Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00981

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр Дуга 210/МА2024/00981

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/00892 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бын нэхэмжлэлтэй

Хариуцагч: МД ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Б.Б нь 2012 оны 03 сарын 01-ний өдрөөс МГ ХХК-ийн хамаарал бүхий компани болох МИ ХХК-ийн хуулийн мэргэжилтнээр ажилд орсон бөгөөд 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 сарын 25-ны өдрийн хооронд МД ХХК-д гүйцэтгэх захирал, 2015 оны 04 сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 сарын 22-ны өдрийг хүртэл дэд захирлаар тус тус ажиллаж байсан.

1.2. Б.Б нь 2015 оны 02 сарын 09-ний өдөр ажлын ачаалал ихтэй байсан учраас өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. 2013 оны хавраас эхлэн МД ХХК-ийн дахин төлөвлөлтийн төсөлд төсөл хэрэгжүүлэгч нь хөрөнгө босгох зорилгоор МГ ХХК-ийн ажилчдад хямд үнэтэй орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэн төлбөрийн нөхцөлөөс хамаарч 1 м.кв талбайг 1,600,000 төгрөгөөр үнэлэн захиалгын гэрээ хийж байсан. Тэр үед анх 39,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,600,000 төгрөгөөр захиалж, 18,960,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн.

1.3. Дараа нь төслийн багийн гишүүн гэдгээр хөнгөлөлт үзүүлж 2013 оны 09 сарын 26-ны өдөр МД ХХК-тай MUD-C-2013-ЕМР-015 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, 62,66 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,400,000 төгрөгөөр үнэлж, 87,724,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 30 хувийн урьдчилгаа буюу 26,317,200 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 39,5 м.кв талбайтай 2 өрөө байрны гэрээнээс татгалзаж, төлсөн 45,277,200 төгрөгийн урьдчилгаагаа 3 өрөө байр руу шилжүүлж, үлдэгдэл төлбөр 42,446,800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул Б.Б нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн.

1.4. Гэрээ байгуулж байх үед МГ ХХК-ийн зүгээс орон сууц ашиглалтад оруулах хугацааг 2014 оны 04 дүгээр улирал гэж тодорхойлж байсан боловч төслийн ажил хэтэрхий удаашралтай байснаас 2021 оны 07 дугаар сард улсын комисс хүлээж авч гэрээгээр тохирсон хугацаанаас 7 жил, 3 сараар хоцорч барилгыг ашиглалтад оруулсан нь гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаанд гүйцэтгээгүй гэж үзэх хангалттай үндэслэл юм.

1.5. Орон сууц ашиглалтад орсон үеэс эхлэн орон сууцныхаа гэрчилгээг гаргуулахаар Б.Б нь удаа дараа холбогдож байсан ч тодорхой хариу өгөхгүй явсаар 2021 оны 10 сарын 06-ны өдөр менежер Г.М аас 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр тооцож авна уу гэсэн и-мэйл ирсэн. Нэхэмжлэгч нь энэ үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа илэрхийлж албан бичиг өгч байсан ч тодорхой хариу өгөөгүй.

1.6. Ингээд 2022 оны 03 сарын 31-ний өдөр МД ХХК нь АБ-22/31 тоот албан бичгээр 1 м.кв-ыг 2022 оны 1 дүгээр улирлын зар зээлд санал болгож буй үнэ болох 2,800,000 төгрөгөөр тооцож худалдах, эс бөгөөс орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцлах санал гаргасан. Энэхүү албан бичгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн тухайн барилгын үндсэн хийцлэл нь ам.долларын өсөлтөөс өмнө гүйцэтгэгдсэн байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй.

1.7. Хариуцагч тал гэрээг цуцлах байсан бол ажлаас чөлөөлсөн тушаалд дурдах эсхүл албан бичгээр мэдэгдэх ёстой байсан. Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зэрэгт иш татсан тохиролцоогүй байна. Үнэ өөрчлөгдөх талаар тохирсон гэх боловч мөн тохиролцоо байхгүй. Өнөөдрийн байдлаар тусдаа нэгтгэсэн гэрээ хэлцэл байхгүй гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд шинэ хэлцэл бий болоогүй, хүсэл зоригоо үргэлжлүүлсэн байна. Иймд тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгиин гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Б.Б нь анх 2012 оны 03 сарын 01-ний өдөр МГ ХХК-д буюу МИ ХХК-д хуулийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн МД ХХК-д гүйцэтгэх захирлаар, 2015 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Ингэж ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 09 сарын 26-ны өдөр МД " ХХК-тай MUD-C-2013-EMP-015 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулан МГ ХХК-ийн албан хаагчдыг хямд үнэтэй Орон сууцаар хангах хөтөлбөр-т хамрагдаж хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авсан.

2.2. Б.Б нь дээрх хөтөлбөрт хамрагдаж, хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авсны үндсэн дээр МГ ХХК-д тогтвортой ажиллах үүргийг хүлээсэн хэдий ч уг гэрээг байгуулснаас 2 жилийн дараа буюу 2015 оны 10 сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

2.3. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул МД ХХК-ийн зүгээс хөнгөлөлттэй үнээр орон сууцаа худалдах үүрэг бас дуусгавар болсон бөгөөд энэ талаар ажлаас чөлөөлөгдөх үед болон 2022 оны 03 сарын 31-ний өдрийн АБ-22/31 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна. Мөн тус албан тоотоор цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа хүргүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Быг хххх-р хороо, МГ ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан хотхоны барилгын ххх өрөө, 62.66 мкв хэмжээ бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гарган өгөхийг хариуцагч МД ХХК-д даалгаж,

Иргэний иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 596,570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн хуулийг буруу хэрэглэж, бодит нөхцөл байдлаас өөрөөр дүгнэсэн.

Нэхэмжлэгч иргэн Б.Б нь 2012 оны 03 сарын 01-ний өдөр МИ ХХК-д хуулийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс МИ ХХК-ийн 100 хувийн эзэмшлийн охин компани болох МД ХХК-д гүйцэтгэх захирлаар, 2015 оны 05 сарын 25-ны өдрөөс тус компанийн дэд захирлаар тус тус томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 сарын 22-ны өдөр өөрийн санаачилгаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, талуудын хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон.

4.2. Б.Б нь ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 09 сарын 26-ны өдөр МИ ХХК болон түүний хамаарал бүхий компани буюу МГ ХХК-ийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах хөтөлбөрт хамрагдаж манай компанитай MUD-C-2013-EMP-015 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан.

4.3. Уг гэрээгээр манай компани нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд Орон сууцны захиалгын гэрээний 1.2, 1.3-т Б.Б нь МГ ХХК-ийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах хөтөлбөр-т хамрагдаж хөнгөлөлттэй үнээр захиалгын гэрээг байгуулж байгаа талаар болон талууд гэрээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн талаар тусгасан.

4.4.Орон сууцны захиалгын гэрээний 3.1-т зааснаар компани нь орон сууцыг хөнгөлөлттэй үнээр буюу 87,724,000 төгрөгөөр нэхэмжлэгчид шилжүүлэх, харин хариуд нь нэхэмжлэгч нь Орон сууцны захиалгын гэрээний 5.2.2, 5.2.3-т заасны дагуу 'МИ ХХК болон түүний хамаарал бүхий компани буюу МГ ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд гэрээний үнийн нөхцөл өөрчлөгдөхийг хүлээн зөвшөөрөх үүргийг тус тус хүлээсэн.

4.5. Гэвч Б.Б нь МГ ХХК-д тогтвортой ажиллах үүргийг хүлээсэн хэдий ч тус үүргээ зөрчин 2015 оны 10 сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул манай компанийн зүгээс хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдах үүрэг бас дуусгавар болсон бөгөөд энэ талаар ажлаас чөлөөлөгдөх үед болон 2022 оны 03 сарын 31-ний өдрийн АБ-22/31 дугаартай албан бичгээр мэдэгдэж байсан.

Мөн тус албан тоотоор Орон сууц захиалгын гэрээний 6.1.2-т заасны дагуу орон сууцны м.кв тутмын үнийг зах зээлийн ханшаар буюу 2,800,000 төгрөгөөр тооцон үлдэгдэл төлбөр болох 130,170,800 төгрөгийг 2022 оны 05 сарын 01-ний дотор төлөх саналыг хүргүүлсэн.

4.6. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Б.Б нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, манай компанийн хүргүүлсэн зах зээлд тухайн орон сууцыг худалдаж байгаа үнийг зөвшөөрөөгүй тул бид Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 2022 оны 08 сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээг цуцлан Б.Бад АБ-22/156 мэдэгдлийг хүргүүлсэн.

4.7. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн № 3 дугаартай зөвлөмжөөр Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд-ыг тодорхойлсон байдаг.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийг буруу хэрэглэж, маргаантай харилцааны төрлийг буруу тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

4.8. Анхан шатны шүүх гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахтай холбоотой маргаан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдааг гаргасан. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах маргааныг шийдвэрлэхэд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлээс гадна гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах процесс, хуулиар тогтоосон журмын талаарх зохицуулалт нь зайлшгүй хэрэглэвэл зохих хууль байхад хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, харин гэрээг цуцлах журмын талаарх зохицуулалтыг хэрэглээгүйгээс хууль хэрэглээний алдаа гаргасан.

4.9. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт юм. Харин гэрээг цуцлах ойлголт ихэвчлэн урт хугацаатай үүргийн харилцаанд, харин гэрээнээс татгалзах явдал хиймэгц биелэх буюу гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжтой хэлцэлд хэрэглэгдэнэ. Ямар тохиолдолд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах ойлголт хэрэглэгдэхийг зөвхөн гэрээний хугацаа бус, хэлцлийн дагуу нэгэнт хэрэгжсэн харилцааг буцаах боломжгүй болсон, эсвэл талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх боломжтой буюу гэрээг анхны байдалд эргүүлж авчрах боломжтой эсэхээс хамаарч тодорхойлогдно. Манай компани Орон сууцны захиалгын гэрээг цуцалж, захиалагчид мэдэгдсэн болно.

4.10. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэжээ. Мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул мэдэгдсэн байдлыг тогтоосон нотолгооны хүрээнд дүгнэлт өгнө.

Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах маргаанд ийнхүү татгалзах, цуцлах болсон үндэслэлд дүгнэлт өгөхөөс гадна гэрээнээс татгалзах, цуцлах хуульд заасан журам зайлшгүй хэрэглэгдэхийг анхаарах нь зүйтэй байна. Иймд, манай компанийн хувьд Орон сууцны захиалгын гэрээ цуцлагдсан гэж үзэж байна.

4.11. Хавтаст хэргийн 157 дугаар хуудсанд 2024 оны 01 сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт Улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хавтаст хэргийн 166 дугаар хуудаст авагдсан шүүгчийн захирамжид энэ талаар шийдвэрлэгдээгүй, тус захирамжид гомдол гаргах эрхгүй шийдвэрлэсэн. Хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн зөрчилд хамаарч байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4, 167.1.5-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Хариуцагчийн зүгээс хоёр гэрээний асуудал яригдаж байгаа, 1 гэрээний төлбөрийг нэхэмжлэгч хүчээр шилжүүлсэн гэж яриад байна. Хэргийн 12-13 дугаар талд авагдсан МД ХХК-аас Б.Бад ирүүлсэн албан бичгээр маргаж буй гэрээний хүрээнд 45,000,000 төгрөг төлөгдсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд хоёр гэрээг нийлүүлээд өмнөх гэрээний урьдчилгаа төлбөрийг маргаж буй гэрээний урьдчилгаа төлбөр рүү шилжүүлсэн гэдгийг компанийн зүгээс хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

5.2. Хариуцагч нь тогтвор суурьшилтай ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж маргадаг. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ болон бусад баримт бичгүүдэд тогтвор суурьшилтай ажиллах гэдэг нь ямар хугацаанд, ямар үр бүтээмжтэй ажиллахыг хэлнэ гэсэн тодорхойлолт байхгүй, энэ талаар тусгаагүй

5.3. Орон сууц захиалгын гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар орон сууц 2014 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох ёстой байсан. Хэрэв гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж 2014 оны 4 дүгээр улиралд багтааж орон сууцыг ашиглалтанд оруулсан байсан бол тогтвор суурьшилтай ажиллах үүргээ биелүүлж, маргаан үүсэхгүй байх боломжтой байсан гэж харж байна.

5.4. Б.Б нь тогтвор суурьшилтай ажиллах үүргээ биелүүлэхийн тулд 2012-2015 оны хооронд хуулийн мэргэжилтнээс МД ХХК-ийн дэд захирал болтлоо хичээнгүйлэн ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа жирэмсэн болоод амарсан боловч тухайн хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт авч байгаагүй, маш шаргуу, хичээл зүтгэлтэй ажиллаж байсан, тогтвор суурьшилтай ажиллах үүргээ биелүүлж байсан гэдгийг хэрэгт авагдсан МД ХХК-ийн ажилд томилсон тушаалууд болон хүүхдийн төрсний гэрчилгээнээс харах боломжтой.

5.5. МГ ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс барилгын явц удаашралтай, хугацаандаа ашиглалтанд орохгүй боломжгүй болсон нь тодорхой байсан учраас Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ч гарын үсэг зурж баталгаажуулсан тогтоол гарсан ба МГ ийн харъяа компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэхээс үл хамаараад орон сууц захиалгын гэрээний үнийн дүнд өөрчлөлт орохгүй байхаар шийдвэрлэсэн. Тухайн үед тогтоолыг Б.Бад танилцуулж байсан боловч нууц хадгалах гэрээний дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хуулбарлаж аваагүй.

5.6. Хариуцагчийн зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсантай маргадаггүй, тогтоол гарсан талаар тайлбарлахад эсэргүүцдэггүй учраас МД ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол баталсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд үнэд өөрчлөлт орохгүй байсан гэдгийг мэдэж байсан гэж үзэж байна.

5.7. Онолын үүднээс авч үзвэл орон сууц захиалгын гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарна. Тодорхой нөхцөл заагаад тогтвор суурьшилтай ажиллана гээд хөнгөлөлттэй үнээр орон сууц олгоно гэрээнд заасан ч гэсэн МД ХХК нь орон сууцыг барьж ашиглалтанд оруулж, хүлээлгэж өгөх, Б.Б нь орон сууцны үнийг төлөх үүргийг харилцан хүлээж байгаа учраас ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтад хамаарч байгаа. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

5.8. Хариуцагчийн зүгээс орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан, Б.Быг ажлаас чөлөөлөгдөх үед нь цуцалсан гэдгийг мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ Б.Быг ажлаас чөлөөлөгдөх үед нь энэ талаар мэдэгдэж байгаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг амаар орон сууц захиалгын гэрээг цуцалсан байсан бол Б.Бад гэрээ цуцалсантай холбогдуулан төлсөн урьдчилгаа төлбөрийг нь тухайн үед буцааж өгөх зэрэг ямар нэгэн арга хэмжээ авах ёстой байсан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй гэдэг нь Б.Бын орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр байсан, цуцлагдаагүй байсан гэдгийг нотолж байна гэж харж байна.

5.9. Мөн 2022 оны 03 сарын 31-ний өдөр МД ХХК-аас Б.Бад хүргүүлсэн албан бичиг хэргийн 12-13 дугаар талд авагдсан. Тухайн албан бичигт МД ХХК-аас орон сууц захиалгын гэрээг цуцалсан гэдэг талаар огт хэлээгүй, харин орон сууц захиалгын гэрээ манайхтай байгуулсан байна, гэрээний үнийн дүнд ийм өөрчлөлт оруулах саналтай байна гэсэн агуулгатай санал гаргасан. Үүнээс үзэхэд МД ХХК нь 2022 оны 03 сарын 31-ний өдрийн албан бичгээр орон сууц захиалгын гэрээ цуцлагдаагүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан.

5.10. Нэхэмжлэгч Б.Б 2022 оны 04 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх иргэний хэрэг үүсгээд хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед МД ХХК-аас орон сууц захиалгын гэрээг цуцалсан гэсэн албан бичгийг гэнэт гаргаж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуцалж байгаа талаар мэдэгдэл хүргүүлж байгаа нь үндэслэлгүй.

5.11. Мөн Б.Быг ажлаас чөлөөлөгдөх үед буюу 2015 оны 10 сард арга хэмжээ авах ёстой байсан боловч арга хэмжээ аваагүй орон сууц захиалгын гэрээ үргэлжилж байсныг МД ХХК зөвшөөрч байснаа шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа цуцалсан гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцалсан гэж үндэслэсэн байсан. Тухайн гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах тухай зохицуулалт нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт. Б.Б гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зүйл байхгүй.

Хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх гомдлын хувьд хэргийн 166 дугаар талд авагдсан 01985 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Талуудаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаад шийдвэрлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч МД ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... манай байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах гэрээний нөхцлийг биелүүлээгүй тул зах зээлийн ханшаар үнэлгээг тооцно ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлж алдаа гаргасныг залруулна.

 

3.1. Талууд 2013 оны 09 сарын 26-ны өдөр 015 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан, уг гэрээний 3.1-т ... 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгнө. гэж тохиролцсон хугацаанаас үзэхэд ашиглалтад ороход бэлэн болсон барилгаас сонголт хийсэн байх тул худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.2. Гэрээ байгуулах саналын хувьд зөвхөн нэхэмжлэгчид бус нийтэд санал болгож байгаа нөхцөл бөгөөд зөвхөн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үнээр барилгыг барих боломжгүй тул гэрээний зүйлийг нэг бүрийн шинжтэй гэж үзэхгүй юм.

 

3.3. Нийтийн зориулалттай орон сууцны зориулалттай барилгын тодорхой хэсгийг захиалж байгаа тохиолдолд өмч шинээр бий болж байгаа боловч ажлын үр дүн нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох шинжийг агуулаагүй, олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.

 

3.4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, нөхцлийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулна.

 

4.1. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 09 сарын 26-ны өдөр 015 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний 5.2.2-т ... МГ -д тогтвор суурьшилтай ажиллах үүргийг ажил олгогчийн өмнө хүлээнэ гэж, 5.2.3-т Хэрэв, МГ ын аль нэг компанитай байгуулсан гэрээг ямарваа байдлаар дуусгавар болгосон бол энэ гэрээний үнэ болон бусад нөхцөл өөрчлөгдөнө гэдгийг хүлээн зөвшөөрнө. гэж, 6.1.2-т Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш төлөгдөх дүнг гэрээний 3.1-д заасан зах зээлд орон сууц санал болгож буй үнээр тооцож, төлбөрийн нөхцлийг тогтоосон гэрээний хавсралтаар өөрчлөх гэж тус тус тохиролцжээ.

 

Талууд гэрээний агуулгыг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд болзол тавьсан хэлцэл байгуулсан гэж үзэх бөгөөд уг гэрээний тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар шууд үгийн утгаар тайлбарлахад МГ -т тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд орон сууцыг хөнгөлөлтэй нөхцөлөөр буюу нэг м.кв-ыг 1,400,000 төгрөгөөр тооцож, 87,724,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж үзнэ.

 

Б.Б нь өөрийн хүсэлтээр 2015 оны 10 сарын 21-ний өдөр МД ХХК-ийн дэд захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.3-т заасан орон сууцны үнэлгээг зах зээлийн ханшаар тооцох тохиролцоо хэрэгжинэ. /хх-39/

 

4.2. Хариуцагч байгууллагаас Б.Бад 2022 оны 03 сарын 31-ний өдрийн АБ-22/31 дугаартай албан бичгээр ... зах зээлийн үнэлгээ 2,800,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг төлөх агуулгатай албан бичиг илгээж байсан ба нэхэмжлэгчийн төлсөн 87,724,000 төгрөгийг орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзэж, өмчлөгчөөр тогтоох нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. /хх-9-11/

 

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг ... 2014 оны ТУЗ-ийн тогтоол ажилтан бус байсан этгээд байгаа боловч орон сууцны үнэд өөрчлөлт орохгүй гэсэн агуулгаар гарсан гэсэн агуулгаар тайлбарлах боловч хэрэгт ... 2014 оны ТУЗ-ийн тогтоол гэх баримтыг файл хэлбэртэй байгаа гэж тайлбартаа дурдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

Учир нь нэхэмжлэгч талаас уг тогтоолыг нотлох баримтаар гаргуулах, эсхүл уг тогтоолыг гаргасан эрх бүхий албан тушаалтаас гэрчийн мэдүүлэг авхуулах, файлд үзлэг хийлгэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлтийг гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглээгүйг буруутгах үндэслэлгүй.

 

Түүнчлэн, талууд гэрээний тохиролцоог хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож, гэрээнд өөрчлөлт оруулах хэлбэрээр шинэчлэн тохиролцох бөгөөд нэг талын шийдвэрээр гэрээний тохиролцоог өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч МД ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/00892 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МД ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596,570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР