| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0080/Э |
| Дугаар | 0087 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 0087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.О
Хохирогч Б.С
Шүүгдэгч Х.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.-т холбогдох эрүүгийн 1925000190063 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.А нь 2018 оны 12 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Тамир зочид буудлын гадна Б С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Х.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 12 сарын 25-ны өдөр Тамир зочид буудалд манай байгуулагынхан шинэ жилээ тэмдэглэсэн. Тэр үед бас нэг байгууллага шинэ жилээ тэмдэглэсэн. Би шагнал авснаас хойш архи уугаад тасарсан байсан. Гэртээ очсон хойно сэргэсэн. Өглөө ажил дээрээ очиход намайг нэг эмэгтэй хамар руу цохисон гэж ярьсан. Ажлынхантайгаа энэ эмэгтэйн ажлын газар дээр очсон. Нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд хамтдаа Медипас орж зураг авахуулаад дараа нь цагдаа руу явсан. Хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрнө. Анх үзүүлэхэд хамар нь гэмтсэн талаар дүгнэлт гараагүй. Тэгтэл 3 хоногийн дараа нь хамар гэмтэлтэй гэж гарсан. Анх зүгээр байсан. Үүн дээр эргэлзээд байгаа. Би хохиролд 5.250.000 төгрөгийг төлсөн гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 12 сарын 25-нд манай байгууллага эдний байгууллагатай хамт 1 дор шинэ жил тэмдэглэсэн. Тэгээд тараад гарч ирэхэд хэсэг хүмүүс зодолдож байсан. Би хойгуур нь тойроод гарч зам руу очоод такси барих гээд зогсож байсан. Тэгтэл 1 хүн над руу чиглэж ирээд шууд нүд рүү цохиод авсан. Доошоо суусан хойно ам хавьд нэг удаа цохисон, ямар ч байсан 2 удаа цохисон. Тэгээд хамар амнаас цус гарсан. Энэ хүн тэр шинэ жил дээр шагнуулж байсан болохоор таньсан. Тэгээд нүдний ухархайн яс хугарсан гээд нүдний мэс засалд орсон. Одоо хамрын таславчаа янзлуулж шүдээ хийлгэнэ. Хохиролд 5.250.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөнөөс 3.300.000 төгрөгийг нүдний хагалгаа эмчилгээнд зарцуулсан. Үлдэгдэлийг нь шүд хийлгэхдээ зарцуулна гэж бодож байгаа. Одоо 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Шүд хийлгэхэд 1.800.000-2.300.000 төгрөг, хамрын таславчаа эмчлүүлэхэд 300.000-600.000 төгрөг болно гэж эмч хэлсэн. Хагалгаанаас ирээд Медипасд үзүүлж 100 гаран мянган төгрөг зарцуулсан байгаа. Миний хохирлыг барагдуулаад өгчихвөл гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг,
-Гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 12 сарын 25-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээ Уурхайчин баг Тамир зочид буудалд болсон. Улмаар манай байгууллагатай хамт аймгийн биеийн тамир спортын газар цуг хийсэн юм. Ингээд 00 цаг болж байхад шинэ жилийн баярын арга хэмжээ дуусч манай ажлынхан хувцасаа сольчихоод гарч иртэл Тамир зочид буудлын гадаа биеийн тамир спортын газрын ажилчид хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан. Бид нар тэр хүмүүсийг тойроод буудлын хашаанаас гараад такси барих гээд зогсож байтал ...Сувдаа эгчийг Биеийн тамир спортын газрын ажилчин, шинэ жилийн арга хэмжээн дээр 200.000 төгрөгний азтан болсон ах нүүрэн тус газар нь цохиж байсан. Гэтэл тэр ахыг ажилчид нь ирээд салгаад аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,
-Гэрч О.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 12 сарын 25-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Уурхайчин баг Тамир зочид буудлын ресторанд болсон ба манай шинэ жилийн арга хэмжээтэй хамт Биеийн тамир спортын газрын хамт олон шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Улмаар арга хэмжээ 23 цаг өнгөрч байхад дуусаж манай ажлынхан 2 давхарт нь гарч хувцасаа сольчихоод гартал үүдэнд БТС-ын газрын ажилчид хоорондоо маргалдаад байсан.Тэгэхээр нь манай ажлын газрын Сувдаа, Нямдагва, Эрдэнэзаяа, Насанжаргал бид нар тэр хүмүүсийг тойроод Тамир зочид буудлын хашаанаас гараад такси авах гээд зогсож байтал манай ажлын газрын ах Нямдагвыг биеийн тамир спортын газрын ажилтан дараа нь нэрийг нь сонсоход Айдяр гэх хүн зам руу түлхэсэн. Энэ үед Нямдавга ахын хажууд манай менежир Сувдаа эгч зогсож байсан ба Айдяр гэх хүн Сувдаа эгчийн нүүр лүү гараараа цохиж харагдсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,
-Гэрч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тамир зочид буудлын гадаа такси барих гээд зогсож байтал шинэ жилийн арга хэмжээн дээр шагнал аваад байсан залуу нэлээд согтуу гүйж ирээд намайг цохихоор нь би гараараа хамгаалчихаад хойшоо ухарсан чинь миний хажууд зогсож байсан манай ажилтан Сувдааг нүүрэн тус газар нь цохисон. Гэтэл Сувдаа орилоод доошоо суухаар нь би Сувдаагийн нүүр лүү гэрэл тусгаж хартал хамарнаас нь цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 55 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.С-н биед баруун нүдний ухархайн дотор ба доод хананы хугарал, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал дээд баруун нэгдүгээр шүдний булгаралт үүсчээ.
2. Гэмтлүүд нь хажуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Баруун нүдний ухархайн дотор ба доод хананы хугарал, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээд баруун нэгдүгээр шүдний булгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээд баруун нэгдүгээр шүдний бургаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө гэсэн дүгнэлт /хх 16-17 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 136 дугаартай нэмэлт шинжээчийн:
1. Б.Сувдаагийн биед хамрын таславчийн муруйлт тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2018 оны 12 сарын 25-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь 2018 оны 12 сарын 26-ны өдрийн гавал тархины компьютер томографикийн шинжилгээгээр хамрын таславч тэгшдүү гэсэн бичлэгтэй, 2018 оны 12 сарын 27-ны өдрийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт хамрын амьсгал баруун саадтай, хамрын жимд хатсан цусны хольцтой эмгэг ялгадастай байсан байна.
2. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй.
З. Цаашид гэмтлийн зэрэг болон хөдөлмөрийн чадварт өөрчлөлт орохгүй гэсэн дүгнэлт /хх 21 ху/,
-Шүүгдэгч Х.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тамир зочид буудлын гадаа ажлын газрын Алтантогос гэж хүнтэй маргалдаж байснаа санаж байна. Тэр уурандаа зам дээр зогсож байсан Зөв хэвлэл ХХК-ний эмэгтэй ажилтан Сувдаагийн нүүр лүү нь цохисон юм шиг байна лээ. Би тухайн үеийн болсон асуудлыг санахгүй байгаа. Гэтэл хохирогч дараа надтай утсаар яриад намайг нүүр лүү нь цохиж гэмтэл учруулсан гэж хэлсэн. Мөн Сувдаагийн ажлын газрын хүмүүс ч гэсэн намайг Сувдааг цохихыг харсан байна лээ гэсэн мэдүүлэг /хх 61-62 ху/
-Х.А-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 58-62 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 сарын 04-ний өдрийн 128, 2012 оны 02 сарын 10-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 52-54, 55-56 ху/
-Хохирлын баримт /хх 67-90 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.А нь 2018 оны 12 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Тамир зочид буудлын гадна Б Сувдааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Өглөө ажил дээрээ очиход намайг нэг эмэгтэй хамар руу цохисон гэж ярьсан. Ажлынхантайгаа энэ эмэгтэйн ажлын газар дээр очсон. Нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд хамтдаа Медипас орж зураг авахуулаад дараа нь цагдаа руу явсан. Хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрнө” гэсэн, хохирогч Б.Сувдаагийн “Би хойгуур нь тойроод гарч зам руу очоод такси барих гээд зогсож байтал 1 хүн над руу чиглэж ирээд шууд нүд рүү цохиод авсан. Доошоо суусан хойно ам хавьд нэг удаа цохисон, ямар ч байсан 2 удаа цохисон. Тэгээд хамар амнаас цус гарсан” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч О.Эрдэнэзаяа /хх 9 ху/, О.Азжаргал /хх 12 ху/, Н.Нямдагва /хх 11 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун нүдний ухархайн дотор ба доод хананы хугарал, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дээд баруун нэгдүгээр шүдний булгаралт үүссэнийг тогтоосон 55 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “хамрын таславчийн муруйлт тогтоогдож энэ гэмтэл нь 2018 оны 12 сарын 25-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэсэн 136 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Х.А-г Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.А-т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохиролд 5.250.000 төгрөг төлсөн бөгөөд үүнийг хохирогч хүлээн зөвшөөрч эмчилгээнд 3.300.000 төгрөг зарцуулсан гэж тайлбарлан 3.304.600 төгрөгний баримтыг шүүхэд ирүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт нэмж 2.000.000 төгрөг нэхэмжилж байна.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад 3.304.600 төгрөгийг шүүгдэгч хариуцах үндэслэлтэй бөгөөд үүнийг төлж барагдуулсан байх ба 1.945.400 төгрөгийг нэхэмжлэлээс илүү төлсөн байна гэж дүгнэв. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүд хийлгэхэд 1.800.000-2.300.000 төгрөг, хамрын таславчаа эмчлүүлэхэд 300.000-600.000 төгрөг болно гэж эмч хэлсэн” гэж тайлбарлан 2.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилж нотлох баримтаар хавтаст хэргийн 90 хуудсанд авагдсан эмчийн тодорхойлолтыг ирүүлсэн байх боловч энэ нотлох баримтын шаардлага хангаагүй, хэдэн төгрөгний эмчилгээ шаардлагатай нь тодорхойгүй байгаа тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.А-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА