| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0061/Э |
| Дугаар | 0064 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 0064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ц.И
Шүүгдэгч Д.Ө
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ө-д холбогдох эрүүгийн 1825005290080 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Ө
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 07 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 6 дугаар гудамжинд Д.Э-н хоолойг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Ө-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 07 сарын 28-ны өдөр Туултай гэр рүү нь явж байсан. Тэр залуу урдаас гарч ирээд бид 2 маргалдсан. Би Туулын торонд байсан хутгыг авч айлгах зорилготой байсан. Гэтэл хоолойг нь хутгаар зүссэн байсан. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохиролд 200.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...араас Туул эгчтэй хамт явсан залуу хутга барьчихсан хүрч ирэхээр нь та одоо болиоч гэж хэлтэл өөдөөс чи муу яасан овоо зоригтой гөлөг вэ гэж хэлээд миний шилэн хүзүүнээс нэг гараараа бариад нөгөө гартаа хутга бариад миний хоолойн тус газар тулгасан. Ямар овоо зоригтой гөлөг вэ гээд хэлж байхдаа хүзүүг маань хутгаар зүсчихсэн юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг /хх 16 ху/
-Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Энхтүвшин дээд талынхаа хувцсыг тайлаад чи хутга авсан бол дүрчих гээд орилоод байсан чинь Бор явж очоод хоолойг нь зүсчихсэн гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,
-Яллагдагч Д.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би тэр залуугаас ахыгаа битгий зод гэж хэлээд зууралдаж байгаад салсан. ...Тэгэхээр нь би Туулын барьж явсан тортой махан дотроос хутга аваад тэр залуугийн хоолойн тус газар нь хутгаар зүсэж гэмтэл учруулсан гэсэн мэдүүлэг /хх 88 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 547 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.Э-н биед хүзүүний урд ба зүүн хэсгийг хамарсан шарх, хүзүүний баруун хэсэгт зулгаралт үсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
З. Хүзүүний урд ба зүүн хэсгийг хамарсан шарх нь ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хүзүүний баруун хэсгийн зулгаралт ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шинэ гэмтлүүд байна гэсэн /хх 20 ху/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34 ху/
-Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 04 сарын 10-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 59-60 ху/
-Д.Ө-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 85-89 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 07 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 6 дугаар гудамжинд Д.Э-н хоолойг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Туулын торонд байсан хутгыг авч айлгах зорилготой байсан. Хоолойг нь хутгаар зүссэн. Хэргийн хувьд маргах зүйлгүй” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Э-н “Тэгтэл араас Туул эгчтэй хамт явсан залуу хутга барьчихсан хүрч ирэхээр нь та одоо болиоч гэж хэлтэл өөдөөс чи муу яасан овоо зоригтой гөлөг вэ гэж хэлээд миний шилэн хүзүүнээс нэг гараараа бариад нөгөө гартаа хутга бариад миний хоолойн тус газар тулгаад зогсож байхдаа ямар овоо зоригтой гөлөг вэ гээд хэлж байхдаа хүзүүг маань хутгаар зүсчихсэн юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /16 ху/, мөн гэрч Д.Туул /хх 14 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед хүзүүний урд ба зүүн хэсгийг хамарсан шарх, хүзүүний баруун хэсэгт зулгаралт үүссэнийг тогтоосон 547 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ хэргийн улмаас хохирогч 200.000 төгрөгний хохирол нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Ө-д оногдуулсан торгох ялыг сард 150.000 төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА