Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 0072

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.И

Хохирогч Н.Н

Иргэний хариуцагч Л.Г

Шүүгдэгч Т.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С-д холбогдох эрүүгийн 1825007920009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т.С

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Снь 2018 оны 11 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” спортны ордны арын авто зам дээр Л.Г-Н өмчлөлийн 50-76 УБД улсын дугаартай Хьюндай Майти-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Н.Нямдавааг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Т.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 11 сарын 07-ны өдөр энэ асуудал болсон. Бусдын биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохиролд 700.000 төгрөг төлсөн. Тэрнээс хойш ажилгүй байсан болохоор хохирол төлөх боломжгүй байсан. Хохирлыг төлж барагдуулна. Энэ хэргийн хувьд аюулгүй байдлаа хангаагүйгээс осол болсон боловч хохирогчийн хувьд өөдөөс эсэргүүцэн хэл амаар доромжлоод байсан. Би одоо ажлаа хийж байгаа. Гантулга энэ машиныг Эрдэнэтэд аваачаад байж бай гэсэн. Энд машингүй байсан болохоор Батжаргал захиралтай ярихад наад машинаа ашиглаж бай, удахгүй Гантулга дээр компани шилжих юм чинь гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Н.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр Эрдэнэтэд тэмцээн болж энд ирээд шавь нараа буудалд байрлуулсан. Мягмардоржийн машинаар хамт гадагш гарсан. Гэтэл Хангарьд спорт комплексийн арын зам дээр байхад цагдаа ирж согтуурал шалгасан. Тэгээд машиныг ачихаар болсон. Машины түлхүүрийг цагдаа нар аваад явсан. Би машины куртка эд зүйлээ авмаар байна гэсэн. Тэгээд машиныг хамар дээр гараад суусан. Цагдаа ирэхээр нь машин дээрээс буусан. Яг энэ үед ачигч машин хөдөлсөн. Би унасан. Цагдаа нар намайг босгосон. Гэтэл хөл гишгэж болохгүй сөхрөөд унасан. Тэгтэл цагдаа нар намайг орхичихоод явахаар нь пиздануудаа босгоод өгөөч гэж хэлсэн. Би 20-30 минут тэнд газар суусан. Баруун хөлний тойг дундуураа хуваагдаж бяцарсан байсан. Одоо хадуулсан байгаа. 2 жилийн дараа хадаас авах хагалгаанд орно. Эмчилгээний зардал баримтаар 3.638.640 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 700.000 төгрөг төлөгдсөн. Үүнээс гадна заалны түрээс, ажилчдын цалин, цаашид гарах эмчилгээний зардал, замын зардал зэрэг нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Клубын орлого муудсан. Төлбөр барагдуулахыг хүсч байна. Миний хувьд машинаа ачуулахгүй гэсэндээ машины хамар налаад зогсож байсан. Би тэр үед ганц хундага архи уусан байсан нь үнэн. Би олон хүүхдүүдийн амь нас хариуцаж явдаг учир архи уугаад байдаггүй. Би санаатайгаар машины дунд орж зогсоогүй. Ойрхон зайд машин дээрээс буугаад явахын завдалгүй машин хөдөлсөн гэсэн мэдүүлэг,

 

-Иргэний хариуцагч Л.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Түнт хүрээ ХХК нь ачилтын үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 11 сард энэ компани захирал Батжаргалтай компанийг нь худалдаж авахаар ярилцсан. Батжаргал манайх машингүй гэхээр нь би машин машин худалдан авч өгч явуулсан. Энэ машиныг хотоос Эрдэнэт рүү аваад очиж бай гэж хэлсэн. Би очоод машиныг ажиллуул гэж хэлээгүй. Тэр үед тухайн компани нь үйл ажиллагаа явуулж байсан. Хохирлын хувьд сайн мэдэхгүй байна. Машин нь эвдэрсэн гэхээр манай машиныг ашиглаж бай гэж Батжаргалд хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ингээд ачигч машиныг дуудсан. Тухайн үед би шүргэлдсэн гэх 2 Приүс машины асуудлыг шалгаж шийдвэрлэж байсан, харин Мөнхтөр дээрх согтуугаар жолоо барьсан жолоочийн асуудлыг шийдвэрлэсэн. Би шүргэлдсэн хоёр машины асуудлыг шийдвэрлэж байхдаа хальт харахад согтуу жолоочийн дэргэд сууж явсан залуу ачуулах гэж байгаа машины хамар дээр гараад суучихсан хоёр хөлөө ачигч машины өргөгч төмөр дээр тавьсан байдалтай байсан. Энэ үед цаанаас хэв журмын хоёр цагдаа ирчихсэн нөгөө залууг буулгах гэж байгаа бололтой дэргэд нь зогсож байсан. Хэв журмын цагдаа нарыг Мөнхтөр дуудсан. Дээрх залууг яаж унаж гэмтснийг мэдэхгүй. Нэг харахад л газар уначихсан, хэв журмын 2 цагдаа босгох гээд суганаас нь өргөх үед тэрүүгээр нэг орилж чарлаж байсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,

 

-Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Ачигч машиныг ирэх үед би тухайн тээврийн хэрэгслийн дугаарыг хэлээд ачихыг үүрэг болгосон. Энэ хооронд би ослын дуудлага дээр очоод ажиллаж байхад гомдол гаргагч Нямдаваа гэгч нь хүрч ирээд хоёулаа уулзъя, ачуулахгүй түр байж байгаач гэхээр нь машин дээрээ очоод байж бай, энэ дуудлагыг дуусгачихаад яваад очьё гэж хэлээд явуулсан. Хэсэг хугацааны дараа ачилтын жолооч Саруул гэж залуу над руу залгаснаа машиныг ачих гэтэл энэ хүн хамар дээр гараад суучихаад байна гэсэн. Тэгтэл Нямдаваа гэгч нь ачуулах гэж байгаа машины хамар дээр суучихсан хоёр хөлөө өргөгч төмөр дээр тавьчихсан хагас суугаа байдалтай байсан. Энэ үед ордны орчим явж байсан хэв журмын 2 цагдааг дуудаж шаардлага биелүүлэхгүй байна тэр хүнийг аваад яваач гэж хэлсэн. Хэв журмын хоёр цагдааг очих үед Нямдаваа нь машинаас бууж, ачсан машины зүүн гар талын буланд зогссоноо муу пизда нараа би ял хийчихсэн хүн үү гэж орилсон. Энэ үед хэв журмын 2 цагдаа түүн рүү дөхөх үед ачигч машин хөдөлсөн. Хөдлөх үед ачигч машины өргөгч төмрөнд шүргүүлж газар унасан. Ийм л зүйл болсон гэсэн мэдүүлэг /хх 51 ху/,

 

-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 11 сарын 07-ны шөнө эргүүлийн цагдаа дэд ахлагч Мөнхбаярын хамт Төгөл, Баян худалдааны төвийн орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад замын цагдаагийн зохицуулагч Мөнхтөр бид нарыг дуудсан. Ачилтын машин дээр очих үед ачигдаж байгаа машины хамар дээр нэг эрэгтэй хүн суучихсан байсан. Биднийг дөхөөд очих үед тэр хүн өөрөө машинаас бууж 2 машины голд зогссон. Яг энэ үед ачигч машин бага зэрэг хөдөлсөн, энэ үед дунд нь зогсож байсан залуу ачуулж буй машинд шүргүүлж өвдөглөөд газар суусан. Бид тэр залууд огт гар хүрээгүй. Буулгах гээд дөхөөд очтол өөрөө буусан удалгүй шүргүүлж газар суусан. Биднийг дээрх залуу руу дөхөөд очих үед би ял хийчихсэн үү, муу пизда нараа гээд орилж байсан. газар унасаныхаа дараа босч чадахгүй, би 2 хоногийн өмнө тэргэнцэр дээрээс боссон, дахиж хөл дээрээ босч чадхааргүй болчихлоо ш дээ пиздакудаа гээд орилж чарласан. Босгох гэж оролдсон боловч дийлээгүй, тэр залуу ч гэсэн босохыг хүсэхгүй байдал гаргаж байсан гэсэн мэдүүлэг /хх 59 ху/,

 

-Гэрч Р.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Нямдавааг буудал руу нь хүргэж өгөхөөр Хангарьд спорт ордны арын төв замаар явж байтал замын цагдаа зогсоосон. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир машиныг журамлахаар болсон. Замын цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг би биелүүлсэн. Замын цагдаагаас машинаа журамлуулахгүй байх талаар гуйгаад зогсож байтал ачигч машин ирж миний машиныг ачсан. Нямдаваа замын цагдаа дээр очиж уулзсанаа эргэж ирээд ачуулахгүй байж бай гэнээ гэж хэлтэл ачигч машин явах гэтэл Замын цагдаа байж бай гэсэн шүү дээ гээд машины хамар дээр гараад суучихсан. Бас Нямдаваа машинаас эд зүйлсээ авмаар байна гээд байсан. Тэгж байтал хөдөлгөөнтийн хоёр цагдаа хүрч ирээд Нямдавааг машинаас буу гэсэн шаардлага тавьсан. Шаардлагын дагуу Нямдаваа машинаас өөрөө бууж ачигч машин, ачуулж байгаа машин 2 машины голд буюу ачуулж байгаа машины урдхан талд зогссон. Энэ үед ачигч машин гэнэт хөдөлж Нямдаваа ачуулж байгаа миний машины зүүн урд хэсэгт шүргүүлж тэр доороо газар сөхөрч унасан, гэхдээ хүчтэй мөргөөгүй. Энэ үед хөдөлгөөнтийн 2 цагдаа Нямдавааг машинаас холдуулсан гэсэн мэдүүлэг /хх 60 ху/,

 

-Яллагдагч Т.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... хөдөлгөөнтийн хоёр цагдааг ирэхэд дээрх Нямдаваа гэх залуу машинаас буусан. Түүнийг Приус машины хамар дээрээс буучихаар нь бага зэрэг хөдөлтөл Нямдаваа Приус машины зүүн урд талын буферт шүргүүлээд газар сөхрөөд суучихсан. Тэгээд машинаас буугаад иртэл босч чадахгүй гээд унасан гэсэн мэдүүлэг /хх 108 ху/

 

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 сарын 16-ны өдрийн 73 дугаартай дүгнэлтэнд:

1. Жолооч Т.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Н.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Ачигч авто машиныг хөдөлгөөн /тээврийн хэрэгслийг хөдлөх үед/ хийх үед замын цагдаагийн алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үүргийн талаар Замын хөдөлгөөний дүрмэнд зүйл заалт байхгүй болно. Тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөн хийх үед ойр орчмын аюулгүй байдлыг хэн хангаж хөдлөх нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 заалтаар зохицуулагдана.

4. Жолооч Т.Саруулзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1., явган зорчигч Н.Нямдаваа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 5.12 заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 73-74 ху/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 19-ний өдрийн 13710 дугаартай дүгнэлтэнд:

1. Н.Нямдаваагийн биед баруун өвдөгний тойгны бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэсэн дүгнэлт /хх 81 ху/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтэнд:

1. Н.Нямдаваагийн биед тогтоогдсон баруун өвдөгний тойгны бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл болно гэсэн дүгнэлт /хх 88 ху/,

 

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтэнд:

1. Хавтаст хэргийн материал болон нөхөн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, видео бичлэг зэргээс үзэхэд осол болсон гэх газар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.15 “Зам” гэж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т заасан болон хөдөлгөөнд нээлттэй хучилттай буюу шороон зурвас газрыг хэлнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4 “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Осол нь зорчих хэсгийн хажуугийн хөвөөн дээр болсон байна. Жолооч болон явган зорчигч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

Явган зорчигч Н.Нямдаваа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх,

Жолооч Т.Саруулзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн үүргийг тус тус хүлээнэ.

2. 3амын цагдаагийн тасгийн ахлагч зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Батцэнгэлийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 73 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалт үндэслэлтэй байна. Хохирогч Н.Нямдаваа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. 3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 5.12.Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

З. Жолооч Т.Саруулзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, явган зорчигч Н.Нямдаваа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.б дахь заалтыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол нь гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 98 ху/,

 

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11, 23, 144-146 ху/,

            -Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19 ху/,

            -Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 20 ху/

            -Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-22 ху/,

            -Хохирлын баримт /хх 32-41 ху/,

-Т.Саруулзаяаг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 101-108 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

              -Хохирогчийн өвчний түүх /хх 149-173 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

            Шүүгдэгч Т.С нь 2018 оны 11 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” спортны ордны арын авто зам дээр Л.Г-н өмчлөлийн 50-76 УБД улсын дугаартай Хьюндай Майти-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Н.Нямдавааг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Т.С-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Энэ хэргийн хувьд аюулгүй байдлаа хангаагүйгээс осол болсон. ...Бусдын биед гэмтэл учруулсандаа харамсаж байна” гэсэн, хохирогч Н.Н-н “...Тэгээд машиныг хамар дээр гараад суусан. Цагдаа ирэхээр нь машин дээрээс буусан. Яг энэ үед ачигч машин хөдлөсөн. Би унасан. Цагдаа нар намайг босгосон. Гэтэл хөл гишгэж болохгүй сөхрөөд унасан” гэсэн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Л.Гантулгын “Энэ машиныг хотоос Эрдэнэт рүү аваад очиж бай гэж хэлсэн. Би очоод машиныг ажиллуул гэж хэлээгүй. Тэр үед тухайн компани нь үйл ажиллагаа явуулж байсан. Хохирлын хувьд сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Энхбат /хх 19 ху/, М.Мөнхтөр /хх 51 ху/, Б.Бат-Эрдэнэ /хх 59 ху/, Р.Мягмардорж /хх 60 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун өвдөгний тойгны бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон 13710 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.Саруулзаяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй болохыг тогтоосон Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 73 дугаартай дүгнэлт, мөн шинжээчийн 17, 08 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 сарын 16-ны өдрийн 73 дугаартай дүгнэлт, 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтүүдээс үзэхэд хохирогчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  5.12.б заалтыг зөрчсөнөөс тухайн осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.         

 

            Шүүгдэгч Т.С-н үйлдэл нь тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.

 

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.С-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

            Шүүгдэгч Т.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч Н.Н-н биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос гэм хорын нэхэмжлэлд хагалгааны зардал 2.500.000 төгрөг, ор хоног 589.440 төгрөг, үзлэгийн төлбөр 20.000 төгрөг, MRI-д 240.000 төгрөг, эмийн зардалд 234.200 төгрөг, шатахууны зардал 55.000 төгрөг, нийт 3.638.640 төгрөгийг нэхэмжилж баримтыг ирүүлсэн байх ба цаашид эмчлүүлэх зардал, клубын түрээсийн төлбөр, ажилчдын цалин зэрэгт нийт 10.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

 

            Шүүх дээрхи нэхэмжлэлээс нотлох баримтыг үндэслэн эмчилгээ, хагалгааны зардал болон эм тариа, шатахууны зардал нийт 3.638.640 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзээд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн төлсөн 700.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 2.938.640 төгрөгийг хохирогчид олгуулж, харин 10.000.000 төгрөгний нэхэмжлэлийн хувьд нотлох баримтгүй, Бумбод констракшн ХХК-ийн тодорхойлолтоор түрээсийн төлбөрийг шийдвэрлэх боломжгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

 

            Хохирогч нь цаашид эмчлүүлэх зардал, клубын түрээсийн төлбөр, ажилчдын цалин зэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

            Энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Л.Г-н хувьд 50-76 УБД улсын дугаартай Хьюндай Майти-2 загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч боловч тухайн осол болох үед Түнт хүрээ ХХК-ийг худалдаж аваагүй байсан болох нь иргэний хариуцагчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна. Иймд Л.Гантулга нь гэм хорын хохирлыг хариуцан төлөх үндэслэлгүй болно.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-г 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.С нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 200.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Снь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Саруулзаяагаас 2.938.640 /хоёр сая есөн зуун гучин найман мянга зургаан зуун дөч/ төгрөгийг гаргуулж Н.Н-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА