Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00958

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр Дуга 210/МА2024/00958

 

 

Р.Ж ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/00717 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Р.Ж ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж ХХК, Х ХК-д тус тус холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Иргэн Р.Ж миний бие 2017 оны 03 сарын 16-ны өдөр 170316 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг хариуцагч болох Ж ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр тохиролцсон нөхцөл журмын дагуу хариуцагч Ж ХХК-аас Улаанбаатар хот, ххххх тоот 91,24 м.кв талбайтай орон сууцыг 2018 оны 03 сарын 30-ны өдрийн дотор багтаан миний өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч талаас орон сууцны төлбөр болох 247,807,840 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж 247,807,840 төгрөгийг цаг тухайд нь бүрэн төлсөн боловч хариуцагч компани өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлж өгөөгүй, гэрээгээр хүлээсэн биелүүлэхгүй байна.

1.3. 2022 оны 07 сард хариуцагч Ж ХХК-аас Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст хаягласан албан тоот гаргаж өгсний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар хандсан боловч тус орон сууц нь Х ны барьцаанд байгаа тул хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг авчирсны үндсэн дээр гэрчилгээгээ гаргуулах боломжтой гэх үндэслэлээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөс татгалзсан.

1.4. Хариуцагчаас 2023 оны 07 сарын 20-ны өдөр ирүүлсэн албан бичигт 2019 оны 06 сарын 13-ны өдөр Х ХК-тай байгуулсан Барьцааны гэрээний улмаас орон сууцыг хэсэгчлэн чөлөөлж чадахгүй байгаа талаар надад мэдэгдсэн нь хариуцагч Ж ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах, хойшлуулах үндэслэл болохгүй.

1.5. Миний бие 2017 оны 03 сарын 16-ны өдөр хариуцагчтай Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээг байгуулсан ба уг хугацаанаас хойш буюу 2019 оны 06 сарын 13-ны өдөр Ж ХХК нь Х ХК-тай Барьцааны гэрээ байгуулсан байна.

1.6. Хариуцагч нар тухайн үед барьцааны гэрээ байгуулахдаа холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу надад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болсон.

1.7. Түүнчлэн хариуцагч Х ХК-аас барьцааг хэсэгчлэн чөлөөлөх албан бичгийг бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхгүй байгаа хууль бус үйлдэл нь нэхэмжлэгч миний эзэмших, өмчлөх эрхийг ноцтой зөрчиж санхүүгийн хувьд багагүй хэмжээний алдагдал хүлээж, өөрийн орон сууцаа бусдад түрээслэх, эзэмшүүлэх, худалдах, барьцаанд тавих зэргээр эргэлтэнд оруулж чадахгүй хохирч байна.

Иймд Р.Ж намайг ххххх тоот хаягт байрлах 91,24 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг Худалдаа хөгжпийн банк ХК-ийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Ж ХХК болон Худалдаа хөгжпийн банк ХК нарт тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Р.Ж нь манай компанитай 2017 оны 06 сарын 16-ны өдөр 170316 тоот Барилгад хөрөнгө оруулах гэрээг хийсэн. Энэ гэрээгээр хххх давхрын А блок шинэчлэсэн хаягаар 754 дүгээр байр, 447 тоот 91.24 м.кв 3 өрөө байрыг захиалсан. Нийт гэрээний төлбөр 255,472,000 төгрөг төлөхөөс манай компани 3 хувийн хөнгөлөлт үзүүлж, 7,700,000 төгрөгийг хөнгөлж 247,807,840 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний дагуу манайд 10 удаагийн хэсэгчлэн төлөлтөөр төлбөрийг бүрэн барагдуулсан.

2.2. 2019 оны 06 сарын 13-ны өдрийн Барьцааны гэрээгээр Ж ХХК-ийн нэр дээрх 95 хувийн гүйцэтгэлтэй Ү-2204089466 Улсын бүртгэлийн дугаартай барилгыг 2019 онд Х ХК-д барьцаалж төслөө санхүүжүүлсэн.

Банктай тохиролцохдоо барилгыг ашиглалтад оруулсны дараа айлуудынхаа байрыг хэсэгчилсэн байдлаар чөлөөлөх явдал байсан. Анхны захиалагчид Барьцааны гэрээ хийхээс өмнө Захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө хийгээд баталгаажуулсан ба энэ талаар банк мэдэж байсан.

2.3. Тухайн үед зарагдсан байрыг бид барьцаалаагүй, банк ч барьцаанд аваагүй учир өнөөдөр энэ байрыг банк чөлөөлж өгөх ёстой. Барьцааны гэрээ нь 2019 оны 06 сарын 13-ны өдөр үл хөдлөхөд бүртгэгдсэн байна.

2.4. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. Мөн хуулийн 156.3 Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг.

2.5. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд бүртгэж бүртгэгчийн тамга дарлаагүй, бүртгүүлээгүй гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэсэн хуулийн шаардлага байдаг. Бүртгүүлсэн хугацаа нь 2019 оны 06 сарын 13-ны өдөр, гэрээ хийсэн нь 2017 оны 03 сарын 16-ны өдөр байдаг. Ийм учраас банк энэ айлын орон сууцыг барьцаанаас хэсэгчлэн Р.Ж д холбогдох хэсгийг чөлөөлж өгөх ёстой гэжээ.

 

3. Хариуцагч Х ХК-ийн хариу тайлбарын агуулга:

3.1. Худалдаа, хөгжлийн банкнаас Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Р.Ж ы нэр дээр гаргахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг олгоогүй тул Р.Ж ы нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1.8, 10 дугаар зүйлийн 10.7-д заасан зохицуулалтад нийцсэн.

3.2. Дээрх Улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцаа болох Парк вью хотхоны 754 дүгээр байр нь Ж ХХК болон Х ХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 14-ний өдрийн №ЗГ/149 дугаартай Зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ, 2017 оны 01 сарын 31-ний өдрийн №№35/149/04 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө юм.

Иймд, нэхэмжлэгчийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ-нээс үүдэлтэй 2018 оны 03 сарын 30-ны өдрийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээсэн гэж маргаж буй нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч Р.Ж д барьцааны талаар мэдэгдэх үүрэггүй юм.

3.3. Х ХК болон Ж ХХК-ийн хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь Р.Ж болон Ж ХХК нарын хооронд байгуулагдсан Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээнээс өмнө хийгдсэн гэрээ тул нэхэмжлэгчид барьцаа хөрөнгийг мэдэгдэх боломжгүй.

3.4. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж заасны дагуу Ж ХХК-ийн барьцааны зүйл болох Парк Вью 754-р байр үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 01 сарын 31-ний өдрийн №35/149/04 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нд тухайн байрны гүйцэтгэл гэрчилгээ авах хангалттай хувьд хүрсны дараа гэрчилгээг гаргуулан, үнэлгээ хийлгүүлэн нөхөж барьцаалж болохоор заасан байна.

3.5. Ж ХХК нь банкны өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг, зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд заасны дагуу Банкны барьцааны эрхийг дуусгавар болох буюу барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр бөгөөд Барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлээс тэргүүн ээлжид Зээлийн гэрээний шаардлагаа хангуулах этгээд нь Х ХК болно.

3.6. Ж ХХК нь өнөөдрийн байдлаар Зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл болон зээлийн хүү төлөх үүргээ зөрчсөн, зээл нь хугацаа хэтрэлттэй байгаа тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасны дагуу Х ХК нь барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөх хуульд заасан нөхцөл бүрдэхгүй байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ххххх Ж ыг ххххх тоот хаягт байрлах 91.24 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгаж, хариуцагч Х ХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,396,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-аас 1,396,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ж д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Х ХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ ...талуудын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй... буюу иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй болжээ.

5.2. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар иргэний эрх зүйн харилцаа нь талуудын хооронд хэлцэл байгуулагдах арга, хэлбэрээс гадна иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн бусад олон хууль зүйн үйл явдал, үндэслэлээр бий болох боломжтой билээ. Нэхэмжлэгч Р.Ж болон хариуцагч Х ХК-ийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэгүй нь үнэн боловч Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 8.1.8-д тодорхойлсончлон иргэний харилцааг үүсгэхэд чиглэсэн бусад үйл явдал, үндэслэл бий болсон байдаг.

5.3. Уг иргэний эрх зүйн харилцаа бий болсон үндэслэлийг нэхэмжлэлд ...хариуцагч нар тухайн үед барьцааны гэрээ гэгчийг байгуулахдаа холбогдох хуупь тогтоомжид заасан журмын дагуу надад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй... хэмээн тодорхойлж, үүнд хамаарах нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж буй хууль зүйн үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарласан боловч хэргийг хянан шийдвэрлэх үндэс болсон нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй нь үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй байна.

5.4. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. гэж заасан.

Барьцааны гэрээ улсын бүртгэлийг үндэслэсэн, хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан боловч хариуцагч Х ХК нь хариуцагч Ж ХХК-д зээл олгох, барьцааны гэрээ байгуулахдаа банкны зүгээс зөвхөн борлуулалтын гэрээ хийгдээгүй байрнуудыг үнэлж барьцааны гэрээ байгуулах талаар тус компанитай харилцаж байсан нь имэйл хаягт хийсэн үзлэгээр тогтоогдсон, уг үйл баримтыг хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотолж тайлбарладаг.

5.5. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь барьцааны гэрээ байгуулагдахаас 2 жил гаруйн өмнө Орон сууц захиалгын гэрээгээ байгуулсан байсан ба орон сууцыг бодитой эзэмшиж байсан тул хариуцагч Х ХК-ийн зүгээс бүртгэл үнэн зөв эсэхийг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд Х ХК-ийг шударга барьцаалагч, өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

5.6. Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан үзэхдээ энэхүү маргаантай төсөөтэй маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 715 дугаар тогтоол гарсан байгааг анхаарч үзнэ үү.

Дээр дурьдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/00717 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ж ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Х ХК-ийн хариу тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч давж заалдах гомдлоо 2024 оны 03 сарын 26-ны өдөр гаргасан байна. Шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор буюу 2024 оны 03 сарын 12-ны өдрөөс хойш гаргасан боловч 2024 оны 03 сарын хэдний өдөр шууданд хийсэн нь тогтоогдохгүй байна.

7.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон Х ХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна гэж дүгнэсэн. Х ХК-ийн хувьд анхан шатны шүүхийг хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан харилцаанд Ж ХХК болон Х ХК нарын хооронд зөвхөн барьцааны гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээ хүчин төгөлдөр буюу улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

7.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу барьцаа хөрөнгийн өмчлөгч хэн байхаас шалтгаалж барьцаалуулагч буюу Ж ХХК зээлийн гэрээг Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болгож байж нэхэмжлэгчийн 754 дүгээр байр чөлөөлөгдөх үндэслэлтэй. Гэвч 2024 оны 05 сарын 06-ны өдрийн байдлаар Ж ХХК-д холбогдох 70,000,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай маргаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд дээрх төлбөрөөс нэг төгрөг ч төлөөгүй буюу барьцааны гэрээ дуусгавар болох ямар ч үндэслэлгүй байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Р.Ж нь хариуцагч Ж ХХК, Х ХК-д тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж ХХК хүлээн зөвшөөрч маргаагүй, хариуцагч Х ХК нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хххх давхрын А блок шинэчлэсэн хаягаар 754 дүгээр байр, 447 тоот 91.24 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Ж ХХК-д даалгаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Р.Ж болон хариуцагч Х ХК нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн Х ХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дүгнэлт нь буруу байна.

 

Ж ХХК болон Х ХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 01 сарын 31-ний өдрийн №ЗБ/149/04 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний барьцааны зүйл нь нэхэмжлэгчийн мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн хөрөнгийг барьцаалсан байхад энэ талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай бөгөөд Х ХК-ийн барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг хариуцагч Ж ХХК-д даалгаснаар уг шийдвэр хэрэгжих боломжтой эсэхийг тодруулж, дүгнэх шаардлагатай байжээ.

 

4. Ж ХХК болон Х ХК-ийн хооронд үүссэн барьцааны гэрээний харилцааг дүгнэж, улмаар уг үйл баримтад мэтгэлцүүлэх шаардлагатай эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй тохиолдолд энэ хэргийг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Тодруулбал, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг өөрчлөх, нэмж дүгнэх эрх хэмжээтэй хэдий ч энэ хэргийн маргааны зүйл, хэргийн үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагаа хийхгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/00717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР