| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0055/Э |
| Дугаар | 0061 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.М |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 0061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ц.М
Шүүгдэгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1925000310029 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 01-р сарын 02-нд Орхон аймгийн Баян- Өндөр сум Говил багийн авто зам дээр 75-45 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Д.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 01 сарын 12-ны өдөр байрныхаа хажуу талын дэлгүүрээс 3 шил архи аваад тавуулаа уусан. Тэгээд Бат-Амьдрал, Лхагважаргал, Нямбаяр, Отгонбаяр нарыг суулгаад явсан. Зам руу ортол дугуй буудаад онхолдсон. Би 2016 онд жолооч болсон. Нэг сэртэл эмнэлэгт байсан. Хохирогч Бат-Амьдралтай найзууд. Эмнэлэгт байх хугацаанд бүх зардлыг төлсөн. Одоо боолт хийлгэхэд нь тусалж байгаа. Нийт 700.000 орчим төгрөг болсон байх. 12 сарын 28-наас хойш ирээд буцаад ажилдаа явж чадаагүй. Мөнгө төгрөгний боломжгүй учраас иргэний нэхэмжлэгчийн мөнгийг төлж чадаагүй байна. Иргэний нэхэмжлэгчийн 1.201.000 төгрөгний хохирол нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 01 сарын 02-ны өдөр би Отгонбаяр, Нямбаяр, Лхагважаргал, Батсаруул нартай уулзаж Батсуурийн машинд 2 шил 0,75 литрийн Монгол стандарт нэртэй архи уусан. Тэгээд бид нар салж байж байгаад 17 цагийн үед буцаж цугларан 1 шил 0,75 литр архи уусан. Тэгээд би Батсаруулын машины урд талын суудал дээр суусан. Батсаруул жолоочийн суудал дээр суусан байсан. Тэгээд би нэг сэрэхэд машин замын хажуу руу уначихсан, осолд орсон байсан. ...нурууны зүүн талын сэртэнгүүд хугарсан, нурууны баруун талын сэртэнгүүд хугарсан, баруун хөлийн ядам хуруу тасарсан 4 савх нь хугарсан гэсэн мэдүүлэг /хх 15-17 ху/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Говил баг 35 дугаар баазын урд талын 19-р шон ослын улмаас унасан байна гэж манай диспичер А.Оюунчимэг надад хэлсэн. Үүний дагуу 2 ажилтанаа явуулж шалгуулахад гэрлийн шон унаж, кабел гэмтсэн гэрэлтүүлгийн толгой хагарсан байдалтай байсан. Уг шонг босгоход шон өөрөө 280,000 төгрөг, гэрэлтүүлгийн толгой болон зажам кабел, дундын баригч зэрэг нийлж 300,000 төгрөг, уг шонг босгохын тулд 2 авто машин ажилласан. Үүнээс гадна зардлууд гэж 621,000 төгрөг болсон. Нийт 1.201.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,
-Гэрч О.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Монгол стандарт нэртэй 0,75 литрийн архи аваад 35 дугаар баазад очоод гадна талд нь уугаад баазаас Илгээлт явах замдаа онхолдсон. Яаж онхолдсон талаар сайн мэдэхгүй байна. Батсаруул машин жолоодож явсан. Тухайн машин нь Батсаруулын машин байсан гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,
-Гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Батсаруул машинаа бариад явахад гэнэт дайвалзаад машин юм мөргөх шиг болсон. Тэгээд нэг ухаан ороход машин дээшээ харсан байсан гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,
-Гэрч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгээд бид нар салж яваад цаг гарангын дараа буцаж уулзаад 2 шил архи аваад тэр архиа дахиж хувааж уугаад город явах чиглэлтэй явж байгаад гэнэт сэрэхэд машин онхолдчихсон байсан гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,
-Яллагдагч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Архиа хувааж ууж дуусаад салцгааж байж байгаад орой 17 цаг өнгөрч байхад бид нар буцаж цуглараад дахиад миний машинд 1 шил 0.75 граммын Монгол стандарт архи хувааж уусан. Тэгээд 35-р баазаас явахаар болоод би машинаа бариад хөдөлсөн бөгөөд төв зам руу ороод явж байгаад осолд орсон юм. Тухайн үед машин гэрлийн шонг мөргөөд замын хажуу руу онхолдсон юм гэсэн мэдүүлэг /хх 104 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 25 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Н.Б-н биенээс авсан цусанд этилийн спирт 1,7 промиль процент илэрсэн болно.
2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамрагдана гэсэн дүгнэлт /хх 35 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 26 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. О.Л-н биенээс авсан цусанд этилийн спирт 3,3 промиль процент илэрсэн болно
2. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамрагдана гэсэн дүгнэлт/хх 39 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 24 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Л.О-н биенээс авсан цусанд этилийн спирт 2,45 промиль процент илэрсэн болно
2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамрагдана гэсэн дүгнэлт /хх 44 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 27 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Э.Нямбаярын биенээс авсан цусанд этилийн спирт 3,5 промиль процент илэрсэн болно
2. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамрагдана гэсэн дүгнэлт /хх 49 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 73 дугаартай дүгнэлтэнд:
1.Э.Нямбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт
/хх 54 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 70 дугаартай дүгнэлтэнд:
1.О.Лхагважаргалын биед зүүн хацарт шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт/хх 59 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.Батсаруулын биед зүүн чихний дэлбээ, нүүр, баруун гарын сарвуунд олон тооны шалбархай, зулгаралт, баруун нүдний зүүн дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт/хх 64 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтэнд:
1. Л.Отгонбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт /хх 68 ху/,
-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтэнд:
1. 7545 ОРА улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Батсаруул нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлюөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
2. Хавтаст хэргийн материалаас үзэхэд тээврийн хэрэгсэлд зорчиж явсан. Д.Бат-амьдрал, Э.Нямбаяр, О Лхагважаргал, Л Оггонбаяр нар нь хамгаалах бүс зүүсэн байсан эсэх нь тогтоогдохп/й байгаа нь МУ-н Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэл байхгүй байна.
3. Материалд авагдсан ослын газрын үзлэг, схем зураг, Фото зураг зэргээс үзэхэд тормозны мөргүй байх тул тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна.
4. Уг осол нь 7545 ОРА улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Батсаруул нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 73 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 10-ны өдрийн 30 дугаартай дүгнэлтэнд:
1.Д.Бат-Амьдралын биенээс авсан цусанд этилийн спирт 3.4 промиль процент илэрсэн болно.
2. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 86 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 10-ны өдрийн 88 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.Бат-Амьдралын биед сээрний 12, бүсэлхийн 1, 4-р нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 1-4-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун шилбэний тахилзуур ясны гадна хавчаарын зөрөөгүй далд хугарал, баруун хөлийн тавхайн 2-5-р хурууны шивнүүр ясны зөрөөтэй хугарал, 4-р хурууны тасрал, 3-р хурууны үзүүрийн тасрал, баруун хөлийн шилбэ, тавхайнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 5 % байна гэсэн дүгнэлт /хх 90 ху/,
-Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-6 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9, 11, 82 ху/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10 ху/
-Н.Батсаруулын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг багажаар шалгасан хуудас /хх 28 ху/,
-Эд зүйлийн үнэлгээ /хх 94-96 ху/,
-Н.Батсаруулыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 101-104 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 109 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 01-р сарын 02-нд Орхон аймгийн Баян- Өндөр сум Говил багийн авто зам дээр 75-45 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Д.Бат-Амьдралын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Батсаруулын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...байрныхаа хажуу талын дэлгүүрээс 3 шил архи аваад тавуулаа уусан. Тэгээд Бат-Амьдрал, Лхагважаргал, Нямжаргал, Отгонбаяр нарыг суулгаад явсан. Зам руу ортол дугуй буудаад онхолдсон. Би 2016 онд жолооч болсон. Нэг сэртэл эмнэлэгт байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Бат-Амьдралын “...Батсаруул жолоочийн суудал дээр суусан байсан. Тэгээд би нэг сэрэхэд машин замын хажууруу уначихсан, осолд орсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 15-17 ху/, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр /хх 19 ху/, гэрч О.Лхагважаргал /хх 20 ху/, Л.Отгонбаяр /хх 23 ху/, Э.Нямбаяр /хх 24 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед сээрний 12, бүсэлхийн 1, 4-р нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 1-4-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун шилбэний тахилзуур ясны гадна хавчаарын зөрөөгүй далд хугарал, баруун хөлийн тавхайн 2-5-р хурууны шивнүүр ясны зөрөөтэй хугарал, 4-р хурууны тасрал, 3-р хурууны үзүүрийн тасрал, баруун хөлийн шилбэ, тавхайнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 88 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Н.Батсаруул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлюөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй болохыг тогтоосон Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 02 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгчийн биенээс авсан цусанд 1.7 промель процент этилийн спирт илэрснийг тогтоосон 25 дугаартай дүгнэлт, шинжээчийн 24, 25 26, 27, 28, 30, 70, 71, 73, 74 дугаартай дүгнэлтүүд, хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б-н үйлдэл нь хохирогчид хүндэвтэр хохирол, Говил баг 35-р баазын урд талын 19-р шон ослын улмаас унаж 1.201.000 төгрөгийн хохирол тус тус учирсантай шалтгаант холбоотой байх бөгөөд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Амьдралын биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос гэм хорын нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Харин Эрдэнэт ус ДТС ОНӨХК-д учирсан 9 м урттай гэрлийн шон, гэрэлтүүлгийн толгой, 2х2.5-тай 5 метр кабель үнэ болон ажиллагааны зардал зэрэгт нийт 1.201.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч хариуцан төлөх үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7545 ОРО улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн №02117255 дугаартай гэрчилгээг эзэмшигч Н.Батсаруулд буцаан олгож, 1082993 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Бат-Амьдрал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын дотор гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180, 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын биелэлт болон тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Батсаруулаас 1.201.000 / нэг сая хоёр зуун нэг мянга/ төгрөгийг гаргуулж Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-д компанид олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7545 ОРО улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн №02117255 дугаартай гэрчилгээг эзэмшигч Н.Б-д буцаан олгож, 1082993 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА