141193334 тоотоор мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгож, эрх бүхий өөр байгууллагаар дахин үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ш газрын татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 08 сарын 01-ний өдрийн 1203 дугаар магадлалаар С ХХК болон Д.П нараас 43,809,240 төгрөгийг гаргуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, О ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

2.2. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нэгж талбарын хххх дугаарт бүртгэлтэй, хххх хороолол барилга, 8798 м.кв талбай дээр аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн хххх дугаарт бүртгэгдсэн хххх тоот, 948 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилгыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан 2023 оны 08 сарын 09-ний өдрийн 22370018 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 08 сарын 29-ний өдрийн 2237001084 тогтоолоор хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан ба төлбөр төлөгч С ХХК болон төлөөлөгч А.У гийн үнийн санал нь 6,295,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Д.П гээс үнийн санал ирээгүй байдаг.

2.4. Ингээд О ХХК-аас харилцан тохиролцох боломжгүй байх тул хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр томилох тухай хүсэлт ирүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгож, талуудад 2023 оны 09 сарын 28-ны өдөр үнэлгээг мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан тул Д.П гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч С ХХК-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

3.1. Ш газрын 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 9/317 тоот тогтоолын дагуу Нийслэлийн ххх хороо ү-ххх тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 948 м.кв үл хөдлөх хөрөнгө, 8979 м.кв аж ахуйн зориулалттай газрын зах зээлийн үнэлгээг тогтоон, хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргасан.

3.2. Тайланг бэлтгэн гаргахдаа өртгийн хандлагын аргыг сонгож тухайн ажлын зорилгоосоо хамаараад нэгж, хүчин чадлын норматив, үнэлгээний аргын тооцооллыг хийсэн. Өртгийн хандлагаар тухайн хөрөнгийг үнэлэхэд 1,623,778,352 төгрөгөөр үнэлэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа Барилга хот байгуулалтын сайдын 203, 207 дугаар тушаалыг үндэслэн үнэлгээний олон улсын стандартад заасан илтгэлцүүрүүдийг хэрэглэсэн. Газрыг үнэлэхдээ Засгийн газрын 182 дугаар тогтоолыг үндэслэн газрын суурь үнэлгээгээр гаргасан. Мөн зах зээлийн хандлагыг хэрэглэхдээ нийтэд арилжаалагдах жишиг зүйлсийн аргаар хөрөнгийн үнэлгээг хийсэн.

3.3. Ингээд 3 объекттой жишин үзэж, үнэлгээний Олон улсын стандартын 105.30-д заасны дагуу ялгаатай талуудыг илтгэлцүүрүүдийг гаргасан. Эцсийн байдлаар 948 м.кв үл хөдлөх хөрөнгө нь нэгж талбайн үнэ 2,607,042 төгрөг буюу нийтдээ 2,471,475,816 төгрөгөөр гарсан ба үнэлгээний ажлын зорилго, хамрах хүрээнээсээ хамаараад нийтэд арилжаалагдах жишиг зүйлсийн арга буюу зах зээлийн хандлагад 100 хувийн ач холбогдол өгсөн. Шүүх шинжилгээний тухай хуулиар бид нар хэргийн оролцогчид ямар нэгэн асуулт тавих эрх байхгүй. Манай зүгээс хөрөнгийн үнэлгээний тайланг Монгол Улсын холбогдох хуульд заасныг баримтлан хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч С ХХК, Ш газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай Д.П гийн гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гомдол гаргагч эрх бүхий байгууллагаар дахин үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлүүлэх тухай гомдлын шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлд орлого, зарлага, зах зээлийн хандлагын арга гэсэн гурван аргаар үнэлгээг тус бүрт нь гаргаж үнэлгээ бүрт ногдох ач холбогдлын хувь өгч эцсийн үнийг тогтоох зарчмыг баримтлаагүй. гэж тусгасан.

Гэтэл хариуцагч буюу С ХХК нь зөвхөн зах зээлийн хандлагын аргаар ижил төстэй бус гурван объекттой жишин үзэж үнэлгээг 2,471,475,816 төгрөгөөр гаргаж тухайн үнэлгээндээ 100 хувийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 2,471,475,816 төгрөгөөр гаргасан нь үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог.

5.2. Тодруулбал шүүхийн шийдвэрийн 3 дугаар нүүр буюу тодорхойлох хэсгийн 4-т ... Өртгийн хандлагын аргаар тухайн хөрөнгийг үнэлэхэд 1,523,778,352 төгрөгөөр үнэлэгдсэн ..., мөн ... Зах зээлийн хандлагын 100 хувийн ач холбогдол өгөөд 2,471,475,816 төгрөг гарсан... гэж дурдсанаас үзэхэд үйлдвэрлэл явуулж орлого олж байгаа үл хөдлөх хөрөнгийг орлогын хандлагын аргыг огт хэрэглээгүй болох нь харагдаж байна.

5.3. Мөн өртгийн хандлагын аргаар үнэлгээ гаргасан боловч тухайн үнэлгээндээ огт ач холбогдол өгөөгүй байна.

5.4. Түүнчлэн С ХХК-ийн үнэлгээний тайланд зөвхөн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн ба газар эзэмших эрхийн үнэлгээг огт тогтоогоогүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ч мөн газар эзэмших эрхийг үнэлсэн талаар дурдаагүй.

5.5. Гэтэл үнэлэгдэх ёстой байсан 8798 м.кв талбайтай газар нь үйлдвэрийн бүсэд Дулааны 4 дүгээр цахилгаан станцтай ойр, технологийн ууртай, Эрчим хүчний гудамж буюу төв засмал зам болон гөмөр замын салаа замын дунд оршдог маш давуу талтай байрлал бүхий газар юм. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн үнэлгээ нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээсээ дутахааргүй үнэлэгдэх ёстой байтал тухайн газрыг үнэлээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж С ХХК-ийн үнэлгээг хүчингүй өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн Ш газрын тайлбарын агуулга:

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн нүүр хэсэгт ххх хороо ү-ххх тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 948 м.кв үл хөдлөх хөрөнгө, 8979 м.кв аж ахуйн зориулалттай газрын хамт үнэлсэн гэж, харьцуулалтын арга дээрээ мөн газар болон үл хөдлөх хөрөнгийг харьцуулж үнэлгээг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч С ХХК тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Ш газар, С ХХК-д тус тус холбогдуулан ххххх хаягт байрлах, нэгж талбарын хххх дугаар бүхий 8798 м.кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэгдсэн хххххх хаягт байрлах 948 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 2,471,475,816 төгрөгөөр үнэлсэн С ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01527 дугаар шийдвэрээр С ХХК, Д.П нараас 365,698,735 төгрөг гаргуулан О ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ххххх хаягт байрлах, нэгж талбарын хххх дугаар бүхий 8798 м.кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэгдсэн хххххх хаягт байрлах 948 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 сарын 06-ны өдрийн 1203 дугаар магадлалаар мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээг 434,809,240 төгрөг болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ./хх-51-56/

 

4. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны хүрээнд Ш газар 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 22370018 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэрт заагдсан барилга болон газрыг 2023 оны 08 сарын 09-ний өдрийн 22370018/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 08 сарын 09-ний өдрийн 22370018/04 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, үнэлгээг талууд болон өмчлөгч тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 9/317 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор С ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ./хх-85-93/

 

5. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй явдлыг үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлд хамааруулан ойлгох бөгөөд энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчин томилсон нь зөв, уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус нийцнэ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. С ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчинд 2023 оны 09 сарын 25-ны өдөр эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарлаж, тэмдэглэл үйлджээ./хх-105/

 

Улмаар, шинжээч нь шүүхийн шийдвэрт заасан ххххх хаягт байрлах, нэгж талбарын хххх дугаар бүхий 8798 м.кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэгдсэн хххххх хаягт байрлах 948 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, газрын үнэлгээг 2,471,475,816 төгрөг болохыг тогтоосон байх ба үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, үнэлгээний зүйлийн шинж чанарыг тодорхой тусгасан байна./хх-109-144/

 

Нэхэмжлэгч нь ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн... гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

 

7. Шинжээчийн гаргасан үнэлгээний тайланг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгчид шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан хугацаанд баталгаат шуудангаар тус тус мэдэгдсэн. /хх-149-150/

 

8. Мөн Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 12/47 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 2,471,475,816 төгрөгийн 70 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, энэ тухай төлбөр авагч, төлбөр төлөгч мөн баталгаат шуудангаар тус тус мэдэгдсэн байна./хх-152-153/

 

9. Нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Д.П д шинжээчийн хөрөнгийн үнэлгээний талаар 2023 оны 09 сарын 28-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн ба нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 17-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байна. /хх-147-148/

 

10. Нэхэмжлэгч нь ххххх хаягт байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэгдсэн хххххх хаягт байрлах 948 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгын үнэлгээг гаргасан атлаа газрын үнэлгээг гаргаагүй талаар давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Учир нь шинжээч С ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд ххххх хаягт байрлах, нэгж талбарын хххх дугаар бүхий 8798 м.кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-ххх дугаарт бүртгэгдсэн хххххх хаягт байрлах 948 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгын үнэлгээг хамтад нь гаргаж, хамгийн өндөр буюу зах зээлийн хандлагаар үнэлсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтлах шаардлагагүй тул уг зохицуулалтыг хасч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хариуцагч С ХХК болон Ш газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.П гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулсан өөрчлөлт оруулна.

 

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01233 шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...122 дугаар зүйлийн 122.5 ... гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР