Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 0069

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч М.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Л-т холбогдох эрүүгийн 1825007760061 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн М.Л

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Л нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 11 дүгээр хороололд 2018 оны 09  сарын 22-ны өдөр Б.О-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч М.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Отгонбаяр хүнийг модоор цохихоор нь уур хүрээд цохичихсон. Хохирогчид хохиролд 180.000 төгрөг өгсөн. Дахин ийм асуудал гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 09 сарын 22-ны өдөр Мөнхсүлд, Лхагва-Очир, Ганболд, Батмөнх, Ууганаа нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт барилгын хашаан дотор гэрт архи ууж байсан. Гэтэл гадаа Мөнхсүлд, Лхагва-Очир нар хоорондоо маргалдаад байхаар нь Ганболд бид 2 салгах гээд дундуур нь ороод дийлдэхгүй байхаар нь би гэрлүүгээ орох гээд явж байгаад мод аваад эргээд Лхагва-Очирыг цохих гээд далайсан чинь хэнийг нь цохисныг мэдэхгүй цааш Ганболд унасан. Тэгээд би Ганболдыг босгох гээд толгойноос нь өргөөд сууж байтал Лхагва-Очир хажуунаас ирээд миний зүүн талын хавирга руу өшиглөсөн. ...Лхагва-Очир нь намайг Ганболдыг зодсон гэх шалтгаанаар өшиглөж унагаасан тэгээд намайг босоод ирэхэд дарж унагаасан. Тэгээд миний зүүн талын 8-9 дүгээр хавирга хугарсан гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,

 

-Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ганболд ахыг Отгонбаяр ах модоор цохиж унагаасны дараа Лхагва-Очир гэж ах чи хүн цохиод алчихлаа ш дээ гээд Отгонбаяр ахыг цохисон. Тэгээд Отгонбаяр ах газар унасан. Лхагва-Очир нь Отгонбаярыг өшиглөж зодож байхыг нь сайн харж чадаагүй. Ямар ч л байсан чи хүн алчихлаа ш дээ гээд зодож байсан гэсэн мэдүүлэг /хх 8-9 ху/,

 

-Гэрч З.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Лхагва-Очир намайг заамдаад боох гээд байсан бөгөөд энэ үед Лхагва-Очир намайг гэнэт тавихаар нь эргээд харсан чинь Ганболд гэрийн хаалганаас 2-3 алхамын наана газар уначихсан байсан. Тэгээд цагдаа дуудахаар явсан. Дараа нь Отгонбаяртай уулзахад Лхагва-Очир намайг зодсон гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/ ;

 

-Гэрч Д.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 09 сарын 22-ны өдөр архи ууж байтал Лхагва-Очир, Сүлдээ 2 маргалдсан. Энэ үед Отгонбаяр Сүлдээг өмөөрсөн бололтой гэрийн урд хураагаад тавьсан байсан модноос аваад Лхагва-Очирыг цохих гэж байгаад миний толгой руу цохиж малгай унасан. Отгонбаяр нөгөө модоороо дахиад цохихдоо Ганболдын толгойнд цохиж газар унагасан. Энэ үед Лхагва-Очир, Сүлдээ 2 барьцалдаж авсан байснаа болисон. Эргээд нэг хартал гэрийн урд Лхагва-Очир Отгонбаярын дээр гарсан суучихсан байхаар нь хэлж босгосон. Эргээд харсан Лхагва-Очир дээр нь гараад суучихсан чи муу хүн цохиод алчихлаа ш дээ гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 25 ху/,

 

-Шинжээч эмч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Б.Отгонбаярын биед учирсан цээжний зүүн талын 8 ба 9 дүгээр хавиргын хугарал нь шинэ гэмтэл ба ца хугацааг тогтоох боломжгүй гэсэн мэдүүлэг /хх 36 ху/,

 

-Яллагдагч М.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 09 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 11 дүгээр хороололд барилгын ажилдаа ирэхэд Отгонбаяр, Сүлд, Ууганбаяр, Ганболд нар нь архи ууж байсан. Би ороод 0.5 граммын ерөөл архи хувааж уусан. Энэ үед би Сүлдтэй маргалдсан. Сүлд бид 2 гадаа гараад маргалдаад зогсож байтал араас Отгонбаяр модоор миний араас цохихоор нь би доошоо суухад миний дээгүүр мод нь гараад миний хажууд байсан Ганболд гэж хүнийг цохисон. Тэгэхээр нь би Отгонбаярыг хүн алчихлаа гэж хэлээд түлхэж унагааж зүүн хавирганд нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Отгонбаярт гэмтэл учирсан байх. Мөн шанаа руу нь хальт цохисон. Тэр үед хамт байсан хүмүүс боль гээд салгасан. Отгонбаярт гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх 94-95 ху/

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 699 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Отгонбаярын биед цээжний зүүн талын 8 ба 9 дүгээр хавиргын хугарал үүсчээ.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэдэнэ.

3. Цээжний зүүн талын 8 ба 9 дүгээр хавиргын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 31 ху/,

 

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5 ху/,

-М.Л-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 93-95 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч М.Л нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 11 дүгээр хороололд 2018 оны 09 сарын 22-ны өдөр Б.Отгонбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Отгонбаярын “...би Ганболдыг босгох гээд толгойноос нь өргөөд сууж байтал Лхагва-Очир хажуунаас ирээд миний зүүн талын хавирга руу өшиглөсөн. ...Лхагва-Очир нь намайг Ганболдыг зодсон гэх шалтгаанаар өшиглөж унагаасан тэгээд намайг босоод ирэхэд дарж унагаасан” гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/, мөн гэрч Э.Мөнгөнтулга /хх 17 ху/, З.Мөнхсүлд /хх 19 ху/, Д.Ууганбаяр /хх 25 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед цээжний зүүн талын 8 ба 9 дүгээр хавиргын хугарал үүссэнийг тогтоосон 699 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийн шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч М.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчид 180.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

            Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, түүнд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Л-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр тооцож хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА