Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00945

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр Дуга 210/МА2024/00945

 

 

Мны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/01379 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Мны нэхэмжлэлтэй

Хариуцагч: О ХХК-д холбогдох,

 

13,540,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, хариуцагчийн төлөөлөгч Т.Ариунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч О ХХК нь нэхэмжлэгч М-той 2023 оны 07 сарын 31-ний өдөр Тоглолт, арга хэмжээ, ажил үйлчилгээ явуулах тухай ТА-23/84 дугаартай гэрээг байгуулан, тус ордны их танхимд 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өдөр бүр Хайрт Фамила минь, Бүгд чамд хайртай жүжгүүдийг тоглохоор, энэ тоглолтын түрээсийн төлбөрт нийт 95,700,000 төгрөг төлөхөөр тохирсон.

1.2. Тоглолтоо 2023 оны 09 сарын 16-ны өдрөөр дуусгавар болгож энэ өдөр хүртэл 15 хоног тоглосон тоглолтын түрээсийн төлбөрт 45,540,000 төгрөг төлөхөөр тооцоо нийлсэн.

Үүний дагуу 2023 оны 09 сарын 15-ны өдөр 32,000,000 төгрөгийг төлж, үлдэх 13,540,000 төгрөгийг 2023 оны 09 сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр акт үйлдэж, тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд үлдэгдэл 13,540,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. О ХХК нь М-ны тайз түрээсийн төлбөр 13,540,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хоёр хувааж төлөх саналтай байна.

2.2. Манай театр жилд хавар, намрын улиралд хоёр удаа жүжиг тавьж тоглолт хийдгээс шалтгаалан 2024 оны 7 сард эхний хагас, 2024 оны 12 сард сүүлийн хагасыг төлж барагдуулах боломжтой байна. Иймд бидний боломжийг харгалзан үзэхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-аас 13,540,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Моны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 225,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч 13,540,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд одоогийн байдлаар бид 3,000,000 төгрөгийг төлөөд байна.

4.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн эрхийг хязгаарлаж оролцох боломж олголгүйгээр хийсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, оролцогчийн эрхийг хангаж хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцэж, мэтгэлцэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Шүүх хуралдааны өмнө хариуцагч талаас и-мэйлээр хүсэлт явуулсан байна гээд 20-30 минут хүлээлгээд хүсэлт нь ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдож байна гэж үзээд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Мон нь хариуцагч О ХХК-д холбогдуулан 13,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгт 13,540,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн боловч 2014 оны 12 дугаар сарын дотор төлөх боломжтой гэсэн үндэслэлээр төлбөр төлөх хугацааны талаар маргажээ.

 

3. Мон нь О ХХК-тай 2023 оны 07 сарын 31-ний өдөр ТА-23/84 дугаар М онд зохиогдох тоглолт, арга хэмжээ, бусад ажил үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр О ХХК нь тус ордоны их танхимд 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл 19:00 цагаас 21:00 цагт Хайрт Фамила минь жүжиг зохион байгуулах, нийт үйлчилгээний төлбөрт 95,700,000 төгрөгийг Мны санхүүд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-11-12/

Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлсөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлыг талаар маргаангүй.

 

4. Талууд 2023 оны 09 сарын 15-ны өдөр Арга хэмжээний гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах, төлбөр төлөх тухай акт № 2 нэртэй тооцоо нийлсэн баримт үйлдэж, улмаар хариуцагч нь нийт 45,540,000 төгрөгийн үүргээс 32,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 13,540,000 төгрөгийг 2023 оны 09 сарын 16-ны өдөр төлөхөөр тохиролцсон үйл баримтын анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-14-15/

 

Анхан шатны шүүх хариуцагчаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,540,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар талууд төлбөр төлөх хугацааг тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулснаас бусад тохиолдолд шүүх хариуцагч талын төлбөр төлөх хугацааг заах болон хэсэгчлэн төлөх талаар шүүхийн шийдвэрт дурдах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй.

 

Түүнчлэн, хариуцагч нь төлөх төлбөрийн хэмжээнд маргаагүй боловч төлөх хугацааг зааж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаантай гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ. /хх-26-28/

 

Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хурал ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/01379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР